Д.Хишигжаргал: Шагайн харваа, хурдан морь хоёр хүнийг төлөвшүүлдэг гэдэгтэй санал нэг байдаг

Тэлмэн
2014 оны 3-р сарын 27 -нд

Ерөнхийлөгч тангаргаа өргөж байхад шарга үрээ маань төрийнхөө наадамд түрүүлж байлаа

-Төрийн наадмын түрүү хүртсэн танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-Баярлалаа. Монголынхоо ард түмэнд танай сэтгүүлээр дамжуулаад энэ өдрийн мэнд хүргэе. 7 сарын 10-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгч төв талбай дээр тангаргаа өргөж байх агшинд миний шарга үрээ төрийнхөө наадамд түрүүллээ. Үнэхээр их баяртай байна.
-Шарга үрээ даагандаа төрийнхөө наадамд аман хүзүүдэж байсан хурдан хүлэг?
-Тиймээ, даагандаа улсын наадамд аман хүзүүдээд, Дундговь аймгийн 70 жилийн ойд түрүүлсэн.
-Өнгөрсөн жил дуулдаагүй. Яаж давхисан бэ?
-Хөл нь жаахан эвгүйтээд өнжөөсөн юм. Харин энэ жил ханиад нь гайгүй бол түрүүлчих болов уу гээд хүлээж байсан маань талаар болсонгүй. Жаахан ханиадтай мордуулчихсан болохоор дотроо эмээж л байлаа.
-Аман хүзүүддэг жил нь бас их ханиадтай байсан?
-Тиймээ. Манай адуунууд их сунгаан дээр бүгд ханиад хүрээд, шарга үрээ л арай гайгүй байсан юм.
-Онон Тод манлайн унаган адуу гэдэг. Шарга үрээнийхээ удам угшлын талаар дэлгэрэнгүй хуучлаач?
-Онон ахын хурдан хулуудын эцэг тойруулга гаралтай Өвгөн хул азарганы төл. Өөрөөр хэлбэл Наранхүүгийн Ажнай шаргатай адилхан тойруулга гаралтай адуу. Эх шарга гүү нь одоо 23 настай адуундаа явж байна. Шарга үрээний дүү нь бас бий. Ирэх жилээс уягдах байх.
-Эхтэй нь хамт авсан юм уу?
-Тиймээ. Эх хүү шаргууд их түүхтэй адуунууд байгаа юм. Хамгийн эхлээд Онон ах Хөвсгөлд байдаг нэг найздаа эхтэй нь 1,5 сая төгрөгөөр зарахаар болж. Найз нь ирж харчихаад голоод шинэ монгол адуу авахаар болсон. Тэр үед шарга үрээ хамгийн жаахан, дээр нь хамуутай байсан болохоор тэгсэн байх л даа. Дараа нь манай найз Мөнхбат гэж залуу Онон ахаас адуу авъя гэхээр нь сартай хүрэн үрээ, шарга даага хоёрын аль нэгийг ав гэсэн чинь хүрэнийг нь сонгосон. Ингээд хүмүүс голоод авахгүй болохоор нь би Онон ахад “шарга даагыг би авъя” гэхэд. “Тэг тэг миний дүү ав. Хүмүүс голоод л байх юм. Уг нь удам нь лут юм байгаа юм” гэсэн.
-Дахан дор эр даахин дор хүлэг гэдэг л болж дээ?
-Хэлээд яахав. Надад ирээд улсын наадамд аман хүзүүдээд, Дундговийн ойд түрүүлсэн.
-Голсон адуу нь гэнэт “цоорохоор” зарим нэг нь амаа барьсан байх даа?
-Одоо бүгд л харамсдаг гэнэ лээ. /инээв/
-Ингэхэд хотын хүүхэд яаж яваад моринд ингэтлээ дурлах болсон юм бэ?
-Хурдан морь унаж Айдасын даваагаар таван жил давсан хүн шүү дээ. Аав маань тэтгэвэртээ гараад Шувуун фабрикт үхэр фермийн даргаар ажиллаж байсан юм. Тэр үед манайх улсын наадамд алаг азаргаа айрагдуулж байсан Содномпил гэж хүнийхтэй айл саахалт явлаа. Тэдний хоёр хүүгийн нэг нь моринд томдоод, нөгөө нь завсардаад, тэгээд би морийг нь унах болсон юм. Улсын наадамд таван жил морь унасан хүүхэд адуу сонирхохгүй байх аргагүй шүү дээ. Багын зандаа хөтлөгдөн нэг найзаасаа алаг морь аваад тэгээд л ер нь моринд орсон доо.
-Тэр нь хэдэн он бэ?
-1997 онд. Анхны өвлийн уралдаан болж, түүнд алаг морио түрүүлгэсэн. Алаг морь надад ирсэн нь бас их түүхтэй. 1997 онд Баруунхараагийн Батбаяр гээд найз маань надаас нэг сая төгрөг зээлээд оронд  нь морь ав гэсэн юм. Тэр жил Даваа гуай хамгийн анхны өвлийн уралдааныг Хан уулын ард зохион байгуулж, найз маань дөрвөн морьтой ирж. Би харж байгаад алаг морийг нь сонготол тэр уралдаанд түрүүлчихсэн. Түүний дараа 1998 оны 5-р сард Манлай уяач Доржсүрэн гуайн Даян түмний эх хээр морины туурайг мялаах уралдаан болж, нэг халзан морь чацга алдаж өнгөлсөөр байгаад арав гаргаж орсон. Давхиж байхдаа л чацга алдаад байхыг нь би харсан л даа. Тэгээд уралдааны дараа эзэнтэй нь уулзаад “ах нь морийг нь авъя гэсэн” чинь нэлээд халамцчихсан “та хоёр авдар архи өгч чадах юм бол ав” гэсэн.
-Дуулж байгаагүй ханштай адуу байна?
-Би хэлснийг өгөөд халтар морийг нь авч, зун улсын наадамд мордуултал гурваар давхидаг юм. Хавар таван сард аваад шүү дээ.
-Аргагүй хурдан буян байжээ. Юу нь таны нүдэнд тэгтлээ туссан юм бэ?
-Хурдан адуу гэдэг нь гарсан цагаасаа танигдсан л даа. Миний хувьд цөөн хэдэн адуу авсан, тэдгээр нь цөм давхисан. Шарга үрээг тооцохгүйгээр гурван морины амжилтаар л улсын Алдартын болзол хангасан хүн дээ.
-Эзнээ хайж ирсэн сайн хүлгүүдийнхээ түүхээс манай уншигчидтай хуваалцаач?
-Морь айрагдахаар хүн их урам ордог юм билээ. Энд тэндээс авсаар байгаад нэг үе би 300-гаад адуутай болчихсон байсан ч зуданд алдаад ганц морьтой л үлдсэн. Тэгээд морь авна гэж байсан чинь Билэгдэмбэрэл Манлай “та үнэхээр морь авъя гэж бодож байвал Сүхбаатар аймгийн Асгат сумын Чулуунбаатар гэж хүнд нэг хээр үрээ байгаа. Тэрийг очиж үз” гэж зөвлөсөн. Тэр дагуу нь оччихоод “хээр морийг чинь авъя” гээд шууд хэлчихвэл өгөхгүй байх гэж бодоод “хурдан хүрэн морийг чинь авъя” гэлээ. Тэгсэн чинь “хүрэн морио зарахгүй ээ миний хүү” гэж байна. Жаахан сууж байгаад гарахынхаа өмнө “тэгвэл хээр үрээгээ өгчих” гэсэн чинь “15 саяар ав” гэж байна. Тэгэхээр нь уухайн тас “маргааш авъя ахаа” гэсэн. /инээв/ Тэр үеийн 15 сая төгрөг өндөр ханш шүү дээ. Тэгсэн хэр нь үрээгээ ч харалгүй битүү наймаа хийчихсэн.
-Адуу нь байгаагүй хэрэг үү?
-Хээр үрээ шуурганд уруудаад явчихсан байсан юм. Тэгээд хэлсэн ёсоороо маргааш нь жолоочдоо 15 сая төгрөг өгч явуулаад хээр үрээгээ ачуулж авчирсан. Хэн хэн нь харамын сэтгэлгүй авч өгөлцсөн учраас хээр үрээ маань биднийг олон жил баярлуулж, олон  айраг түрүү авсаан. 2006 онд соёолондоо улсын наадамд зургаалаад, Хэрлэнгийн хөдөө аралд очиж дөрөвлөөд, Эрдэнэтийн төвийн бүсэд түрүүлж, Өвөрхангай аймагт болсон хоёр аваргын /Цэрэнтогтох аварга, Сумъяабазар аварга нарын/ мялаалга наадамд түрүүлэн, нийтдээ хоёр түрүү, хоёр айраг авч байлаа.
-Уучлаарай, төвийн бүсийн даншигт аман хүзүүдээгүй билүү?
-Эрдэнэтийн 30 жилийн ой төвийн бүсийн наадамд хээр соёолон маань түрүүлж ирээд нэг дугаарын пайзаа авчихсан байсан. Яг цоллуулах гээд очсон чинь Саранжав гуайн ягаан соёолонг түрүүлгээд, миний хээрийг аман хүзүүнд орсонд тооцчихсон. Бичлэг үзэхээр хээр үрээ хөл толгой бүх юм нь түрүүлээд орчихсон байдаг. Тэгэхээр нь Онон ах руу утасдаад хэлсэн чинь “Юм ээлжтэй байдаг юм. Морь малан дээр хэл ам гаргаад яахав” гэсэн. Тэгээд л дуугүй өнгөрсөн дөө. Нээрэн ч багшийн маань хэлсэнчлэн юм ээлжтэй байж, хээр маань зөндөө түрүүлсэн.
-Хээр морь соёолон жилээ аргагүй хурдан байжээ. Түүнээс хойш яаж давхисан бэ? 
-Хоёр жил өнжөөгөөд найман настай морь улсад мордуулах гэсэн арай таргадаад байхаар нь Дорнодод болсон зүүн бүсийн наадамд уралдуулж гуравлуулсан. Дараа нь шигшмэл морьдын уралдаан гэж бүх бүсийн наадмын эхний 50 морьдийг уралдуулахад хоёр км хол тасарч түрүүлж байлаа. Хээр мориныхоо хөлсийг нь хусчихаад явж байхад аман хүзүүний морь тэр доороос ирж байсандаг. Тэгэхэд зарим нэг нь  “наадах чинь хаанаас уралдсан морь вэ” гээд л гайхаж байлаа. Харамсалтай нь тэр намар нь хээр морио алдаад дахиж олоогүй. Түүний дараа шарга үрээ маань надад хурд залгаж ирсэн дээ.
-Хурдан хонгор азарганыхаа талаар ярихгүй өнгөрч болохгүй байх?
-Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат Батдорж гэдэг хүнээс би хязаалан үрээ авч байсан юм. Намайг хамгийн олон баярлуулсан адуу бол миний хонгор азарга. Нэг жилд зургаан удаа уралдаад, нэг түрүүлж, гурав аман хүзүүдэж, хоёр айрагдсан. Тэр нь 2008 он. Улс бүсийн наадмаас дөрвөн айраг авч байлаа. Хавар “Дүнжингаравын хурд-2008” уралдаанд аман хүзүүдээд, Булганы “Авзага-Дүнжингарав”-т бас аман хүзүүдэж, улсын наадамд тавлан, Заамарын хурдад аман хүзүүдсэн.
-Нэг жил олон аман хүзүү хүртэх цээжний мухарт нэг юм үлдээнэ биз?
-Би ер нь их олон аман хүзүү хүртсэн хүн байгаа юм. Улс, бүсийн наадамд зургаа, долоон удаа морио аман хүзүүнд давхиулж байлаа. Улсын наадамд ерөөсөө морь түрүүлгэж үзээгүй байж байгаад энэ жил л анх удаа морь түрүүлгэлээ. Ноднин хавар Тод манлай уяач Батсайхан Дорнодоос нэг бор үрээ авчирч дуудлага худалдаанд оруулсныг нь 30 саяар авсан. Тэр бор үрээ маань ноднин хоёр аман хүзүүдсэн. Бор үрээ ноднин их хурдан байсан болохоор түрүүлчих болов уу гэж бодож байлаа. Хоёр удаа “түрүүлнэ дээ” гээд мордуулсан чинь хоёуланд нь аман хүзүүдчихсэн. Тэгэхдээ бүр дандаа нэг үрээний ард ороод. Тэр нь Дэмчигцоодолын Тэргүүн хонгор шүү дээ. Тэр үед нь би эзэн залууд нь “За миний дүү, ах нь бор үрээгээрээ барахгүй юм байна. Нэг жил хоёр удаа ард нь орлоо. Шарга үрээгээрээ л ирэх жил уралдъя даа” гэж. Монгол хүн “амны билгээс ашдын билэг” гэж ярьдаг шүү дээ. Тэр ерөөл биеллээ олж, шарга үрээ маань төрийн наадмын анхны түрүүг авчирлаа.
-Тэргүүн хонгорын эзэнтэй таарсан уу?
-Тэгсээн. Дүү ирээд “Ахаа та үнэхээр хэлсэн амандаа хүрлээ дээ” гээд намайг тэвэрч байна. Морь гэдэг үүгээрээ их сайхан. Монгол эрсийн хор шаргүй, хар буруугүй сайхан наадгай шүү дээ.
-Хөлсний цэнхэр хашаанд хамгийн түрүүнд ирэхийг чинь хараад айрагдана гэдэгт итгэлтэй байж дээ гэж гэж бодогдсон?
-Энэ жил аман хүзүү, айраг гэж бодоогүй ээ. Шаргыгаа шууд түрүүлнэ л гэж бодож байсан. Тэр маань ч ёсоор болсон.
-Харьцангуй тайван харагдаж байсан нь тийм учиртай байх нь ээ?
-Нэгдүгээрт итгэлтэй байсан. Хоёрдугаарт анх удаа улсын наадамд морь оруулж байгаа биш болохоор харьцангуй тайван байсан байх л даа. Шагайн харваа, хурдан морь хоёр хүнийг сайхан төлөвшүүлдэг гэдэгтэй санал нэг байдаг шүү. Би энхийн цагаан тагтаа шиг амьтан биш л дээ. “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэг шиг амьдралд юу эсийг үзэхэв дээ. 300 доллар зараад төрийн эсрэг гэмт хэрэгтэн нэр зүүн шоронд сууж л байлаа. Шинэ цэрэг гээд зодохоор нь зөрүүлж бага дарга нараа зодоод мөн л хэцүү нэртэд орж л байлаа. Тэнд ороод ямар хог түүж идээд, сонин царайлаад явалтай биш. Эр хүн юм чинь атаман байхыг л бодно ш дээ. Гэхдээ энэ бүх бага насны минь амьдрал ард үлдсэн. Одоо бол сайхан морио уяад, олон түмнийгээ баясгаад явж байна.
-Морь түрүүлж айрагдана гэдэг уясан уяач, унасан хүүхэд, уг эзний хийморь цогцолж байж сая биеллээ олдог хэмээдэг. Түүгээр шинжвэл...
-Тэр үеийн нийгмийн тогтолцоо ч нөлөөлж л байсан байх. Миний үзэл бодол ч нөлөөлж байсан байх. Нийгэм цаг үетэйгээ зохицож амьдарч чадаагүйгээс л нэг хэсэг алдаж оносон байх. Би өөрийгөө монголын анхны бизнесмен гэж боддог. Монголд хамгийн анхны хоршооллын гуанзыг нээн ажиллуулж байлаа. 1988 онд хятад тогоочтой хуйцаа хийгээд польшуудад үйлчилдэг байсан. Тэдэнтэй долларын наймаа хийгээд шоронд орчихсон хүн дээ. Одоо бол яахав “Модун хаан” гэж группийн захирал хийж байна. Би Монголын анхны төрт улсыг байгуулсан Модун хааныг шүтэж явдаг хүн, компаниа түүгээрээ нэрийдсэн. Мөн Модун хааны талаар кино хийлгэх гээд бэлтгэж байгаа. Миний мөрөөдөл бол ямар ч  үнээр хамаагүй энэ киног бүтээж олны хүртээл болгох. Өөрийн бүх хөрөнгөө зарцуулаад ч хамаагүй хийнэ гэж бодож байгаа.
-Яагаад заавал кино гэж. Хөшөө баримал, ном товхимол гээд олон хувилбарууд байна шүү дээ?
-Хүүхэд байхдаа кино жүжигчин болно гэж боддог байлаа. Бас ч үгүй кинонд тоглосон шүү.
-Тийм үү. Алдартын бага нас ямар бүтээлд мөнхөрсөн бол?
-“Хоньчин Найдан” кинонд. Нэг өдөр манай сургууль дээр Монгол кино нэгдлийнхэн ирж “Хоньчин Найдан” кинонд тоглох хүүхдүүдийг шалгалаа. Тухайн үед би гурав, дөрөвдүгээр анги л байсан байх. Олон хүүхдээс би тэнцэж гол дүрд нь тоглохоор болсон ч уйлж чадахгүйгээсээ болоод баяны хүүхдэд тоглосон. Яагаав “чигчий хурууны чилээ гаргахгүй юмаар яах юм” гэж Найданг дээрэлхэн хонийг нь нийлүүлдэг нөхөр чинь би шүү дээ. Түүнээс хойш кино жүжигчин болно гэж боддог болсон. Би уг нь есдүгээр ангиа онц төгссөн хүн шүү дээ. Аравдугаар ангидаа орох гээд иртэл сахилга батаар тааруухан байсан болохоор Ерөөгийн ТМС гэж юманд хуваарлачихсан байсан. Тэгэхээр нь би цэрэгт яваад өгсөн юм. Цэргийн албыг хүндэт харуулын ангид  хаасан. Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг тавьдаг ш дээ, тийм цэрэг байсан. Батмөнх дарга, Цэдэнбал дарга хоёрыг яг солигдож байх үед хүндэт харуулд, цэцгэнд явдаг цэрэг байлаа.
-Та нарын үед атаман байх нь нэр төрийн хэрэг байсан юм шигээ. Бат-Үүл, Баяр гээд л улс төрийн лидерүүд тэр тухайгаа дурсан ярих дуртай байдаг?
-Бат-Үүл эд нар яг эгзэгтэй үед нь зөв тийшээ яваад өгсөн байхгүй юу. Тэр үед нь би 300 доллар зарсан хэрэгтэй эрх чөлөө хязгаарлагдмал орчинд байлаа. Түүнээс ардчилсан хөдөлгөөн өрнөхөд гадаа байсан бол тэр дунд сууж л байх хүний нэг шүү дээ. Тэгсэн бол өдийд эд нарын дунд явж л байна. Гэхдээ яахав ээ ах нь зовж үзсэн, ядарч үзсэн, мөнгөтэй байж үзсэн. Одоо надад нэг их сандраад чичрээд байх юм байхгүй. Хоёр хүү маань том болчихлоо. Том хүү маань миний ажлыг хийгээд өгчихөж байна. Бага хүү маань Бээжингийн их сургуульд сурч байгаа. Гэр бүл сайхан тайван амгалан байна. Сэтгэл хангалуун тайван амьдарч байвал хүн их мөнгөөр яахав дээ. Яруу найрагч Ай.Төмөр-Очир “Нүцгэн биен дээрээ мөнгөө наагаад үхэх биш” хэмээн хэлж байсан удаатай. Амьдралын үнэнийг хүүрнэсэн энэ яруу найрагчийг би хүндэлдэг.
-Ярианаас тань Онон Тод манлайг хүндэтгэж явдаг тань анзаарагдаж байна л даа. Энэ хүнтэй ямархан тохиолоор нөхөрлөх болсон юм бэ?
-Танихын тухайд бол эртнийх л дээ. Морь уяж эхлэхдээ Онон багшийгаа хараад “энэ хүний эрдэм гэж агуу юмаа” гэж боддог байлаа. Тэгж яваад хээр морио Асгатаас авчирсаны дараа хөтөлж очоод “уяад өгөөч” гэдэг хүсэлт тавьсан юм. Онон ах маань нийтэч хүн болохоор “тэгэлгүй яахав миний хүү” гээд намайг хүлээж авсан. Үе үеийн сайд дарга нар манай гэрт зочлоостой. Би тэдэнд архи хундагалдаг шиноков байлаа. Тэр үед надаас бусад нь цолтой уяачид. Би залуу шинэ уяач. Тиймээс эрэмбээ дагаад тэрхүү албаа биелүүлэхээс өөргүй. Таван жил архи аягалаад албаа залуустаа хүлээлгэж өгсөн.
-Монгол улсын Алдарт уяач цол хүртээд үү?
-Тиймээ. Онон багш надад “за энийг аягал” гээд өгөхөөр нь би доод талынхаа хүнд “за энийг аягал” гээд өгдөг болсон. /инээв/ Сая шарга үрээ маань түрүүлээд Монгол улсын Манлай уяач цолны болзол хангачихлаа, сайхан байна.
-Тод манлайн гарын шавь нар цахиур хагалан, уясан хүлгэд нь түрүүлж айрагдаж байна. Та багшийнхаа ямар занг илүүтэй эрхэмлэдэг вэ?
-Уяачийн эрдэм ухааныг ярина гэвэл миний үгсийн сан хүрэлцэхгүй байх. Ямар ч хүнтэй их гоё харьцдаг. Нийтэч занг нь хүндэтгэдэг. Сурсан мэдсэнээ хэнд ч харамгүй тайлбарлаж хэлж өгнө. Хажуугаар нь эвгүйдчихсэн адуу явж байвал, таних танихгүй хамаагүй эзнийг нь дуудаад “морь чинь ингэсэн байна. Тэгж зас” гээд л хэлж өгнө. Тэр чанарыг нь л дээдэлж явдаг даа. Монгол улсад 16 Тод манлай уяач бий. Тэдний найм нь билүү ес нь Онон багшийн шавь нар байдаг. Жилийн дөрвөн улирал адуун дээрээ байна. Ний нуугүй хэлэхэд манай зарим Тод манлайнууд чинь морь унаж чаддаггүй хүмүүс байдаг юм шүү дээ. Нэг удаа том цолтнуудтай уулзаж ярьж суугаад би “хэдүүлээ “Адуучин” нэвтрүүлэгт оръё” гэсэн чинь зарим нь уурлаж байна лээ. Уг нь ороход болохгүй юм байхгүй л дээ. Ер нь морь сайхан унана гэдэг чинь нэг ёсны эрдэм шүү дээ. Морь уургална, бугуйлдана гэдэг бас л том эрдэм өв соёл. Хэн морио сайхан эдлэж байна, хэн сайхан адуу малтайгаа эвтэйхэн, зөв зөөлөн харьцаж байна, тэр хүний адуу мал их өнгөтэй өөдтэй, сайхан байдаг юм шиг санагддаг. Бага байхад морь малны толгой руу ороолгож болохгүй, морь турааж болохгүй, морь эцээж болохгүй гээд хөгшчүүл захидаг байсан. Түүнийг нь би одоо унаач хүүхдүүдэдээ захидаг юм. Онон багш бид хоёр санаачлан жил бүр цагаан сарын өмнө манай гал Тод манлай уяачдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоосон. Энэ жилээс “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ хүлээж авахаар болсон.
-Тод манлайгуудыг  адуу унаж эдлэх соёлоор өрсөлдөхөөр урьсаныг бодоход Алдарт тэр тал дээрээ чамгүй нэгэн бололтой?
-Машин гэж сайхан унаа гарч ирээд мориноос харьцангуй хөндийрсөн. Гэхдээ би морь унахдаа муугүй шүү. Эмнэг догшин хамаагүй л унанаа. Ах нь амьдралдаа хоёр зарчим баримталдагийн нэг нь чадахаа л амлах. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүний ажлыг үрээд дүлэгнээд байгаа дээдсийн занг таашаадаггүй. Долигонуур, бялдууч хүнд би үнэн сэтгэлээсээ дургүй. Тэр зан маань намайг янз бүрээр цоллуулахад хүргэсэн байх. Тэглээ гээд зарчмаасаа ухрахгүй ээ. Зарим нэг бялдууч дарга нарт “Чи ч улсын өмчийг хайр найргүй цуслах юмаа” гээд хэлчихдэг хүн. Дээхэн тэтгэвэртээ гарсан хоёр гурван цагдаагийн хурандаа салхилж явахтай таараад “Та нар ч хүнд сайхан цол хоч өгдөг дөө” гэтэл “Яасан Хишгээ” гэж байна. Тэгэхээр нь хэлсэн юм “мань мэтийг “эрүүгийнхэн” энэ тэр гээд элдвээр цоллоод байдаг. Тэрбум тэрбумаар нь идэж уугаад жинхэнэ эрүүгийнхэн чинь одоо тодорч эхэлж байгаа юм биш үү” гэсэн нөгөө хэд учиргүй инээсэн. Аливаа юм сайн муу хоёр талтай гэдэгчлэн зарим нэг нь зүгээр л шоу улс төр хийж хүний амьдралын гэрэл гэгээтэй үеийг булаасан байдаг. Жишээ нь Нямдорж сайд биднийг хорьчихоод  “би эрүүгийн гэмт хэрэгтэнүүдийг дарчихлаа, намайг хамгаалалтанд оруулаач” гэж Энхбаяр дарга дээр очоод УИХ-ын дарга болж байсан хэмээн экс Ерөнхийлөгч ярьсан шүү дээ. Үнэхээр хэрэг хийчихсэн хүмүүсийг шоронд хийсэн бол юунаас нь айсан юм. Хууль зүйн сайдаа хийгээд л сууж байна биз дээ. Одоо биднийг шоронд хийсэн шүүгч нартай нь таарахаар нөгөөдүүл чинь дальдардаг. Яг юуны төлөө биднийг шоронд хийснээ өөрсдөө ч ойлгодоггүй. Дугтуйтай шүүхийн тогтоол авчирч бидэнд уншиж өгч байсан болохоос биш өөрдсөө юу ч ойлгож байгаагүй юм билээ. Үүгээрээ би энхийн цагаан тагтаа байсан гэж хэлж байгаа юм биш шүү. Тэгэхдээ би Нямдорж даргад гомддоггүй. Яагаад гэхээр тэр хүнд авах том чанар бий. “Шоронд хийнэ” гэсэн бол шууд хийдэг. Тэрийг хэн ч гуйгаад нэмэргүй. Ганцхан өөрийнхөө тэр үзэл бодолдоо үнэнч, хийж байгаа ажлаа 100% хийж чаддаг хүн байхгүй юу. Тэр бол маш том чанар. Худлаа хийнэ гэчихээд нэг хүн гуйхаар болиод, нэг дарга хэлэхээр болиод яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүн оролдоод байх хүн биш.
-Та хотын хүүхэд хэр нь  яагаад Булган аймгийн Гурванбулаг сумаар овоглодог юм бэ?
-Одоогийнх шиг сум гэсэн засаг захиргааны нэгж байхгүй байх үед Сайхан, Гурванбулаг, Дашинчилэн зэрэг сумд чинь нэг хошуунд тооцогдон Жарангийнхан гэсэн 60 айл Хөгнө хан уулын өврөөр нутагладаг байсан юм гэнэ лээ. Тэдгээр хүмүүс бол миний өвөг дээдэс байгаа юм. Тэгээд л дээдсийн нутгаар овоглож явахаар шийдсэн.
-Та түрүүн шагай харваа хүнийг их төлөвшүүлдэг гэж байсан. Шагай харвадаг уу?
- Ямар ч байсан шагай харваж байгаа улсуудын дунд суугаад дөрвөн сум тавьчихнаа. Тэгэхдээ мундаг харваачдын дэргэд би сонирхогч. Шагайн харваа өөрөө сэтгэхүйн наадгай учраас хүнийг маш их тайван болгодог гэдэг юм.
-Морь таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?
-Ах нь сайн, муугаар зөндөө л цоллуулж явлаа. Тэгээд моринд орсноосоо хойш их олон найзтай болсон. Хүмүүс эхэндээ жаахан цэрвэнгүй байснаа сүүлдээ “Дамбын Хишгээ гээд байхаар нь айхтар хүн байх гэж бодлоо” гээд инээж байдаг юм.
-Бидний  урилгыг хүлээн авч, илэн далангүй хууч дэлгэсэн танд баярлалаа. Уясан нь түрүү, унасан нь жороо байх болтугай. 
-За баярлалаа, танай сэтгүүлийн хамт олонд ч ажлын амжилт хүсье. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан олон хүнийг морь гэдэг энэ сайхан хийморилог амьтантай нөхөрлүүлж байхыг хүсье. Эцэст нь хэлэхэд би Монгол улс үндэсний өв уламжлалаасаа салчих вий гэж эмээж явдаг хүн. Яагаад гэхээр тийм харьд элэгтэй хүмүүс цөөнгүй байна. Би УИХ-ын гишүүн Баянсэлэнгийг хар багаас нь мэднэ. Эмэгтэй хүн энэ зэргийн өндөрлөгт хүрсэнд нь баярлан, хувьдаа их өмөөрдөг байсан. Харин хурдан морины унаач хүүхдийн тухай нэвтрүүлэгт орсноос нь хойш урам хугарсан шүү. Хүүхдэд өсөлтийг нь зогсоодог тариа хийдэг гэж эрүүл хүний ухаанд багтамгүй юм ярьсанд тун их харамсч байгаа. Ийм мөчид ойлголттой байж, морь гэдэг энэ том соёлын талаар хамаагүй ярьж ард түмнийг цочроохгүй байгаасай хэмээн хүсч байна.
-Таны үг зориулсан эзэндээ хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

А.Тэлмэн /"Тод магнай" сэтгүүл. Дугаар 09/44. 2013 он/

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна