Тариа хийгээд л хурдлаад байдаг юм бол уяачдын хэрэг гэж юу байхав

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 26 -нд

Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуяг 2012 оны шилдэг 9 уяачийн гуравдугаарт эрэмбэлэгдсэн тухай бид мэдээлсэн билээ. Түүнийг морины хорхойтнууд бол Бандгаа нэрээр нь анддахгүй. Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул Тод манлай Монгол төрийн наадмаас 20 түрүү, 47 айраг хүртсэн амжилтаа энэ онд нэг түрүү, таван айргаар нэмээд байгаа ажээ. Тэрээр Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадмын эрлийз ангиллын дээд насанд азарга түрүүлгэж, дунд насанд их морь, бага насанд даага тавлуулсан юм. Мөн хаврын бүсийн уралдаан “Дүнжингарав”-т  азарга, Төвийн бүсийн даншигт даага тус тус тавлуулан, Өмнөговьд эрлийз азарга гуравлуулсан. Ингээд Тод манлайн  сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Оны шилдэг уяач боллоо. Уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан Монголынхоо нийт ард түмэнд, тэр дундаа уяачид, хурдан морь сонирхогчиддоо мэндчилгээ дэвшүүлье.
-Таныг шинэ цагийн монгол адуу буюу эрлийз адууны уяаг сайн тааруулдаг гэдэг. Уяаны арга барил, онцлогоосоо манай уншигчидтай хуваалцаач?
-Цаанаасаа л хурдан амьтан болохоор бяр тамирыг нь гүйцээгээд хөлс энэ тэрийг нь хөнгөхөн гаргачихад л болдог юм даа.  Тэжээл авахдаа сайн. Дороо л сэргээд ирнэ. Бага насны тухайд шүү дээ. Түүнээс яг энэ эрлийз адуунуудаас их насанд нийлсэн нь одоогоор алга.  Соёолондоо түрүүлдэг Максын халзангаас өөр.
Харин соёолонгийн тухайд гэвэл Бат-Эрдэнийн халтар, Батсайханы хонгор, Цэрэнжигмэдийн зээрд  гээд гарын таван хуруунд багтахаар цөөхөн хэдэн үрээ гарч байна. Бага насанд овоо олуулаа байгаа ч янз бүрийн нөхцөл шалтгааны улмаас дээшлэх тусам цөөрч байна.
-Сүхбаатар зүгийн адуунууд улам  үнэ хүрч эрэлттэй байгаа сурагтай?
-Ганцхан Сүхбаатарт хурд байдаг юм биш л дээ. Хүмүүс тэгж ойлгоод байх шиг байгаа юм. Манай Дорнодод ч хурдан буянгууд зөндөө байна.
-Нэг хэсэг Америкт амьдарч байгаа дуулдсан. Морин спорт өндөр хөгжсөн улс орноос суралцах зүйлгүй бишгүй л байсан байлгүй? 
-Байлгүй яахав. Адууг зиндаачилж уралдуулдаг нь их аятайхан санагдсан. Түрүү өөрөө ярьж байсан л даа. Наадамд уралдах морьдын тоо цөөрч байна гэж. Хөгжилтэй орнуудад тоог бус чанарыг чухалчилдаг юм байна.
Хаанахын хэнийх нь мэдэгдэхгүй хэдэн зуун адуу уралдахын оронд тоотой хэдэн шигшмэл морьд л уралдана. Гаргасан амжилтаараа нэг зиндаанд бичигдсэн адуунууд нэг дор уралдаж шилдгийн шилдэг нь тодорно. Цөөн морь уралдаж байгаа болохоор уралдсан болгон нь шагналтай. Энэ нь уралдааныг сонирхолтой болгох төдийгүй хүн морины аюулгүй байдалд ч таатай байдаг байх. Манайх шиг хэдэн зуун жил задгай тал дээр хэдэн зуугаар тараад уралдаад сурчихсан. Тэр нь өв соёлынх нь салшгүй нэг болчихсон улс оронд үүнийг шууд тусгана гэвэл худлаа л даа. Харин түүний оронд зиндаачилж байгаа хэлбэрийг нь өөрийн орны нөхцөлд тохируулж ашиглах хэрэгтэй юм шиг санагдсан. Жишээлбэл бүсийн наадамд үүнийг хэрэглэж болж байна. Улсын наадамд уралдаж айрагдаж түрүүлсэн адуу бүсийн наадамд уралддаггүй байх. Аймгийн наадамд айрагдсан бол сумд уралддаггүй байх гэх мэт. Америкт  манай б?сийн наадам шиг уралдаанууд болдог. Гэхдээ тэрхүү уралдаанд нь орон нутгийн морьд л уралдаж, цол хэргэм, шагнал авдаг юм билээ. Энэ мэтчилэн өөрсдийн орны нөхцөл байдалд тохируулаад ашиглавал олон л давуу талууд байлгүй яахав.
 -Максын морьдын уяаг тааруулж байгаа дуулдсан. Ер нь хэр давхиж байна?
 -Яахав давхиж л байна. Бага саг уралдаануудад амжилт гаргаад л байдаг юм билээ. Яваандаа Монголын нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан хурдан хүлгэд төрөх биз дээ.
 -Унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж гарц хайж байна л даа. Америкчууд жокей нарынхаа аюулгүй байдалд хэрхэн анхаардаг юм байна. Тэр талаар туршлага судлав уу?
-Олон жил бэлтгэгдсэн мэргэжлийн тамирчин, иж бүрэн хамгаалалтын хувцастай унадаг учраас эрсдэл харьцангуй бага байдаг байх л даа. Мэдээж манай орны хувьд насанд хүрсэн том хүнээр морь унуулна гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл энэ бол хэдэн мянган жилийн түүхтэй бидний түүх өв соёлын салшгүй нэг хэсэг. Ерөнхийдөө бол өнөөдөр Монголын наадам л илэрхийлж байна ш дээ. Цаг үеийн байдлаас болоод зан заншил, соёлын олон хэлбэрүүд устсан ч монгол наадам л  хэлбэрээ алдалгүй хадгалагдаж ирсэн. Тэр утгаараа хүүхдээр унуулахаас өөр аргагүй. Харин унаач хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Уг нь ч арга хэмжээ авч хэрэгжүүлээд л байх шиг байнаа. Ямар ч байсан нэг үеээ бодвол дандаа даатгалтай хүүхдээр морь унуулж байна. Хүүхдийн эрхийн байгууллагууд ч олон болсон байна. Гол нь гарсан хууль дүрмээ л ягштал мөрдөж байх учиртай.
-Та болон танай галынхан тэгвэл хэрхэн биелүүлдэг вэ?
-Анхааралгүй яахав. Эмээлтэй уралдуулах шаардлага тавьдаг ч уг нь аюулгүй байдал талаасаа эмээлгүй нь дээр юм байгаа юм. Ямар нэг юм боллоо гэхэд дөрөөнд чирэгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Минийхээр гол нь уралдааны зам, зохион байгуулалт л байгаа юм. Түүнээс биш Монголчууд чинь бараг төрөөд л морины нуруун дээр гардаг хүмүүс. Барагтай бол уначихгүй шүү дээ.
  -Ажлын шугамаар хүмүүстэй уулзаж явахад уяачийн ёс зүй гэдэг асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй болжээ гэдэг хүсэлтийг тавьдаг. Тод манлай үүнийг хэрхэн хүлээн авч ойлгож байна вэ?
 -Би хувьдаа харин уяачид ёс  зүйтэй хүмүүс байдаг гэж ойлгодог. Уяач гэдэг нэрийг зүүж яваа бол хүссэн хүсээгүй тэр ёс заншил уламжлалыг дагах учиртай. Дээр нь морь гэж нэг айхтар цээрлүүлэлт байна шүү дээ. Ёс зүйгүй аашлаад эхэлбэл яаж ч тордоод яаж ч уяад морь давхихгүй. Тэгэхээр хүссэн хүсээгүй сахилга бат сайтай байх ёстой.
 -Манай сэтгүүл бол уяачид, хурдан морь сонирхогчдын хүрээнд  уншигддаг. Тэгэхээр тогоондоо асуудлаа ний нуугүй ярилцах нь зүйтэй байх. Хамгийн наад зах нь хурдан морины үнэ өссөнтэй холбоотойгоор адууны удам угшлыг худлаа хэлдэг явдал  цөөн бус гарч байна. Гэтэл бидний өвөг дээдэс үүнийг “нүгэл”-д тооцон цээрлэдэг байсан шүү дээ. Энэ бол ёс зүйн наад захын асуудал?
-Тийм явдал гардаг байхаа. Гэхдээ тэр хүнийг худлаа хэллээ гэдгийг юугаар нотлохов. Манайд адуу паспортжаагүй байна. Худлаа хэлснийг нотолж чадахгүй бол хариуцлага хүлээлгэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр одоохондоо хувь хүний совест хүн чанар зэрэгт найдахаас өөргүй. Гэхдээ ер нь цаашдаа уяачдын нэр төрд халдсан энэ мэт явдлуудыг хэрхэхэв гэдэг талаар ярилцах хэрэгтэй л дээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг биз дээ.
-Тод манлай адууны наймаа хэр хийж байна?
-Хийнээ хийнэ. Ийш тийшээ зарагдсан адуунуудаас гайгүй давхилаа гэж дуулдаж л байдаг юм.
“1989 онд сумандаа гурван адуу түрүүлгэчихээд хөл газар хүрэхгүй баярлаж байсан маань хамгийн сайхан дурсамж”
 -Мориныхон таныг Ганхуяг гэхээсээ илүүтэй “Бандгаа” гэдэг. Багын нэр үү?
-Багын нэр л дээ. Тэр нь явсаар байгаад олонд түгчихлээ. /инээв/
-Дүү чинь ахын шийрийг хатаасан чамгүй уяач болж буй бололтой. Сүүлийн үед уясан морьд нь ч гайгүй давхиж байна?
-Ганзориг уу?
-Тийм?
-Би эхээс  долуулаа. Дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэй. Хэдийгээр аав морь мал гэдэггүй хүн байсан ч манайхан өвөөгөө /ээжийнх нь аав/ дуурайсан адуунд хорхойтой хүмүүс байгаа юм. Би багадаа хурдан морь унадаг адуунд жигтэйхэн хүүхэд байсан. Томдоод ирэхээрээ өөрөө уяад дүүгээрээ унуулдаг байлаа. Тийм болоод ч тэрүү манай дүү нар морь маланд дуртай. Ганзоригоос гадна Ганбаатар гээд бас нэг залуу бий. Уг нь морь уядаг байсан ч одоо Солонгост амьдарч байгаа.
-Ахын гарын шавь нар юм байна шүү дээ?
-Ерөнхийд хэлж зөвлөнөө. Ганзориг овоо л уяад байх шиг байгаа юм.
-Ингэхэд ер нь хэзээнээс уяач хэмээн нэрлэгдэх болов?
-1985 оноос морь уяж эхэлсэн. Тэгэхээр хорин хэдэн жил болчихсон байна уу.
-Тийм байна, 26 жил болчихож...
-1995 онд наашаа ирээд анх Онон Тод манлайтай морь уяж байлаа. Тэрнээс хойш энэ Ганбат, Билигдэмбэрэл нарын олон улсуудтай нийлж морь уялаа. Сүүлд  “Дорнын унага” гээд галтай болсон.
-Мон-Эрдэнийн морийг уяж байсан бил үү?
-Тийм. Цандэлэгийн морьдыг ч уядаг байсан.
 -Танаар уяаны эрдэм сургасан шавь нараас хамгийн том цолтой нь Цандэлэг үү?
-Тийм байхаа. Дээр нь Э.Ганбат Алдарт, Б.Билигдэмбэрэл Манлай болсон. Мөн Зоригоо, Чимэдбаатар гээд аймгийн Алдартууд бий.
-Уяачийн хөдөлмөр үнэлэгдэж чадаж байгаа юу? Энэ талаар бодлоо хуваалцаач?
-Нэг үеэ бодвол үнэлэгдэж байгаа. Гэхдээ гадныхантай харьцуулахад юу байхав дээ. Гадаадад тогтсон ханштай. Нэг удаагийн шагналын 20 хувийг уяач, 10 хувийг унаач гээд автоматаар дансанд ордог юм билээ. Манайд бол нөгөө сүсгээрээ гэдэг шиг. Өгөх нь өгнө. Өгөхгүй нь өгөхгүй.
 -Сэтгүүлийн маань уламжлалт асуулт л даа. Хамгийн их сэтгэлд хоногшсон наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-1989 онд сумандаа гурван адуу түрүүлгэчихээд хөл газар хүрэхгүй баярлаж байсан маань л байх даа. Тэр ер нь санаанаас гардаггүй юм. Мөн 1992 онд анх улсын наадамд уралдаад хязаалан айрагдуулахад бас л сайхан байлаа. Төрийн наадмын хишиг хүртэнэ гэдэг уяач хүнд юугаар сольшгүй жаргал байдаг юм шүү дээ. Жилийн дараа 1993 онд соёолон түрүүлгэхэд бас л сайхан байсан. Ингээд яриад байвал олон жишээ дурьдаж болно доо. Энд нэг зүйлийг сонирхуулахад 1992 онд айрагдсан хязаалангийн охин  төлөөс  миний ногоон үрээ, Бат-Эрдэнийн халтар гарсан юм.
-Хаана ч явсан цуг байдаг жаахан охин Тод манлайн амины хүүхэд үү?
-Тийм./инээв/Манайх хоёр охин нэг хүүтэй. Хүүхдүүд маань ер нь малд элэгтэй.Хүү маань намайг дагаад адуучин болсон. Бага охин маань намайг хаана л явна дагаж явдаг. Сая ч гэсэн өдөржин цуг явж байгаад бууж байгаа нь тэр.
-Наадам дөхөж байна. Наадамтай хамт урган гарч ирдэг жирийн иргэдийн сониуч асуултанд  хариулт авъя.Магадгүй та ч гэсэн нэг бус удаа сонсож байсан байх. Сэргээш буюу элдэв төрлийн тарианы талаар?
-Хүмүүс ярьж л байдаг юм. Тэр үед нь би хэлдэг л дээ. Тэрэн шиг худлаа юм байхгүй ээ гэж. Тариа хийгээд л хурдлаад байдаг морь гэж юу байхав дээ. Үнэхээр тийм бол уяач бидний хэрэг юу байгаа юм. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг өөрийнх нь уясан морь давхихгүй болохоор тиймэрхүү таамаг дэвшүүлдэг байх л даа. Байх л даа гэж надад хүртэл тэгж бодогдож байлаа шүү дээ. Морьд маань овоо сайхан давхиж байснаа нэг хэсэг давхихаа больчихгүй юу. Тэгсэн тэрхэн зуурт нээрэн л тариа мариа хийдэг юм болов уу хэмээн бодогдож билээ. Бас манай ангийн хүүхний нөхөр нь морь уядаг болжээ. Тэгсэн нэг өдөр эхнэртээ  “ хэлж өгөхгүй л байх л даа. Гэхдээ чи асуугаад үз. Морьдоо тарьдаг тариагаа хэлээд өгөөч” гэж хэлүүлсэн байсан. Максийн халзанг соёолондоо айрагдахад би уяж байсан юм. Тэгсэн хөдөөгийнхөн “нөгөө галзуугийн тариа хийчихсэн халзан чинь тэр” гээд ярьж байсан гэдэг. Энэ мэтчилэнгийн ул суурьгүй яриа явсаар байгаад л сэргээшийн төрөл яриа хэрэглэдэг мэтээр ойлгогддог байх л даа. Ер нь морь уяна гэдэг санаан зоргын асуудал биш шүү дээ. Элдэв аргаар үзсээр байгаад арга мухардчихаараа янз бүрийн л юм толгойд ордог биз. Тариа хийгээд хурдлуулчихдаг бол бүгд л тэгнэ ш дээ.Тэгээд ч манайх өмнө нь хоёр ч жил сэргээшийн шинжилгээ авсан биз дээ. Шаардлага хангахгүй байна гээд больсон болохоос биш. 
-Бидний ярилцлага өндөрлөж дөхөж байна. Тод манлай Монголын хурдан морины цаашдын хөгжилд өөрийн саналаа нэмэрлээч. Таныхаар хамгийн ойрын хийж хэрэгжүүлэх алхам юу байх ёстой вэ?
-Үгүй ээ одоо юу ч гэж хэлэхэв дээ. Монголынхоо морин уралдааныг хөгжүүлэх бус ухраах шийдвэр гаргаад байхаар ер нь юу ярихав дээ. Цаашид аль болохоор өнөө маргаашаа аргацаасан явцуу эрх ашгийн шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй л гэмээр байна. Өөрөөр хэлбэл Монголынхоо хурдан морины хөгжлийг түргэтгэсэн шийдвэр бодлогуудыг хэрэгжүүлж байгаасай хэмээн хүсэх байна даа. Моринд хайртай Монгол түмэн минь бүгд хурдан хурц адуутай болоорой гэж хүсэн ерөөе.
-Ярилцсанд баярлалаа.

  А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна