Дүйдэнгийн харыг дэлгэрүүлэгч Гомбын Алтангэрэл

Сэтгүүлч
2021 оны 2-р сарын 08 -нд

Ниндэв овогт Рэнчингийн Гомбын Алтангэрэл нь 1948 онд одоогийн Сүхбаатар аймгийн Онгон сумын Бударын чулуу хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр мал хариулан өнгөрөөгөөд, 1956 оноос Дарьганга сумын долоон жилийн дунд сургуулийг төгсөж, Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг малын эмч мэргэжлээр дүүргэжээ. Сургуулиа төгсөж ирээд Наран суманд малын эмчээр нэг жил ажиллаад өөрийн сумандаа ирсэн байна. 1990 оныг хүртэл төрөлх нутагтаа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ морь уях эрдэмд суралцан, түмэн олноо цэнгүүлж байв.


Түүнийг морь уях эрдэмд сургасан хүн бол эцэг Рэнчингийн Гомбо юм. Тэрээр ааваас өвлөсөн морь уях эрдмээ өөрийн хичээл зүтгэлээр улам бүр сайжруулж, сум, орон нутгийнхаа наадамд олон морь түрүүлгэж, айрагдуулж байлаа. Жишээлбэл, 1985 оны Онгон сумын баяр наадмаас идэрхэн залуу уяач хоёр түрүү хүртэн өөрийн уяаны эрдмийг гайхуулж байжээ. 
Малын эмч, уяач хүний хувьд өөрийн аав Р.Гомбын хамт Дүйдэнгийн хар хэмээх угшлыг сум, орон нутагтаа дэлгэрүүлэн хурдлуулсан нь хурдан морины төлөө ихээхэн сэтгэл, зүтгэл гаргасныг илтгэж байгаа юм. Тэрээр 1972 онд Хэрээхүүхэнтэй ханилж 10 хүүхдийн эцэг эх болсон бөгөөд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн: 


1986 онд аймгийн Аварга мэргэжилтэн 
1988 онд ХХААЯ-ны Тэргүүний ажилтан
1983 онд ХХААЯ-ны Хүндэт жуух бичиг
АХ-ын 60, 70 жилийн ойн медалиар тус тус шагнагджээ. 

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.