Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 02 -нд

Манлай уяач Түвдэнгийн алаг мориноос хойш 28 жилийн дараа Ховд нутгаар овоглосон хурдан буян төрийн наадамд тоосоо өргөсөн нь Ховд аймгийн Цэцэг сумын уугуул “Бэлон” компанийн захирал  Р.Баатархүүгийн “Дэлгэр” хээр байсан юм. Уяаных нь залуус дэвжиж, Дэлгэр сумын адуу хурдалж байхын бэлгэдэл болгон Р.Баатархүү хээр мориндоо “Дэлгэр” хэмээх нэр хайрласан нь ийнхүү энэ наадмаар биеллээ олж магнай нь тэнийсэн гэдэг. Хурдан моринд хараа сунгаж, хусуур бүсэлсэн буурал аавынхаа дутууг гүйцээж дундуурыг дүүргэж яваадаа олзуурхдаг Р.Баатархүү хар багын моринд хорхойтой нэгэн. Цэцэг сумандаа “Ява” хэмээн алдаршсан өвөөгийнх нь хурдан хүрэн морийг ах нь унаж Ховд, Дарви, Мөст, Зэрэг, Чандмань  зэрэг сумдын наадамд дээгүүр давхиж байсан сайхан дурсамжийг гэрийнхэн нь одоо хэр нь сөхөх дуртай байдаг гэсэн. Цагтаа волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан тэрээр одоо бол мориноос бусдад тэр бүр сатаарахаа больсон гэнэ.

ТАЙЖ АДУУ
Дэлгэр хээр Тайж угшлын адуу. Эх нь Наваан-Осор гэж хүний халзан азарганы төл, харин эцэг нь Готов гуайн хуучин эзэн нь “Пионер” хонгор хэмээх азарганых нь төл юм. Сумынхаа наадамд хэд хэд айрагдчихаад байсан битүү шахуу үрээг хоёр жилийн өмнө одоогийн эзэн нь найман сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд Р.Баатархүү хурдан хүлгийнхээ өөрийнх болсон түүхийг “Дорноговь аймагт бизнес хийдэг нэг дүү  маань ирээд “Манай найзын  аав нь хурдан морьдтой. Та очиж сонирхохгүй юм уу” гэсэн юм. Би ч “дагуулаад ир уулзаадахъя” гээд өвгөнтэй уулзаж ярилцаад үнэ өртгөө тохироод, өдрийн сайныг харж байгаад авахаар тохирсон. Тэгсэн нэг өдөр өвгөн над руу утасдаад “морио очиж авахгүй юм уу” гэхлээр нь хоёр найзтайгаа яваад очтол гурван их насны морь үзүүлсэн юм. Тэгээд би хээрийг нь авахаар болж, нэг найздаа үрээ, нөгөө найздаа хоёр гүү авч өгсөн. Ийм сайхан хурдан буянаа хайрласан Готов ахдаа үнэхээр их баярлаж явдаг. Дэлгэр хээрийг улсын наадамд түрүүлсний дараа олон хүмүүс Тайж адуу сонирхож очсон байна лээ” хэмээн хуучилсан юм.  Нээрэн ч хээр морийг улсын наадамд түрүүлсний дараа дорноговьчууд Тайж адуугаа сурталчлах зорилгоор бэсрэг наадам зохион байгуулж, Р.Баатархүү түрүү соёолонг  сая төгрөгөөр мялаасан билээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна