Аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаяр: Төрийнхөө наадамд хоёр дахь удаагаа морь айрагдуулсан гайхамшигтай сайхан жил байлаа

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 18 -нд

АХ-95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд бор үрээгээ айргийн гуравт хурдлуулсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хүүгийн Түмэнбаярын баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Та бид Монголын морины олимпийн өдөр уулзаж байна.
-Үнэхээр сайхан наадам болж байна. Монголын шигшмэл хурдан хүлгүүдийн “Их хурд-7”уралдаан өргөн дэлгэр сайхан болж байна. Сая азарганы уралдааныг харахад л шигшмэл морьдын уралдаан юм гэдэг нь бүрэн мэдрэгдлээ. Өмнө нь Өвөрхангай аймагт болж байсан “Их хурд-6” уралдаанд комиссоор ажиллаж байсан. Өнөөдөр бас азарганы уралдааны дэд даамлаар ажиллаж байна.
-АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр наадамд бор шүдлэнгээ айрагдуулж, төрийн наадмын хоёр дахь хишгээ хүртсэн танд баяр хүргэе.
-Баярлалаа.Төрийнхөө наадамд хоёр дахь удаагаа морь айрагдуулсан гайхамшигтай сайхан жил байлаа. Богд халтар соёолонгоо улсын наадамд түрүүлгэснээс хойш дөрвөн жилийн дараа бор шүдлэн маань гурваар давхиж айрагдлаа. Төр түмнийхээ хишгийг хүртэх сайхан байна. Уяач болгон төрийнхөө наадмаас айраг хүртэх хүсэлтэй явдаг. Тэр олон уяачдаас 30-хан нь айраг амсдаг гэхээр монгол наадам босго өндөр шүү.
-Өмнөговьчуудынхаа амжилтын буухиаг үргэлжлүүллээ?
-Тиймээ. Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймгийн уяачид амжилттай сайхан наадаж байгаа. Энэ бол нутаг усны маань хийморь золбоо түшиж байгаагийн илрэл юм. Монгол эр хүн тэр тусмаа уяачид мориныхоо хиймориор золбоождог. Тэр утгаараа өнөө жил ажил үйлс маань сэтгэлчлэн бүтэх байхаа хэмээн бэлгэшээж байна.
-Бид монголын уяачдын өдрөөр ярилцаж байна. “Өмнийн говийн хүлэг” МСУХ-гоор сонин сайхан юутай байна вэ?
-Өнөөдөр монголын нийт уяачдын баярын өдөр. “Тод магнай“ сэтгүүлээрээ дамжуулаад Монголынхоо мянга мянган уяачдад баярын мэнд дэвшүүлье. Өмнөговь аймгийн маань уяачид дор бүрнээ адуугаа чанаржуулахад анхаарч, тэр хэмжээгээр амжилт нь ахиж байна.
-Ярилцсанд баярлалаа. Говийн бүсийн уралдаандаа амжилттай сайхан наадаарай.
-Ерөөлөөр болог.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна