Малын их эмч А.Ерханат: Адууныхаа туурайг тахлах ардын соёл

Сэтгүүлч
2021 оны 3-р сарын 09 -нд

Миний хүүхэд нас адуу малын захад өнгөрсөн. Түүнээсээ ч болсон уу, сонгож авсан мэргэжил минь малын эмч. Энэ мэргэжлийг сонгосноосоо хойш “Хүний эмч зөвхөн хүн эмчилдэг бол малын эмч хүн төрөлхтнийг эмчилдэг” хэмээн хэлэх дуртай болсон. Яагаад гэхээр оюутан байх хугацаанд олон эрдэмтэн багш нар тийнхүү сургамжилдаг байсан юм. Одоо мэргэжлээрээ ажиллан уяачид, малчдынхаа дунд явж байхдаа багш нарынхаа дээрх сургаалыг тунгаан, адуу малыг илүүтэй хайрладаг болж, зарим нэг шинэ туршилтыг хийх болсноо “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан хүргэж байна. 

Манай оронд сүүлийн жилүүдэд хурдан морины уяа сойлго, арчилгаа, тэжээллэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх болсон бөгөөд үүнтэй зэрэгцэн уралдахын өмнө болон уралдсаны дараах өвчин эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх арга барил уяачдын анхаарлыг ихээр татах болжээ. Судалгаанаас харахад, хурдан адуунд хамгийн түгээмэл тохиолддог эмгэгийн нэг нь хөлний доод хэсэг болох сагаг бэрэвхий, туурайн өвчин юм. Ялангуяа туурай сунах, далбийх, эмтрэх, цуурах, улдах, улмаар тавагнаасаа цоорох зэрэг эмгэг илүүтэй тохиолддог аж. Дээр дурдсан олон өвчнийг миний бие багаасаа харж, эмчлэх аргыг нь гайхаж, шинжлэх ухааны ул үндэстэй судалж, адууны туурайн анатомийн бүтцэд тохирсон аргыг олохыг эрмэлзэх болсон билээ. Өөрөөр хэлбэл, адууны туурайг зөв арчлах, зохистой хэлбэр хэмжээтэй байлгах, өвчин эмгэгийг таньж оношлох, цаашлаад эмчилгээний болон сэргийлэх зориулалттай тах бий болгох зорилго тавин нэлээдгүй судалгаа хийлээ. 
Сүүлийн жилүүдэд гаднаас хурдан удмын адуу оруулан ирж, монгол адуутай эрлийзжүүлэн “Шинэ цагийн монгол адуу”-г бий болгох нь улам бүр ихэсч байна. Энэ нь адууны хурд, хүчийг сайжруулж байгаа сайн хэрэг ч ул туурайн хувьд нутгийн монгол адуутай харьцуулшгүй хэврэг гэдгийг уяачид анзаарч буй байх. Өөрөөр хэлбэл таны бий болгосон адууны ул туурай тэсвэр багатай хэврэг тул зориулалтын тахаар тахлуулах нь зүйтэй юм. Гэхдээ тахыг мэргэжлийн буюу дадал туршлагатай хүнээр хийлгээрэй. Яагаад гэж үү. Дэлгэрэнгүй ойлгомжтой тайлбарлахыг хичээе. 
Адуу тахлах арга ажиллагаа нэлээд эрт үүссэн нь археологийн материал, зарим судлаачдын тэмдэглэл зэргээс харагддаг. Гэтэл манай орны хувьд баруун Монгол буюу казакийн ард түмнийг эс дурдвал холбогдох материал хомс. Зөвхөн казакийн ард түмэн л өндөр уулын бүсэд бүргэдтэй ан хийх, уулын хад чулуу, цасанд унаа морьдоо халтируулахгүй явах, адуу улдах, таваг нь цоорохоос сэргийлэн тахалж байжээ.


Адуу тахалж ирсэн түүх рүү өнгийвөл... 

Адуу зэрлэг байхдаа уст намаг, элс чулуу, хад, асга гээд ямар ч орчинд байсан туурай нь түүнийг даван туулах чадвартай, бат бөх байжээ. Харин хүний гарт орж гэршүүлснээс хойш тэр байдал аажмаар алдагдаж, улмаар элдэв эмгэгт өртөх болсон байна. Иймээс туурайг байнга арчилж, засч, цэвэрлэн тордож, эмчилж байх шаардлагатай болж. Адууг тахалж байсан тухай тэмдэглэсэн эртний баримт бичиг нэн ховор боловч Ассирчүүд адууны туурайн тавгийг хавтгай зүйлээр хамгаалж байсан гэдэг. 
Эртний Арабууд бүр Магомедын үед адуу тахалж байсныг Коран сударт тэмдэглэн үлдээжээ. Харин МЭӨ 400 орчим оны үед хамаарах археологийн малтмалаас морины туурай хадаасны нүхтэй байсныг олсон байна. Энэ нь адууг тахалж байсны баримт гэж үзэх үндэстэй. Хэрэв МЭӨ 400 онд анхны тах үүссэн гэж үзвэл түүнээс хойш 1700 гаруй жил өнгөрч. Түүхчдийн бичсэнээр III зуунд анх удаа Германд адууны тах хийж эхэлсэн аж. Түүнээс хойш олон жилийн турш энэхүү төмөр тах хэрэглэгдсээр иржээ. Улмаар IX зуунаас Европд адууг нийтлэг тахалдаг болсон бөгөөд XIII зууны үед Герман улсад хийсэн “Бамберийн морин цэрэг” хөшөөний морь тахтай байдаг гэнэ. Сонирхуулахад, уг хөшөөний морины тахыг янз бүрээр өөрчлөхийг оролдож байсан тухай баримт археологийн зарим олдворт байдаг гэнэ. Үүнээс гадна Ромын эзэнт гүрний үед мориндоо “гутал” өмсгөдөг байсан тухай баримт бий. Харин манай эриний XVIII-XIX зуунаас адуу тахлах арга ажиллагаа бие даасан шинжлэх ухаан болтлоо хөгжсөн байна. 
Түүх сурвалжаас үзвэл Их Монгол Улс байгуулагдсан 1211 оноос Их эзэн Чингис хааны зарлигаар морины туурайд тах хадах анхны туршилт хийгдсэн тухай тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд хаан цэрэг дайчдынхаа байлдааны бэлэн байдлыг хангаж унаа морьдоо тахлахыг төрийн хэмжээний бодлого болгон зарлигдаж байжээ. Гэсэн ч монголчууд ямар тах хэрэглэж байсан нь тодорхойгүй. Энэ тухай бичиж тэмдэглэсэн зүйл олдоогүй аж. 
Эзэн Чингис хаанаас улбаатай адуу тахлах ёсыг саяхныг хүртэл хадгалж ирсэн ард түмэн бол баруун монголчууд. Баруун монголд хэдийнээс адуу тахалж эхэлснийг хэлэх боломжгүй ч Баян-Өлгийн казакууд морь тахлах эрдмийн талаар арвин баялаг туршлагатай. Ихэвчлэн өвлийн улиралд цас ихтэй үед морийг тахалдаг байна.

Морины тах үүссэн түүх


Эрт дээр үеэс эхлэн морийг гаршуулан тэжээж ахуй амьдралдаа уналга болон ажилд ашиглаж ирсэн бөгөөд энэ хугацаанд морины туурайнд элэгдэл үүсгэдэг олон нөхцөл байгааг мэджээ. Эртний хүмүүс адууны туурай нь байгалийн болон бусад гадны нөхцөл байдалд нэмэлт хамгаалалт хэрэгтэй болохыг анзаарч. 
Адууны туурай хамгаалах анхны хэлбэр нь эртний Азид ажиглагдсан бөгөөд морины туурайг малын түүхий эд, арьс шир эсвэл бусад материалаар ороож, эмчилгээний зориулалтаар ашиглахаас гадна элэгдэлд оруулахаас хамгаалдаг байжээ. 
Их Британий археологийн олдворуудаас харахад ромчууд морины хөлөө орчин үеийн тахтай бага зэрэг төстэй оосортой, хатуу ёроолтой “хиппосандал”-аар хамгаалах гэж оролдсон бололтой. (Hipposandal-Хиппосандал (Латин гаралтай үг) нь морины туурайг хамгаалдаг төхөөрөмж юм.)
Түүхчид морины тахны гарал үүслийн талаар харилцан адилгүй байдаг. Төмөр нь үнэ цэнэтэй түүхий эд байсан тул элэгдсэн аливаа зүйлийг ерөнхийд нь сэргээж, дахин ашигладаг байсан тул археологийн тодорхой нотлох баримтыг олоход хэцүү байдаг. 1897 онд МЭӨ 400 орчим оны Этрускийн булшнаас туурай нь нүхтэй дөрвөн хүрэл морь олдсон байна. МЭӨ 100 оны дараа ромчууд “луусны гутал” (“mule shoes”) зохион бүтээсэн гэж зарим түүхчдийн хэлсэн нотолгоо нь МЭӨ 54 онд нас барсан Ромын яруу найрагч Катуллусын бүтээлээр нотлогджээ. Гэсэн хэдий ч “хиппосандал” буюу хадаастай тахны оронд төмөр хавтангаар бэхэлсэн ширэн гутал ч байж магадгүй юм.


Туурайны хадаастай холбоотой баримт нь харьцангуй хожуу бөгөөд анх МЭ 900 онд гарч ирсэн боловч зарим нь олдсон эх сурвалжаас урьд өмнө ашиглагдаж байсан байж магадгүй юм. Эзэн хаан VI Лео-ийн хаанчлалаас өмнө хадаастай морины тахны талаар өргөн хэрэглэгддэг байсан тухай баримт үгүй. 
Морины төмөр тахны тухай хамгийн эртний тодорхой бичиг нь МЭ 910 онд “хавирган сар дүрсэлсэн төмөр ба хадаас”-тай гэсэн байдаг. МЭ 500, эсвэл 600 оноос өмнө хадаастай тах байсан гэж нотлох баримт маш бага байдаг боловч МЭ V зууны Бельги улсын Турнай хотын хаан Чайлдерик I Франкийн булшнаас олдсон хадаастай тахтай бүрэн морины олдвор байдаг. 

XI-XIX зууны Английн морины тах
МЭ 1000 онд хадаасны нүхтэй хүрэл тах Европт түгээмэл болсон. Зургаан хадаастай нүх бүхий загвар түгээмэл байв. XIII, XIV зууны үед төмрийг морины таханд өргөн ашигладаг болсон. 
Загалмайтны дайны үеэр (1096–1270) морины тах ашиглах нь өргөн тархсан байсан бөгөөд янз бүрийн бичмэл эх сурвалжуудад олонтаа дурдагддаг байв. Тэр үед төмөр үнэ цэнэтэй байсан тул морины төмөр тахыг татвар төлөхийн тулд зоосны оронд авдаг байжээ.


XIII зууны үед морин тах их хэмжээгээр үйлдвэрлэгдсэн тул худалдан авах боломжтой болжээ. XVI зуунд тахыг туурайнд байрлуулахаасаа өмнө шууд төмөрийг халуунаар нь хэлбэржүүлэх үйл явц нь түгээмэл болжээ. Морины тах хийх нь дарханы ур чадвар шаардагдахаас эхлээд хэлбэр урлал нь “дундад зууны болон орчин үеийн хамгийн том гар урлалын нэг болж металлургийн хөгжилд хувь нэмэр оруулсан юм.” байна.
1835 онд Гэнри Берденэд цагт 60 морины тах үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэлийн машины анхны патентыг гаргажээ. XIX зууны дунд үед Канад улсад намгархаг зөөлөн хөндий шаварт живэхээс хамгаалж модон тах ашиглаж байжээ.

Адууны туурайн анатомийн бүтэц

Адуу олон сая жилийн өмнө туулайн чинээ биетэй, дөрвөн хуруун дээрээ явдаг амьтан байсан тухай дуулж байв уу. Тэр бяцхан амьтан эволюцийн дүнд зөвхөн ганц хуруун дээрээ гишгэж явдаг том биетэй, хурдан хөдөлгөөнтэй болтлоо хөгжжээ.
Түүний ганц хуруу буюу бидний нэрлэж заншсан туурай бол хөдөлгөөний болон тулгуурын эрхтэн, хүндийн жин ба газрын эсрэг түлхэлтийг зөөлрүүлэх зэрэг олон талын үүрэгтэй чухал эрхтэн юм. Адууны туурайн бүтцэд бэрэвхий ясны доод хэсэг болон туурайн яс, даншиг яс, зуузай мөгөөрсийг дотроо агуулж байгаа эвэр гэр, түүнийг холбож байгаа холбоосыг нийлүүлж ойлгодог. Туурайн дотор талын үндсэн арьсны гадагш чиглэсэн салбангийн үзүүр хэсэг нь гялгар өнгөтэй эвэрлэг болж хувиран, гадагшаа түрэгдэн эвэр туурайг нөхөн төлжүүлнэ. Үндсэн арьсны салбангууд туурайн дотуур хойш үргэлжлэн өсгийн улыг хучиж байрлах бөгөөд түүний уртын хэмжээ 1-3мм болж богиносно. Туурайн яснаас гадагш цусны судас үндсэн арьсны салбангийн хоорондуур байрлаж, тэжээлээр хангана. Цусны энэхүү сүлжээ нь хөлний доод хэсэг цас мөсөн дээр хэдэн цагаар ч хамаагүй удаан зогсоход дааруулахгүй, халуун байлгаж чаддаг. Мэдрэлийн судал мөн ихтэй учраас ямар нэгэн эмгэг, бэртэл гэмтэл үүсэхэд их эмзэглэж доголно. 


 Туурайн хэлбэр дүрс, зарим эмгэг

Монгол Улсын Гавьяат мал зүйч, профессор Д.Самданжамцын судалгаагаар монгол адууны гахайн урт нь туурайнхаа 2/3-тай тэнцүү байдаг гэнэ. Дэлгэрүүлбэл, “Туурай нь хөлийн үзүүрийн гурван хэсэг яснаас тогтоно. Үүнд: туурайн яс, богино шивнүүр яс, өсгийн яснууд багтана. Туурай нь эвэр хана, эвэр ул, гахай зэргээс бүрдэнэ. Эвэр хана нь туурайн урьд ба хажуу талыг бүрхэж, ар талдаа дотогш хумигдан өсгийн хонхрыг буй болгоно. Эвэр улны шаантаг хэлбэртэй сэтэрхий рүү ороомог хананы хоорондуур орсон шаантаг хэлбэртэй бүтцийг гахай гэнэ. Эвэр хана нь гөлгөр, гялтгар байх ёстой ба түүний урд тал нь хэвтээ шугамаас урьд хөлд 50 хэм, хойд хөлд 60 хэм орчим хазайсан байдаг” гэж тодорхой тайлбарласан байна. Цааш нь адууны туурайн хэмжээг бүс нутаг, хулангийн туурайтай харьцуулан судалсан байна. 
1. Баруун болон хангайн бүсийн нийт адууны 75-80 хувь бат бөх цомбон туурай, гүн гахайтай
2. Төвийн бүсийн нийт адууны 60 орчим хувь нь далбагар хэлбэрийн туурай, гүн биш гахайтай. 
3. Говийн болон гол мөрөнд ойролцоо байдаг нутгийн адуу нэлээд сунасан далбагар туурай, гүн биш уртавтар гахайтай байна. 
Монгол адууны туурайн гахайн урт нь туурайнхаа 2/3-той дүйцэхүйц урттай, гүн нь 0.8-1.5см байх бөгөөд хэлбэрийн хувьд монгол адууных цомбон, далбагар; хулангийнх гонзгойдуу лавай хэлбэртэй байдаг аж. 
Монгол адууны туурайг хулангийн туурайтай харьцуулсан зарим үзүүлэлт:
Туурайн өндөр Туурайн гүн Туурайн урт Туурайн өргөн 
Монгол адуу 4.5-5.0см 0.9-1.5см 8.0-13см 7.5-14см 
Хулан 5.5см 2.5см 9.5см 6.0см

Харин гахайн урт монгол адууных 7.0-0.9см, хулангийнх 6.5см. Адууны туурай дараах хэвийн хэлбэртэй байх нь тохиолдож болно. Үүнд:
1. Налуу хэлбэрийн (далбан) туурай: Энэ нь доод хэсгээрээ өргөсөж, сунан далбийж ажил эдэлгээний явцад сунаж, хэлбэр хэмжээ нь өөрчлөгддөгөөс гадна зөөлөн элс, намгархаг чийгтэй хөрстэй нутгийн адуу болон болхи бие цогцостой адуунд элбэг тохиолддог. 


2. Босоо, цомбон туурай: Хөнгөн хэвшлийн буюу хурдны адуунд элбэг тохиолддог. 
3. Нарийн туурай: Энэ нь туурай хоёр талаасаа шахагдаж, нарийссан хэлбэртэй байдаг. 
Үүнээс гадна янз бүрийн согог дутагдал бас тохиолддог. Тухайлбал: Туурайд шим тэжээлийн бодис дутагдсанаас цагираг үүсэх, туурайн эвэр зөөлрөх, өмрөх, хугарах, хуурайших, хэврэгших, өнгөө алдах зэрэг согог тохиолдоно. Туурайн нэлээд эмзэг хэсэг болох гахай гэмтэх, үрэвсэх зэрэг нь уяаны ажил хийгээд эдэлгээний чадварыг бууруулдаг учир ул, гахайн орчмыг байнга шалгаж арчилж байх шаардлагатай. 
Адууны туурай нь, тулгуур эрхтний газартай харьцахад гол үүрэг гүйцэтгэнэ. Манай орны нийт адуун сүргийн 60 шахам хувь нь оршдог баруун болон хангайн бүсийн адууны туурай, тухайн нутгийн байгаль цаг уурын онцлог нөхцөл байдлаас шалтгаалан ихэвчлэн 5.5-6.0см өндөр цомцгор, цомбон 7.9-9.0см урт 1.5-1.8см гүн гахайтай, бат бөх байхад төвийн бүс, говь, гол мөрний ойролцоох, ус чийг ихтэй нутгийн адууны туурай далбагар 35см-ээс дээш тойрогтой, хойд хөлийн туурайн тойрогны хэмжээ урд хөлийнхөөс 1.0-1.5см-ээр бага байгаа нь ихэвчлэн байгалиас заяасан зохилдлогоогоороо цастай бэлчээр ашиглах, өвс ургамлын үндэс ухах, ус шавар зэргийг урд хөлөөрөө цавчих үйлдэл хийдэгтэй холбоотой юм. 
Гадны улс орнууд адуугаа жүчээнд байлгаж арчилж малладаг тул туурай сунах, буруу ургах, шим тэжээлийн бодис дутагдсанаас үүдсэн хэврэгшил, эмзэгшил элбэг тохиолддог байна. Зарим нэг жишээг дурдвал: Адуунд уураг, өөх тос, “Д”, “С” амин дэм дутагдсанаас туурай хэврэгшиж, хатуу хөрстэй, хад чулуутай газар ширүүн явснаас эмтэрдэг байна. 

Адууны тах хийх багаж, тоног төхөөрөмж

Тахлах багажуудыг:
• Тах хийх багаж
• Туурай засах багаж 
• Адууны тах хадах ба ховхолж авах багаж 
хэмээн гурван хэсэг болгон авч үздэг. Өндөр хөгжилтэй орнуудад адууны тах хийх тусгай үйлдвэрийн цех бий. Зарим улс орон тах, хадаас, туурайн хайч, бахь, алх, хуурай зэргийг үйлдвэрлэдэг үйлдвэртэй. Харин манай оронд казак түмний хэрэглэдэг ахуйн багаж, тахыг эс тооцвол төрөлжсөн үйлдвэр байхгүй тул гаднаас орж ирсэн тахыг ашиглаж байна. 

Адууны тахны төрөл, зориулалт, ач холбогдол

Адууны туурайн хэмжээ, түүний үүлдэр, тухайн адууг юунд зориулж ашиглах зэргээс хамаарч тах том жижиг, нимгэн зузаан, бат бөх, хүнд хөнгөн гэх зэргээр ялгагддаг. Тухайлбал нас гүйцсэн морь, азарганд том, бага насны адуунд жижиг тах тавьдаг бол хүнд даацын, ачааны адуунд зузаан том тах хэрэглэнэ. Харин уралдааны болон саадтай харайлтын уралдаанд оролцож байгаа морины тахны жин нь 80-120гр, зузаан нь 5-6, өргөн нь 8мм байдаг гэнэ. Хурдан морины тахыг өндөр чанарын хөнгөн ган, тусгай хайлшаар хийдэг бол саадтай харайлтын зориулалттай адууны зөвхөн урд хоёр хөлийн туурайг тахалдаг.
Хатирч морьдод янз бүрийн жинтэй хөнгөн тах хэрэглэх бөгөөд урд хоёр хөлийн тах нь хойд хоёр хөлийн тахнаас 25-40% хүнд байна. Ингэснээр хатирах, жороолох явдлыг тогтоон барихад хамгийн тохиромжтой байдаг аж.
ОХУ-д туурайны хэмжээг харгалзан 0, 00, 1, 2, 2.5, 3, 3.5, 4, 4.5, 6, 7, 8 гэсэн 13 хэмжээст тах, 4, 5, 6, 7, 8, 9 гэсэн зургаан төрлийн хадаасыг үйлдвэрийн аргаар бэлтгэн нийлүүлдэг. Тах нь баруун зүүн хоёр салаатай, дээд доод хоёр гадарга, тахны арын үзүүр, хадаасны ховил ба нүх гэсэн бүрэлдэхүүн хэсгээс тогтоно. Гадна, дотно гэсэн хоёр салаа нь зузаанаараа туурайн ханын эвэртэй тэнцүү байх бөгөөд өргөн нь туурайн ирмэгээс цагаан шугам хүртэлх зайг хоёр дахин авсантай тэнцүү байвал сайн байна. Тах нь дээд, доод гадаргатай байна. Дэлхийн ихэнх оронд морь тахлахад онцгойлсон зогсоолыг тэр бүр хэрэглэхгүй, тун бага хэрэглэж байна. Ялангуяа жүчээний адуу номхон учраас зогсоогоор нь урд хойд хөлийг хоёр хөлийн хооронд бэхэлж байгаад тахалчихдаг болжээ. Харин догшин омголон, унаж эдэлж үзээгүй адууг тусгай зогсоолд оруулж бэхлээд аюулгүй байдлаа хамгаалсны дараа тахалдаг болсон байна.

Баруун монголд морь тахлах хэрэгцээ шаардлага



Монголчуудын ихэнх нь Хятад улсад үйлдвэрлэсэн тахыг хэрэглэдэг бөгөөд багахан хэсэг нь АНУ-аас оруулж ирсэн тахыг ашигладаг.Харин баруун монголчууд эрт үеэс хэрэглэсээр ирсэн тахаа ашиглаж байна. Өндөр уулс, цавчим хад асга ихтэй нутагтай казак түмэн чухам ямар тах хэрэглэдэг юм бол хэмээн уншигч та сонирхож байна уу. Баруун аймгуудад гар аргаар төмрийг боловсруулж хийсэн тахыг өргөн хэрэглэдэг.
Тахыг улирал, цаг үеийн байдалд тохируулан нимгэн зузааныг харгалзан харилцан адилгүй хэмжээтэй хийдэг байна. Өвлийн улиралд уул хад, цас мөстэй газар халтирахаас сэргийлж буржгар (нутгийнхны нэрлэдгээр) тахыг ашиглана. Анчин бүргэдийг үнэгэнд тавих үед халтиргаатай газраар их явдаг тул буржгар тахтай морьтой бол ямар нэгэн бэрхшээл тохиолдоггүй. Гэхдээ морины тахыг байнга шалгаж байх хэрэгтэй. Шалгаагүйн улмаас хадаас суларч, морь хүчтэй гишгэхэд туурайн яс руу хатгах эрсдэл үүсдэг. Түүнчлэн өвлийн улиралд нимгэн тахыг ашигладаг. Нимгэн тахаар тахалсан тохиолдолд морины туурай газраас нэг их хөндийрөхгүй тул цас хайлж наалддаггүй. Зузаан тах нь морины туурайг газраас хэт хөндийрүүлдэг учраас туурайн гахай орчмоор зай гарч цас хайлаад мөсжиж морь халтирч унах буюу явахад бэрхшээлтэй болдог. Харин хурдан морийг зузаан тахаар тахалбал туйлдаг хэмээн үздэг тул маш нимгэн тахаар тахална. Тах тодорхой хэмжээний жинтэй учраас морины хөлд багагүй хэмжээний ачаалал үүсгэх нь дамжиггүй. Иймээс хурдан морийг нимгэн, хөнгөн тахаар тахалдаг аж. Түүнчлэн хурдан морийг тахлахдаа маш сайн хадаас хэрэглэх шаардлагатай. Дутуу, эсвэл сул хадвал уралдааны үед тах мултарч хадаас туурайн гүн хэсэг рүү хатгаж морийг доголгож өвчлүүлдэг. Хүйтэн төмөр морины туурайг гаднаас нь жиндүүлж хөлдөлт үүсгэх тохиолдол ч бий. Хөлдөлт үүссэнээс болж морины туурай мултарч, морь хөлгүй болох явдал гардаг. 
Бага насны адууг тахлах шаардлагагүй. Яагаад гэвэл бага адууны туурайн ургалт эрчимтэй явагддаг учраас тах туурайг барьж, туурай буруу ургаж гажиг, илүү ургалт үүсдэг. 

 Судлаач, малын их эмч Авикейн Ерханат


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна