ТҮМЭН ЭХ ХОНГОР ХАЛЗАН

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 10 -нд

Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн үндэсний их баяр наадмын хурдан их насны морьдын уралдаанд шандас шалгасан 383 хурдан хүлгийг өнгөлж, төрийн Түмэн эхээр тодорсон ажнай бол Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бадралын Энхбаатарын хонгор халзан юм. Адуу нь чанаржиж, уяачид нь сайжирч буй өврийн сайхан хангай нутгийнхаа алдрыг өргөн баяр бахдал, урам зоригоор дүүрэн “анхны” их насны морины түрүүг /2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн их насны морь будилсан тул уяачид сэтгэл дундуур байдаг. Тэрхүү наадамд Г.Батхүүгийн хонгор морийг түрүүлсэнд тооцсон билээ/ авчирсан хонгор халзанг уншигч танаа товч танилцуулъя.
Удам, угшил:
Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат Авиан /Мөрөн сумын харьяат олноо “цэрэг” хэмээн алдаршсан Ядам хэмээх сайн уяач, адуучны зээ хүү./ унаган адуу. Өвөөг нь чанаржуу сайн адуутайг мэдэх тул  Б.Энхбаатар 2009 онд утсаар ярилцаж байгаад битүү наймаа хийж, 2010 онд соёолонгоос нь эхэлж уяад, зургаан удаа түрүүлгэж айрагдуулсан байдаг. Ийнхүү уралдсан болгондоо түрүүлж айрагдан урам сэргээсэн хонгор халзангаас гадна Авиагаас авсан үрээнүүд нь цөм айрагт багтаж, тэр хавийнхан “Авиагийн адууны хурдыг” сайшааж байжээ. Зөвхөн Тарагтынхан ч бус Уянга суманд Ядамын угшилтай адуунууд түрүүлж, айрагдан өгсөн авсаны магнайг тэнийлгэж байсан гэдэг.
Эцэг: Ганан хонгорын угшилтай хүрэн халзан азарга.
Эх: Авиагийн хүрэн гүү
Амжилтын товчоон:
2010 онд соёолондоо:
Баянгол сумын наадам, суруулийн ойд айргийн гурав
Баянгол суманд болсон Ногоон товгорын уралдаанд түрүү
Зүүнбаян-Улаан суманд болсон наадмын булгийн уралдаанд аман хүзүү
Тарагт сумын наадам, сургуулийн ойд айргийн дөрөв
Зүүнбаян-Улаан суманд болсон МУ-ын Алдарт уяач Банзрагчийн нэрэмжит уралдаанд аман хүзүү
Уянга суманд болсон бага даншиг наадамд айргийн дөрөв
2011 он хавчиг морь:
Өнжсөн
2012 онд долоотой морь:
Өнжсөн
2014 онд
Өвөрхангай аймгийн баруун бүсийн уралдаанд түрүү
2015 онд
Зүүн хайрханы тахилга уралдаанд айргийн дөрөв
2016 онд:
Өвөрхангай аймгийн сорилго уралдаанд айргийн гурав
АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд түрүү
Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд аман хүзүү
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна