Шилдгийг шалгаруулах “Адуучин 2015” тэмцээнээс...

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 16 -нд

Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг “Адуучин” тэмцээнийг энэ удаа  “Монголын адуучдын холбоо” хамтран зохион байгууллаа. Монгол Улсын шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг, хангал сургагчийг  шалгаруулдаг "Адуучин-2015" тэмцээн 2015 оны 7 дугаар сарын 14-нд Хүйн долоо худагт амжилттай болж өндөрлөлөө.
Морин туурайгаар дэлхийг тамгалсан Монгол эрчүүдийн хийморийг сэргээсэн “Адуучин” тэмцээн гадны жуулчид болон наадамчин олны хүсэмжит наадгайнуудын нэг. Энэ удаа наадмын сонин хуучраагүй байхад зохион байгуулагдаж, гадаадын олон зочид мэлмий юугаа баясгана билээ.
Уг тэмцээний үеэр хамгийн олон адуутай аймаг, сум, баг, иргэнийг шалгаруулан батламж гардуулсан агаад:
Аймаг
- Төв аймаг /330971 адуутай /
Сум- Булган аймгийн Сайхан /42227 адуутай/
Баг- Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4-дүгээр баг /10479 адуутай
Иргэн- Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэн Н.Даваасүрэн /1291 адуутай /тус тус шалгарсан юм. “Адуучин 2015” тэмцээнийг үзэж сонирхохоор ирсэн хүлэг морио эрхэмлэгч үзэгч түмнийхээ сонорыг мялаахаар МУГЖ дуучин  Г.Батбаяр, СТА Н.Баасандорж нарын “морины” тодотголтой уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байсныг тэмдэглэх зүйтэй байх.
Тэмцээний хамгийн залуу оролцогчоор Ховд аймгийн  адуучин Н.Одгэрэл, хамгийн ахмад оролцогчоор Өмнөговь аймгийн Б.Ууганбаяр нар нэрлэгдсэн бөгөөд тэдэнд зохион байгуулагчдын зүгээс батламж гардуулна билээ.
Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээний бас нэгэн онцлог нь ур чадвар сайтай шилдэг оролцогч Казкастан улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн бичгийг өвөртлөх байсан юм. Энэхүү хүндэт шагналын эзнээр Булган аймгийн ирж оролцсон Н.Даваадорж тодорсон бол үзэгчдийн дундах тэмцээний таван оролцогч хурсан олныг хөгжөөж, морьтон түмний үр сад гэдгээ харуулсан юм.
Ингээд уурга шүүрэх, морь уургалах, бугуйлдах, эмнэг, хангал сургах зэрэг дөрвөн төрлөөр өрсөлдөх Монгол улсын 20 шилдэг адуучдыг танилцуулъя.

Оролцогчид
1. Дархан-Уул аймгаас ирж оролцсон Х.Буянтогтох нь 21 настай. 2014 онд аймгийн аварга адуучнаар шалгарч тэр жилээ Үндэсний спортын 5-дугаар их наадамд хоёрдугаар байр эзэлж байсан юм.
2. Ховд аймгийн Жаргалант сумаас ирж оролцсон Н.Одгэрэл нь 18 настай. 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээний уурга шүүрэлтийн төрөлд гуравдугаар байр эзэлж байсан.
3. Хэнтий аймгийн оролцогч Х.Бат-Эрдэнэ. Биндэр сумаас ирж оролцдог тэрээр энэ жил 30 настай. 2013 онд сумын болон бүсийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлж, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд дэд байранд шалгарч байсан бөгөөд  2014 онд сум, бүс, аймгийн  аварга адуучнаар тус тус шалгарсан юм.
4. Төв аймгийн адуучдыг төлөөлөн оролцсон Х.Эрдэнэгэрэл 27 настай. Баянцагаан сумын харьяат тэрээр 2014 онд сумын аварга адуучнаар шалгарч  байсан бөгөөд МЗХ-ны “Тэргүүний залуу малчин” юм.
5. Баянхонгор аймгийн шилдэг адуучин Гурванбулаг сумаас тодорчээ. 23 настай Ч.Отгонбаяр 2014 онд аймгийнхаа аварга адуучнаар шалгарч байсан юм.
6. Энэ тэмцээний хамгийн ахмад оролцогч буюу Өмнөговь аймгийн шилдэг адуучин бол 
Баяндалай сумын харьяат 37 настай Б.Ууганбаяр юм. 2013 оны улсын аварга шалгаруулах “Адуучин” тэмцээний уран бугуйлчийн төрөлд мөнгөн медаль хүртэж байсан тэрээр  2014 онд улсын аварга адуучнаар шалгарч байсан билээ.
7. Орхон аймгийн шилдэг адуучнаар Баян-Өндөр сумын харьяат 25 настай Б.Пүрэвсүрэн шалгаран хүрэлцэн иржээ.Тэрээр 2014 оны сумын шилдэг адуучин шалгаруулах тэмцээний тусгай байрын шагналыг хүртэж байсан юм байна.
8. Архангай аймгийн шилдэг адуучин Хашаат сумаас тодорчээ. Түүнийг М.Отгонбат гэдэг. Тэрээр 24 настай. 2014, 2015  оны сумын, 2015 оны аймгийн аварга адуучнаар тус тус шалгарч байсан шаггүй нэгэн гэнэ лээ.
9. Дорноговь аймгийн шилдэг адуучинг Е.Баасанхүү гэдэг. Айраг сумын харьяат шилдэг адуучин энэ жил 28 настай. 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, 2014 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээний дэд байрт шалгаран, спортын мастер цолонд хүрчээ. 
10. Казак түмний төлөөлөл болсон Баян-Өлгий аймгийн Сагсай сумын адуучин С.Женисбек 22 настай. 2014 оны сумын аварга адуучнаар шалгарсан тэрээр тухайн жилээ аймгийн аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэлж, 2015 оны аймгийн Аварга адуучнаар шалгарсан байна. Мөн тэрээр сумынхаа сайн малчнаар шалгарч байжээ.
11. Хэнтий аймгийг төлөөлөн оролцсон хоёр дахь оролцогч бол үзэгчдийн эчнээ танил Батноров сумын харьяат А.Алтаншагай юм. Тэрээр өнөө жил 27 настай. 2013 онд сум, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлж, аймгийн аварга, улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарсан бол 2014 онд улсын аваргын дэд байрын шагналыг хүртэж байсан туршлагатай нэгэн юм.
12. Өвөрхангай аймгийн шилдэг оролцогч дахин Бүрд сумаас тодорчээ. Түүнийг Д.Охинтогтох гэдэг. Энэ жил 30 настай. 2014 оны сумын аваргаар шалгарч, аймгийн Аварга шалгаруулах тэмцээний дэд байрт шалгарсан тэрээр 2015 оны аймгийн Аварга адуучнаар шалгарсан аж. Шилдэг адуучин мөн сумын сайн малчнаар тодорч байжээ.
13.Говьсүмбэр аймгийн шилдэг адуучинг П.Доржсайхан гэдэг. Сүмбэр сумын харьяат шилдэг адуучин залуу өнөө жил 27 настай.
14. Увс аймгийн шилдэг адуучнаар бидний эртний танил Ц.Баатархүү дахин тодорчээ. Зүүнговь сумынхаа нэрийг өргөгч тэрээр өнөө жил 35 настай. 2014 оны аймгийн Аварга адуучнаар тодорч, 2008 оны улсын аварга шалгаруулах тэмцээний уран бугуйлчийн төрөлд алтан медаль хүртэж байсан агаад 2010 улсын аварга адуучин юм.
15.Очирваань нутгийн адуучдыг Тэлмэн сумын харьяат Б.Энхсайхан тэргүүлжээ. Тэрээр энэ жил 27 настай. Өнгөрсөн жил Тэлмэн сумнаа болсон “Түмэн адууны баяр”-т түрүүлж, аймгийнхаа  Аваргаар тодрон ийнхүү улсын дэвжээнээ нутгаа төлөөлөх эрхтэй болжээ.
16. Хөвсгөл аймгийн шилдэг адуучинг Ц.Мягмарсүрэн гэдэг. Түнэл сумын харьяат шилдэг адуучин 26 настай. 2014 оны аймгийн Аварга шалгаруулах тэмцээний уран бугуйл, эмнэг сургагчийн төрөлд нэгдүгээр байр эзэлж, Монголын үндэсний спортын 5-дугаар наадамд тэргүүн байрт шалгарч байсан юм. Тэрээр амжилтаа бататган 2015 онд аймгийнхаа Аварга адуучнаар тодорчээ.
17. Сүхбаатар сумын харьяат 22 настай А.Ядамсүрэн Сэлэнгэ аймгийн адуучдыг төлөөлөн иржээ. Тэрээр 2015 онд аймгийнхаа Аварга адуучнаар шалгарсан аж.
18. Дуу хуурын өлгий нутгийн төлөөлөл шилдэг адуучин Луус сумын харьяат 33 настай С.Энхболд юм. Тэрээр 2006 оны аймгийн, 2014 оны аймаг, сумын, 2015 оны аймгийн аварга адуучнаар тус тус шалгарч байжээ.
19. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Э.Түвшиндондог. Тэрээр энэ жил  29 настай. 2014 улсын Аварга шалгаруулах тэмцээний ташуур шүүрэлтийн төрөлд нэгдүгээр байр эзэлж, морь уургалах төрөлд гуравдугаар байрт шалгарч байсан юм.
20. Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Н.Даваадорж. Өнөө жил 30 настай. 2014 оны үндэсний спортын наадмын алтан медалийн эзэн болсон тэрээр спортын дэд мастер цолтой юм.
 Нутаг орноо төлөөлөн ирсэн шилдэг адуучид дөрвөн төрөлд авхаалж самбаагаа сорьж, өрсөлдсөнөөс:
Уурга, ташуур шүүрэх төрөлд:
1
. Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Н.Даваадорж
2. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Е.Баасанхүү
3. Архангай аймгийн Хашаат сумын харьяат М.Отгонбат
Уран уургач төрөлд:
1. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат П.Доржсайхан
2. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Э.Түвшиндондог
3. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Е.Баасанхүү
Уран бугуйлч төрөлд:
1. Хөвсгөл аймгийн Түнэл сумын харьяат Ц.Мягмарсүрэн
2. Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат Д.Охинтогтох
3. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат А.Ядамсүрэн
Эмнэг сургагч төрөлд:
1. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын харьяат С.Женисбек
2. Хөвсгөл аймгийн Түнэл сумын харьяат Ц.Мягмарсүрэн
3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Б.Пүрэвсүрэн 
Шилдгийн шилдэг адуучин:
1. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Э.Түвшиндондог
2. Хөвсгөл аймгийн Түнэл сумын харьяат Ц.Мягмарсүрэн
3. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Е.Баасанхүү нар нийлбэр оноогоор шалгарч наадамчин олноо баясгалаа.
Төрөл тус бүрийн эхний байрт шалгарсан адуучдыг-3,000,000 төгрөг
Хоёрдугаар байр-2,000,000 төгрөг
Гуравдугаар байр-1,000,000 төгрөгөөр тус тус урамшуулсан бол шилдгийн шилдэг адуучинд найман сая төгрөг, дэд байрт шалгарсан адуучинд зургаан сая, гуравдугаар байрт шалгарсан адуучинд дөрвөн сая төгрөгийн урамшуулал олголоо. Оролцогчдын баярын сэтгэгдлийг бид удахгүй хүргэх болно.

А.Энхжил

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна