Хорон санаат Жек Кактус

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 05 -нд

Виски нэртэй морь хөлөглөсөн Жек Кактус хэмээгч дээрэмчний хөгтэй явдлыг харуулсан энэхүү кинонд Арнольд Шварценнегерээс эхлээд Холливудын олон шилдэг жүжигчид тоглосоноороо онцлог юм. Жишээлбэл Жек Кактусын дүрийг “Спартак” киноны гол дүрийн жүжигчин Кирк Дуглас бүтээжээ.
Киноны төрлийн хувьд морь хөлөглөсөн сайн ба муу талын ковбой нарын тухай өгүүлдэг улиг болсон олон зүйлсийг элэглэн харуулсан бүтээл юм. Сонгодог “вестерн” буюу “ковбойтой” кинонууд бүгд л нэг хэвэнд цутгачихсан юм шиг үйлд явдал гардаг. Товч хэлбэл нэг талаас алдалгүй бууддаг, ухаалаг, шударга, туршлагатай, моринд гаргууд сайн талын баатар харин нөгөө талаас хорон санаат, элдэв муу үйлд гаргууд, муу талын баатар тулалдаг шүү дээ. Энэ хоёр баатар цэвэр ариун, даруухан царайлаг бүсгүйн зүрх сэтгэлийг чамлахааргүй их мөнгөний хамт эзлэхийн төлөө өрсөлддөг. Харин энэ кино баатруудын нэрнээс эхлээд л эрхгүй ялгарна. Сайн талын гол баатрыг Царайлаг Хэн мэдэх, муу талынхыг Кактус буюу Өргөст Жек, морийг нь гэхэд Виски гэх мэтчилэн.
Амьдралдаа нэг ч удаа бүтэлтэй дээрэм хийж үзээгүй Өргөст Жекийг жижиг хотын банкны эзэн шуналтай эр, муу хэрэг хийлгэхээр шоронгоос суллаж авна. Жек нь өөр хотоос ихээхэн хэмжээний мөнгө авч ирэх ёстой Дур булаам Жонс гэгч бүсгүйг буцах замд нь дээрэмдэн мөнгийг нь булаах ёстой болно.
Эзэн нь бүтэлгүй, унаж яваа морь нь Виски гэдэг нэртэй болохоор энэ хоёр замдаа жинхэнэ хөгөө чирнэ.  Тэгээд ч бүтэл муутай Жекийн чин сэтгэлээсээ ярьж сэтгэлээ онгойлгодог ганц амьд амьтан нь Виски морь.
Хотод орж ирээд мориноосоо “За, Виски хоёулаа банк дээрэмдэх үү?” гэхэд морь толгой сэгсэрнэ, дээрэмчин уурлан “Би чиний эзэн шүү” гэхэд морь ганцхан булигаад унагаана.  Ингэсээр хоёул хот орж, банк дээрэмдэх ээлжит бүтэлгүй оролдлого хийсний дараа зугатах гэхэд Виски тас зөрсний гайгаар Жек баригдана.
Бааранд орж ирээд “виски”  гэж хэлэхэд Виски морь давхин орж ирээд загнуулаад буцаад гардаг. Энэ мэтээр Виски морь эзэн Жекийн хөгтэй адал явдал тасрахгүй. Үзсэн хүн уйдахааргүй л кино.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна