Монгол наадмын түүх, сонин содоноос
Цолтой ч бай, цолгүй ч бай хэн нэгэн бөхийг нэг хүнд олон дахин унахыг харах үзэгч бидэнд хэцүү байдаг. Бидэнд тийм байхад унаж байгаа бөхөд ямар байдгийг тэд өөрсдөө л мэднэ. Тэд л бие биенээ ойлгоно. Гэхдээ энэхүү “адармаатай” гэмээр тохиолдлуудаас уншигчидтайгаа хуваалцахыг зорилоо.
Мянга есөн зуун жар, далаад оны үед дархан аварга Дарийн Дамдин улсын хүчит арслан У.Мижиддоржийг улсын наадмаар найман удаа шороодуулж байсан гэдэг. Арслан “Энэ Дамдинг унагаад дээрээс нь нидэрч шороо пурхийлгэнэ. Дандаа намайг амлах юм” гээд уурлаад гардаг ч аварга хонгодож дайраад орхидог байсан гэдэг. Улсын арслан Жамц Завхан аймгийн харьяат Монгол улсын өсөх идэр начин “Азарга” Лхагвыг тавын даваанд гурав, дөрвөн ч удаа амлаж өвдөг шороодуулж байсан түүх бий. Түүнээс цаашлаад дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын арслан П.Дагвасүрэнтэй наадмын дэвжээнээ таван удаа таарч бүгдэд нь давсан байдаг. Мөн дархан аварга Б.Бат-Эрдэнэд улсын аварга О.Балжинням найм, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ долоо, улсын заан Д.Хишигдорж гурван удаа гэхчлэн түүний үеийн бүхий л хүчтэнүүд их аваргад өвдөг шороодож байсан байдаг. Улсын даян аварга А.Сүхбат Г.Өсөхбаяр нарын олон “тулаан”, тэднээс ч олон таарсан улсын гарди Ц.Цэрэнпунцаг, улсын аварга Д.Сумьяабазар нарын олон тунаа гээд цааш үргэлжилнэ. Мөн улсын даян аварга А.Сүхбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэд наадмын дэвжээнд гурван удаа унаж байсан бол у.з Ч.Батзориг гурван жил дараалан Сүхбат аваргад унасан байдаг. Эхний хоёр жил тунасан бол сүүлийн удаад аварга амлаж шороодуулсан юм. Хамгийн сүүлд буюу 2000 онд шороодохдоо барьцыг нь халах гэж хэт хүчилж туйлаад өөрөө унаж байсныг бөх сонирхогчид маань өчигдөр мэт тодхон санаж байгаа биз ээ. Энэ мэтчилэн хоорондоо олон таарсан бөхчүүд бий боловч шинэ зуун гарснаас хойшхи арван гурван наадмын түүхээс түүн өгүүлсэн нь дээр болов уу.
Наадам бүрт заавал гэмээр таарч барилдаж байсан бөхчүүд бол улсын даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумъяабазар нар. Зуун солигдохоос өмнө гурвантаа таарч байсан тэд 2001, 2002 онуудын наадмаар долоогийн даваанд тунаж Өсөхбаяр давж байв. Тунана гэдэг тун сайжирсны шинж гэдэг ч жил бүр таарна гэдэг дотны найзуудын хувьд ямар хэцүү байсан нь мэдээж. Дараа нь 2003, 2005 онуудад хоёр ч удаа үзүүр түрүүнд үлдэж мөн л Өсөхөө аварга давж Сумъяа аварга гурав, дөрөв дэхээ үзүүрлэж байв. Харин Их Монгол улсыг байгуулсны 800 жилийн ойгоор их шөвөгт мөн л тунаж Сумъяабазар аварга дагаж мордоод “давдаггүй” даваагаа давж бөх сонирхдог хүн бүхний магнайг тэнийлгэж байв.
Барилдаан таардаггүй бөх гэж зарим бөхчүүд ярьдаг. Тэгвэл барилдаан таардаг бөхчүүд ч бас байна. Улсын аварга Г.Эрхэмбаяр 2006 онд Завхан аймгийн арслан Ш.Жаргалсайханыг тавын даваанд өвдөг шороодуулж улсын начин цолоо батлаж байлаа. Тэд 2010 онд оноолтын даваа буюу дөрвийн даваанд дахин таарч Эрхэмбаяр давж Жаргалсайханыг улсын цолд хүрэх болоогүй байна хэмээн буцааж байсан бол түүний хойтон буюу Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор у.х Ө.Даваабаатарыг өвдөг шороодуулан начин цолд хүрэхэд нь дахин амлаж даваад улмаар улсын арслан цолд хүрсэн билээ. Харин Г.Эрхэмбаяр аварга 2010 оны наадмын тавын даваанд у.н С.Мөнхбатыг амлаж барилдаад өвдөг шороодож байсан бол хойтон жил нь үзүүрт үлдээд дахин өвдөг шороодож Мөнхбат аварга цол хүртэж байв. Үүнтэй мөн адил 84 жилийн ойн наадмын тавын даваанд у.н До.Ганхуяг аймгийн арслан Н.Ганбаатараар тав давсан бол 2008 оны наадмын үзүүр түрүүнд барилдаж Ганхуяг нь дахин давж арслан цолд хүрч байлаа. Харин Ганхуяг арслангийн хувьд Өсөхөө аваргыг анх түрүүлдэг жил зургаагийн даваанд оноолт таарч унаж байсан бол 2009 оны наадмын үзүүр түрүүнд аваргад барьц сонгуулан унаж аварга цолны үзүүрээс атгаад алдаж байв. Улсын арслан Х.Мөнхбаатар 800 жилийн ойн наадмын дөрвийн даваанд таарч давсан а.а А.Цацабширыг хойтон жил нь начин болоход нь амлаад баруун талдаа давхар ачаад орхиж байв. Тэгвэл өнөө жил тав даван шөвгөрөхөд нь дахин амлаж хашиж мордоод давж дунд шөвөгт шалгарсан байна.
Ах цолтой бөх амлах эрхтэй байдаг нь монгол бөхийн ёсон. Наадмын өмнөхөн аймгийн цолтой байсан бөх наадмаар сайхан барилдаад өөрөөс нь илүү цолтой болоод өөрийг нь амлахад тэр л монгол бөхийн нэгэн сонин сайхан мөртлөө маргах аргагүй үнэнийг харуулдаг. Энэ л ёсоор 2002 оны наадмаар барилдсан МУИС-ийн оюутан Н.Ганбаатарыг Хэнтий аймгийн харьяат у.н Б.Батбаяр амласан боловч өвдөг шороодож Н.Ганбаатар гурав давсан байдаг. Тэгвэл “өндөр” Ганбаа 2009 онд гарди цолтой барилдсан анхны наадмынхаа гурвын даваанд Б.Батбаяр начныг амлан авч давж байлаа. 2011 оны наадмын 7-гийн даваанд у.з Б.Сайнбаяр у.ө.и.н Г.Эрхэмбаярыг амлаж барилдаад өвдөг шороодож Эрхэмбаяр мөрөөдөж явсан заан цолдоо хүрчээ. Тэгвэл өнөө жилийн наадмын 6-гийн даваанд Г.Эрхэмбаяр арслан өөрийнх нь ард амлах эрэмбэтэй заан Б.Сайнбаярыг амлаж 6 давсан билээ. 2005 оны наадмын 5-ын даваанд улсын идэр харцага Л.Пүрэвжав, у.н Х.Мөнхбаатарыг амлаж барилдаад Мөнхбаатар баруун талдаа тосгуулж хавираад давж байсан бол 2009 оны наадмаар улсын арслан Х.Мөнхбаатар у.х цолоо баталсан Л.Пүрэвжавыг амлаж даваад их шөвөгт шалгараад дээр дээр үсрэн дэвж наадамчдыг шуугиулж байсан цаг саяхан. Ер нь Мөнхбаатар арслангийн ам санаанд оромгүй байх нь их. 2009, 2010 онд жил дараалан 5-ын даваанд а.а С.Багахүүг амлан авч өвдөг шороодуулсан нь нэг л хэсэгтээ олны ярианы сэдэв болж байв. Үүний эсрэгээр гэмээр нэг барилдаан бол у.а Д.Азжаргал у.ө.и.н Ж.Отгонбаяр нарын барилдаан. 2007 онд тавын даваанд улсын арслан Д.Азжаргал а.а Ж.Отгонбаярыг амлаад өвдөг шороодож “Ок” начин болж байв. Хоёр жилийн дараа дахин тавын даванд барилдаж мөн л начин давснаар өсөх идэр чимэг нэмсэн билээ. Ах цолтой хүчтэй бөхийг хоёронтоо өвдөглүүлж цолоо батлахын амтыг Отгонбаяр начин л сайн мэдэх буй за. Харин ах цолтой хүнд начны даваанд хоёр ч удаа өвдөглөх ямар байдгийг Багахүү начнаас асуугаад мэдэж болох бол 3-ын даваанд нэг хүнд хоёр ч удаа амлуулж унасан тохиолдол бас бий. 2003, 2004 оны наадмын 3-ын даваанд у.н Н.Бүрэнбаатар ц.а Д.Цогзолдоржийг амлаад “таслаж” байсан байна. Сонирхолтой нь Бүрэнээ начин тэр жилүүдийнхээ дөрөв, тавын даваанд у.з Ц.Мягмарсүрэнд жил дараалан унаж байсан байх юм. Мөн у.н Д.Лхагвадорж Архангай аймгийн арслан Р.Түвшинбаатарыг 2007,2009 оны наадмаар 3-ын даваанд амлаж өвдөг шороодуулж байсан байна. “Оноолтын” хэмээн нэршсэн 4-ийн даваанд нэг хүнтэй таараад хэд хэд унах ямар болохыг а.а М.Бат-Отгон, А.Сүмбээ, Б.Суманчулуун, О.Цэрэндаваа, Ц.Чимэддорж нар сайн мэдэх болов уу. Улсын харцага М.Батжаргалын дүү М.Бат-Отгон 2009, 2012 онд Д.Баасандорж заанд, Булганы аймгийн арслан А.Сүмбээ у.з Ч.Батзоригт 2004,2005 онд жил дараалан, Тонхилын бяртай арслан Б.Суманчулуун 2010,2012 онд Д.Рагчаа гардид, мөн Алтайн арслан болох Д.Цэрэндаваа 2006,2008 онд мөн л Д.Рагчаа гардид, Өвөрхангай аймгийн арслан Ц.Чимэддорж нутгийн До.Ганхуяг арсланд 2010,2012 онд тус тус дөрвийн даваанд унаж “оноолтын” давааны хатууг мэдэрчээ. Үүнээс арай өөрөөр 2 болоод 4-ийн оноолтод таарч мөн хоёр удаа өвдөг шороодож байсан бөх бол улсын хүчтэй начин Б.Сангисүрэн. Тэрээр 2007 оны наадмын хоёрын даваанд тухайн үеийн улсын начин Д.Баасандоржтой таарч унасан бол 2010 онд дөрвийн таарч дахин тахим буулгажээ.
Оноолтоор таараад байсан нь эдгээр бөхчүүд байгаа бол зарим жил оноолтоор зарим жил амлуулаад унаж байсан бөхчүүд ч бий. 2003 онд Өсөхөө аварга 5-ын даваанд Завхан аймгийн харьяат а.з Л.Нямсүрэнг амлаж барилдсан бөгөөд Нямсүрэн дагаж эргээд аваргыг тун ч дөхүүлсэн дээ. Тэд 2005 оны наадмын дөрвийн оноолтод дахин таарч аварга давсан. 2007 оны дөрвийн даваанд ц.а А.Бямбажавыг бярдаж түрээд орхиж байсан бол 2010 оны наадмаар зааны даваанд амлаж мөн л хийн дээр нь дагаж түрээд орхиж байлаа. 2005 оны наадмын дөрвийн даваанд у.з Б.Ганбат а.а М.Өсөхбаяртай таараад тун ч хялбархан орхисон бол 5 жилийн дараа долоогийн даваанд дахин учирч нэлээдгүй хүч үзэж Ганбат арслан сонгосон барьцнаас өргөөд чимээтэйхэн орхиж байв. 2007 оны наадмаар заан ааваараа гурав давсан а.н Б.Заяамандах Г.Өсөхбаяр аваргатай оноолт таарч унаж байсан бол 89 жилийн ойгоор начин болоход нь аварга амлаад орхиж байв. 2007 оны наадмын гурвын даваанд у.н Л.Наранбаатар а.а Б.Чинзоригт шороодсон бол 2 жилийн дараа 4-ийн нугалаанд таарч Чинзориг начин дахин давсан. Завханы Ж.Оргил начин болсон жилийнхээ 4-ийн даваанд у.ө.и.н И.Ёндонсамбуутай таараад давсан. Хоёр жилийн дараа Ёндоо начин даагаа нэхэхээр 3-ын даваанд амласан боловч өвдөг шороодсон билээ. А.а А.Сүмбээ 2005 оны наадмын хоёрын даваанд оноолт таарч давсан у.н Ц.Лхагвасүрэнг өнгөрсөн жил 3-ын даваанд амлахад нь дахин шороодуулсныг уншигчид маань санаж буй нь лавтай. Баянхонгор аймгийн заан Б.Батгэрэл гэж давхар тохдог, ачдаг мэхтэй бөх олон жил сайн барилдаж байгаа билээ. Тэр улсын наадмын дэвжээнд нэг бөхөд хоёр удаа унаж байжээ. Тэр нь хэн бэ гэвэл у.з М.Өсөхбаяр. 90 жилийн наадмын дөрвийн нугалаанд таарч унасан бол өнгөрсөн жил Өсөхөө заан гурав дээр амлаад орхижээ. Мөн өнгөрсөн жил 4-ийн нугалаанд у.з Б.Сайнбаяр Дорноговь аймгийн арслан Ё.Эрдэнэжаргалтай таарч заан давсан бол өнөө жил 3-ын даваанд амлаад дахин өвдөг шороодуулжээ. Төв аймгийн харьяат у.з Б.Батмөнх хэмээх сугадаж тахимддаг дутуудвал зайлж мушгиад давдаг нэгэн сайхан бөх сүүлийн хоёр ч наадамд нэг хүнд шорооджээ. Хоёр удаа хаясан бөх нь у.х Ц.Содномдорж гэдгийг уншигчид маань надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тэгвэл харцага заан хоёр өнөө жил тавын даваанд дахин хүч үзэж заан зүүн талдаа тахимдаад давж улмаар улсын заан цолд хүрсэн билээ.
Оноолтоор таарсан, амлуулсан хоёрт хоёуланд унасан тохиолдлуудын талаар сая өгүүлсэн бол одоо тунаж амлуулж, амлаж барилдсан тохиолдлыг сийрүүлэх гэж байна. Энэ бол мэдээж у.з М.Өсөхбаяр, у.х М.Амартүвшин нарын барилдаан. Хэн нь хийцтэй, иртэй, уран барилдаантай бөхчүүд. Тэд сүүлийн жилүүдийн гурван ч наадмын тавын даваанд хүч сорьж Өсөхөө заан хоёр, Амартүвшин харцага нэг даваад буй.
Олон жил хамтдаа барилдаж бие биенийхээ барилдааныг андахгүй мэддэг болсон бөхчүүд бие биенээ амлах тохиолдлууд бас байдаг. Үүний жишээнээс дурдвал:
Улсын арслан Б.Ганбат у.ө.и.н Ц.Сумъяабээс нарын барилдаан. Тэд тав зургаагийн даваанд гурван ч удаа хүч үзэж байжээ. У.з Д.Баасандорж у.н До.Ганбатыг 2008,2010 онуудад гурвын даваанд амлаж хаясан байна. Мөн у.г И.Доржсамбуу 2002, 2007 онуудын наадмаар гарди М.Баяржавхланг тав, наймын даваанд амлаад өвдөг шороодуулж шөвгөрч байсан бол даян аварга Г.Өсөхбаяр у.г Д.Рагчааг 2005, 2010 оны наадмуудад амлан орхиж байв. Харин хүчит гарди маань 2004 оны наадмын 3-ын даваанд у.н Х.Мөнхбаатарыг амлаж барилдаад давж байсан бол 2012 оны наадмын 8-ын даваанд у.а Х.Мөнхбаатар амласан хэдий ч гарди сэнжигнээс таллаж тойруулж татсаар давж үзүүрт үлдэж байв. Даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумъяабазар, у.а Б.Ганбат нар у.н М.Цанлиг, у.н Б.Бадамдорж, Ч.Баянмөнх нарыг 5,6-гийн даваанд амлаад тус бүр хоёронтоо өвдөг шороодуулж байлаа. Өсөхөө аварга 2005 онд 6-гийн даваанд нутгийн дүү Цанлигийг амлаж давсан бол өнөө жилийн наадмын 5-ын даваанд дахин амлаж шороодуулжээ. Сумъяа аварга 2006 онд түрүүлдэг жилээ тавын даваанд орхисон Б.Бадамдоржийгоо хойтон нь зургаагийн даваанд мөн л хонгодоод өвдөглүүлж байлаа. Ганбат арслангийн хувьд “өндөр” Баянмөнхийг 2008 онд начин цолноос тасласан бол 2010 онд харцагын даваанд орхиж байв. Мөн чөлөөтийн нэг жинд олон жил хүч үзсэн у.з Б.Сайнбаяр, у.н Н.Бүрэнбаатар нар 2002 оны наадмын 3, 2010 оны наадмын 5-ын даваанд хүч үзэж заан хоёр удаа давжээ. Энэ мэт сонин содон атлаа зарим нь харуусал дагуулсан, бахархал төрүүлсэн олон сайхан барилдаанууд монгол наадмын дэвжээнд л гардаг. Монгол бөхийн түүх дундрашгүй арвин билээ.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна