Хурдан хүлгийг тэргүүнээр шинжихүй:

Сэтгүүлч
2021 оны 3-р сарын 11 -нд

Хүлэг эрдэнийн тэргүүнийг долоон шинжид хуваан үзэх бөгөөд үүнд: Туулай, хүдэр, буга, араатан, мэлхий, хонь, согоо.

1. Туулайн толгой гэгч нь бяцхан бөгөөд нүд нь их, хоншоор нарийн, чих урт их, хэлний хэтэш агуу.

2. Хүдэрийн толгой гэгч  нь нүд урт, ам хамар цэвэр буй.

3. Бугын толгой гэгч нь шударга бөгөөд ам хамар их, эрүүний мах яс нь ялгавартай, хэлний хэвтэш агуу, нүд овгор буй.

4. Араатны толгой гэгч нь ам хамар их, хоншоор ятгар.

5. Мэлхийн толгой гэгч нь эрүү нүд их, хэлний хэвтэш агуу буй.

6. Хонин толгой гэгч нь бөхийсөн хэвтэй буй.

7. Согоон толгой гэгч нь дэлгэрэнгүй бөгөөд махгүй, цох нь бүтгэр, хоншоор нь нарийн буй.

Эдгээр долоон ерөнхий шинжээс гадна  дух, овоо өндөр, чихний ургац шударга бөгөөд уг бүдүүн, үзүүр нь нарийн нимгэн урт. Магнай нь тэнүүн духны хоёр этгээд мах ялгавартай, янагуудын харц адил, ухархайн яс хушга мэт товгор, нүд хөмсөг нь овгор, дээд хоёр зохи нь хоёр тийш урт, дундаас урагш зузаан, хойшоо нимгэн сайн. Доод зовхи нь махтай.Тархинаас доош хоншоор нь шударга бөгөөд дундуур ховилтой. Хамрын нүх уужим бөгөөд амсар нь гэдрэг дарвагар. Ам нь жимбэгэр, завж нь нимгэн, зажуурын мах ялгавартай, эрүү нь дугираг. Хэлний хэвтэш агуу, соёо шүд хоёрын өнгө нь адил, уруул тагнайд бузар хиргүй сайхан амгалан үүссэн нь сайн адууны шинж хэмээн үзсээр иржээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна