“Жавхлант шарга” МСУХ-ны тэргүүн П.Мөнхжаргал: Энэ удаагийн “Жавхлант шаргын хурд-2014” уламжлалт хаврын уралдааны үеэр 500 орчим сая төгрөгийн наймаа хийгдсэн байна лээ”

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 08 -нд

Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд-2014” уламжлалт хаврын  уралдаан дөрөвдүгээр сарын 27-нд Баруун-Урт сумнаа амжилттай зохион байгуулагдсан. Энэхүү дэвжээнээ шандсаа шалгаж, цулбуур өргүүлсэн хурдан хүлгэд төрийн наадамд түрүүлж, айрагддаг бичигдээгүй хууль тогтоод удаж буй. Чухам тиймээс ч энэхүү уралдааны цар хүрээ жил ирэх тусам тэлж, хурдан хүлгүүдийнхээ шандсыг шалгах гэсэн уяачид газрын хол , усны уртыг үл тоон Баруун-Уртыг зорих болсон билээ. Энэ удаагийн уралдаанд ч гэсэн Хөвсгөл, Ховд, Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь зэрэг аймаг болон Өлзийт хорооллын уяачид, морины зүтгэлтнүүд хүрэлцэн ирдэг. Энэ жилийн хувьд байгалийн онц үзэгдлээс  /шороон шуурга/ болж уралдаан товлосон хугацаанаас хоёр хоног хойшилсныг ашиглан уяачид хурдан морины наймаа сэлт ч хийгээд авсан гэнэ лээ. Бид уралдааны талаар зохион байгуулагч “Жавхлант шарга” МСУХ-ны тэргүүн, аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргалаас цөөн асуултанд хариулт авлаа.


-Сүхбаатарын төдийгүй зүүн бүсийн хурдан хүлгэд амжилттай тодорсон. Уралдаанд онцлох зүйл байв уу?
-Сүхбаатар аймгийн "Жавхлант шарга" МСУХ шинэчилсэн зохион байгуулалтанд орсны таван жилийн ой энэ онд тохиож байгаа. Тиймээс энэ удаагийн уралдаан таван жилийн ойтой давхцсанаараа онцлог. Мөн миний хувьд холбооны тэргүүний ажлыг аваад хийсэн анхны томоохон уралдаан нь байлаа. Гурав дахь онцлог нь олон аймгийн уяачид, ялангуяа МУ-ын Тод манлай, Манлай, Алдарт уяачид ирсэн явдал. Нас болгонд доод тал нь 150, дээд тал нь 192 морь уралдаж, өмнөх жилүүдээс илүү өтгөн боллоо. Дөрөв дэх онцлог нь гэвэл манай аймаг өмнө нь ч баримталж байсан бодлогынхоо дагуу эрлийз морьдыг уралдуулаагүй. -Улс, бүсийн наадмын түрүү, айргийн хүлгэд эндээс тодордог гэдэг утгаараа морины зүтгэлтнүүд цөөнгүй ирсэн бололтой байсан?
-Тийм шүү. Улсын наадамд гурван жил дараалан түрүүлээд байгаа Улс халзан азарга сүүлийн хоёр жил манай “Жавхлант шаргын хурд” уралдаанд түрүүлсэн. Ер нь манай энэ уралдаанд амжилттай уралдсан морьд улс, бүсийн наадмуудад сайн давхидаг учраас уяачид, морь сонирхогчдын хүсэн хүлээдэг уралдаан нь болж чадсан байна.
-Наймаа ч нэлээд хийгдсэн сурагтай?
-Сүүлийн жилүүдэд энэхүү уралдааны үеэр морины наймаа нэлээд хийгддэг болсоон. Бидний баттай мэдэж байгаагаар энэ удаагийн уралдааны үеэр 500 орчим сая төгрөгийн наймаа хийгдсэн байна лээ.
-Адууны наймааг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж, дуудлага худалдаа маягаар зохион байгуулдаг болно гэж байсан. Тэр ажил хэзээнээс хэрэгжих вэ?
-Энэ удаа амжсангүй ээ. Ер нь аймагтаа болон Улаанбаатар хотод хурдан морины дуудлага зохион байгуулъя гэсэн бодолтой байгаа. Ирэх жилээс хэрэгжчих байх.
-Уралдааны бай, шагнал урьд жилүүдийнхээс өссөн. Мөн айргийн морьдын медаль нэлээд өвөрмөц санагдсан?
-Таван жилийн ойн хүрээнд медалийнхаа шинэ загварыг батлуулж хийлгэсэн юм. Бай шагналын хувьд өмнө нь түрүү морио сая төгрөгөөр байлдаг байсан бол энэ жил хоёр сая болгож өсгөсөн. Мөн Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, "Дэлтэй цэнхэр" МСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Болдбаатар, "Гарьд зам" компанийн захирал Д.Батбаяр, Халзан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Монхор нарын морины төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс өөрсдийн хүсэлтээр хандивлагчаар оролцсон. Ер нь манай уралдааныг ивээн тэтгэх, аль нэг насны бай шагналыг даах сонирхолтой хүмүүс цөөнгүй байдаг ч тэр бүрийг хүлээж авах боломжгүй байдаг.
-Баярлалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна