Баруун хойноо ил нууртай газарт морины уяа сонговоос гэм үгүй

Сэтгүүлч
3-р сарын 16 -нд

Морь уяхуйд өмнөө ойрхон уултай газар үл болох, баруунд ойр уул буй аваас хий чанарт моринд муу. Хойноо хоолой газар уявал дунд. Тал газар сайн боловч морь уйдах, эрхэм нь өмнөө устай зүүнд сайхан талтай, баруунд намхан уултай, хойноо түших энгэр болоод шороон өнгө шар, баруун хойно ил нууртай бол газрын гэм үл болох хэмээх.

Алив гэрийн ойр ба үхэр тэмээний хэвтэл бэлчирт болохгүй, хээр цэвэр газар уявал баярлана. Ажнай хүлгийг хээр уявал сэргэлэн амьтан мэт байнам. Их хахир газар уявал хөл сарвайх, зүлгэнд уявал чийг авах гэсэн бөгөөд морин эрдэнийг уях нууцаас газрын хэлбэрийг өгүүлсэн анхны зүйл буй.

Анх барихдаа адуугаа уяаны баруун хойно хураагаад барьж гүйцмэгц их насыг зүүнээс дарааллан бага насыг баруунд нь уя. Үл уйдахын тул байдсуудыг хамт уялцвал сайн хэмээжээ. Уяагаа тэмээний унгас дээснээс бус зүйлээр сайтар үйлд. Ер барихуйд ихэд хөөн барихуйг дунд, гараар зөөлөн барихуйг эрхэм, гэнэдүүлэн барихыг адаг хэмээсэн буй.

Анх барьсан өдөр жин үдэд дөчин алхам газар гурав дахиж явуул. Түүнээс нар шингэх хүртэл дахиж дөрөв тал явуул. Түүнээс нар шингэсний хойно мөн дөчин алхамд гурав дахиж явуул. Ирмэгц тавь. Түүний маргаашнаас эхлэн хавар өвөл бол өдөр бүр гурав явуул. Зун намар бол долоо буюу тав явуул. Дөрөв хонотол өдөр бүр таван алхам нэм. Ширүүн шигшүүлбэл мах нь үлдэж өөх үгүй болно. Ихэд сажилбал мах нь үгүй бол өөх үлднэм. Ер сажилж ширүүлэхгүй нэг зангаар хөдөлгөвөл сайн. Хэзээд нэгний өмнө явуулбал өмнөх морины гэдэс хатна. Нэгэн морины сүүлд аваас урьдаар гэдэсгүй болно. Цаг үест солиод урд баасныг үзвэл баах тул хуурайг зайлуулаад нойтныг бүү ав. Олом султгавал морь үл баах. Морио гишгүүлэхдээ хэрүүл хийвэл уяа гутна хэмээв. Нас бүрийг үеэр явуул, хольцолдуулбал болохгүй гэдэг. Шүдлэн даагыг алхам дутуу явуул. Явсан газраас өмнөхийг хойно, хойнохыг өмнө солиул. Их хур ба их халуунд бүү шигшүүл. Нэмнэвэл сайн. Хур тарган морины тохом нимгэн, хүнд хүн холоос ширүүн гишгүүлбэл хөнгөрдөг.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна