Адуу хатгах

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 01 -нд

Монголчуудын мал амьтны эмгэгийг эмчлэхэд эртнээс хэрэглэж ирсэн  нэгэн өвөрмөц арга бол түрэм тавих буюу хатгах засал юм. Мал хатгах засал нь ихэвчлэн захын мэдрэлийн судас хялгасан судасны тор, мэдрэлийн сүлжээнд үйлчилдэг ч цөөн тохиолдолд  дэлүү, сав, умс, гүзээний эмгэгт хэрэглэх нь бий. Бод малд хатгах заслын 12-15 идэвхтэй цэг байдаг бөгөөд том судасны ханыг гэмтээдэггүйгээрээ ханах заслаас, цаг хугацааны хувьд зүү заслаас ялгаатай. Адуунд хатгах засал хийх гол гол цэгүүдийн байршил, заалтын талаар хүргэе.

Цоров: Энэ нь дээд уруулын мэдрэх мэдрэлийн өтгөн шигүү ширхэгт хүчтэй цочрол өгч байгаа үйлдэл юм.
Зодовын бэлчээр: Уруулын тусгай  өргүүр шандсан төгсгөлийг дэгээ зүүгээр гогдон хэд хэдэн удаа татах ажиллагаа юм.
Заалт: Мундааны үрэвслээс болж адуу гүлдийх шинж үзүүлэхэд үйлдэнэ.
Магнай сөхөх: Гөхөлийн урд хоёр хуруу зайд хануурын том хутгаар эсгэж дээш хойш чиглэлээр хоёр ямх гүн хатгах ажилбар юм.
Заалт: Морь багтрах үед хэрэглэнэ.
Сээрэн сиймхий: Хар сээрний дээд талд орших шилний шандасны сиймхийг нэвт хатгахыг хэлнэ.
Заалт: Адуу гүлдийх, нуруугаа авах, нэвчээс авах үед
Чихний үзүүр хатгах буюу цуулах: Чихний дэлбээ нь хялгасан судас, мэдрэлийн төгсгөлийн өргөн сүлжээтэй. Сав цулын олон эрхтэнтэй гүйдэл судлаар холбогдоно. 
Заалт: Амьсгалын замын эмгэг, ходоод гэдэсний эмгэг , нарших, жилбинтэх үед
Хөөсөн хаа хатгах: Бугалганы нервийн сүлжээнээс хойш одсон цээжний доод мэдрэлийг эгшин зуур хатгаж цочроох үйлдэл юм.
Заалт:Дээгүүр догол, цээжээ авах, балбах үед
Дэлүү хатгах: Адуу дэлүүтэх өвчний үед зөв талын сүвээний гурван хавирганы урдуур нурууны голоос 8.12 см зайд шөвгөөр 4-6 см хатгана.
Умс хатгах: Адууны баруун талын  өлөн хонхорт  ташаан толгой сүүлчийн хавиргыг холбосон шугамын голд аймхай мөгөөрсийг чиглүүлэн хатгана.
Заалт: Адуу үргэлж хөрвөөх үед
Цөнгөрөг хатгах: Олон ясны уулзвар, ташаан толгой өгзөгний товгорын дунд 4-6 хуруу гүн хатгахыг хэлнэ. 
Заалт: Адууны ташаа буух, цүгцүүргээ авах, хойшоо доголох, дээгүүр доголох үед
Гуяны хар хуян: Гуяны зузаан гүнд орших шагайтын нервийн салаа юм.
Заалт: Хойт хөлийн догол, түнхний үеийн хэрлэгийн үед
Сүүлний торгон үзүүр хатгах: Сүүлний үзүүрийн мэдрэлийн судлыг цочроох, цусны судасны нарийн төгсгөлийг ханах ажиллагаа юм.
Заалт:Түүдэгтэх, гэдэс дүүрэх, гэдэс ходоод хямрах, шээс хаагдах зэрэгт
Хэвлийн усан бэлчир: Хэвлийд ус хуримтлагдах соёнготох, дэлэн айсан үед хүйснээс урагш арьс арьсан доорх ислэгийг дөнгөж нэвтлэн, шар усыг гаргана.  

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна