Б.Эрдэнэцэцэг: 430 гаруй хүүхэд хурдан морь унасан

А.Тэлмэн
2016 оны 1-р сарын 18 -нд

"Говьшанх-5" говийн бүсийн уралдааны уралдаанч хүүхдийн аюулгүй байдлын талаар Өмнөговь аймгийн хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга  Б.Эрдэнэцэцэгээс тодруулга авлаа.
-Засгийн газрын тогтоолт говийн бүсийн уралдаан өнөө жил Өмнөговьд аймагт болсон. Уралдааны үеэр уралдаанч хүүхдийн амь нас аюулгүй байдлыг хамгаалах тал дээр танай байгуулага хэрхэн ажилласан бэ?
-Бид нэг баг болж ажилласан. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс аймгийн МСУХ, МХГ-тай хамтран гэрээ байгуулж нэг баг болж ажилласан.
-Танай байгууллагын төлөөлөл хэдэн хүн ажилласан бэ?
-Энэ уралдааны үеэр манай байгууллагын төлөөлөл 15 хүн ажилласан. Үүний тав нь оюутан сурагч байсныг онцлох нь зүйтэй байх. Бид уралдаанч хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэгсэл, даатгал зэрэгт анхаарч ажилласан.
-Есөн насны морьдын уралдаанд нийт хичнээн хэдэн хүүхэд хурдан морь унасан бэ?
-Нийт 436 хүүхэд морь унасан. Тэд бүгд буюу 100 хувь гэнэтийн ослын даатгалд хамрагдсан. Бид уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж, хамгаалалтын хувцас өвдгөвч, малгай, тохойвч, цээживч  зэргийг иж бүрэн хангахад анхаарсан. Үүний үр дүнд бэртэж гэмтсэн хүүхэд байхгүй. Манай аймаг морин уралдааныхаа зардалд хүүхдийн бүртгэлийн хураамж, сургалт, орон нутгийн радиогийн сэрэмжлүүлэг зэргийг  тусгаж өгсөн байдаг.Тиймдээ ч манай аймагт зохион байгуулагдсан аливаа уралдааны үеэр элдэв асуудал гардаггүй. Харин сая Дундговь, Өвөрхангай, Дорноговь зэрэг  аймгуудаас ирсэн уяачдын  морийг унах уралдаанч хүүхдүүд өвдгөвч, тохойвч дутуу асуудлууд гарсан.
-Есөн насны морьдын уралдаанд нийт 430 гаруй хүүхэд морь унасан гэсэн үг үү?
- Давхардсан тоогоор тийм. Нэг хүүхэд дунджаар 1-3 насны морь унасан байна лээ.
-Дээд тал нь хэдэн насны морь унасан байна вэ?
- 66 хүүхэд зургаан насны морь унасан байна лээ.
-Уралдаанч хүүхдийн хуульд заасан насыг хангах гэж бэрх асуудал бий?
-Бид уралдаанч хүүхдийн насанд анхаарал хандуулж, өндөр хяналт тавьсан.
-Унасан морио түрүүлгэж, айрагдуулсан уралдаанч хүүхдэд бай шагналын 20 хувийг олгох ёстой. Үүнд хяналт тавьж чадсан уу?
-Хурдан морины салбар комисстой хамтран ажиллаад шагнал урамшууллын 20 хувийг тусад нь олгуулсан. Бид уралдаан эхлэхэд эцэг эх, уяачидтай гэрээ байгуулдаг учраас энэ тал дээр ямар нэг асуудал гардаггүй.
-Сая есөн насны уралдааны үеэр хүүхэд мориноос унасан тохиолдол гарсан уу?
-Гараан дээр нэр хүүхэд унаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Эмнэлгийн дүгнэлтээр ямар нэг бэртэл гэмтэл аваагүй нь тогтоогдсон.
-Өмнөговь аймагт жилд дунджаар хичнээн уралдаан зохион байгуулагддаг юм бэ?
-Аймгийн хэмжээнд жилд дунджаар 5-6 уралдаан зохион байгуулагдаж бид тэр бүхэнд хяналтаа тавин оролцдог юм. Манай аймаг сүүлийн хоёр жил  хурдан морь унаач хүүхдийн чуулганыг зохион байгуулж байгаа. Энэ зөвлөгөөн олон талын ач холбогдолтой.
-Хүүхэд хөгжлийн төвийн хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээнүүдээсээ цухас дурьдаач?
-Хүүхэд гэр бүлийн төлөө хэлтэс маань үйл ажиллагаагаа өргөжүүлж гэр бүлийн асуудалд анхаарах болсон. Өөрөөр гэр бүлд зөвлөгөө өгөх, гэр бүлийн  гэмт хэрэгт холбогдсон хохирогч хүүхдүүдийг хамгаалах тэдэнд зөвлөгөө өгөх зэргээр олон талын үйл ажиллагаа явуулж байна. Манай аймгийн хувьд сүүлийн хоёр жил НҮБ-ын хүн ам хөгжлийн сантай хамтран Ханбогд, Даланзадгад, Цогтцэций сумдад залуучуудын хөгжлийн төвийг байгуулан залуучуудын хөгжлийн асуудалд  анхаарал хандуулж байгаа.

"Говьшанхын хурд" сэтгүүл №01

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна