Үхэр жилийн хамгийн хурдан азарганууд

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 08 -нд

XVII  жарны шороон үхэр жилийн хамгийн хурдан азаргануудыг “Тод  магнай” сэтгүүл нэрлэж байна.
Их Монгол улс байгуулагдсаны 803 жил, АХ-ын 88 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы  уралдааныг өнгөлсөн айргийн азаргууд энэ цагийн эрхгүй хурдан хүлгүүдийн нэг. Төрийнхөө их баяр наадамд зургаа түрүүлж, хоёр айрагдан, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, бүсийн наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан Дархан Түмэн эх шарга азарганы үүх түүхийн дэлгэрэнгүйг танд хүргэж байна. Тод  манлай уяач Ц.Хэнмэдэхийн унаган адуу халтар азарганы амжилт, удам угшлын талаар, залуу уяач Ч.Махвалын Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гаралтай Салхин халтар азарганы  уяаны  арга барилын талаар,  тухайн цаг үеийнхээ хамгийн үнэтэй адуугаар тодорсон  “Сувдан зээрд” азарганы  сонирхолтой түүх, улс бүсийн хоёр түрүү, дөрвөн айргийн эзэн “Гуулин зээрд” азарганы талаарх дэлгэрэнгүйг дараа дараагийн хуудаснаас уншаарай. Моринд дуртай эрхэм уншигч та бүхэн “Хүлэг” булангийн дараагийн дугаараас үхэр жилийн хурдан их насны морьдтой танилцаарай.


ТҮМНИЙ ХҮНДЛЭЛ ХҮЛЭЭСЭН ДАРХАН ТҮМЭН ЭХ
Энэ цагтаа гайхагдсан эгнэшгүй хурдан хүлэг хэмээн хүлээн зөвшөөрөгддөг цөөхөн адууны нэг нь Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны хоёр шарга. Авто баазын жолооч морь сонирхох болсон нь 1990 он бөгөөд түүнээс долоон жилийн дараа Том шарга даагандаа улсын баяр наадамд айрагдаж, мөрөөдлийг нь биелүүлж байжээ. Унаган адуугаараа уралдахыг урьтал болгосон Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун Тогоруу халтар түүний үр төл өөрийг  нь уяач болгосон хэмээн ярих дуртай. Эзнээ уяач болгож, энэ цагийн шилмэл хурдан хүлгээр тодорсон “Дархан Түмэн-Эх” буюу Бага шаргын түүхийг хүргэж байна.

Шарга азарганы угшил гарвалын үүх түүх нэлээд ярвигтай. Эцэг нь улсад гурав түрүүлж, нэг айрагдсан морин тойруулгын Тогоруу халтар гэж хурдан азарга. Одоо Баруунхараад амьдарч буй Монгол улсын Алдарт уяач Орос хэмээх Болд халтар азаргыг тойруулгат тамирчин байсан Гомбо гэгч залууд худалджээ. Найзаасаа Гомбо гэдэг залууд нэг хурдан азарга байна гэдгийг сонссон Э.Эрдэнэчулуун эртнээс бодож явсан эрлийз үрээгээр азарга тавих хүслээ гүйцээхээр очоод ярьж тохирсон гэдэг. Гэвч удалгүй халтар азарга хэний өмч болох талаар маргаан дэгдэж, сүүлдээ шүүх цагдаадаа тулжээ. Хурдан буянаасаа саламгүй санагдаад тухайн үед тойруулгын дарга байсан Даваадоржид гурван сая төгрөг амласан ч нааштай хариу сонсож чадсангүй. Харин ч халтар азаргыг зарсан Гомбо тойруулгын адуу хариулж байсан хэд хэдэн хүн энэ хэрэгт холбогдчих гээд байхаар нь арга буюу буцаан өгсөн гэдэг. Шарга азарганы эцгийн түүх ийм бол эхийн түүх нь ч бас л сонин. Э.Эрдэнэчулуун Тод манлайн гэргийг морь малд хайртай нөхрийгөө дагаад зунжин хөдөөгүүр явахаас татгалздаггүй бүсгүй байсан хэмээн уяачид ярьдаг. Гэтэл элэгний маш хүнд өвчин тусаж цагаан гүүний саам уух хэрэгтэй болжээ. Тэгээд Хэнтий аймгийн Галшир сумаас охин шарга унагатай цагаан гүү авсан нь цуут хоёр шаргын эх нь юм. Цагаан гүү дараа жил нь хусарч, хоёр жил сүүгээ уулгасан бөгөөд анхны төл нь Том шарга юм. Зөвхөн хоёр шарга ч гэлтгүй халтар азарганы эр төл болгон хурдалж байгаа хэмээн Э.Эрдэнэчулуун манлай бахдан өгүүлдэг. Морь мэдэх хүмүүс Тогоруу халтар азаргыг галбир сайтай харин Том шаргыг зүрх зоригтой, Бага шаргыг гоёмсог хэмээн дүгнэдэг. Бага шарга хөлийн хурдтай бол Том шарга хүч чадлын хувьд эрхгүй ялгардаг. Тиймээс Бага шаргад зөөлөн уяа шаардагддаг ажээ.

САЙН ХҮЛЭГ ЭЗНЭЭ АВАРДАГ

Э.Эрдэнэчулуун Тод манлай энэ үгийг хэлэх дуртай. Учир нь Бага шарга хайрт гэргийнх нь хагалгааны зардлыг нэг жилийн бай шагналаараа бүрдүүлж байсан хамар шархируулам түүх бий. Гэргийнх нь элэгний өвчин хүндэрсээр 2004 гэхэд зайлшгүй элэг солиулах мэс засал хийлгэх хэрэгтэй болсон ба нэг биш хоёр удаа энэ хүнд хагалгааг хийлгэжээ. Бээжинд хийсэн хагалгаа 60 сая төгрөгний үнэтэй байсан бөгөөд Бага шарга тэр жилийнхээ дөрвөн том наадамд түрүүлэн хоёр жийпээр шагнуулж, түүнийг нь зарж эмчилгээний зардлыг төлсөн гэдэг. Тиймээс Э.Эрдэнэчулуун “Бага шаргын хувьд ид уралддаг насандаа яваа. Гэхдээ эв нь таарахгүй бол шахахгүй. Хийдгээ хийсэн хүлэг. Тэгээд ч олон жил морь уяхаар өрөвдөөд байдаг болчихдог юм байна” хэмээн сэтгэлээ уудалж байсан удаатай. Дархан Түмэн эх буюу Бага шарга өдгөө “Мон-Уран” ХХК-ний захирал Б.Наранхүүгийн нэр дээр цоллогддог бөгөөд моринд элэгтэйг нь үнэлж бэлэглэсэн хэмээдэг.

САЛХИН ХАЛТАР
АХ-ын 88 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд гуравт  хурдалсан Төв аймгийн Архуст сумын уугуул “Мандговь”ХХК-ийн захирал Ч.Махвалын “Салхин зээрд” азарганы тухай товчхон хүргэе. 
Угшил гарвалыг нь хөөвөл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Алдарт уяач Дондогжав гэдэг хүний аймагтаа түрүүлж, айрагдаж байсан хурдан халтар азарганых нь төл, тэдний унаган адуу. Одоогоос таван жилийн өмнө буюу 2004 онд найман настай байхад нь Ч.Махвал нь бэлгэнд авчээ.
“Монгол хүний цусанд нь морь байдаг” хэмээн ярьдаг Ч.Махвалыг моринд уруу татсан хүн нь Төв аймгийн Партизаны сангийн аж ахуйн Отгонбаяр гэгч. Өөрөө хурдан морь сонирхдог энэ эрхэм  Ч.Махвалд хурдан морь авч өгөхөөр Сүхбаатар аймагт байдаг хамаатныдаа дагуулж иржээ. Адууг нь сонжиж явсан Ч.Махвалын нүдэнд халтар азарга тусч, түүнийгээ хэлтэл “Дүү хүүд бэлэглэе” хэмээн эр хүний нүнжиг заасан гэдэг.
УЯАЧИЙН ЭРДЭМ

Хамрын самсаа нь хурдан гэдгийг нь илтгэж  байсан халтар азарга аймаг сумандаа ганц ч уралдаж байгаагүй битүү адуу байсан бөгөөд Ч.Махвал өөрөө эхний хэдэн жил уяаг нь  тааруулах гээд төдийлөн үр дүнд хүрээгүй учир энэ жилээс  Манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн төрсөн дүү Ганзоригоор уяулах болсон аж. Эзнийх нь хэлснээр бэлэн давхилтай Салхин халтар  уяа солигдсон даруй тараа таниулж улсын наадамд гуравт хурдлан эзнийхээ магнайг тэнийлгэсэн бол хэдхэн хоногийн дараа Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн Даншиг наадамд дөрөвт хурдалж амжилтаа бататгажээ. Энэ бүхэнд урамшсан эргэн тойрныхон нь Ч.Махвал эзнийг нь “Олон сайхан амжилт гаргах адууг…” хэмээн зэмлээд авсан удаатай.

Салхи хөлөглөгч салхин халтар

Сэвхийх ч салхигүй өдөр ч дэлээ хийсгэн давхидаг халтар азаргаа Ч.Махвал захирал “Салхин халтар” хэмээн нэрийдсэн бөгөөд 2005 онд болсон Төв аймгийн Архуст сумынх нь ойн наадамд сэтгэл нь хадаастай байдаг гэсэн. Учир нь энэ наадамд Салхин халтараа өөрөө уян түрүүлгэж, анхны  айраг амссан аж. Энэ жил 13 настай Салхин халтараа эзэн  нь ихэд хайрладаг бөгөөд ирэх жил ганц уралдуулаад үр төлд нь анхаарна хэмээн ярьсан юм.

СУВДАН ЗЭЭРД
Төв аймгийн  Лүн сумын уугуул “Агт-Эрдэнэ” галын уяач, Б.Баасанбазарын  Сувдан зээрд азарга АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд дөрөвт хурдалж, уясан эзэн унасан хүүхдээ баярлуулсан. Шүдлэндээ “Хэнтийн Хөдөө арал” зүүн бүсийн уралдаанд түрүүлж, дараа жил нь төрийн их баяр наадмын хурдан хязаалангийн уралдааныг тэргүүлэн,  тод магнай торгон жолоогоо өргүүлж, Хотгойдын хурд-2007 бүсийн уралдаанд аман хүзүүнд давхиж байсан хурдан буян. 2009  онд “Сэлэнгэ-2009” бүсийн уралдаанд түрүүлэн, улсын баяр наадамд дөрөвт хурдалсан энэ цагийн шигшмэл хурдан хүлгүүдийн нэг. Энэ жил зургаан нас хүрч байгаа Сувдан зээрд азарга одоогоор улс бүсийн наадмаас хоёр түрүү, гурван айраг хүртээд байна.
ХАМГИЙН ҮНЭТЭЙ АДУУ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уугуул Эрдэнэтогтохын унаган адуу бөгөөд эцэг зээрд азарга нь  сум, аймагтаа олон удаа айрагдаж, түрүүлж байсан хурдан буян. Зээрд азарга даагандаа Дорноговь аймгийн Говьсүмбэр суманд болсон уралдаанд оролцох гэж байхдаа  МУ-ын
 Алдарт уяач Цэрэндэжидийн нүдэнд тусан мотоциклын үнэ хүрэн худалдагдаж байжээ. Тэр уралдаанд зээрд даага дөрөвт хурдалж, Цэрэндэжид гуай буруу таниагүйдээ ихэд олзуурхаж байсан гэдэг.Шүдлэндээ улсын наадамд наймд давхиж, Замын-Үдийн 100 жилийн ой болон, Цагаан цавын наадамд түрүүлэн тэр эрчээрээ Хэнтий аймгийн Дэлгэрхаанд болсон Даншиг наадамд Манлай Алтангэрэлийн цуут хүрэнтэй уралдан аман хүзүүджээ. Дараа жил нь буюу 2007 онд үнэхээр хурдан байсан бөгөөд наадмын өмнөх сунгаануудад тогтмол өнгөлж байсан нь Б.Баасанбазарын хараанд өртөж, тухайн үеийн хамгийн өндөр ханшаар буюу 33 сая төгрөгөөр худалдан авчээ. Наадмын өмнөхөн хурдан буянаа өгсөн уяач “ач охины маань нэрээр нэрлэгдсэн юм. Болж өгвөл битгий солиорой” хэмээн захиж, Б.Баасанбазар ч тэр ёсоор нь улсын наадамд түрүүлсэн зээрд үрээгээ “Сувдан зээрд” хэмээн цоллуулж, энэ нэрээр нь нэршүүлжээ.

УЯАНЫ ОНЦЛОГ

Сувдан зээрд азарганы уяаг өдгөө Аймгийн Алдарт уяач Д.Оюунбилэг тааруулдаг. Тэрээр азарганыхаа уяаны талаар “Их бие жижигтэй адуу. Тэгсэн хэр нь энхрий биш, их хатуу уяатай. Ганцхан жишээ хэлэхэд л ноднин Дүнжингаравын өмнө хөнгөлөх санаатай Багануурын наадамд уралдуулсан. Гурав сунгачихаад уралдуулахад дутаад болдоггүй. Тэгээд  Дүнжингаравт уралдуултал бас л жаахан дутаад есөд орчихсон. Түүнийхээ дараа Сэлэнгэд уралдаад түрүүлсэн. Өвлийн уралдаанд гурван давхар уяатай уралдана гэхээр хатуу уяатай байгаа биз“ хэмээн хуучилсан юм. Энэ зунаас эхлээд Сувдан зээрд азарганд дөрвөн тооны гүү хураалгах болсон бөгөөд тарга хүч тааруу байсан учраас бүсийн наадмуудад уралдуулаагүй аж.
ГУУЛИН ЗЭЭРД:

ГУУЛИН ЗЭЭРД НЭРИЙН ТУХАЙД

Ижил сүргийнхээ зээрд адуунуудаас арай л өөр зүйрлэвэл гууль шиг шаргал өнгөтэй байсан учир Алтангэрэл манлай зээрдээ “Гуулин” хэмээн онцлох болжээ. “Гуулин зээрд” даагандаа улсын наадамд есөд давхиж, Дундговь аймгийн 60 жилийн ойд түрүүлэн, хязааландаа улсын наадамд гуравт давхиж айрагдаж байсан./шүдлэнд нь уяагүй/ Ийнхүү толгой хаялан хурдлах болсон зээрд үрээ морь сонирхогчийн харааг булаах болжээ. 2005 оны 6-р сард “АПУ” компанийн гүйцэтгэх захирал П.Батсайхан Алтангэрэл Манлайгаас зээрд соёолонг нь арав гаруй сая төгрөгөөр худалдан авчээ. П.Батсайхан захирлын хувьд зээрд үрээг авах болсон нь бас чиг учиртай бөгөөд анхны “Их хурд”-д гуравт хурдалж байсан хул азарга нь нас ахиж, түүний шийрийг хатаах хурдан азарганы эрэлд битүүхэн гараад байсан юм. Хүүгийнхээ энэ санааг гадарласан Пүрэв гуай найз Алтангэрэлдээ хэлж зээрд соёолонг нь авахаар ярилцаж тохирчээ. Гуулин зээрд шинэ эзэндээ ирснээс хойш Өндөр Гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 370 жилийн ойн Даншиг наадамд зургаад, 2006 Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, Үндэсний их баяр наадам, АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд айргийн тавд хурдалж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан юм. Ганц “Гуулин зээрд” ч биш түүниий дүү хүрэн үрээ даагандаа АХ-ын 84 жилийн ойн баяр наадамд, шүдлэндээ АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд тус тус түрүүлж байсан билээ.

УГШЛЫГ НЬ ХӨӨВӨЛ
Төрийнхөө  их баяр наадамд дөрөв айрагдсан Өвөрхангайн Хужирт сумын уугуул “АПУ” ХК-ний гүйцэтгэх захирал П.Батсайханы “Гуулин зээрд” азаргыг энэ цагийн шилмэл хурдан хүлэг гэдэгтэй санал зөрөх хүн гарахгүй байх. Зээрд азарганы угшлыг хөөвөл улсын баяр наадамд айрагдаж түрүүлж байсан Хурцын шарга хэмээх алдарт хурдан азарга түүний эцэг тал. Гуулин зээрдийг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын адуу хэмээн ярьдаг. Харин эх талыг нь хөөвөл орос  цустай адуу гэдэг нь тогтоогддог. Ю.Цэдэнбал даргад Фелаеваас бэлэглэж байсан Орос гаралтай азарган үрээг, морин тойруулгад тэжээж байсан бөгөөд уг азарганы төл нь улсын наадамд айрагдаж, түрүүлж байсан зээрд халзан азарга. Түүнээс гарсан төл нь Гуулин зээрдийн эх хүрэн гүү юм.

УЯАНЫ ОНЦЛОГ

“Гуулин зээрд” томоохон уралдуунуудад л уралддагийг уншигч та анзаарсан байх. Энэ нь түүний уяаны онцлогоос хамаардаг. Тарган учраас нэлээд урт хугацааны уяа шаардагддаг. 40-өөд хоног уяна шүү. Өвөлдөө ойр зуур унаж, хавар 3-4 сарын үед авчран хүчийг нь жаал нимгэлнэ. Дараа нь хэдэн гүү хураалгана. Тэгээд тэжээл жаахан өгч, тамир тэнхээг нь сэлбэнэ. Ингээд зургаадугаар сарын эхээр барьдаг. Тэгсэн хэр нь сүүлийн жилүүдэд нэлээд тарган уралдаж байгаа. “Гуулин зээрд”-ийн гараа тийм ч сайн биш. Хойхнуур гарч яван чангардаг онцлогтой. Зан аашийн хувьд туйлын номхон дөлгөөн.  2005 оны Их хурдад уралдаж байгаад эрэг рүү харайж хөлөө гэмтээн, түүнээсээ болж зургаад давхиж байсан” хэмээн Пүрэв гуай бидэнд хуучилсан юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна