Сайн эрийн хойч үе санаа даган хурдлах хүлгэд

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 14 -нд

АХ-ын 90 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн уралдааны аман хүзүүнд хурдалсан Д.Одгэрэлийн хүрэн, дааганы уралдаанд айргийн тавд хурдалсан О.Амарсайханы зээрд зэрэг хурдан хүлгүүд нэг айлын адуунууд. Зууны тэртээ хагартлаа баяжсан хаад ноёдын хөрөнгийг хошуу дамнуулан хөөж, өдөр хоногоо аргацаасан ядууст унах унаа, идэх хоол залгуулдаг халхын сайн эр Ламприн гэгчийг Сүхбаатарчууд өнөө хэр нь дурсан ярьдаг. Ядуусын бор ходоодыг цайлгаж, хөл залгуулсандаа ихэс дээдсийн хилэнг хөдөлгөж, есөн эрүүг давсан шөрмөст сайн эрийн хойч үе хурдан хүлгийн хийморьт сүсэглэдэг, олсноо олонтойгоо хуваадаг дээдсийнхээ сургаалиас гажилгүй өнөөдрийг хүрчээ. Хүрэн хязаалангийн эзэн, Аймгийн Алдарт уяач Р.Мөнхтөр бол халхын сайн эр Лампрингийн ач хүү юм. Буурлын буянд Олнуудын шарга, Тайж, Банди гээд халхын цуут хурдуудаар наадаж буй Р.Мөнхтөр өдгөө улс, бүсийн наадмаас нэг түрүү, зургаан айраг хүртээд байгаа ч тууртын буянг түмэнтэйгээ хэмээн найз нөхдийнхөө нэр дээр цоллуулж явдаг нэгэн. Сайн санааны үзүүрт тос гэдэгчлэн Алдартын нэртэй хүлгэд тэр дундаа эрийн хийморь дагаж хурдалдаг азарга 2003 оноос хойш тогтмол түрүүлж айрагдаж буй нь түүний хувьд хамгийн том омгорхлуудынх нь нэг. 2004 онд Уулбаян сумын 80 жилийн ойд 348 азарга тоосоо өргөхөд Буган хээр нь магнайдаа тоосгүй түрүүлж байсан бол /дараахан нь Цагдаагийг хуранданаа Эрдэнэбаярт зарагдсан/ 2006 онд хавчиг хар азарга нь аман хүзүүдэж, 2007 оны наадамд Буган хээр нь дөрөвлөжээ. Буган хээрийн буухиаг хар азарга дахин залгуулж 2008 оны наадамд мөн л аман хүзүүнд хурдалсан бол энэ жилийн тухайд хавчиг шарга азарга нь аман хүзүүнд хурдалсан байна. Энэ бол Алдартын хурдан азаргануудын аймгийнхаа наадамд гаргасан амжилт. Аймгийнхаа наадамд хоёр ч удаа аман хүзүүнд хурдалсан хар азарга 2009 онд Дорнод аймагт болсон зүүн бүсийн наадамд түрүүлж, 2010 онд Хэнтий аймагт болсон өвгөн ноён Хардал жанжин Бэйс Пүрэвжавын нэрэмжит “Сэцэн ханы хурд-2” зүүн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан. Ийнхүү бүсийн наадамд хоёр айрагдаж, аймгийн наадамд хоёр аман хүзүүдсэн хар азарга МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн нэр дээр уралддаг гэдгийг морь сонирхогч та бүхэн андахгүй бизээ.

Малын эмч мэргэжилтэй, хурдан морь уях болсоор есөн жилийн нүүр үзэж буй Р.Мөнхтөр АХ-ын 90 жилийн ойн баяр наадмын дааганы уралдаанд айргийн тавд хурдалсан зээрд үрээний эзэн гэдгийг бид өмнө нь дуулгасан. О.Амарсайхан Р.Мөнхтөр нар нэг айлын хүргэд. Баз нь хурдан моринд сэтгэл зүрхээ зориулаад олон жил болж буйг мэдэх тул “найздаа ганц сайн адуу бэлэглэе” хэмээн санаж, гарцаагүй айрагдах зээрд даагаа зүслэн өгчээ. Ийнхүү итгэлтэйгээр цулбуур өргүүлэхийг зөгнөсөн нь зүгээр ч нэг бэлгэдлийн чанартай ерөөл биш байсан бөгөөд учир нь зээрд дааганы дээд удам нь нутаг орондоо гайхагдсан хурдан буянгууд байжээ.

Сүхбаатар аймгийн наадамд долоо айрагдсан Холбоо хээр хэмээх алдарт азарга /Холбооны нэр дээр уралддаг тул ийн нэрийджээ/ байсныг нутгийнхан одоо ч ярьдаг. Холбоо хээрийн эцэг нь Уулбаян сумандаа мөн л долоо түрүүлсэн хурдан хүлэг байсан хэмээдэг. Холбоо хээрийн төл Хулгар хээр азарга аймгийн Тоосгоны үйлдвэрийн захирал Батмөнхөд байх ч гарцаагүй хурдан буян хөлний гэмтлээс болоод уралдахаа больсон аж.

Базуудын бэлэг зээрд даага бол түүний төл юм. Бүр тодруулбал зээрд дааганы эх нь Р.Мөнхтөрийн унаган адуу билээ. Зээрд үрээ 5-р сарын 12-нд болсон аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд км зайтай түрүүлж, 5-р сарын 29-нд болсон Их өлгий уулын тахилга наадамд түүнээ батлан, хэдхэн хоногийн дараа буюу 6-р сарын 1-нд болсон уралдаанд мөн л магнайдаа тоосгүй түрүүлсэн байна.

Сар хүрэхгүй хугацаанд гурван ч түрүү хүртсэн үрээнийх нь амжилт эзэн, уяачийн сэтгэлд итгэлийн оч бадрааж, төрийн наадмыг зориход хүргэсэн хэмээдэг.

Чандмань тамгатай зээрд үрээ төрийн наадамд айргийн тавд хурдалж, хэдхэн хоногийн дараа болсон Зүүн бүсийн даншиг наадамд дөрөвт хурдалсан билээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна