Цагдаа морь

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 30 -нд

АНУ, Англи, Австрали, Франц, Герман улсад ба тэр бүү хэл Энэтхэг, Хятадад морьт цагдаа нар амжилттай ажиллаж байна.
Адуунд мэргэжил гэж байдаг гэвэл та итгэх үү. Үнэндээ адууны үүлдэр гэдэг тухайн адуунд ямар төрлийн мэргэжил хамгийн их зохимжтойг хэлээд өгч байгаа юм. Автомашин үүсэхээс өмнө адуу маш олон мэргэжлээр хүний үнэнч нөхөр болон ажилласаар хэдэн зуу, хэдэн мянган жил болсон. Харин хүн машин, онгоц зохион бүтээснээр адууны гүйцэтгэх ажил цөөрсөн ч зарим газар өдгөө хүртэл эрэлт хэрэгцээтэй байгаа. Тэдгээрийн нэг бол цагдаа юм.
Дэлхийн маш олон оронд морьт цагдаагийн тусгай албыг өргөнөөр ашигладаг. Харин морио дээдэлдэг, мориороороо бахархдаг Монголд яагаад ч юм морийг наадмыг хэдэн өдрийг эс тооцвол хот суурин газрын хүн амын аюулгүй байдал, хэв журмыг сахин хамгаалахад ашигладаггүй нь гайхалтай. 
АНУ-д морийг цагдаагийн байгууллагад маш өргөн ашигладаг. Жишээлэхэд Миссури мужийн Сент Луис хотын морьт цагдаагийн хэсэг. Анхлан морьт цагдаагийн тусгай хэсгийг энэ хотод тэртээ 1867 онд үүсгэн байгуулжээ. Тухайд үедээ хотын дагуул жижигхэн тосгодуудад дээрэм тонуул ихээр гарах болсон тул түүнтэй тэмцэх хурдтай, шуурхай хэсэг хэрэг болсон байдаг.  Ингээд анх 15 морьтой цагдаагийн тусгай хэсэг бий болжээ. Харин одоо Сент Луис хот бүхэл бүтэн морин хорооны хэмжээнд хүрсэн гэнэ. Өөрөөр хэлбэл цагдаа мэргэжилтэй хүн, адуу хоёрын хэрэгцээ өндөр хөгжлийн энэ зуунд ер алга болсонгүй.
Морьт цагдаа нь гол төлөв цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ажилладаг. Ялангуяа Сент Луистийн Форест паркт ажиллах жишээний. Учир нь Форест парк нь том музей, дуурийн театр, амьтны хүрээлэн, олон арван зоогийн газар, усан оргилуур, цөөрөм, цэцгийн хүрээлэн гээд хотын иргэд төдийгүй олон мянган жуулчдын цуглах дуртай асар том талбай бүхий газар юм. Дээр нь цэцэрлэгт хүрээлэн дотор машинаар хөөцөлдөөд байж болохгүй, явган цагдаа байвч морьт цагдааг хянах газрын хүрээ, хурд, саадыг давах чадвараар яагаад ч гүйцэхгүй. Ийм болохоор морьт цагдаа хамгийн зохистой, үзэмжтэй, ашигтай хувилбар болж таарсан байна.
Морь унасан цагдаа гурван метрийн өндрөөс орчин тойрноо харж чаддаг. Өөрөөр хэлбэл цагдаагийн хувцас хэрэглэлтэй гурван метр дүрс маш холоос харагддаг болохоор гэмт хэрэгтэн бараанаар нь шахуу номхон дөлгөөн байхаас өөр аргагүй болно. Гэмт хэрэгтэн зугтлаа гэхэд араас нь хөөж яваа морьтны сүрэнд дарагдаад гүйж чадахаа ч байчихдаг. Гэхдээ дөрвөн дугуйтай төмөр морьтой тэмцэхэд хэцүү ч гэлээ тийм хэрэг гарвал адилхан төмөр морьтой цагдаа нар нэн даруй туслахаар ирдэг болохоор хэрэгтнүүд ямар ч байсан морьт цагдаа нарын янзыг үзэхгүй байхыг дээрд үздэг.
Дээхнэ үед цагдаа нар морин дээрээсээ унаж их гэмтдэг байсан. Орчин үед ч зодоонч үүлдрийн нохдын дайралт, хүүхдүүдийн дүрсгүйтлээс болж унаж бэртэх нь цөөнгүй. Ийм үед морь мэдээж бусган эзнээ унагаад хаа нэгтээ очиж зогсох хүртэл давхидаг. Гэхдээ цагдаагийн моринд халдсан тохиолдол бүрийг Америкт маш хатуу шийтгэдэг. Жишээлэхэд, Калифорни мужид цагдаагийн морийг цохисон хүнийг хорин дөрвөн цаг албадан хориод, ахин хорин дөрвөн цаг адууны жүчээ цэвэрлэх ажил хийлгэж шийтгэж байсан удаатай.
Цэцэрлэгт хүрээлэнгийн аюулгүй байдлыг хангахаас гадна морь цагдаа нар нь янз бүрийн олныг хамарсан арга хэмжээний аюулгүй байдлыг хангахад оролцдог.
Америкийн хаа ч байсан ялгаагүй морь цагдаа олон нийттэй харьцах дуртай. Энэ бол нэг ёсны имиж нь бөгөөд олон нийт ам сайтай байдгийн бас нэг шалтгаан юм. Сент Луист найман доллар төлөөд морь цагдаагийн байрладаг албан газ?р, жүчээ, дасгал хийдэг тойруулга зэргийг үзэж сонирхож болдог. Мөнгө төлөхгүй гэвэл цэцэрлэгт хүрээлэнд очоод үнэгүй харж, хажууд нь зургаа авахуулж ч бас болно.
Морьт цагдаа нар 9-17 цаг хүртэл ажилладаг бөгөөд ялаа шумуул ихтэй онцгой халуун  өдрүүдэд морьдын ажлын цагийг богиносгодог.
Цагдаагийн морь самбаатай, аашгүй байх ёстой. Үүнээс гадна үүрэгт албандаа орохоос өмнө цагдаа морь тусгай бэлтгэл хийдэг. Айж цочсон морь төрөлх зөнгөөрөө хамгийн түрүүн зугтаж алга болох тул цагдаа морьдыг гал, чанга дуу, тэсрэх чимээ, олон хүний бөөгнөрөл, буудах дуу, салют зэргээс айж цочихгүй болгож сургадаг. Ийм тусгай бэлтгэл хагас сар түүнээс удаан хугацаагаар ч явагддаг.
АНУ ба Канадад жил болгон морьт цагдаа нар өөрийн ур чадварыг харуулдаг тусгай тэмцээн явуулдаг. Тэмцээний үеэр морь цагдаа нар жирийн саад бус харин өөрийн ажлын онцлогтой ойролцоо саадыг давах чадвараа харуулдаг. Жишээлэхэд, аварга том үлээдэг хүүхэлдэй бүхий жагсаал дундуур гарах, үлээдэг бөмбөлөг хагалж байгаа алиалагчдын урдуур явахдаа айж цочихгүй байгаагаа харуулах. Хуванцар сав, баглаа хөвсөн усан саадаар сэлж гарах, хог дүүргэсэн шуудуу дээгүүр харайх. Мөн цагдаа морио аварга том хөл бөмбөгийн бөмбөг рүү давхиулдаг сонгодог саад байдаг аж. Энэ бол морь цугласан олон хүнээс айлгүйгээр, хүмүүсийг замын хажуу руу шахан чөлөөтэй явж, ажлаа хийж чаддагаа харуулдаг саад.
Морьт цагдаа болох нь жирийн цагдаагаас илүү өндөр шаардлага, бэлтгэлтэй. Морьт цагдаа бэлтгэхэд морь унах дадал, бусдыг хянах дадал, хүмүүсийг хайх, аврах дадал, саадыг давах, эзгүй газар амьд гарах, морь сонгох, морийг арчлах, асрах гэсэн хичээл орно. Үүнээс гадна адууны сэтгэл зүй, харайлгах, морин цэргийн аргачлал ба тактик, хүмүүсийн сэтгэл зүй, морин дээрээс буудах, шөнийг эргүүл хийх, морь цагдаа баривчилгаа хийх, хэргийн газраас зугтан алга болсон хэрэгтнийг хайх гэх мэт маш олон хичээл ордог бөгөөд энэ бүхэнд 60 цагаас 14 долоо хоног хүртэл хугацаа зарцуулдаг.  Гурав түүнээс олон жил алба хаасан цагдаагийн ажилтнууд л морьт цагдаа болж болдог.
Сүүлийн жилүүдэд АНУ-д морьт цагдаа илүү өргөнөөр ашигладаг болсон байна. Энэ нь хүн  ам, орон сууцны нягтрал ихэссэн, машины бөглөө их болсонтой холбоотой юм. Жишээлэхэд машин гарахааргүй нарийн гудамжаар морьт цагдаа чөлөөтэй гарна, машины ямар ч бөглөөг ажрахгүй, хянах хүрээ хол болохоор олны дунд хэв журмыг сахиулдаг төдийгүй сэтгэл зүйн хувьд хүмүүст илүүтэй таатай нөлөө үзүүлдэгтэй холбоотой аж.
АНУ-д цагдаагийн морийг арчилж, тэжээнэ гэдэг манайхтай зүйрлэхээргүй их зардал гардаг аж. Жишээлэхэд, нэг адууны жүчээнд сардаа 300 доллар, цэвэрлэгээнд өдөрт 3 доллар, шаардлагатай эм бэлдмэлд сардаа 10 доллар, сар хагас тутам тахлахад 40 доллар, малын эмчийн үйлчилгээ сардаа 50 доллар, шинэ эмээл 1000 хүртэл, хазаар жолоо 500 доллар.
Нью-Йоркт гэхэд л 200 орчим морьд байхад дээр жишээ дурдсан Сент-Луист 20 байдаг аж. Төсвийн хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй үед жирийн иргэд гар таталгүй хандив өргөж эмээл, тоног хэрэгсэл, шинэ морьд худалдан авч өгдөг ажээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна