МАНДАХ ТӨРИЙН МАЛГАЙГ “МАНДУУЛАГЧ”

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 22 -нд

“Хүн эрхэлж буй ажилдаа сэтгэл хангалуун байх нь хамгаас чухал. Учир нь, “Бурхан биднийг ажилдаа дуртай байгаасай гэж хүсдэг”. Энэ үгс анхны уншилтаар л сэтгэлд их дотно буусан юм. Учир нь үүнийг уншихынхаа өмнөхөн би яг ийм хүмүүстэй уулзаж, ярилцсан байлаа. Түүнийг Галааридын Бөхбат гэдэг бөгөөд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, Ардын хувцас урлаач, СТА юм. 20 гаруй жил мандах төрийн малгайг мандуулж яваа тэрбээр Монгол улсын Eрөнхийлөгчөөс эхлээд төрийн соёрхолт уран бүтээлчид, хутагт хувилгаадын малгайг урладаг юм. Уншигч та бүхэн Монгол улсын Eрөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Цагаан сар, Улсын баяр наадам, АСEM-ын чуулганы үеэр гангарсан дэгжин малгайнуудыг санаж буй биз ээ. Харсны нүдийг булаасан тэрхүү гангараа энэ удаагийн зочны маань бүтээл юм. Сэтгэл оюун шингэсэн түүний бүтээлээр Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ Г.Ариунбаатар нараас эхлээд та бүхний хүндэтгэн дээдэлдэг олон уран бүтээлч гангардаг.
ЭЭЖИЙНХЭЭ ГАРГАСАН ЖИМЭЭР...
Түүний ээж Лхагваа туулж барамгүй тал шигээ тэнүүн, нарны илчинд улайссан шаргал элс шигээ халуун сэтгэлтэй говийн бүсгүй. Өмнөговь аймаг болон Эрдэнэт хотын Хүүхэд залуучуудын тeатрт ажиллаж, олон арван хувцсыг тайзнаа “амьдруулсан”, мастер оёдолчин, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан. Лхагваа гуайн гарын энэ ур аав, ээж хоёроос нь өвлөгдсөн гэдэг. Учир нь түүний аав, ээж мөн уран гартнууд байжээ. Аав Даваадорж нь Улсын драмын эрдмийн театр болоод Засгийн газрын ордны дээврийг урласан бурхан ухаантай дархан хүн.
Сэтгэлийн ур ч бас гарын уртай хамт заяагдаж байж л тухайн хүн давтагдашгүй гайхамшигт, элэгдэшгүй чанарт бүтээгдэхүүн бүтээдэг юм болов уу. Тэгвэл ийм л гар болоод сэтгэлийн уртай аав, ээж хоёрын хүү болон мэндэлсэн Г.Бөхбат цэргээс ирмэгцээ л ээжийгээ дагалдан, урлагийнхны хувцсыг оёж эхэлсэн түүхтэй. Төрийн соёрхолт дуучин Д.Болдын баяр наадам, Цагаан сарын гоёлын малгайг нь Г.Бөхбат, дээлийг нь Д.Лхагваа гуай урлачихдаг гэж байгаа. Г.Бөхбат ийм л замаар монгол түмний сүлд хийморийг тээж явдаг малгай хэмээх бүтээлийг урладаг болжээ. Улмаар өврийн сайхан хангай нутгийн Оюунцэцэг гэдэг бүсгүйтэй гал голомтоо бадраан, оёдлын ур ухаанд гэргийгээ ч бас “дурлуулаад” авчээ. “Залуу байхад урлагийнхны малгайг оёж өгчихөөд, тоглолтыг нь урилгаар үздэг байлаа. Тэгэхэд өөрийн хийсэн бүтээлээр омогшиж, онгирох сэтгэл төрдөг байсан. Харин одоо бол нас тогтож, намба сууж байгаа юм байлгүй, хийсэн зүйлээ харж, хөөрч догдлоод байх нь багассан. Гэхдээ энэ ажлаа л хийж байвал сэтгэл тэнэгэр сайхан байдаг даа” хэмээн даруухан өгүүлэх энэ эрхэм том хүүгээ ч бас өөрийнхөө замналаар алхуулах үндсийг тавьжээ. Хүү нь одоо оёдол, дизайны чиглэлээр сурч байгаа бөгөөд ирэх хавар сургуулиа дүүргээд, гэр бүлийнхээ уламжлалыг залгамжлан авахаар бэлтгэгдэж байгаа аж.
БЭЛГЭДЭЛ ЗҮЙН СОЁЛ БҮДГЭРЧ, МАЛГАЙН ХИЙЦ ӨӨРЧЛӨГДСӨӨР...
Түүний эмзэглэл хийгээд бахархал нь хүртэл хийж байгаа ажилтай нь холбоотой. Тодруулбал, тэрбээр “Монгол түмэнд бэлгэдэл зүй гэж асар том соёл бий. Гэтэл сүүлийн үед энэ том соёл гээгдэн бүдгэрч байна. Жишээ нь, уяачид болон бөхчүүдийн малгай шилэвчгүй хэрнээ залаатай байх юм. Шилэвчгүй малгайнд залаа зүүдэггүй. Учир нь, улаан залаа нь галыг бэлгэддэг. Харин шилэвч бол түүнийг хүрээлж, хамгаалдаг эд. Гэтэл хүрээг нь орхиод залааг нь зүүчихээр хүрээгээ шатаачихсан юм шиг сэтгэгдэл төрнө өө дөө. Тэр ч бүү хэл, малгайны өнгийг хүртэл буруу сонгодог болчихож. Уг нь монгол малгай улаан юм уу, хөх оройтой л байдаг юм. Энэ нь нар болон тэнгэрийг бэлгэдэж байгаа хэрэг л дээ. Гэтэл сүүлийн үeд зарим оёдолчид малгайн оройг ногооноор хийгээд байх юм. Ногоон өнгөөр газрыг бэлгэддэг. Тэгэхээр газрыг тэргүүнийхээ орой дээр залчихаар бэлгэдэл зүйн хувьд газар дор орчихож байна аа даа” хэмээн ярихдаа тун эмзэглэж буй бололтой харагдсан юм.
Бидний нэрлэдгээр Жанжин малгай нь зургаан талт тоорцгийг багахан “засварлаж”, загварыг нь өөрчилсөн хувилбар аж. Гэвч таван талтай болгочихоор нум, хавчуурга хоёрын аль нь голлох вэ гэдэг будилаан үүсдэгийг ч Г.Бөхбат онцолж байлаа. Уг нь дэг жаягийнхаа дагуу нум нь голлож, орой нь тэгш талтай байхын зэрэгцээ чих нь цэнхэр байх ёстой ажээ. Түүнчлэн сампинг хүрээлүүлэн ороосон хэсгийг нуух гэх бөгөөд энэ нь шар, ногоон өнгөөр голдуухан хийгддэг уламжлалтай. Харин сампинг үсээр ороодоггүй. Учир нь, сампин нь нарыг бэлгэдэн улаан өнгөтэй байдаг. Харин баруун монголчууд усыг бэлгэдэн залаагаа цэнхэрээр хийдэг бөгөөд ийнхүү ус юм уу, галаар хамгаалуулдаг аж. Түүнчлэн монголчуудын өдөр тутамдаа өмсдөг байсан лоовуузыг аливаа хүндэтгэлийн арга хэмжээ болон тайзан дээр өмсөх нь тийм ч тохиромжтой бус гэж ярина билээ.
ШҮРЭН ЖИНСТЭЙ МАЛГАЙ ХАМГИЙН ӨНДӨР ӨРТӨГТЭЙ
Г.Бөхбат “Та бүхэн “Тунгалаг тамир” киноны Хонгор малгайн залааны хулгайд сэрдэгдээд Цахиур Төмөр дээр “Ах аа, намайг бодоорой” гэсээр ирдгийг санаж байгаа биз дээ. Тэгэхэд Төмөр “Би зургаан сайхан агтаа алдчихсан юм. Энэ ч тэдний дайны л үнэтэй эд дээ” гэх маягийн зүйл хэлдэг шүү дээ. Дээхнэ үед малгайны нумыг мөнгө юм уу, алтан утсаар хийдэг байж. Мөн залаагаа алтан утсаар хатгамалдан, луу ороож, зээглээд их чамин болгодог байсан гэдэг. Тийнхүү гоёсон залаа нь үнэтэй байхаас ч яахав” гэснээр бид малгайны үнэ цэнийн талаар яриагаа үргэлжлүүлсэн юм. Түүний хийсэн залаанууд дунд Ерөнхийлөгчийн малгайн залаанууд хамгийн өндөр өртөгтэй нь байсан гэнэ. Учир нь, тэдгээрийн зураг загварыг Бурханч лам Г.Пүрэвбат гаргадаг бөгөөд түүнийг нь гараар хатган оёдог. байжээ.
Мөн Говийн ноён хутагт Данзанравжаагийн хойд дүрээр тодорсон хутагтын малгай чулуун жинстэй байсан учраас нэлээд өндөр өртгөөр бүтсэн гэнэ. Гэхдээ лам, хутагт болгон чулуун жинс зүүдэггүйг сануулсан шүү. Хэдийгээр хүн бүр алтаар хамгийн үнэ цэнэтэй зүйлийг төлөөлүүлдэг ч гэлээ цэвэр алтан оройтой малгай нэг ч байдаггүй аж. Харин мөнгө болон ган төмрийг алтдаж хийдэг гэх. Түүнчлэн шүрэн жинс болон минжин үстэй малгай хамгийн өндөр өртгөөр бүтдэг байна. 
Г.Бөхбат зөвхөн хувь хүмүүсийн гэлтгүй байгууллага, хамт олны захиалгыг ч мөн гүйцэтгэдэг. Тэд Шилмэл загварын ордон, “Торго”, “Монгол костьюмс” салон, УАДБЧ, “Түмэн эх” чуулга, Морин хуурын чуулга, УДЭТ болон аймгуудын театруудтай хамтран ажилладаг. Та бидний үзэх дуртай “Торго” шоу болон “Үхэж үл болно, Чингис хаан” кино, “Атга нөж” жүжигт хамтран ажилласныг дуулгахад таатай байна.
МАНДАХ ТӨРИЙН МАЛГАЙГ “МАНДУУЛАХ”-ЫН УЧИР
Г.Бөхбат уг нь тоног төхөөрөмжийн засварчин мэргэжлийг ОХУ-д эзэмшсэн. Гэвч ээжийнх нь гарын ураар “амилсан” бүтээлүүд сэтгэлийг нь татсан уу, эсвэл угаас энэ нь ажил амьдралд илүү хэрэгтэй юм шиг санагдсан уу, ээжийгээ дагаж оёсоор байгаад л оёдолчны мэргэжилд “дурлаж”, хийсэн бүтээлүүд нь амнаас ам дамжин шагшигдсаар нэг л мэдэхэд “малгайны Бөхбат” гэгдэж гадаад /Өвөрмонгол, Буриад, Тува, Халимаг/ дотоодын захиалганд дарагдах болж. Гэвч тэрбээр үүнийгээ бизнес гэж хардаггүй. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд олон ширхэгээр үйлдвэрлээд, мөнгийг сая саяар нь олж хэтэвчээ зузаатгая гэж боддоггүй. Харин хэрхэн, яаж, чанартай бүтээл урлах вэ л гэж тархиа гашилгадаг нь илт. Эдний малгай эдэлгээ сайтай, урт настай байдаг нь тусгай технологитой нь холбоотой. Гэхдээ зочин маань нууц технологио задлахыг хүссэнгүй. Харин “Дээр үед хуучны аргаар жонхуудаж хийдэг байсан юм. Тэр нь Монголдоо болоод л байдаг. Гэвч урлаг, спортынхон гадаад руу тоглолт болон тэмцээнд их явдаг шүү дээ. Тэгэхээр чийглэг уур амьсгалтай газар очихоор жонхуудаж хийсэн малгай өмхийрчихдөг. Б.Норовбанзад гуай л гэхэд дандаа эхнэр үстэйгээ явдаг байж. Япон руу нэг удаа яваад ирэхэд нь нөгөөх нь бүүр өмхийрөөд муудчихсан байсан. Тэгээд “өөр юмаар хийгээд өгөөч” гэхэд нь ус чийгэнд тэсвэртэй материалаар орлуулсан” хэмээн ярина билээ.
Даяаршиж буй нийгэмтэйгээ хөл нийлүүлэн өөрсдийн хувцас, соёлоосоо алхам алхмаар холдож буй энэ цаг үед үндэсний малгайг ёс, бэлгэдлийг нь  хадгалж, улам бүр баяжуулан урлаж байгаа нь ахмадууд төдийгүй залуусын сэтгэлд ч тун нийцдэг аж.
Монголчууд бид малгайг “мандах төрийн” бэлгэдэл хэмээн хүндэтгэдэг. Тэгвэл Г.Бөхбатын гэр бүл мандах төрийн малгайг улам “мандуулж” яваагийн учир нь eрдөө л энэхүү ажилд чин сэтгэлээсээ дурласных. Нийтлэлийнхээ эхэнд “Бурхан биднийг ажилдаа дуртай байгаасай гэж хүсдэг” гэсэн эшлэлийг дурдсаны учир ч энэ билээ..
А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.