Монгол орныг морьгүйгээр, зэрлэг ургамал, онгон байгальгүйгээр төсөөлөхийн аргагүй

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 03 -нд


 Монголын дүрслэх урлагийн ертөнцөд өөрийн “өнгө будгаар” өнгө нэмэх  зураач Ч.Дорждэрэм манай “Их өв”-ийн энэ удаагийн зочин байлаа. Дуу хуурын өлгий Дундговь нутгийн унаган хүү багаасаа л уран зургийн амтанд орсон адтай жаал явсан гэдэг. Аав ээжийнхээ зэхэж өгсөн  бичгийн цаасан дээр өөрийн ертөнцийг урлаж эхэлснээс хойш олон жил өнгөрчээ.  Зурахын хүслээр жигүүрлэсэн хөдөөгийн бяцхан хүү өнөөдөр мэргэжлийн сургуулийг нь дүүргэсэн, хоёр ч уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаад амжсан “баян” нэгэн болсон байх ажээ.  Энэ мэт олныг өгүүлж болох хэдий ч оршлоо хойш тавъя.
Залуу уран бүтээлчийн хувьд байнгын л эрэлхийлэл дунд шинэ бүхэн өөд тэмүүлэн яваа Ч. Дорждэрэм зураачийн ертөнцөөр аялсанаа уншигч тантай хуваалцаж байна. 
-Зураач Дорждэрэмийн бүтээлд адуу жин дардаг. Яагаад адуу түлхүү зурдаг юм бэ?
-Би Дундговийн хүүхэд. Одоо ч ээж аав маань нутагтаа амьдарч байгаа. Аав маань адуучин болохоор багадаа адуугаа маллана, даага сургана гээд ажил мундахгүй шүү дээ. Гэхдээ аав маань морь уядаггүй, харин авга ах уяна. Тиймдээ авга ахын нөлөөгөөр адуу гадарлахтайгаа болсон. Энэ нь надад тун ч сонирхолтой байсан болохоор хаана л морины тухай яриа өрнөнө болж өгвөл нэг ч юм дуулчихсан гэж хичээдэг байж билээ. Яваандаа энэ нь миний уран бүтээлийн салшгүй нэг хэсэг болсон. Зүгээр нэг адуу зурах биш хурдан морины шинжийг гаргаж зурах би дуртай. Ингээд ярихаар Монгол эх орныхоо байгалийн сайхан, ёс заншил, уламжлалыг ч гэсэн харуулахыг хичээдэг. Монгол орныг морьгүйгээр, зэрлэг ургамал, онгон байгальгүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ.
-Анхны бие даасан үзэсгэлэнгээ хэзээ гаргаж байсан бэ?
-2006 онд сургуулиа төгссөн. Үүнээс таван жилийн дараа “Хөх монгол” гэж Монголын нууц товчоо-ноос сэдэвлэсэн үзэсгэлэнгээ гаргасан. Энд миний тав зургаан жилийн хөдөлмөр шингэсэн. Дэлхийн талыг эзэлсэн бидний өвөг дээдэс хурдан тууртынхаа хүчээр л энэ бүхнийг хийсэн улс. Судалгаа хийж байхад Монгол адууны онцлог гэхээр гоё гоё юм гарч ирдэг юм билээ. Бахим жижиг биетэй, мундаг булчин шөрмөстэй, бяр чадалтай, тэр нь байгалийн шалгаралд дасан зохицсон гээд л. За мэдээж аян замын уртад өл даахдаа сайн, амархан ядарч, цуцдаггүй зэрэг олон давуу талыг дурдаж болно. Ер нь Чингис хааны байлдан дагуулалтын гол хүчин зүйл болсон монгол адууны онцлогийн талаар түүхийн эх сурвалжуудад олонтаа гардаг. Харин одоо цэвэр монгол адуу гэж ярихад жаахан төвөгтэй болсон байна. Сүүлийн үед ид хурдалж байгаа адуунуудыг харж байхад дэл сүүл шингэн, үс тачирхан, бие өндөр болчихож. Минийхээр шинэ цагийн монгол адуу манай байгалийн шалгаралд тэнцэхгүй санагддаг. Магадгүй байнгын халамж анхаарал тавьж, дулаан жүчээ байранд тэжээх бол өөр байх л даа.
Харин хоёр дахь “Туурайн чимээтэй нутаг” үзэсгэлэнгээ 2012 оны 2 сард гаргасан. Энэ үзэсгэлэнгээрээ төрсөн нутаг Дундговийнхоо Адаацагийн байгалийн сайхан, хүн ардынх нь амьдрал, хурдан морьдыг багтаасан. Одоо бас нэг үзэсгэлэнгээ гаргахаар зэхээд байна.  Энэ тухайгаа “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан тухайн үед нь хүргэнээ.
-Мэдээж цаг хугацааны явцад гарч байгаа өөрчлөлтүүд таны уран бүтээлд дүрслэгдэж байгаа байх даа?
-Хүнтэй нь харьцуулан морины хөгжлийг авч үзэж болох юм. Жишээ нь Чингис хааны Хишигтэн цэргүүд 2 метр 10 см өндөртэй хүмүүс байсан гэдэг. Ингээд бодохоор ийм чацтай хүмүүс мэдээж том биетэй, булчинлаг, зузаан морь унах болов уу гэж бодож байгаа. Гэхдээ гадаад адуунаас биеийн хувьд намхан, бага байх болов уу. Олон жил зуун жил өнгөрлөө, хувьсал явагдаж байгаа учраас тодорхой хэмжээнд адуу өөрчлөгдөлгүй яахав.
 Их сонин ш дээ. Уургын морь гэхэд бие жижиг, санх хоорондын зай багатай адуунууд байдаг. Тэгсэн хэрнээ уургалах гэж байгаа мориныхоо араас хөөгөөд гүйцчихдэг. Энэ тухай өвөөгөөсөө  нэг удаа асууж байсан юм. Тэгэхэд “хурдны морь холын зайнд уралддаг болохоор аажимдаа хурд хүчээ авч, жигд хурдаар уралдаж зай хороодог. Харин уургын морь ойрын зайд огцом хурд авч, бярдаж гүйцдэг онцлогтой” гэж ярьж билээ. Бярддаг морины хувьд санх нь яагаад богино байдаг вэ гэхээр хүчтэй бяр гаргахад гэмтдэггүй гэнэ. Хэрэв санх хоорондын зай урт байвал морины ам татаад хойшоо суухаар газар тулж, хөлөө гэмтээдэг юм байна л даа. Энэ мэт жижиг сажиг гэлтгүй морины онцлогуудыг уран бүтээлдээ гаргаж өгөхийг хичээдэг. Энэ ч монгол хүмүүсийн амьдралд илүү ойр байдаг юм болов уу. Сүүлийн 20 жилд уран зурагт сэтгэлгээний янз бүрийн урсгалууд гарч ирж байна. Гэвч ний нуугүй хэлэхэд монголчууд бүгдээрээ энэ урлагийг ойлгож, хүлээн авч чадахгүй л байгаа шүү дээ. 20 % нь ойлгож байхад, дараагийн 20% нь энэ талаар сонсож дуулсан, үлдсэн 50-60% нь энэ талаар огт мэдэхгүй байх жишээтэй. Харин амьдрал ахуйд ойрхон эрийн гурван наадам, тэр дундаа морь, байгаль, монгол ахуйг хамгийн ойроос хүлээж авдаг. Тиймдээ ч би зурах дуртай. Гэхдээ багш нар маань ярьдаг юм. “Залуудаа бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээл их зурдаг байсан бол цаг хугацаа өнгөрөхөд өөрчлөгдсөн” гэлцдэг. Магадгүй тэр утгаараа би ч гэсэн өөрчлөгдөх бизээ. Долгоржавын Батболд, Бадамсүрэнгийн Оюунчимэг, Бадамсүрэнгийн Эрдэнэчимэг нар бол намайг дүрслэх урлагт хөл тавиулж, энэ урлагт дуртай болох чиг мөр, хүсэл зорилгыг тодорхойлж өгсөн ачтай багш нар маань байгаа юм.
-Таны хувьд хурдан морины уралдааны байнгын үзэгч мөн үү?
-Үзнээ. Энд тэнд наадам уралдаан үзээд явж байхдаа сайхан морь, сайхан эмээл хазаарыг өөрийн эрхгүй л хайгаад явчихдаг юм. Монголчууд маань тансаг хэрэглээтэй улс шүү дээ. Түүнийг улсын наадам, цагаан сараар төвөггүй харж болно. Энэ тухай “Хүндэт зочин” зурагтаа дүрсэлсэн. Бороо ороод говийн ганц айл өрхөө үл ялиг бүтээчихсэн, уяан дээр нь их ганган эмээл хазаартай морь дүүхэлзээд л. Тухайн үеийн сэхээтнүүд ямар гоё эдлэл хэрэглэл хэрэглэж байсныг морины эмээл, хазаараар илэрхийлэхийг хүссэн юм.
-Багадаа хурдан морь унаж байв уу?
-Унаж байгаагүй. Зүгээр л адууны захад өссөн нэгэн. Манай Адаацаг чинь Адуун цэг нэртэй байсан юм билээ. Адуу их нутагладаг, өвс ургамал нь шимтэй нутаг байсан гэдэг. Одоо тэр үетэй харьцуулшгүй болсон гэж хөгшид ярьдаг юм. Адаацагт аав, ах нар маань адуугаа маллан амьдарч байгаа. Аав маань морь уядаггүй гэж дээр хэлсэн дээ. Харин авга ах маань их уйгагүй хүн. Түрүүлэхгүй ч гэсэн наадамдаа зодоглоё гэдэг шиг л төрийнхөө наадмаар жил өнжихгүй нэгээс хоёр морь уяж уралдуулчихна, адуу цуглуулна гээд моринд дуртай л даа. 
-Магадгүй хэзээ нэг цагт морь уяна даа гэсэн бодол төрж байв уу?
-Байж болох юм. Гэхдээ яг одоо бол өөрийгөө морь уяж байна гэж төсөөлөхгүй байна. Уран бүтээлч бидний хувьд жилийн дөрвөн улирлын ихэнхийг урландаа өнгөрөөдөг болохоор морь уях цаг зав гарахгүй л болов уу.
-Танай удмынхад уран бүтээлч хүмүүс бий юу. Таны энэ авьяас хэнээс өвлөгдөн ирсэн юм бэ?
-Миний өвөө анчин, мод чулуугаар юм хийдэг гарын дүйтэй хүн байсан гэж аав маань ярьдаг юм. Аав маань ч мужаан хүн л дээ. Тавилга, гэрийн модон эдлэл хийдэг. Ээж ярьдаг юм.  Аав чинь нэг л харахад нэг тавилга гэртээ хийгээд тавьчихсан байдаг гэж. Тийм болохоор аав, өвөө нарын маань гарын дүй надад өвлөгдөн ирсэн юм болов уу. Өөрийн мэдэхийн нэг хоёрдугаар ангиасаа л би зурдаг байсан. Аав ээж маань ч их дэмжинэ. Тухайн үеийн бор өнгөтэй бичгийн цаасыг боодлоор нь аваад өгчихнө. Би их балаар зурдаг байсан л даа. Энэ маань явсаар сүүлдээ уран зураг, дүрслэх урлаг руу нэлээд түлхүү орж ирсэн. Энд манай хүргэн ахын нөлөө бас их бий. Дүрслэх урлагийн сургуулийн сийлбэрийн ангийг төгссөн  тэр ах маань модоор гоё гоё юм сийлнэ, морин хуур хийнэ. Тэр нь намайг үнэхээр их хөглөсөн.
Их сургуулийн дөрвөн жилийг төгсөөд зураач болно гэж юу байхав. Дөнгөж юм хийх гээд байж байтал төгсчихөж байгаа юм шиг л санагдсан. Мэргэжлийн зураач болохын тулд асар их цаг хугацаа, их хүч хөдөлмөр шаарддаг юм. Тэр хэрээрээ санхүү шаардлагатай болдог. Миний хувьд аав ээж маань их дэмждэг байлаа. Будаг, бийр, рамнаас эхлээд зургийн материалууд бүгдийг нь зэхэж өгнө гээч. Харин одоо энэ бүхэн ард үлдсэн байна. Ямартаа ч багш нарын маань нөр их хөдөлмөр, аав ээжийн маань хөлс хүч шингэсэн хайр халамж, дэмжлэг, миний хичээл зүтгэл талаар болоогүйд баярлаж явдаг даа.
-Одоо хэчнээн “морьтой” болоод байна вэ?
-Айхтар тоолж байгаагүй юм байна. Гэхдээ залуу уран бүтээлч миний хувьд хангалттай гэж боддог.
-Зураач болгонд дуртай өнгө гэж байдаг юм шиг байгаа юм. Таны хувьд?
-Тийм шүү. Өөртөө таалагддаг өнгөө л өөрийн мэдэлгүй бариад авчихсан байдаг юм. Миний хувьд хөх, сааралдуу өнгийг их хэрэглэсэн харагддаг. Энэ тухай би өөрөө ч мэдээгүй л дээ. Үзэсгэлэнгээ гаргаад харж байхнээ зууны бараг 70 хувь нь хөх өнгө орсон байсан. Анхны үзэсгэлэнгийн хувьд түүхэн цаг үеийг харуулж байна гэсэн утгаараа тухайн үеийн сүр хүчийг харуулахын тулд хөх саарлыг түлхүү  оруулсан юм болов уу гэж бодсон юм. Гэтэл хоёр дахь үзэсгэлэнд дахиад өнөө өнгөнүүд түлхүү  байсан болохоор би энэ өнгөнд дуртай юм байна гэж эвлэрээд байгаа шүү. /инээв/
-Өнгөнүүд өөр өөрийн утгыг илэрхийлдэг. Улаан эрч хүчийг, ногоон тайван байдлыг гэхчилэн. Таны дуртай өнгөнүүд ямар утгыг илэрхийлдэг болоо?
-Анхны маань үзэсгэлэн “Хөх Монгол” нэртэй. Хөх өнгө нь уудам агуу, чөлөөтэй, урт удаан үргэлжлэх утга санааг илэрхийлдэг юм болов уу гэж боддог. Угаасаа хөх нь асар их хүч, дайн тулааны ч юм уу, сүр хүчийг харуулсан, өөрөө их энергитэй өнгө шүү дээ. Тийм өнгийг түлхүү оруулснаар миний бүтээлүүд орон зай томтой, сүр хүчтэй байгаа юм шиг надад санагддаг.
Нэг удаа багш маань “энэ бол будаг биш өнгө. Будаг ийм байдаг юм. Та нар өнгийг олж хараад байна. Өнөөдөр хийх гэж байгаа зүйлээ формат дээрээ буулгаж чадаж байвал яахав би нэг юм дүрслэх гэж оролдож байна гэж бодох хэрэгтэй. Тэрнээс жаахан юм хийчихээд онгироод байвал өөрөө л байхгүй болно. Ямагт хийсэндээ чамлалттай хандаж, уран бүтээлийн хувьд үргэлж өлөн явах хэрэгтэй. Би болчихлоо гэж бодож эхэлвэл ялзарч байгаа нь тэр” гэж хэлж билээ. Үнэхээр тийм шүү.
-Судалгааны ажил их хийдэг байх даа?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ би Монгол ахуйд өссөн монгол хүн. Тэр утгаараа  энэ нь надад илүү ойр байдаг юм. Амьдрал дээр түүх боловч зураг болгочихоор гоё гоё санаа, ярианууд алхам тутамд таарч байдаг юм. Жишээ нь миний “Намрын дунд сарын шинийн 17” гэдэг зураг байна. Энд хайр сэтгэлтэй ч гэр бүл болж чадаагүй хосуудын тухай дүрсэлсэн. Ер нь хөдөөгийн хөгшидтэй халуун яриа өрнүүлээд хэсэгхэн суухад “их баян” хүн гэрээс нь гарна шүү дээ. Тийм ч болохоор хөдөө гадаа явахаараа тухайн хүний дотор юу байгааг олж харахыг хичээдэг. Үүнээсээ болоод заримдаа найз нартаа “өвгөн шиг, энэ тэнд очоод хэрэгтэй хэрэггүй юм яриад суучих юм” гэж зэмлүүлнэ гээч. Үнэндээ олон ном уншсан эрдэмтэн доктор, хөдөө насаараа мал маллаж байгаа өвгөн хоёр адилхан. Өөр өөрийн чиглэлээр мэргэшсэн  гэсэн үг. Ингээд ярьж суухнээ нэг шүлэг санаанд орчихлоо.
...“Хонины морь заримдаа хүн шиг боддог
Хоёр нүдээ онийлгож байгаад
Хар цагааныг тунгаадаг байхдаа
Харин дэргэд нь хурдны морь
Хөгжилтэй салхи исгэрүүлэн...” гэж морины өмнөөс тунгааж бичсэн байдаг даа. Уран бүтээлч хүн чинь тухайн бүтээлдээ орж, өвчилж байж сайн бүтээл гардаг юм.
-Хөгжмийн зохиолч Сэр-Од гуайтай уулзаж байхад төрсөн нутгийнхаа тухай дуу хийсэн цагтаа өөрийгөө уран бүтээлч гэж нүүр бардам хэлэх болно гэж ярьж байсан. Та төрсөн нутгаа уран зурагт буулгаж амжсан уу?
-Энэ бодол уран бүтээлч бүрийн сэтгэлд байдаг болов уу. Хүүхэд байхдаа би өвөөтэйгээ хоёулаа морь унаад явж байгаад нэг уулын орой дээр гарсан юм. Тэгэхэд өвөө дурангаа өврөөсөө гаргаад нүд цэлийм  талыг дурандаж билээ. Тэр дүр зураг одоо ч миний сэтгэлд яг өчигдрийнх юм шиг тод харагддаг атлаа зураг болгож чадахгүй л байна. Хэд хэдэн удаа зурсан ч сэтгэлд хүрээгүй. Олон янзаар хийх гэж үзсэн. Эхэлж байгаад нэг л мэдэхэд өөр зураг болчихоод их зовоож байгаа. Магадгүй би болоогүй юм болов уу гэж хааяа бодогддог юм. Гэхдээ хэзээ нэгэнтээ заавал зурна гэж өөртөө амласан байгаа. Бас Дундговийнхоо Цагаан суваргыг өөрийнхөөрөө зурахсан гэж боддог юм. Тэгэхдээ бүр коллекци болгон зурахыг хүсдэг.
-Жил бүр нутагтаа очиж амжиж байна уу?
-Тэгэлгүй яахав нутагтаа очихоор эрч хүч урам зориг нэмэгдээд л ирнэ шүү дээ. Би чинь яг Бага газрын чулуунд өссөн. Манайхан удмаараа шүтэж ирсэн хайрхан бий. Ил хулгай хийж болдоггүй /хайрхан харагдаж байгаа нөхцөлд хулгай хийсэн хүн тэр дороо л баригддаг гэлцдэг/ зөвхөн архи л өргөдөг домогтой догшин хайрхан. Тэр хайрханыг хол нутгийн эмэгтэй хүнд их ээлтэй ч гэлцдэг юм билээ. Гэхдээ тэр бүр хүмүүс мэддэггүй юм. Би жил бүр нутагтаа очиж, хайрхандаа мөргөөд ирэхээр ажил үйл маань тэр жилдээ бүтэмжтэй байдаг юм шиг санагддаг. 
-Сүүлийн үед мориныхон хурдан хүлэгтээ зориулж дуу, шүлэг, бүр хөшөө хүртэл босгох болж. Танд тийм санал ирж байв уу?
-Манай Дундговь аймгийн нутгийн зөвлөл “Мон Уран”-ы Наранхүү захирлын хурдан шарга азарганы зургийг зурж өгөхийг хүссэн юм. Тэр дагуу шарга азарганы зургийг зурж байлаа. Мөн Бямбаноровын хар морь гэж улсад 2-3 удаа түрүүлж байсан морины зургийг захиалгаар зурж байсан. Одоогоор нутгийнхаа хоёр хүний алдарт хурдан хүлгэдийг уран зурагт буулгачихаад байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна