ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ СПОРТ ЦОГЦОЛБОР УДАХГҮЙ АШИГЛАЛТАНД ОРНО

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 23 -нд

Монголын спортын сэтгүүлчдийн төлөөлөл Дархан-Уул аймгийн шинэ Спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцаад ирлээ.

Бүс нутгийн томоохон бүтээн байгуулалтын нэгд зүй ёсоор тооцогдох уг цогцолборын төслийг 2011 онд 380 сая төгрөгийн төсөвт өртгөөр эхлүүлсэн түүхтэй. Гэвч хөрөнгө оруулалтгүйн улмаас барилгын ажил гацаанд орсон учир 2014 онд “царцаасан” барилгын жагсаалтад оруулсан билээ. Харин 2016 онд Дархан-Уул аймгаас парламентад сонгогдсон Б.Жавхлан нарын гишүүдийн санал, дэмжлэгээр барилга, угсралтын ажлыг сэргээсэн байна. Тодруулбал, уг барилгын ажилд зориулан энэ оны улсын төсөвт 4.7 тэрбум төгрөг тусгаж өгснөөр барилгын ажил эрчимтэй үргэлжилж, одоогоор 78 хувийн гүйцэтгэл хийгдээд байна.

Энэхүү цогцолборын нийт талбай нь 20 мянган м.кв бөгөөд 2200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай олон улсын  стандартад нийцсэн таван зам бүхий 25 метрийн усан бассейн, тамирчдын бэлтгэлийн болон хувцас солих өрөө, бусад бүх төрлийн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимууд, тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар, хурлын танхимаас бүрдэнэ.

Барилгын ажлыг гүйцэтгэж буй "Нэмбар" ХХК-ийн инженер Э.Энхцацрал "Энэхүү цогцолборын усан бассейныг Итали стандартын дагуу тус улсын тоног төхөөрөмжийг авчирч суурилуулна. Бид олон улсын чанартай тэмцээн явуулах тусгай стандартад нийцүүлэн барьж байна. Тухайлбал, АНУ-ын дэлхийн стандартад нийцсэн шалыг хийхээр төлөвлөсөн" хэмээсэн нь барилгын чанарыг илтгэсэн товч бөгөөд тодорхой тайлбар байсан юм.

Энэхүү цогцолбор нь бүс нутгийн төдийгүй улс орны хэмжээнд яригдах биеийн тамир спортын олон улсын стандартыг хангасан том цогцолбор болон сүндэрлэнэ гэдэг нь бүтээн байгуулалтын ажлын явцаас ч тодорхой харагдаж байлаа. 

Хоёр жил гаруйн хугацаанд бүрэн зогсоод байсан барилгын ажлын гүйцэтгэлд анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтыг энэ оны төсөвт суулгахад голлох үүрэг гүйцэтгэсэн УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Спорт, соёл үйлчилгээний цогцолборыг барихад нийт 21 тэрбум төгрөг болно гэж тооцоод 2013 оны төсөвт тодотгол хийсэн. Тухайн оныхоо байдлаар 14 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдсэн. Харин 2016 оноос хойш хөөцөлдсөөр үлдэгдэл 6.4 тэрбум төгрөгийг нь шийдлээ. Өнгөрсөн онд манай тойрогт хуваарилсан гишүүний таван тэрбум төгрөгийг энэхүү бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан. Орон нутагт хийх бүх бүтээн байгуулалтаа хойш нь тавьж байгаад 80 хувийг нь энэ байгууламжид зарцуулсан гэж ойлгож болно" хэмээн ярьсан юм.

Санхүүгийн асуудлаас үүдэн, олон жил гацаанд орж “Олон улсын жишиг спорт цогцолбортой болно” гэсэн Дарханчуудын итгэлийн галыг бөхөлзөхөд хүргээд байсан энэхүү төслийн үйл явцын талаар зарим зүйлийг энд зориуд тодруулъя. Учир нь, энэхүү цогцолборыг барих анхны гэрээний эхлэх, дуусах хугацаа нь 2011.06.30-2012.12.30  БУ24/11 гэж тухайн үеийн ЭМЯ-наас гаргаж, гэрээний дүн нь 9 612.33 сая төгрөг байжээ. Гэвч дараа нь ССАЖЯ-наас нэмэлт гэрээний эхлэх, дуусах хугацаа 2013.03.25-2013.12.30 болгож гэрээний дүнг 11 041.0 сая төгрөг гэсэн байдаг. Улмаар ЭМСЯ-наас үргэжлүүлэн гүйцэтгэх гэрээний огноо/дугаарыг 2015.03.23-2016.12.30  болгожээ. Хамгийн сүүлд БСШУСЯ-наас хугацаа сунгах гэрээг 2017.06.07-2019.11.30 хэмээн сунгаж гэрээний нийт дүнг 21 443.0 сая төгрөг болгосон байна. Харин 2014 онд УИХ-ын 63-р тогтоолоор БУА-ын санхүүжилт царцаагдсан. Үүнээс өмнө 14 913.8  сая төгрөгийн санхүүжилт авсан байжээ. Иймд 2018 оны санхүүжилтээр 4 700.0 сая төгрөг гаргасан байна.

Олон жил үргэлжилсэн барилгын ажлыг үргэлжлүүлэх явцад анхны төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлууд ч цөөнгүй гарч иржээ. Тухайлбал: гадна инженерийн шугам сүлжээ, гадна өндөржилт болон зам талбайн тохижилт, зочид буудлын цахилгаан шат -1ш, рестораны барилгын хоолны цахилгаан шат-2ш, гадна гэрэлтүүлгийн зураг төсөл, дэд өртөөний барилга, А,B,C,D, E барилгуудын зоорийн давхрын доорх шорооны нягтруулалт, А, В барилгуудын агаар халаалт, сэлгэлт, хөргөлтийн тоног төхөөрөмжийн өртөг, төмөр бетон хийцлэлийн нэмэлт зэрэг 10 ажил нэмэгдсэн байна. Түүгээр ч зогсохгүй, А барилгад огторгуйн орон зайн торон сүлжээ хийц, ган багана, гадна ханын өөрчлөлт, В барилгад нийлмэл огтлолтой металл хийц, ган багана, гадна ханын өөрчлөлт, бассейны төлөвлөлт зэрэгт өөрчлөлт оруулжээ. Ингээд 2011 оны анхны төсөвт өртөг 2006 оны 263-р тушаалыг үндэслэн 1м2 -697 888 төгрөг байсан бол 2013 онд нэмэлт ажлуудыг  анхны төсөвт өртөгт нэмж тооцоход  БХБЯ-ны сайдын 181-р тушаалаар үнийн индекс 1м2 -1 044 111 төгрөг  болж өссөн байна.

Улмаар 2018 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн БСШУСЯ-ны шийдвэр гарч Салхивчийн ажилд үүсч буй асуудлыг гүйцэтгэгч, зургийн автортой хамтран ажиллаж, шийдлийг боловсруулан захиалагч болон Барилгын хөгжлийн төв /БХТ/-д танилцуулж шийдвэрлэхээр тогтжээ. Мөн ерөнхий төлөвлөгөө, Интерьер, Экстерьерийн асуудлын хувьд захиалагчаас ажлын комисс байгуулж, Дархан-Уул аймгийн удирдлагуудад албан бичиг хүргүүлж, орон нутагт нь очиж ажиллахаар болжээ. Халаалт, галын системийн хувьд гүйцэтгэгч, автортой хэлэлцэж, холбогдох ажилбаруудыг гүйцэтгэж, цаашид авах арга хэмжээний шийдвэрийг гаргахаар тохиролцжээ.

Мөн барилгын зочид буудлын зориулалттай өрөө, талбайг оффисын зориулалттай болгох асуудлыг орон нутагт томилолтоор ажилласны дараа үр ашгийн тооцооны үндсэн дээр эргэн хэлэлцэж шийдвэрлэхээр тогтсон байна. Зурагт тусгагдсан хэрнээ төсвийн тоо хэмжээнд тусгагдаагүй ажлуудыг БХТ, гүйцэтгэгч хоёр тусгаж шалгаж гаргахаар болжээ. Түүнийг захиалагчид танилцуулж, тусгагдаагүй ажлуудын төсвийг зохиохдоо зөвхөн одоо хийгдээгүй ажлуудын төслийг 18, 181 дүгээр тушаалаар тооцохоор болжээ. Уг ажлуудын зураг төсөлд өөрчлөлт орсонтой холбогдон гаргах бүх зардлыг гэрээний нийт үнийн дүнд багтаан ажиллахаар талууд тохиролцсон байна. 

Харин өнгөрсөн тавдугаар сард болсон хурлаар ерөнхий төлөвлөгөө, интерьер, экстерьерт өөрчлөлт оруулах С,D, E блокийн өрөө талбайг оффисийн зориулалттай болгох, Барилгын газрын асуудлыг Ерөнхий төлөвлөгөөтэй холбогдуулан шийдвэрлэхээр тогтож Дархан-Уул аймгийн ерөнхий архитекторын 2018 оны тавдугаар сарын 09-ний өдрийн “Спорт, соёл үйлчилгээ, албан байрны өөрчлөлтийн зургийн даалгавар”,  Дархан-Уул аймгийн ерөнхий архитекторын 2018 оны тавдугаар сарын 11-ний өдрийн “Архитектур төлөвлөлтийн  даалгавар” гарсан байна.

Шулуухан хэлэхэд, аливаа том бүтээн байгуулалтыг хийхэд алсыг харсан тов тодорхой төлөвлөлт, сахилга бат, гүйцэтгэл манай аль ч салбарт хөгжлийн чөдөр тушаа болж байдгийг энэхүү олон жил дуншсан бүтээн байгуулалтын ажлаас харж болох юм.   

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн хэлсэнчлэн тус цогцолборт нийт 21 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд үлдэгдэл найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх  жилүүдэд багтаан шийдвэрлүүлж, “Спорт цогцолцор”-ыг 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

Эртнээс улбаатай дайчин эрсийн түүхээрээ дэлхийд нэрээ тамгалсан монгол түмэн хөгжил дэвшилт XXI зуунд урлаг, спортын амжилтаараа дэлхий дахинд алдраа дуурсгасаар байгаа билээ. Энэ ч утгаараа Дархан-Уул аймгийн Дархан сумын  14 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Спорт, соёл үйлчилгээний цогцолборын уг барилга ашиглалтанд орсноор Монголын биеийн тамир спортын салбарт том хөрөнгө оруулалт хийгдэж, тамирчдын амжилтанд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй, олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ, уралдаан тэмцээнийг эх орондоо зохион байгуулах, түүнийг дагасан аялал жуулчлалын урт цуваа Монголыг чиглэх замыг нээхэд ихээхэн дэм болох нь дамжиггүй ээ.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна