Аймгийн Алдарт уяач Д.Санга: Их сунгаанаас хойш л уяачийн шандсыг шалгадаг үе эхэлдэг гэж боддог

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 04 -нд

-Удам дагасан Алдарттай амттай яриа өрнүүлнэ гэж бодож байна. Таны аав шилбэ Дамдинсүрэнгийн хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье? 
-Миний мэдэхээр аав маань 1960 оны үеэс эхлэн морь уясан хүн байгаа юм. Ер нь залуу цагийн л адуутай амьдралаа холбосон хүн. Шилбэ гэж олон түмний аавд өгсөн хоч л доо. Далаад оны сүүлээр тонгоон Жамъян аавд улаан адуу бэлгэнд өгсөнөөр манайхан 2-3 үеэрээ уралдах хурдтай болсон түүхтэй. Энэ улаан үрээгээрээ азарга тавьж, гарсан төл болгон л хурдалсан. Миний хувьд хожуу морь уяж эхэлсэн. Миний адуунууд эцэг тал нь аавын улаан азарганы үр төлүүд бол эх тал нь өөр тийшээ салаад явчихдаг юм. Хишигийн будан адууны гаралтай гүүнээс эхтэй.
-Та нар аав ээжээсээ хэдүүлээ вэ?
-Аав маань дөрвөн хүү, таван охинтой. Хөвгүүд нь бараг бүгдээрээ морь уяж байна. Баясгалан, Баатар, би гээд л. Би өөрөө хоёр хүүтэй. Том нь лам, бага нь мал дээр гарсан. Хэдэн адуугаа л мэддэг хүн бий. Аавын морь ид хурдалж байхад унаач нь байж айраг түрүү болгоныг нь авчирдаг байсан юм.
Аав маань залхуу хүний үздэггүй байлаа. Тиймдээ ч уяач хүн залхуу байж болохгүй, нойртой байж болохгүй. Хамгийн ажилсаг, хамгийн эртэч байж морины уяа сойлгыг тааруулдаг юм захидагсан. Минийхээр дүү Баясгалан маань аавын энэ захиасыг амьдралдаа мөрдлөг болгосон хүн шиг санагддаг. Эд маань бүгдээрээ аавын улаан адууны угшлын адуугаар наадаж байгаа. Харин миний хувьд эцэг тал нь өөр болчихоод байгаа. Дээхэндээ эх нь өөр удмын гүү байсан бол сүүлийн үед эцэг тал нь өөр угшлын азарга болсон. 1988 онд морин тойруулгаас гаралтай нэг зээрд үрээг манайхны нэг өвгөн авчирсан юм. Тэгсэн тэр нь Монгол улсын Алдарт уяач Алтангадасын хүрэн халзан азарганы төл байсан бөгөөд дээд угшил нь тогоруу болоод явчихсан. Манайхны нэг хүргэн зээрд үрээний төлийнх нь төлөөр азарга тавьж, төл алаг адууг надад бэлэглэсэн. Тэр алаг даагандаа зургаалж, тэрнээс хойш нэг удаа аман хүзүүлж, Эрдэнэцагаанд очиж 4-өөр ороод, суманд олон ч удаа түрүүлсэн. Даанч сүүлд хөлийг нь муутгаад уяхаа больсон. Ер нь азарга, гүүгээ солихоор адуу яаж сайжирдагийг Баясгалан бид хоёр өөрсдийн амьдрал дээр үзэж байгаа улс. Миний алаг азарганы төлүүд урд сумдаар олон байгаа, сайн ч давхиж байна.
-Хичнээн сайн угшлын хурдан адуутай байлаа ч уяачийн ур чадвар гэдэг их чухал. Улаан адууны уяаг аав тань тааруулдаг байв уу? 
-Тэр ч тийм шүү. Ер нь манай адуу нэг их айхтар тонтгор махтай, эсвэл эцтэл туранхай давхина гэж байхгүй. Сүүлийн үеийн адуу эх талаа татаад янз бүрийн ястай болж байна. Адуу төрөхдөө 60%, 70% нь эх талаа татдаг гэдэг. Манай аавын хувьд улаан азарганы уяаг олсноосоо хойш адууныхаа уяаг удам угшлаар нь олдог байж гэж би боддог. Энд мэдээж алдаж онох юм байлгүй л яахав. Тэгэхдээ уяач хүний эрдэм гэдэг тэнд л гардаг. Морины жинхэнэ уяа их сунгаанаас хойш л ордог юм шүү дээ. Хүмүүс их сунгааг үзчихээд миний морь хурдан байнаа гэдэг. Гэтэл их сунгаанаас хойш л уяачийн шандсыг шалгадаг би боддог. Манайханд бондгор Намсрай гэж сайн уяач өвгөн байлаа. Одоо ч хүүхдүүд нь морио уяж, сайн давхиулж байгаа. Тэр өвгөн “морь уяж байгаа хүнийг дуурайгаад хөлсөлж, тарлаж болно. Харин морины жинхэнэ уяа их давхилаас хойш орж ирдэг. Тэрийг яаж хадгалах вэ гэдэг уяач хүний  эрдэм. Уяа биш заслыг хийж чадсан хүн л уяач болж байгаа нь тэр” гэдэг байсан.  
Анхандаа улаан адууны уяаг олохгүй, сайн давхиулж чаддаггүй байлаа. Хавчигаас нь хойш л давхиулж эхэлсэн юм. Хавчиг болдог өвөл нь аав сумын төв дээр, Баясгалан бид хоёр хөдөө мал дээрээ өвөлжлөө. Адууны гал гарна гэж юм байдаг даа. Тийм учраас тэр өвөл улаан азаргыг унуулалгүй, барьж аргамжаад тавиулаад сар шахуу болсон. Хавар нь урагшаа мал төллүүлэх гээд нүүж явахдаа аав дүүд бариад өгчихлөө. Тэгсэн ерөөсөө тэгдэггүй азарга чинь адууныхаа хойноос тэмүүлээд, газар цавчлаад, сэгсэрч давхиад болдоггүй. Тэгэхэд аав “энэ улаан азаргыг өнөө жил онгойж үзээгүйгээр нь онгойлгож дээ, миний хүү” гэж байсан. Тэр өвөл зоо нь их хуурай, хөрөлт гэдэг юм л даа. Манайхан цангийн хөндий ч гэж ярьдаг. Тэрэнд л очсон нь тэр байсан юм болов уу. Тэгээд л тэр жилээ түрүүлсэн гэж боддог. 
-Ямар ямар засал байж болох уу?
-Янз бүрийн л засал байна. Жишээ нь, Дашдоной гэж хүнээс авсан Юндэнгийн хурдан хонгор адууны гаралтай нэг соёолон хонгор үрээ байлаа. Тэр чинь 1980 он. Бага сунгааны өмнө аав надад хэл өгөхөөр нь би очлоо. Тэр орой нь тарган тарыг нь харж байгаад “соёолонгоо маргааш их сунгаанд оруулахгүй ээ” гэвэл аав хийж буруутаад их хурдан байсан ч хонгор үрээ сумандаа айргийн тавд ч багтаж чадаагүй. Түүнээс гурван жилийн дараа буюу 1983 он их бороотой жил байж билээ. Сунгалт үзэх гээд би очлоо. Тэгэхэд гацаа Монхорын Одон хонгор соёолонг манай аймгийн Алдарт уяач Амгалан багш уяад их морьдтой хамт сунгаж байна. Амгалан багшийн соёолон, манай хонгор морь хоёр гараад л зугтаачихлаа. Явж байгаа нь гал шүүрч тавиад, дал гаргаж тавиад л байсан. Сунгалтын дараа би дүү нартаа “аав бороотой байна гээд хөлс авахгүй байх шүү. Та нар хэд сайн хөлс авчихаарай” гэлээ. Ингээд сумын наадам болоход Амгалан багшийн уясан соёолон түрүүлж, манай хонгор тавлачихсан. Тэр үед аав хүүгийнхээ хэлснээр хийсэн бол миний хонгор морь ганцаараа буух байжээ гэж гэмшингүй шүүрс алдаж билээ. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр засал гэдэг чинь морины ажлын дутууг гүйцээхийг л хэлээд байгаа юм. Тэрнээс хойш аав намайг морь уя гэж ятгадаг болсон. Би чинь нэгдлийн адуу малладаг байлаа ш дээ. Цэргээс ирээд 18 жил адуу дагаж яваад 1991 онд хувийн аж ахуйтан болж байлаа. Харин морийг 2000 он гараад уяж эхэлсэн.
-Бие даан морь уясаар хичнээн айраг түрүү хүртсэн байна вэ?
-Аймгийн наадамд улаан морио зургаа, долоон удаа айрагдуулсан, түрүүлгэж үзээгүй. Улаан морь бол аавын улаан азарганы төл, харин эх нь Хишигийн будан адууны гаралтай гүү гэж дээр хэлсэн дээ. Мөн сумандаа соёолон түрүүлгэж, Түмэнцогт сумын 20 жилийн ойгоор айргийн дөрвөөр оруулж байлаа. Би ер нь хоёроос гурван адуугаар л нааддаг юм. Эрдэнэцагааны Юмжир хутагтын 100 жилийн ойд алаг даагаа дөрвөөр, улаан морио гурваар оруулж байсан. Хоёрхон адуутай очоод хоёуланг нь айрагдуулчихаар бас огшдог юм байна лээ шүү. Буянтай аавын минь үр хүүхдэдээ оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт энэ юм даа. Өнөөдөр Тонгоон улааны адуугаар амжилтанд хүрч байгаа хүмүүс олон байна. Эх тал нь л олон тийшээ салаад явчихаж байгаа болохоос биш, эцэг тал нь улаан азарганы төлүүд л давамгайлж байна шүү дээ.
-Адууны наймаа хэр хийж байна вэ? Танай адуунаас авах хүсэлтэй хүмүүс олон байна биз?
-Дүү нар л адууны наймаа хийдэг юм. Би зарж байгаагүй, харин бэлэглэж байсан. 2000 онд цэргийн дарга байсан найз Мягмаржавтаа хээр азаргаа дааганд нь бэлэглэж байлаа. Тэр үед миний алаг даага их давхиж байсан үе. Ямар сайндаа найз маань “ганц адуу өгье гэхээр нь алаг даагаа өгөх нь гээд давхиад очсон юм” гээд л инээж байлаа. Хээр даага хязаалан болтлоо над дээр байж байгаад хязааланд нь нэг удаа гурваар оруулаад Мягмаржав өөр дээрээ авсан. 2002 онд аймгийн 60 жилээр 800 гаруй хязаалан мордоход хээр зургаагаар ирж байлаа. Соёолон жилээ Зам сонинд түрүүлээд, өвлийн уралдаанд дахин амжилтаа бататгасан. Аймгийн наадамд аман хүзүүдээд, Буд гишүүний нэрэмжит наадамд түрүүлж, Асгатын наадамд айргийн гурваар хурдлан, зүүн цэргийн наадамд түрүү магнайд хурдалсан. Буд гишүүний улсын наадамд зургаалсан хээр манай угшлын улаан адуу байгаа юм. Даагандаа Өвгөн ноёны уралдаанд аман хүзүүдээд байхад нь манай дүү Баатараас авсан.
-Та хэдэн оны аймгийн Алдарт вэ?
-2007 онд аймгийн Алдарт уяач болсон.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Морь уях хамгийн хэцүү нь энэ үед таарч байна. Өнөөдөр эдэлгээ гэж байхгүй болчихсон. Эдлүүлнэ гэхээр хөлийг нь эдэлчихээд, доголгочихоод байх юм. Сүүлийн үед тэжээлийн адуу л уралддаг болж. Гэхдээ хамгийн аймаар нь тэжээлийн адуу хоёр гурван жилээс  илүү уралдахгүй байна. Ах нь ч тэжээлийн учрыг олохгүй юмаа. Уг нь буруу зүйл биш л дээ. Бэлчээр нутаг, өвс ногооны шим тэжээлтэй хамааралтай юм. Харин энэ элдэв янзын тарианы гадаад нэр усыг гаргахгүй буруу зөрүү хийчих аюултай юм.

А.Мөнх /"Тод магнай" сэтгүүл. Дугаар 07/42/. 2013 он/


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна