Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатар: Хээр азаргаа айрагдана гэдэгт итгэлтэй байсан учраас Хувцсаа бэлдээд очсон

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 06 -нд

-Туулай жил танд ээлээ өгч улсын чанартай хоёр  бүсийн уралдаанаас нэг түрүү, нэг айраг авсанд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-За баярлалаа. Монголынхоо бүх уяачид, ард түмнийхээ амар амгаланг айлтгаж байна. Төмөр туулай жил ээлээ харамгүй хайрлаж хээр азарга маань “ Дүнжингаравын хурд-2011” уралдаанд гурваар хурдалж, Багануурын Нүүрэнтэйн хурдад магнайдаа тоосгүй түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа. Их баяртай байна.
-Хээр азарганыхаа удам   угшил, амжилтын талаар уншигчидтай маань  хуваалцаач?
-Хээр азарга маань Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын унаган адуу. Аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн  хүү Базаргүма гэдэг залуу түрүү жилийн өвөл өгсөн юм. Хязаалан үрээ анх уягдаад сумынхаа наадамд  зургаалж, сумын сургуулийн ойгоор гуравт давхисан юм билээ. Тэгээд л над дээр ирсэн.
-Сайн хүлэг эзнээ хайдаг гэдэг. Танд ирээд л цоорч дээ?
-(инээв). Ер нь тэгсэн шүү.Надад ирээд ногооны соёолон Дүнжингаравт айргийн тавд хурдлаад, улсын наадамд хүүхэд нь унаж есөөр бүртгүүлж байсан юм. Тэгээд хэдхэн хоногийн дараа болсон Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300-н жилийн ой, Хотгойдын хурдад түрүүлсэн дээ. Анхны уралдаан нь сая Манлай уяач болсон Мөнхтөрийн Алдарт уяач цолны мялаалга наадамд гуравт хурдалж эхэлсэн. Үндсэндээ надад ирээд Дүнжингаравын хоёр айраг, засгийн газрын тушаалтай бүсийн уралдаанаас хоёр түрүү аваад байгаа хурдан буян.
-Та сайн л шинжсэн байна даа?
-Миний шинжих гэж юу байхав. Пүрэвдорж ахын хүү Базаргүма бид хоёр хуурай ах дүүс л дээ.Тэр л таньж “за Сүхээ ахаа та л өндөр довон дээр уралдаж үз. Би сум, жалганы уралдаанаас хэтрэх биш” гээд Төв аймагт өөрийн биеэр авч ирж өгсөн юм.
-Бэлэгний адуу гэсэн үг үү?
-Яг ч бэлэг биш ээ. Айхтар үнэтэй аваагүй.
-Хүмүүс хурдан хурц адуундаа янз бүрийн бэлгэдэлтэй нэр өгдөг. Хээр азаргандаа нэр өгсөн үү?
-Нэр өгөөгүй ээ. Зүсээрээ л нэрлэгдэж байна. Гэхдээ хүмүүс “Монгол хээр” гэж нэрлээд байгаа.Энэ жил хавчиг соёолон азарга болж байгаа. Ер нь цөөхөн уралдсан, уралдсан болгондоо л айраг, түрүү авч байгаа. Аль болох хайрлаж уралдуулахыг л хичээж байна. 
-Адуу болгон өөр өөрийн уяатай байдаг. Хээр азарганы хувьд?
-Ер нь нарийн уяа шаардах нь бага, бэлэн давхилтай адуу. Тарган уях зохимж муутай санагддаг. Аль болох нимгэн байлгахыг хичээдэг дээ. Саяны  Дүнжингаравын уралдаанд намраас хойш бэлдээд дан уяагаар нь тавьсан. Хүч нь гайгүй болмоор санагдаад Нүүрэнтэйн хурдад давхар уяагаар уралдууллаа.
-Хурдан морины хусуур бүсэлж, уяач гэж нэрлэгдэх болсон нь хэзээнээс вэ ?
-За би 6 настайгаасаа л эхэлж морь малтай  ойрхон өссөн. 1976 онд хамаатныхаа айлд саалийн гүү ойртуулах ажилтай очиж байлаа. Зуны амралт болгоноор л хөдөө адуутай ноцолдон, гүү татдаг болж, удалгүй адуунд давхидаг болсон.Оюутан болоод хэсэг хөндийрсөн байх.
-Халхын хурдан хүлгүүдийн түүх Төв аймгийн Сэргэлэн сумтай салшгүй холбоотой. Хурдтай нутгийн хүү морь сонирхохгүй байх аргагүй юм даа ?
-Тийм шүү. Манай сум чинь хурдны өлгий нутаг шүү дээ. Би 1985 онд  арван тав, зургаатай байхдаа тэр үеийн цуутай хурдан хээр азарганы эзэн Маар гуайтай морь уяж байлаа. Тэр жилийн улсын наадамд даага, шүдлэн, хязаалантай ирээд даагаа 17-т, шүдлэн хязаалан хоёроо 70, 80- аад дээр давхиулж их л хөөртэй буцаж байсан юм. Тэгэхээр багаасаа адуутай нөхөрлөсөн байгаа биз.
-Өөрийн нэртэй адууг хэзээнээс эхэлж уралдуулав?
-Оюутан болоод сургууль соёл гэж явсаар 2003 онд өөрийн нэр дээр анх уралдуулсан юм байна.Нэг мэдэхэд 9 жил тууштай уясан байна даа.
-Адуу их цуглуулсан биз ?
-Их цуглуулсан шүү. Өөрийн аймгийн Баян-Өнжүүл, Баянцогт сумаас, дээр нь Дорнод, Сүхбаатар чигийн аль хурдтай гэсэн газар болгоноос л авсан. Сүүлийн 8-9 жилд дандаа л цуглуулсан.
-Тэгвэл анхны чанартай айраг, түрүүг хэзээ хүртэж байсан бэ?
-2004 онд Тод манлай уяач Хэнмэдэх гуайгаас цавьдар соёолон авч байсан юм. Тэр жил их хурдан байж улсын наадамд 20-т давхиж, давхар уяагаар  Өвөрхангайн Хужиртын 70-н жилд айрагдсан. Ингэж л анхныхаа чанартай айргийг хүртэж байсан даа. Сүүлийн хоёр жилд бүсийн уралдаануудад 10-20 дотор л давхиад байсан. Аймагтаа бол шарга шүдлэн, цавьдар азаргаа айрагдуулж л байсан. Улсын чанартай уралдааны айргыг хээр азарга маань л амсуулж байна даа.
-Улсын наадамд яаж уралдаж байсан бэ?
-Морьд  гайгүй бол улсынхаа наадамд уралдах сонирхолтой байдаг. 2003 онд анх өөрийн нэртэй морь уралдуулахдаа л улсынхаа наадамд уралдаж байсан юм. Тэгэхэд зэгэл азаргаа Дэлгэрхааны Очирбат гэж ахаараа уяулж 300 гаран азарганаас 180-д давхиулж их баярлаж байж билээ. Түүний дараа жил нь Хэнмэдэх гуайгаас авсан цавьдар соёолонгоо 20-т давхиулсан. Тэрнээс хойш мориныхоо байдлыг хараад  улс, аймгийнхаа наадамд  ээлжлээд л орж байна.
-Морь цуглуулаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Унаган адуугаараа наадаж байгаа биз дээ?
-Тэгэлгүй яахав. Унаган адуугаараа наадна гэдэг уяач хүний бахархал шүү дээ. Шарга даага маань  2009 онд аймгийнхаа наадамд  6-д, Баянцогтын 80 жилд 11-т , өнгөрсөн зун Хөвсгөлийн их хурдад 10-т, Архангайд болсон бэсрэг уралдаанд аман хүзүүнд давхисан. Ер нь унаган адуу дороосоо гарч ирж байнаа. Одоо адуу авахаасаа илүү өөрийнхөө хэдээр уралдчих гээд хичээгээд байна. Хээр азарганаас хойш адуу аваагүй.
-Морьдынхоо уяа сойлгыг өөрөө гардаж байна уу?
-Би тэр болгон амжихгүй ээ. Аавын отгон дүүгийн нөхөр Сүрэнжав гэж манай хүргэн байдаг. Тэр маань л байнга ноцолдож, уяа сойлгыг нь тааруулж байна. Хээр азаргыг анхнаас нь гардаж уясан. Дээр нь морь унаж байсан хүүхдүүд маань туслах уяач болсон. Жаргалсайхан гээд 9-р ангид сурдаг хүү бий. Гайгүй уяач болох байх. Олон хүний хүч хөдөлмөр шингээж байж л морио хурдлуулж байна даа.
-Нэг үеэ бодвол морины үнэ харьцангуй өссөн. Таны хувьд хамгийн дээд тал нь хэд хүргэж  байв?
-Тийм айхтар  үнэтэй адуу авч байгаагүй ээ. Дээд тал нь 9 сая, тэгээд  5, 6 саяар авч байсан.
-Тэгвэл моринд хамгийн их өвчилж байсан үе хэдийд вэ? 
-2004 оноос л дээд цэгтээ хүрч байсан байх. Сүхбаатараас нэг бор үрээ авч байсан юм. Түүнийгээ аавын дүү Дамбадаржаа гэж ахынхаа  бэлгэнд өгсөн хээр морьтой цуг өвөл тэжээгээд Дамбадаржаа ахын хүү Гантөмөр гэж залуугаар уяулж нэг хэсэг бужигнуулсан. Соёолон, их морь хоёр маань бага наадамд сайн давхиж түрүүлж айрагдаад ирэхээр өвчин чинь эхэлж байгаа юм даа. Маргааш Булганд уралдаантай гээд дуулсан байхад морио түрүүлж явуулчихаад, эхнэртээ “явахгүй ээ” гэж хэлээд унтаад өгнө. Шижирболд гэж найзтайгаа тохиролцож байгаад өглөө 4 цагаас гэрээсээ оргож гараад Булганы Хишиг-Өндөрт 9 цагт морь гараагүй байхад  оччихсон зогсож байдаг байлаа. Найз маань ч эхнэртээ хэлээгүй байсан гэсэн. (инээв) Одоо морь гээд хэлчихсэн байхад гэр бүлийнхэн маань хорихгүй шүү.
-Хөрөнгөө заран байж хүнээс адуу аваад тэр нь айрагдахгүй бол хэцүү байдаг байх. Бүсийн наадамд орох хүртэл ер нь хүнд байсан уу?
- Айрагдаж түрүүлэхдээ гол нь биш байх аа. Морио хараад баясаж байх ч сайхан шүү дээ. Анх адуу цуглуулж байсан  2004, 2005 онуудад морьд маань бага наадмуудад айрагдаад л яваад  байсан. Бүр завсарлах үе байдаг юм билээ. 2006-2007 онд том битгий хэл бага наадамд ч айраг түрүү аваагүй. Бараг айлын гэрийн найранд уралдсан ч морь айрагдахаа больсон. (инээв) Сүүлийн есөн жилд хэчнээн наадамд очиж, хэчнээн ч уралдав даа. Тэр дотроос амжилт нь цөөхөн хувьд нь л байгаа ш дээ. Тэр болгонд л нэгэн сэтгэлээр зүтгэж, үндэснийхээ энэ сайхан ёс жудгаар бахархаж байх ёстой л гэж боддог.
-Өнгөрсөн жилийн бүсийн уралдааны түрүү таны сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн байх. Соёолонгоо түрүүлнэ гэдэгт хэр итгэлтэй байсан бэ?
-Тэгэлгүй яахав. /инээв/ Сурвалжилагч ирээд юм асуухад хоолой зангираад үг ч дуугарч чадахгүй байсан. Анх удаа бүсийн уралдаанд түрүү авч байгаа болохоор хүн амьтан шаваад их л хэцүү байсан даа.Одоо бодоход  тэр үе л хамгийн баяртай үе байсан. Ер нь айрагдана гэдэгт итгэлтэй байсан. Түрүүлнэ гэж бодоогүй ээ. Хүн болгон хурдан хүлгүүдээ уяж очиж байгаа юм чинь. Үрээ маань ч нимгэн хүчтэй байсан. Цандэлэгийн хүрэн соёолонгоос эхлээд халхын данстай олон хурдан буян явсан шүү.
-Сая Багануурт болсон уралдаанд бүр итгэлтэй, бэлдэж очсон харагдсан?
-Хээр азаргаа тав дотор ороод ирэх байх л гэж бодож байсан. Тэр утгаараа цоллуулахад өмсөх дээл малгайгаа сэмхэн бэлдээд авч очсон. (инээв)
-Морь сонирхож эхэлсэнээр таны амьдралд ямар өөрчлөлт орсон бэ?
-Морь мал  дагахаар  ажил үйлс бүтэмж сайтай, тэр тусмаа гэр бүлийн амьдрал, хувийн бизнес маань ч тогтуун сайхан явж байна. Олон найз нөхдийн хүрээтэй ч болж байна. Дээр нь энэ сайхан Монгол ёс заншлаа аль болох дагаж мөрдөх зуршил суудаг юм байна. Наад зах нь  зөв мэндэлж ёслох, үндэсний хувцасаа зөв сайхан өмсөх зэрэг олон зүйлүүд байна л даа. Одоо хурдан мориор дамжуулж үндэсний сайхан уламжлал харин ч сэргэж байгаа гэж бодож байна. Заавал айраг түрүү авахдаа биш морь хүүхэд сайхан давхиад ирсэн байхад наадам сайхан болж байгаа нь л тэр.
-Морь таныг Монгол улсын хэдэн аймагтай танилцуулсан байна вэ ?
-Хамгийн түрүүнд улсын наадам болно. Түүний дараа хэд хэдэн бүсийн наадам гээд уралдаан тасрахгүй. Энэ бүхэн дээр манай хүүхдүүд говь үзээгүй.Говийн наадамд явах уу, Завхан, Хөвсгөл үзээгүй тийшээ явах уу гээд гэр бүлийнхэнтэйгээ ярилцана. Нэг талаар наадамд очиж байгаа ч нөгөө талаар гэр бүлийн сайхан амралт болоод ирдэг. Энэ хооронд олон сайхан найз нөхөдтэй болно гээд морь дагасан хүн бүр хийморьтой явдаг юм даа. 2007 оны Говь-Шанхын наадамд гэр бүлээрээ яваад хүүхдүүддээ Монголынхоо говийг үзүүлсэн, 2008 онд Алтан овооны наадамд очиж морио уралдуулчихаад Алтан-Овоо дээр гэр бүлээрээ гарч, Тоорой бандийн Талын агуй гэдэгт хүүхдүүдээ оруулсан, Завханы Тэлмэний даншиг, Хөвсгөлийн даншиг гэх мэтчилэн уралдаан болгон аялал болоод ирдэг. Мориныхоо буянд Монголынхоо олон сайхан газраар явсан байна.
-Уяач, бөх хоёр хаана ч очсон хоосон хонохгүй гэж ярьдаг?
-Тэгэлгүй яахав. Нэг уралдаанд очоод морио айрагдууллаа гэхэд ямар ч айл хоймор өөдөө л залдаг. Хотгойдын даншигт түрүүлчихээд дараа нь Сүхбаатар аймагт очиход хүмүүс хараад танихгүй ч гэсэн хээр соёолонгийн эзэн гэхээр л танил юм шиг яриа хөөрөө үүсгээд сайхан л байдаг. Сая л гэхэд Багануурт хээр азарга маань түрүүлээд цоллуулах гээд зогсож байх хооронд  хэд хэдэн хүнтэй танилцаад авсан. Бөхчүүд чинь тэр аймагт очиход тийм бөх байгаа гээд ярьдагтай адилхан уяачид ч гэсэн тэр аймаг, суманд очиход тийм уяач байгаа.Тэднийхээр ороод гарна гэж л ярьдаг ш дээ.Танихгүй ч гэсэн ямар ч айл уяач хүнийг сайхан л хүлээж авдаг.
-Морьддоо аль хэр цаг гаргаж байна вэ?
-Миний хувьд хувийн бизнес эрхэлдэг. Ах, дүү найз нөхөд маань морийг ойлгодог. Наадам дөхөөд ирэхээр “та ирээд хэрэггүй ээ. Бид нар ажлыг чинь зохицуулъя” л гэнэ. Би Төв аймгийн төв дээр морио тэжээдэг. Ер нь хотод ховор байна шүү. Ихэнхдээ л морьд дээрээ. Эхнэр хүүхэд хотод би өөрөө Төв аймагт гэхээр амьдрал маань бараг хоёр талд болчихож байгаа юм. Сүүлдээ утсаар ажил амжуулдаг болж байх шиг байна.(инээв)
-Цэвэр цусны болон эрлийз морьдыг тусад нь уралдуулах шийдвэр гарсан. Таны хувьд энэ тал дээр ямар байр сууринаас ханддаг вэ?
-Монгол улсын хэмжээнд 30 гаран мянган уяач байдаг гэж Самданжамц гуай тоо гаргасан байна лээ. Үүний хэд нь эрлийз адуутай билээ. 300 хүрч чадахгүй ш дээ. Тэгэхээр саяны гаргасан шийдвэр бол нийт уяачдынхаа эрх ашгийг хөндсөн зөв шийдвэр байх гэж бодож байна.
-Та бол Монгол адуугаар уралддаг. Энэ шийдвэр гарахаас өмнө халгах сэтгэгдэл төрдөг байсан уу ?
-Төрөлгүй яахав. Монгол адууг шалгарсан хурдтай эрлийз адуунуудтай уралдуулаад зүрхийг нь үхүүлээд байх чинь хэцүү биз дээ. Бага насанд нөгөө хэд нь л уралдана тодорхой асуудал гэж  бодогдоно ш дээ. Эрлийз адуу уралддаг болсноос хойш морио уяад ирдэг хөдөөний бор уяачид цөөрсөн. Дээд гурван насанд Монгол адуунууд маань уралдана, доод насанд бид дэмий биз дээ л гэсэн сэтгэл зүйтэй болчихсон. Нэгэнт үржил хийгээд эхэлчихсэн хүмүүс одоохондоо тусдаа уралдаад, дийлэнхи уяачид энэ чиглэлд үржил хийгээд эхэлбэл асуудлыг эргээд харж болох байлгүй. Энэ шийдвэрийг хувьдаа дэмжиж байгаа. Холын аймгуудаар явж байхад энэ эрлийзүүдээс айгаад ирж чадахгүй байгаа олон уяачид байна. Нэгэнт уяачдын холбоо гээд байгууллага нь байна. Энэ уяачдаа бодохгүй юм бол өөр хэнийг бодож юм.
-Сүүлийн үед унаач хүүхдийн асуудал хурцаар тавигдаж байна. Та унаач хүүхдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?
-Энэ бол хамгийн түрүүнд тавигдах асуудал. Би дээр ч ярьсан. Хүүхэд, морь хоёр эсэн мэнд давхиад ирж л байвал тэр наадам сайхан болж байгаагийн илрэл. ММСУХолбоо ч энэ асуудалд их анхаарч байгаа. Энэ дашрамд хэлэхэд ММСУХолбоо сүүлийн жилүүдэд маш сайн ажиллаж байгаа. Үүнд хувийн зүгээс баярлаж явдагаа хэлэх нь зүйтэй байх. Миний хувьд хүүхдийнхээ аюулгүй байдлыг аль болох шийдэхийг зорьдог. Сүүлийн үед гараад байгаа хамгаалалтын хэрэглэлүүд ороод ирвэл би хамгийн түрүүнд л авч хэрэглүүлнэ.
-Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Тод магнай торгон жолоогоо олон жил өргүүлж яваарай. 

"Тод магнай" сэтгүүл дугаар №14

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна