Уяач А.Ууганбаяр: Ганц морь мордуулаад, төрийн наадмын анхны айргаа хүртсэндээ баяртай байна

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 19 -нд

- Улсын баяр наадамд хэд дэх жилдээ морь мордуулж байна вэ. Морьд хурдан, одтой сайхан наадаж байна уу?
-Төрийн наадамдаа дөрөв дэх жилдээ морь мордуулж байна. Энэ жил одтой сайхан наадаж, төрийн наадмын анхны айргаа  их насны мориор авсандаа баяртай байна. Төрийн наадамд их насны морь айрагдуулна гэдэг залуу уяач бүрийн л мөрөөдөл байдаг. Энэ ч утгаараа сэтгэл маш өндөр байна. 
- Зээрд морь өмнөх жилүүдэд хэрхэн давхиж байсан бэ?
-Ноднин соёолондоо 14, 15-аар давхисан. 
- Өмнөх жилүүдэд хэдэн насны морьд мордуулж байв. Энэ жил хэдэн морь мордуулав?
-Хязаалан, соёолон, их насны морьд мордуулж байлаа. Ноднин болон уржнан жил азарга мордуулсан. Энэ жилийн хувьд ганцхан их насны морио л тавьсан.
- Улсын баяр наадмын сунгаагаа сумандаа хийсэн үү?
-Сунгаагаа Төв аймгийн Сэргэлэн сум 61-ийн гарам дээр хийдэг юм. Энэ жилийн хувьд Сүхбаатарт морьдоо уясан учир сунгаагаа тэндээ хийсэн.
- Наадмын өмнөх сунгаан наадмын өнгийг тольдож, морины барагцааг мэдрүүлдэг. Таны зээрд сунгаануудад хэр давхиж байв?
-Сунгаануудад өнгөн дээр л давхиад байсан.
- Төв аймгийн Баянцагаан сум дээр үеэсээ хурдан шандаст хүлгүүдтэй, эрдэмт мэргэн уяачидтай. Баянцагаан гэдэг бэсрэг угшил хүртэл гарч байсан, хурдны өлгий сум. Таны өвөг дээдсийн дунд хурдан хүлгийн уяа эвлүүлж байсан хүн бий юу?
-Манай өвөө Цэдэв бага наснаасаа хурдны морь унадаг байсан. Улсын наадамд хүртэл унаж уралдаж байсан юм гэнэ лээ. Гэвч морь уяж байгаагүй. Манайхнаас би л морь уяж байна.
- Уяач болоход тань юу нөлөөлсөн бэ?
-Манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр бид хоёр багын найзууд байгаа юм. Нэг байрны хүүхдүүд л дээ. Найз маань л намайг моринд оруулсан хүн дээ. Бид багадаа Тод манлай уяач Онон ахын уяан дээр л өнждөг байлаа. Миний хувьд гардаж уяад дөрөв, таван жил болж байна.
- Хаанахын ямар угшилтай адуугаар анхны айраг, түрүүгээ хүртэж байв?
-2015 оны Дундговийн “Хутагтын хурд” хаврын бүсийн уралдаанд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын гаралтай соёолон үрээ аман хүзүүдүүлж байлаа. Улс, бүсийн уралдааны анхны айраг маань тэр байсан юм. Дараа нь 2015 онд Өвөрхангайн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 350 жилийн ойн уралдаанд хул соёолон аман хүзүүдсэн.
- Аймаг сумын наадмаас нийт хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Тав, зургаан айраг, түрүү бий.
- Уяачийн хамгийн том баялаг бол сайн угшлын адуу. Та  адууныхаа удам угшлыг сайжруулахад хэр ач холбогдол өгдөг вэ?
-Сүхбаатар аймаг болон Тод манлай уяач Онон ахын адууны угшил манай адуунд бий. Ерөнхийдөө дандаа хурдан удмын гүү, үрээнүүд л сайн цуглуулдаг даа. Сүхбаатар чиглэлийн болон морин тойруулгын адууны удмын гүүнүүд голдуухан цуглуулсан. 

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна