МУ-ын Алдарт уяач Б.Энхболд: Сайн анддаа хүрэл хөшөө босгоё хэмээн андгайлж, түүндээ хүрсэн

Тэлмэн
2014 оны 6-р сарын 30 -нд

-Төрийн наадмын түрүү Дүүгүүр саарал морины эзэнтэй уулзаж байгаадаа таатай байна. Унасан газар, угаасан ус бага насны дурсамжаас тань яриагаа эхэлье.
-Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын хүн. Миний бага нас сумын төвд өнгөрсөн хэдий ч нутгийн хурдалж байгаа морьдыг хараад самсаа шархирдаг багаасаа моринд дуртай хүүхэд байлаа.
-Багадаа морь унаж байгаагүй юу?
-Багын том биетэй хүүхэд байсан болохоор авгынхаа морийг хоёр жил унаад л хасагдсан. Хөдөөгийн хүүхдүүдийн хувьд хоёр том баяр байдгийн нэг нь Улсын наадам, нөгөө нь Цагаан сар. Энэ хоёр баярыг тэсэн ядан хүлээнэ. Ялангуяа Улсын наадам бол сургууль амарчихсан, анги хамт олноороо цуглаж уулзах боломжтой хамгийн сайхан баяр байдаг байлаа. Энэ тэр юм сонирхож, чихэр жимсэнд умбаад л... Дээр нь наадмын шинэ гийдаа идэх мөн ч сайхан шүү.
-Гийдаа...?
-Манай нутагт гурилтай шөлийг тэгж нэрлэдэг юм. Одоо ч  гэсэн гийдаа гэж хэлдэг хүмүүс байдаг л юм билээ. Хаяаг нь шуучихсан монгол гэрийн хаяагаар шинэхэн ногоон сонгинотой гийдаа худалдаж аваад л ширгэн дээр хэвтэж байгаад идэх мөн ч  сайхан санагддаг сан. Мартахын аргагүй амт гэвэл тэр л байдаг даа. Надад одоо ч гэсэн наадам гэхээр хүүхэд насандаа идэж байсан гийдаа санагддаг юм.
-Нүдэнд харагдчихлаа?
-Наадамчид оочерлоод хаалгаар нь багталцахгүй болохоор шуусан хаяагаараа зардаг байсан юм.
-Зуныхаа амралтаар хөдөө явдаг байв уу?
-Явалгүй яахав, эмээгийндээ очиж ойр зуурын ажилд нь туслангаа хүмүүсийн морь гуйж унаад явдаг хүүхэд байсан. Аав маань насаараа жолооч хийсэн хүн. Тэтгэвэртээ гарсныхаа дараа морь сонирхох болж, жороо голдуу таван азарга адуутай болсон юм. Аав адуугаа туугаад давхиж явахад газар тэр аяараа хөдөлж байх шиг санагддаг байж билээ. Хожим нь аавыгаа бурхан болсны дараа би адууг нь авчирч одоо Заамар суманд маллаж байгаа.
-Эрдэнэхайрхан сум байгалийн үзэсгэлэнт газрууд олонтой сайхан нутаг байна лээ?
-Өөрөө сонссон уу, үгүй юу. Ерөнхий сайд манай Эрдэнэхайрханыг “диваажин” гэж хэлсэн шүү дээ. Хангай говь хосолсон үнэхээрийн гайхалтай нутаг.
-Дээр нь хүн болгон нь гайхалтай сайхан дуулдаг. Алдарт бас хоосонгүй биз?
-Манай ээж их сайхан дуулдаг хүн байсан. Манай эгч ч бас гайхалтай дуулна. Дүү нар ч ялгаагүй сайхан дуулна даа. Тэдний хажууд би сайн дуучин биш. Гэхдээ найранд гурван дугараатай./инээв/ Манай сумын "Алтан" багийнхан бараг бүгдээрээ дуучид. Тэндээс олон сайхан уртын дуучид төрөн гарсан шүү дээ.
-Саарал морины эзэн найранд гурван дугараатай, наадамд гурван даваатай эр юм биз дээ?
-Хөдөөний эрэгтэй хүүхэд барилдаж ноцолдохгүй байна гэж үгүй шүү дээ. Арав төгссөнөөсөө хойш таван жил тасралтгүй сумын начны тунаанд үлддэг байлаа. Одоо бол морио л уяж байна даа.
-Хүүхэд насны мөрөөдлөө гүйцээн хурдан хүлэгтэй амьдралаа холбоход Даш-Өлзий Алдартын нөлөө их байсан гэдэг. Ах дүүсийн хамааралтай гэдэг билүү?
-Манай авга ах шүү дээ. Хурдан морь сонирхож уяач болоход Дүүгүүр саарал, агаа хоёрын нөлөө маш их байсан. Агаа бид хоёр ах дүүс дотроосоо нэлээн ойр байдаг. 2005 оныг хүртэл Агаагийн морийг л балиашиглах гэж очдог байсан. 
-Төрийн наадмын түрүү Дүүгүүр сааралтайгаа учрах хүртлээ юу?
-Тийм ээ.
-Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэг. Саарал морьтойгоо хэрхэн учирсан юм бэ?
-Дүүгүүр сааралтайгаа би ерөөлөөр учирсан гэж боддог. Одоогоос яг арван жилийн өмнө юм байна. Тухайн үед би дөнгөж морь сонирхож эхэлж байсан. Бизнес маань ч сайн байлаа. Шарга соёолонгийн эзэн, яруу найрагч Лутбаяр бид хоёр сайн найзууд.Найзын маань саарал морь сумынхаа ойд түрүүллээ гэдэг баярт мэдээ ирж. Тэгээд би найздаа морь сонирхож байгаагаа хэлээд  “нэг аятайхан морь авъя гэж бодож байгаа” гэтэл надад саарал морио бэлэглэсэн юм. Сайн андын сэтгэлээсээ өгсөн бэлэг саарал морь маань ирээд л хурдалж эхэлсэн. Миний Дүүгүүр сааралд нэг онцлог бий. Тэр нь дандаа хүнд бэлэг болж ирсэн байдаг. Хамгийн анх  яруу найрагч Амартайван Лутаад бэлэглээд, Лутаа надад бэлэглэсэн байдаг. Төрийн Түмэн эх төрсөн түүх товчхондоо ийм.
-Товч биш, харин ч дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байна. Ирсэн жилээ яаж давхисан гэдэг билээ?
-2005 онд ирээд улсын наадамд 15-аар давхисан юм. Тэгэхээр нь  би “энэ чинь наддаа л айраг” гээд бэлгэшээгээд хадаг зүүчихсэн. Бас болоогүй ээ уяагаа тойруулаад байгаа. Тэгсэн Даш-Өлзий ах, Лууяа хоёр 15-д ирсэн мориндоо хадаг зүүлээ гээд тоглоом болгож инээлдээд л байсан юм. 15-т давхихад айрагдлаа хэмэн бэлгэшээсний ерөөлөөр болсон уу, Өвөрхангай аймагт болсон Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойд очоод тавлачихсан. За ингээд л би гэдэг хүн моринд эргэлт буцалтгүй орсон доо.
-2006 онд морь будлиагүй болох түрүүлэхээр хурдан байсан гэдэг юм билээ?
-Үнэхээр хурдан байсан. Тэр жил морь будилж олон хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж, олон морины амжилтыг ухраасан юм шүү. Саарал морь улсын наадамд еслөөд, Архангайн Тамирын хурдад арваар давхисан. 2007 онд улсын наадамд түрүүлээд, “Их хурд”-д зургаалсан.Уг нь тэнд айрагдах байсныг бид алдаа хийгээд нэлээд араас эргэсэн. Бичлэг үзсэн бол санаж байгаа байх.
-2007 он зөвхөн Энхболдын хувьд ч биш “Талын хүлэгч” галынхны хувьд амжилтын оргил жил нь  байсан?
-Тэр жил гайхалтай сайхан наадсан. Улсын наадамд их морины түрүүлгэж, азарга аман хүзүү, айргийн гурваар давхиулаад Их хурдад очиж азарга түрүүлгэж, айрагдуулан, их морь зургаалуулсан. Тиймээс амжилтын оргил жил байсан гэдэгтэй санал нэгдэж байна. Галын гишүүд хоорондоо эвтэй, санаа нийлсэн улсаар бүрдээд ирэхээр амжилт хүртэл дагадаг юм билээ.
-Төрийн наадамд их морь түрүүлгэж, төрсөн нутаг ус, эцэг эхийнхээ нэрийг дуудуулах тэр агшинд чухам юу бодогддог юм бэ?
-Аав ээж, нутаг усаа дуудуулах хамгийн сайхан юм билээ. Урьд өмнө нь манай Эрдэнэхайрханаас морь түрүүлж байгаагүй учраас Улаанбаатар хотод байсан нутаг нугийнхан маань бүгд цугларсан. Төрж өссөн нутгаа дуурсгах хамгийн сайхан нь. Төрийн наадамд их морь түрүүлгэнэ гэдэг уяач хүн бүрийн мөрөөдөл шүү дээ. Тэр мөрөөдлөө биелүүлж, нутаг усаараа дуудуулж суух эр хүн болсны нэг бах юм даа. Өөрийн эрхгүй омогшдог юм билээ.
-Түрүүлнэ гэсэн бодол байсан уу?
-Байгаагүй. Айрагдаж магадгүй л гэж горьдож байсан. Харин Өндөр Гэгээний наадам дээр бол Дууяа “хадгаа өвөртөлж ирээрэй” гэж хэлж байсан юм шүү.
-Дүүгүүр гэдэг нэрийг юуг бэлгэдэж хэн өгсөн юм бэ?
-Дүүгүүрэн чулуу шиг хурдтай явдаг гэсэн утгаар  бэлгэдэж, манай Лутаа өгсөн юм. Дараа нь
сайхан шүлэг зориулж, дуутай болгосныг нь дуучин Хишигбаяр олны хүртээл болгосон шүү дээ.
Сүүлд манай нутгийн Тамир гэж залуу Егүзэр хээрт зориулан сайхан дуу зохиож, морины Батбаяр дуулсан.
Халтар халтар толгодыг
Эвхэн эвхэн хурдална аа
Хараа гүйцэмгүй хурдлах
Егүзэр хээрийн давхиа гэсэн сайхан үгтэй дуу хүмүүсийн дуулах дуртай дууны нэг болсон байна лээ.
-Егүзэр хээртэйгээ учирсан түүхээр яриагаа үргэлжлүүлье. “Талын хүлэгч” гал уяаныхан Эрдэнэцагаан сумынхантай шифийн харилцаа тогтоох үеэр хийгдсэн наймаа гэдэг байхаа?
-2007 оныхоо намар саарал мориныхоо нутагт нь очиж хүндэтгэл илэрхийлье гээд галаараа явцгаасан юм. Тэгэхдээ бараг Эрдэнэцагааны бүх айлын адуугаар орсон байх. Орсон айл болгон манай галынханд баяр хүргээд адуу бэлэглээд байсан чинь 70 гаруй адуутай болсон байсан шүү. Манай Лутаа тэдний адуугаар орно гээд дагуулаад явдаг. Тэгж явахдаа би анх хээр морио харсан юм. Сумандаа түрүүлчихсэн хүмүүс гуйхаар нь эзэн нь зарахгүй гээд байгаа юм гэж сонсоод би нэг оролдоод үзье гээд хэлтэл яагаад ч надад  өгөхөөр болсон.Ингэж л хээр морьтойгоо учирсан юм даа.
-Нууц биш бол тэр үед хэдээр авч байсан бэ?
-Гайгүй авсан шүү. Надад үнэрхээгүй ээ 6-7 саяар л авч байсан байх.
-Тэгвэл зарахгүй гээд байсан шалтгаан нь мөнгөтэй  холбоотой биш л юм байна?
-Тийм л юм шиг байна лээ. Урьд нь хоёр ч хүн авъя гэж ирэхээр нь өгөөгүй. Манай нутгаас их морь түрүүлгэсэн танд бол өгчихье л гэж бодож байна  гэсэн. Тэгээд л наймаа хийгээд аваад ирсэн.
-Баярмагнай гуай “төрийн наадамд их морь түрүүлгэсэн бүтэн жил айлын хойморт суудаг” гэж хэлж байсан удаатай. Энхболд гэдэг хүн Эрдэнэцагаанд  хүндтэй зочдын нэг биз?
-Ер нь тийм шүү. Сая би 90 жилийнх нь баярын хүлээн авалтанд очлоо. Хүндэт зочдынхоо тэргүүн эгнээнд суулгаад Егүзэр хээрийг маань дурсаж байна лээ. Би хээр мориныхоо хүрэл хөшөөг Эрдэнэцагаанд босгосон шүү дээ.
-Тийм үү, дуулаагүй юм байна?
-Хээр морь тэнгэрт хальж, сайхан хүлгийнхээ толгойг тэвэрч суухдаа “сайн анддаа хүрэл хөшөө босгоё” гэж шийдсэн юм. Тэгээд Америкийн нэг компанид захиалж хийлгүүлсэн. Биеийн харьцаа хийц загвар гээд давтагдахааргүй сайхан хөшөө болж чадсан. Харсан хүн болгон гайхалтай адилхан болжээ гэдэг юм. Дүнжингаравт түрүүлж орж ирж байгаа зургаар нь хийлгэсэн юм.
-Богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэн аргагүй хурдан ажнай шүү?
-Бахархахгүй байхын аргагүй л дээ. Ирсэн жилээ /2008 онд/Дүнжингаравт зургаалсан. Уг нь тасархай түрүүлж явсан юм. Тэр үед манай галынхны урд жилийнх нь омогшил арилаагүй байсан үе л дээ. Тэгээд машинтай дагаж байгаад  “хээр морио хэр зайтай түрүүлгэхэв“ гэж ярилцаад нэлээн шахсан юм. Гэтэл үзүүр дээрээ хургаад зургаалчихсан юм. Ер нь хээр морь хүмүүс рүү ороод ирэхээр тэгдэг шүү дээ. Хавчигт нь анх уясан юм билээ. Тэгэхдээ л зүрхийг нь авчихсан юм боловуу гэж таамагладаг юм. Түүнээс биш яг уралдааныхаа замд ямар ч адуун толгойд л гарч уралддаг. Морьд эргэлээ төд удалгүй Егүзэр хээр гараад ирлээ л гэнэ. Дүнийтэл зогсож байгаа морины хажуугаар харайгаад байгаа нь мэдэгдэхгүй төөлөөд гарна шүү дээ. Тэгээд хүмүүс рүү орж ирээд, шуугиан сонсохоороо чихээ хумхичихаад явахаа байчихдаг юм. Улсын наадамд ч гэсэн тэр жил тэгээд зургаалсан шүү дээ.
-Тэгээд Заамарт очиж аман хүзүүдээ биз дээ?
-Тэгсэн. 2008 онд  хоёр удаа зургаалж, нэг аман хүзүүдсэн юм. 2009 онд болохоор Дүнжингаравт түрүүлээд, Сэлэнгийн бүсэд очиж тавласан. Зун нь улсад аман хүзүүдээд, Очирвааньд очиж бас аман хүзүүдсэн. Тэр жил хээр морины амжилтын оргил үе л дээ. Уралдсан болгондоо орж, улс, бүсийн наадмын нэг түрүү, хоёр аман хүзүү, нэг айраг авсан шүү дээ.
-Хутагтаар нэрийдэх нь хэний санаа байсан бэ?
-Миний. Ингэж нэрлэх хэд хэдэн шалтгаан байсан. Лутаа нэг удаа “бид энэ нутгаас төрсөн сайн хүлгүүдээ Егүзэрийн адуу гэж нэрлэж байя. Сайн яваа хүүхдүүдээ Егүзэр хүүхэд гэж нэрлэж байя гэж манай өвгөд хөгшчүүд ярилцсан” гэсэн юм. Энэ нэг  шалтгаан болсон. Хоёр дахь нь Эрдэнэцагаанд хутагтын гүүн зэлний хоёр чулуун том гадас байдаг юм. 30х30, 20х20 харьцаатай сийлээд сэнж гаргаад хийчихсэн 100-гаад унага багтахаар тийм зэл. Миний хээр морь тэр зэлэн дээр уягдаж байсан юм билээ. Эдгээрийг бодолцож байгаад би “Егүзэр” гээд нэрлэчихье гэж шийдсэн. Хээр морь маань  том хутагтын нэрээр нэрлэгдэж богино хугацаанд өндөр амжилт гаргасан, сайн ч адуу байсан даа. Манай Дууяа олон морь уясан хүн шүү дээ. Тэгэхдээ “миний уясан адуун дотроос хамгийн хурдан нь Егүзэр хээр байсан” гэж хэлж байсан удаатай юм шүү.
-Ингэхэд хээр морь юунаас болоод эндчихсэн юм бэ?
-Угаасаа эмгэг авчихсан байсан юм шиг байна билээ. Бид задалж үзээгүй л дээ. Тэр жил Америкт байсан юм. Утсаар ярихаар хээр морины давхил сайн гарч өгөхгүй байна. Нэг л бүрзгэр байна л гээд байсан. Эргээд бодоход тэр жил өнжөөчих байсан юм билээ л дээ. Би ирээд хээр морио гүжирмэг, хэр баргийн юмыг даачихна гэж бодоод мордуулчихсан нь буруудсан. Цагаан хөтөл өгсөж явахад арваадаар явж байсан. Тэгснээ гэнэтхэн уруудаад алга болчихсон чинь хоолой дотор уначихсан байсан. Усч хүн усандаа гэдэг шиг  уралдаанч морь замдаа хальдаг юм билээ. Тиймээс би жамаараа явсан гэж боддог. Зууны манлай миний хээр морийг “Доржсүрэнгийн хээрийн дараа төрсөн агуу хүлэг”гэж хэлсэн. Монгол түмний шүтээн болсон Ононгийн хээр гэхэд л уралдааныхаа замд яваад өгсөн. Ер нь их сайн адуунууд уралдааныхаа замд явчихдаг юм билээ дээ.
-Цаг хугацаа өнгөрсөн учраас одоо ингэж ярихад тэгтлээ хүнд биш байгаа байх. Харин яг тэр мөчид  ямар байсан нь төсөөлөгдөж байна? 
-Би хүмүүсийн өмнө уйлаагүй ээ. Газар дээр нь очоод “жаахан тэвччихдэг байж дээ” гэж өөрийгөө зэмлэсэн. Харин ачаад явуулахдаа хүнээс нуугдасхийгээд машиндаа сууж байхдаа “сайн анддаа хүрэл хөшөө босгоё” гэж өөртөө тангараг тавьсан юм. Мэдээж тийм хүнд үед өөрийн эрхгүй нулимс унагадаг юм билээ.
-Тод манлай Егүзэр хээрийг илүүтэй үнэлдэгээ хэлж байж. Харин талийг нь илүүтэй үнэлдэг вэ? Төрийн наадмын түрүү авчирсан Дүүгүүр саарал аа юу, дүрэлзсэн гал шиг амжилт үзүүлсэн Егүзэр хээрийгээ юу. Таагүй санагдвал хариулахгүй байж болно?
-Улсын наадмын түрүү гэдэг эрхэм юм. Морио шүтдэг монгол хүний хувьд саарал морь маань миний шүтээн. Нөгөө талаараа миний МУ-ын Алдарт уяач цолны болзлын 70 хувийг ганцаарөө хийж өгсөн адуу бол Егүзэр хээр. Улсын Алдарт уяач цолны болзлыг би дан их морины амжилтаар хийсэн хүн юм шүү. Тэгэхээр миний хоёр буян хоёулаа л гайхалтай. Наадамд мордуулчихаад би Егүзэр хээртээ илүү найдлага тавьдаг байсан. Түрүүлдэггүй юмаа гэхэд цээжинд гараад ирнэ гээд. Миний саарал морь жинхэнэ шөрмөстэй адуу. Газар холдох тусам саарал моринд хэр баргийн адуу ойртохоо байдаг. Өөр өөрийн гэсэн онцлоготой ийм хоёр агуу хүлгээ харьцуулахын арга алга даа. Хоёулаа л надад заяасан бурхны хишиг. Зууны манлай “Нэг хүний уяан хоёр их морь багтана гэдэг том хувь заяа. Танай аав ээж яасан их буянтай хүмүүс байсан юм бэ” гэж хэлж байсан. Энэ бол бас л үг шүү. Саарал морь минь нас ахичихлаа. Энэ жил 18 хүрч байгаа шүү дээ. 18 хүргээд авна гээд нутагт нь авааччихсан юм.
-Очирваанийн хурдаас хойш уралдахыг нь хараагүй. Яагаад тийм эрт зодог тайлсан юм бэ?
-Очирваанийн хурдад арав гаргаж давхисан. Уг нь хөл гар бүтэн, уралдвал уралдчихаар л байсан л даа. Гэхдээ 2010 онд би Америк явахдаа сайхан хүлгийн маань эзгүйд эндүүлчихвий гээд нутагт нь аваачиж үлдээсэн юм.Саарал морь нутаг амьтай, их гүйдэг адуу. Хаврын хаварт заавал нэг удаа нутаг руугаа явна шүү дээ. Тийм болохоор нь ямар ч байсан 18 хүртэл нь нутагт нь байлгая гээд сэтэрлэчихсэн юм.
-Тийм учиртай байжээ. 2009 оны “Очирваанийн хурд” Энхболд Алдартын хувьд омогшил дүүрэн наадам байсан байх. Нутгийнхаа наадамд азарга, их морь аман хүзүүнд хурдлуулна гэдэг олон тохиох хувь биш шүү дээ?
-Нутгийн хүүгийн үүрэг гэж ойлгож байсан. Тэгээд хоёр их морьтой, бас нэг азаргатай очсон. Хонгор азарга маань Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат хурандаа Буд гэдэг хүний адуу. Сумынхаа наадамд  түрүүлчихээд байхад нь би найздаа хэлээд авч явсан юм. Очирвааньд уралдуулна гээд улсын наадамд ч мордуулаагүй. Шууд зүүн талаас баруун урд талд аваачиж уралдуулаад аман хүзүүдүүлж байгаа нь тэр. Ний нуугүй хэлэхэд тэр үед хээр морио түрүүлнэ гэж бодож байсан. Аливаа юманд тэгж бардамнаж болдоггүй юм билээ.
-Азаргандаа хэр найдлага тавьж байсан бэ?
-Шинэ адуу байсан болохоор ёндоо мэднэ дээ гэж бодож байсан. Хүний өм эргэчихсэн байхад юу ч уралдуулсан бараг ордог юм билээ. Нэг тийм үе байдаг юм шүү.
-2013 оны Очирваанийн хурдад хэдэн насны адуутай очсон бэ?
-Хонгор азаргаа, бор морьтойгоо авч явсан. Азарга нь 21-ээр, бор морь 11-ээр бил үү 12-оор ирсэн. Аймгийн баярын дараа Гиннесийн уралдааны баруун бүсийн ангилалд бор морь гуравласан.
-Хаанахын адуу юм бэ?
-Тэр бас Асгатын адуу. Хурандаа Буд гээд хонгор азарганы эзний адуу.
-Сүхбаатарын адуугаар голдуу наадаж байна уу?
-Хэнтийн Мөрөнгөөс нэлээн хэдэн сайн адуу авсан. Шонхор хул гээд аймагтаа дархлагдчихсан, нас нэлээн явчихсан азаргыг би авч байлаа. Улсад мордуулж амжаагүй л дээ. Авсан жилээ их хурдан байсан ч хүүхдээ унагаачихсан юм. Тэгээд дараа жилээс нь хөл нь муудаад уралдуулаагүй. Бас Мөлүү хул гээд Мөрөнгөөс авсан азарга байна. Дааганд нь, анхны дааганы бооцоот уралдаанаар очиж авчирч байсан юм. Тэр бас сайн азарга. Уяад нэг их сайн амжилт үзүүлж чадаагүй ч азарга нь өөрөө сайн адуу. Мөрөнгөөс бас нэлээн хэдэн гүү авсан. Сүхбаатарын Эрдэнэцагаанаас ч гэсэн олон гүү авсан даа.
-Унаган адуунаас эхнээсээ уралдаж байгаа байлгүй. Одоо Алдартаар овоглон хурдалж байгаа ямар хүлгүүд байна?
-Миний унаган адууны хамгийн дээд тал нь хээр азарга байна. Өнгөрсөн жил Их хурдад гарсан цагаасаа өнгөлж яваад 12-оор орсон. Бас халзан морь маань байна. Егүзэр хээрийнхээ хөшөөг босгоход хээр морины эгчээс нь гарсан, тэр жилээ сумандаа түрүүлсэн соёолон үрээ надад бэлэглэсэн юм. Тэгээд хонгор азарга, бор морь хоёр маань даа.
-Шинэ цагийн адуу ч бас цөөнгүй бий байх шүү?
-Даш-Өлзий агаа бид хоёр Горный Алтайгаас 2005 онд азарга оруулж ирж байлаа. Чи санаж байна уу үгүй юу. 2005 билүү 2006 оны Дүнжингаравт нэг Англи хээр азарга их тасархай түрүүлээд явчихдаг. Хүүхэд нь амыг нь хүчрэхгүй татаж, нөгөөх чинь хэлээ гаргаж давхисаар байгаад хөлдчихсөн байсан. Тэр айхтар хурдан азарга байсан юм. Харамсалтай нь хатгаа авахуулаад эндүүлчихсэн. Одоо төлүүд нь бий. Хүмүүс янз бүрийн л бодолтой байдаг юм билээ. Миний хувьд адуугаа чанаржуулах ёстой гэсэн байр суурьтай явдаг. Манай адуунд халхын аль дөмөг гэсэн угшлуудаас гадна Орос, Барга, Англи, Араб цусны азарга гүү бий. Ер нь өөрийгөө гайгүй адуу цуглуулсан гэж боддог шүү.
-Манай зарим уяачдын морьд хилийн чанадад амжилттай уралдаж байна. Дэлхийн хэмжээд уралдах бодол  бий юу?
-Гадаадад морь уяж уралдуулъя гэсэн бодол одоогоор алга. Ер нь Монголд морин тойруулгын адуу бий болоосой гэж бодож явдаг хүн. Монгол адууг холихгүй гэж байгаа энэ цаг үед цэвэр адуугаараа тойруулга уралдаан хийдэг болчихвол хаа хаанаа хэрэгтэй шүү дээ. Ер морин тойруулгын асуудлыг ойрын үед шийдвэрлэх хэрэгтэй.
-Ингэхэд монголын морин спорт, тэр дундаа морин уралдааны өнөөгийн байдлын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Сүүлийн үед хүүхдээр морь унуулахгүй гээд эсэргүү яриа гарч монголчуудыг талцуулж  байгаад уяач хүнийхээ хувьд эмзэглэж явдаг юм. Ер нь монгол хүнийг мориноос нь, монгол хүүхдийг монгол ахуйгаас нь холдуулах нь яавч сайн тал биш.Тэвчишгүй хөдөлмөр гээд айхтар ангилал руу аваачаад хийчихсэн. Минийхээр тэр ангилалд арай өөр зүйлүүд хамаарах байх. Ингэж хэт нэг талыг барихынхаа оронд хүүхдүүдээ хамгаалах, хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр уяачид, ММСХ-той хамтарч ажиллах хэрэгтэй. Монгол ахуйгаасаа хөндийрч байгаа энэ цаг үед морь малтай ойр хэсэг хүмүүс л монгол соёл, ахуйгаа авч явж байна шүү дээ. Гэтэл Монголын уламжлалт соёлыг хадгалж байгаа тэр цөөн хэсэг  рүү довтлоод байгааг ойлгохгүй юм. Нөгөө талаараа морь унаж байгаа хүүхдүүд өөртөө болоод ар гэртээ хөрөнгө оруулалт хийж байдаг. Тиймээс энэ асуудал дээр олон талт байр суурьнаас хандах хэрэгтэй гэж хэлмээр байна.
-Бидний яриа жаргах дөхөж байна. Нутгийн зөвлөлийн тэргүүний тухайд сүүлийн үед хийгдэж байгаа ямар ажлууд байна?
-Би өөрөө ер нь их нутаг амьтай хүн л дээ. Тэр ч утгаараа нутаг орныхоо холбогдолтой ажилд аль болох оролцож дэмжихийг эрмэлздэг юм. Би Эрдэнэхайрхан сумынхаа нутгийн зөвлөлийн даргаар арваад жил ажиллаж байна. Мөн Завхан аймгийн нутгийн зөвлөлийн даргын албыг хашдаг. Орон нутагтаа холбоотой томоохон ажлууд цөм зөвлөлөөр дамждаг.  Тэр болгонд оролцож, боломжийнхоо хэрээр дэмжлэг үзүүлж байдаг.
-Ингээд эцэст нь сэтгүүлийн хуудсаар дамжуулаад нутгийнхандаа мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож байна?
-Завхан аймгийнхаа нийт ард иргэдэд болон морь сонирхдог уяачдадаа “Тод магнай” сэтгүүлээр дамжуулаад сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Энэ жил манай Завхан аймгийн хувьд онцлог жил. 10 сум түүхт 90 жилийнхээ ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Нутгийн та бүхэн минь энэхүү  баяр наадмуудадаа хурдан хурц хүлэг морьдоо амжилттай уралдуулж, айраг түрүү олныг авч сайхан наадаарай хэмээн хүсэн ерөөе.

А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна