Д.Жаргалсайхан: Тод хээрийг маань төрийн наадмын адуу гэдэг
Өрх тусгаарлаж, голомт таслаад удаагүй байгаа “Ажнай шарга” гал уяаны хамт олон энэ жил тун өнгөтэй наадаж, улс бүсийн наадмаас 12 айраг түрүү хүртээд буй. Тус галын гишүүн, “Хээр адуу” ХХК-ийн гүйцэтгэх захирал аймгийн Алдарт уяач Д.Жаргалсайхан өнөөдрийн зочны хойморт тухалж байна. Монгол төрийн наадамд хоёр жил дараалан айрагдаж, олноо “Тод хээр” хэмээн алдаршсан хурдан хүлгийн эзэнтэй уулзаж, сонирхолтой яриа өрнүүлснээ уншигч та бүхэндээ хүргэж байна. Таалан болгооно уу?
-Жаргалсайханы Тод хээр нэгэн үе бас л шуугиулж байсан хүлэг. Тод манлайд тоогдсон “Тод” хээрийн чинь талаар яриагаа эхэлбэл ямар вэ?
-Бололгүй яахав. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Mонголынхоо нийт ард түмэнд тэр дундаа хүлэг морио дээдэлдэг уяачдадаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Миний хээр морь бол Хэнтий аймгийн Баянхутаг сумын Алтанхуяг гэж хүний унаган адуу. Даагандаа Эрдэнэчулуун Тод манлайд бэлгэнд ирж байсан юм. Манай галын адуучин Бак гэж адуунд нүдтэй сайн залуу байдаг юм. Сүүлийн үед сайхан давхиж байгаа УИХ-ын гишүүн М.Энхболдын халзан морийг таньж авчирсан хүн шүү дээ. Бак айл саахалт явсан Алтанхуягаас хээр даагыг таньж аваад, Тод манлайд бэлэглэсэн юм билээ. Эрдэнэчулуун Тод манлай анх харчихаад “Сайхан их морь болох юм байна” гээд их тоож байсан гэдэг юм. Тэгээд шүдлэнд нь Тод манлай надад бэлэглэж, тэр цагаас хойш миний нэр дээр уралдаж байгаа.
-Хээр морь бага насандаа үнэхээрийн хурдан байсан хэмээн ярьдаг юм билээ?
-Тийм шүү. Даагандаа их хурдан байсан. Налайхын сунгаануудад эрлийзүүдтэй уралдаад их хол тасарч түрүүлж байсан юмдаг. Харин улсын наадмаар 21-ээр давхисан. Шүдлэндээ ч гэсэн сунгаануудад хурдан байсан хэр нь яг наадмаар 10 гаргаж давхисан. Дааган цагаасаа соёолон хүртлээ Налайх, Цагаан хөтөлийн аль ч сунгаанд урдаа адуу гишгүүлж үзээгүй.
-Эрдэнэчулуун Тод манлай ариглаад шахуулдаггүй байсан гэх юм билээ?
-Манай Тод манлай чинь адууг их хайрлаж уралддаг хүн. Үүнийг нь олон жишээн дээрээс харж байлаа. Тийм учраас ч шарга азаргаар ийм олон жил сайхан наадаж байгаа байх. Хөндлөнгийн бидэнд уралдуулж болохоор харагдаж байхад л татуулчихдаг хүн шүү дээ. Шүдлэндээ уяа нь бага зэрэг давсан, хязааландаа Алтангэрэл Манлайн хүрэн, Сувдан зээрд хоёртой сайхан уралдаж улсын наадмаар тавлачихсан. Дараа нь би Хотгойдын даншигт аваад явчихъя гэсэн “Төрийн наадмын энтэй адууг өөр наадамд уралдуулаад яахав” гээд зөвшөөрөөгүй.
-Тод хээр гарцаагүй хурдлах адуу тул бага насанд нь гамнаж, бүрэн чөмөглүүлээд хязаалан цагаас нь уралдуулсан гэж сонсож байсан юм байна?
-Магадгүй ээ. Бид Тод манлайн нарийн тооцоог мэдэхгүй шүү дээ. Айхтар уяач тэгж тооцоолж байсан байхаа. Ямар ч байсан хязаалан болдог жил нь надад “за Жагаа энэ жил төв цэнгэлдэхэд өмсөх дээлээ бэлтгэж байгаарай” гэж хэлээд, айрагдуулж л байсан. Хээр морь хязааландаа улсын наадамд тавлаад, соёолондоо улсад аман хүзүүдэж, Алтан-Овооны даншиг наадамд мөн аман хүзүүдсэн.
-Алтан-Овооны даншиг уг нь түрүүлчих боломжтой байсан гэдэг юм билээ?
-Буун дуунаар морьд эргээд нэлээд хол явчихсан байхад нь нутгийн адуунууд үлдээд эргүүлж татсан. Тэгэхэд ир нь мохсон байж магадгүй л юм. Өвөрхангайн Ганболдын Шилүүс хүрэн гэдэг үрээтэй уралдсаар хошуу өлгөж аман хүзүүнд орсон. Хавчигт нь өнжөөгөөд, 2010 онд “Их хурд-5”-д уралдуулахаар нөөж байсан ч 13-ны сунгаан дээр хөлийг нь эвгүйтүүлчихсэн юм. Морьд сунгаж байтал нэг нөхөр наадам болж байна гэж бодсон уу машинтайгаа давхиж ирээд хээр морины маань урдуур орчихсон. Хээр морь зөв талынхаа хөлөнд жаахан сэв оруулчихсан юм. Түүнээс нь болоод Их хурдад мордуулж чадаагүй.
-2011, 2012 оны улсын наадмуудад мордсон юм уу?
-Үгүй ээ, хөлийг нь хайрлаад ерөөсөө мордуулаагүй, бага зэргийн ажил хийж хөнгөрүүлж байгаад тавьчихдаг, ирэх жил “Их хурд”-д л мордуулах байх.
-Тод манлайд тоогдсон хээр морь таныхаар ямар онцлогтой адуу вэ?
-Би тэр хүний хэмжээнд хүрч шинжихгүй шүү дээ. Минийхээр дөрвөн мөчиндөө бяртай болон голын тамиртай, бэлэн хөлс, давхилтай хандгай язгуурын адуу л гэж боддог. Хээр морийг Тод манлайгаас илүү мэдрэх хүн байхгүй болохоор одоо Эрдэнэчулуун ах дээр уягдаж байгаа.
-Хурдан хүлгийн нэр нэгийг өгүүлдэг.“Тод хээр” ямар учиртай нэр вэ?
-Тод манлайгийн бэлэг гэдэг утгаар нь би энэ нэрийг өгсөн юм. Тод хээрийг даага байхад нь худалдаж авъя гэсэн хүмүүс Эрдэнэчулуун Тод манлайгийнд ирчихээд хонон өнжин шалдаг байсан ч өгөлгүй авч үлдчихээд шүдлэн болдог өвөл нь намайг дуудаж “Моринд дуртай дүүдээ улсад нэр гаргах сайн адуу бэлэглэе” гээд өгсөн юм. Ийм сайхан сэтгэл өвөрлөсөн Тод манлайдаа би цаг үргэлж баярлаж явдаг.
-Ер нь ингэхэд яаж яваад Эрдэнэчулуун Тод манлайтай холбогдчихсон юм бэ?
-Тод манлайн хүргэн дүү Наранбаатар бид хоёр сайн найзууд. Мөн Тод манлайн ээж нь манай Архангай аймгийн Өндөр-Улааны хүн байгаа юм. Тэгээд л ээжтэй нь нэг нутаг усных, бас дүүгийнх нь найз гэдгээрээ дамжигдан холбогдож 2003 оноос морио уяулах болсон доо.
-Тэгвэл хурдан морь сонирхох болсон нь хэдэн оноос вэ?
-Манай аав Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам”, Хайрханы нэгдлийн даргаар олон жил ажилласан хүн. Нэгдлийн дарга наадмаа зохион байгуулах үүрэгтэй. Аав маань УАЗ-469 машиндаа суугаад морины комиссынхонтой хамт явна. Би ч бас дагаад л явна. Ер нь хар багын л моринд дуртай хүүхэд байсан юм билээ. Явж чаддаггүй шахуу байхдаа л морины уяанаас холдохгүй болохоор нь уяа түшүүлээд тавьчихдаг байсан гэдэг юм. Хэдэн цагаар ч хамаагүй сууж л байдаг байсан гэсэн. Тэгж явсаар байгаад л нэг мэдэхэд моринд орчихсон хүн дээ.
-Хурдан морь унаж байсан уу?
-Миний хувьд үгүй. Харин манай дүү Мөнхсайхан унадаг байсан. Би 1987 онд Чех дараа нь Герман руу сургуульд яваад 2001 онд ирсэн. Гадаадад 14 жил амьдрахдаа Монголдоо очиж байгаад морио уяна даа гэж бодсоор байгаад ирсэн. Тэгээд ирснийхээ дараа жилээс адуу цуглуулж, моринд идэвхтэй орсон доо.
-Хаа хаанаас адуу авсан бэ?
-Хурдны цөм гэдэг утгаар нь Сүхбаатар, Хэнтий аймгуудаас анх адуу авсан. Ихэнхдээ Эрдэнэчулуун Тод манлайгаар шинжүүлж авдаг байсан. Тодоос авсан хүрэн үрээ маань Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Босоо” Жамсран адууны угшилтай юм билээ. Мөн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Бураа Пүрэвжаваас адуу авч байсан. Сонирхуулаад ярихад Ганбатын улс, Их хурдад айрагдсан Босоо дэлт хүрэн азаргыг хязаалан үрээ байхад нь би сонирхож л байсан юм.
-Тэгээд яагаад аваагүй юм бэ?
-Тод манлай төдийлөн ойшоогоогүй л дээ. Азарга гэхээр шарга л нүдэнд буудаг байлгүй. Тэгж жишээд миний саналыг дэмжээгүй. Манай Эрдэнэчулуун ах чинь адуу гаднаас худалдаж авахыг нэг их ойшоодоггүй. Гэхдээ надад адуу авч өгөх гээд Сүхбаатарын Эрдэнэцагаан хүртэл явж байсан юм шүү дээ. Тэндээс нэг хар үрээ зааж өгсөн Хөвсгөлийн бүсэд өнгөнд давхисан.
-Доржсүрэн Манлай “хээр морьтойгоо жишээд харахаар санаанд нийцэх адуу одоо болтол олдохгүй байна” гэж байсан. Тод манлай түүн шиг л жишиж явжээ дээ?
-Тийм байх. Их морь гэхээр миний Тод хээр, Наранхүүгийн бор халзан, Эрдэнэгэрэлийн халзан гурав л төсөөлөгддөг юм шиг байгаа юм. Уяач болгон өөрийн уяаны арга барилтай. Бас уяаг нь тааруулж чаддаг адуутай байдаг байх. Өөрөөр хэлбэл Эрдэнэчулуун Тод манлай бол Шарга азарга шиг хийцтэй азаргыг, миний хээр шиг хийцтэй их морины уяаг илүүтэй тааруулдаг. Тод манлай Онон Аварга хээр шигээ, Янзага шигээ адууг илүүтэй уядаг байх гэж би боддог.
-Жаргалсайханы нэрийг гаргасан өөр ямар ямар хурдан хүлгэд байсан болоо?
-Сэлэнгийн бүсэд айрагдсан миний хээр хязаалан маань байна. Мөн Молор-Эрдэнийн мялаалганд айрагдаж, бүсийн наадмуудад 6-8 хооронд давхиж байсан бас нэг будан морь бий. Энэ жил зүүн бүсийн наадам Сүхбаатар аймгийн 70 жилд миний унаган даага айрагдсан.
-Жаргалсайхан Тод манлайгаас өрх тусгаарлаж, морьдоо тусдаа уяж байгаа билүү?
-Өнгөрсөн жилээс залуу уяач Дашчийрэв тааруулж байгаа. Тод манлай маань олон морь уяж дийлэхгүй нь Дашчийрэвийгээ аваад тусдаа гар гэсний дагуу бид гал байгуулсан юм. Дашчийрэв багадаа миний морийг унаж байсан хүүхэд юм шүү дээ. Архангайн Ихтамир сумынх. Эрдэнэчулуун ахын ээжийн талын хамаатны хүүхэд байгаа юм. 2003 оноос эхлэн морь унадаг байж байгаад томдож хасагдсанаасаа хойш туслах уяачаар ажиллаж байсан. Залуу хүн гэхэд их мэдрэмжтэй. Анх биднийг тусдаа гарахад хүмүүс “ийм балчир уяачтай барах уу? л гэж байсан. Тэгэхэд нь би хэлж байсан юм “Олон хүний адуу уяахаар тэр болгонтой ажиллаж чадахгүй. Манай уяач цөөн адуутай тулж ажиллана” гэж байсан нь биеллээ олж, энэ жил манай “Ажнай шарга” гал уяаны хамт олон улс бүсийн наадмаас 12 айраг түрүү хүртлээ.
-Нээрэн “Ажнай шарга”-ынхан одтой сайхан наадсан. Танай галд ямар хүмүүс харьяалагдаж байна вэ?
-Манайх УИХ-ын гишүүн М.Энхболд, Б.Наранхүү, Гавьяат хуульч ГЕГ-ын дэд дарга Б.Цэрэнбалтав, Алтанхуяг, Сүхбаатар, манай дүү Д.Мөнхсайхан, би гэсэн үндсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй. Галын уяачаар Э.Дашчийрэв, Сүрэнжав нар ажилладаг.
-Таныг Пума хул азарганы талаар сонин түүх ярих хүн гэж нэгэн уншигч маань хэлсэн?
-Пума хул манай унаган адуу.
-Тийм үү. Шинэ мэдээлэл байна?
-Манайхан Архангайгаас нүүж ирээд Дарханд суурьшсан юм. Дарханаас төрсөн анхны МУ-ын Алдарт уяач Санжсүрэн асан бид хэд хамаатнууд. Санжсүрэн ах маань хул шүдлэнгээ нутгийн Буурал Баагий гэдэг хүнд идэшний үхрээр зарж, тэр хүнээс соёолон түрүүлсэн байхад нь Пума Баатар авсан юм билээ. Пума хулын эцэг нь Жаргалант угшилтай хонгор азарга байсан бол эх халтар гүү нь Архангайгаас Дарханы мах комбинатад туувраар ирсэн гүү байсныг манай Санжсүрэн ах сольж авсан юм билээ. Пума хул азаргатай эх эцэг нэгтэй төрсөн ах хар азарга нь Дарханы наадамд тав түрүүлсэн хурдан буян. 2000 онд Архангайд болсон “Тамирын хурд”-д 800 гаруй азарганаас зургаад хурдалж, 2001 онд АХ-ын 80 жилийн ойгоор Айдасын даваа давтал хөтөлж яваад хадуурч 31-ээр орж байсан. 2002 оны улсын наадамд 19-лөсөн. Харамсалтай нь урт гартнууд аваад явчихсан юм. Төл гүүнүүд нь надад байдаг.
-Бидний урилгыг хүлээг авч, сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Танд болон танай гал уяаны хамт олонд ажлын амжилт хүсье.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна