“ЖИГЭЭ” АДУУ

Санжаадорж
2015 оны 12-р сарын 08 -нд

Хэнтий аймгийн Баянхутаг суманд “жигээ” Дамбадаржаагийнх гэж олон хүүхэдтэй айл байж. Хүү Жамъяндорж нь 1945 оных айлын тав дахь отгон хүүхэд нь гэнэ. Манайх  дайны жилүүдэд хүн амын тоогоор өрхөд хар гурил өгч байхад гайгүй их гурил авдаг байсан гэдэг юм... гэж Д.Жамъяндорж ярьдаг юм.  Эдүгээ 70 хүрсэн өвгөн уяач энэ жилийн Баянхутаг сумын наадамдаа  удмаа хадгалсан “цагаан” азаргаа хоёр дахиа  түрүүлгэн наадмын магнай тэнийн явна. Өвгөн уяач “жигээ” Жамъяндорж түүний  хоёр түрүүлсэн “цагаан” азарга хоёрын амин холбоо, алдар түүх их  ажээ.  
XX зууны төрийн наадмын  хурдан морины түүхэнд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “жигээ”  Дамбадаржаагийн улаан бор  азарга 1946 он Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор хоёр уралдаж хоёр түрүүлсэн гэх яриа домог болон  мөнхөрчээ. Алтан туурт ажнай хүлэг, эх нутаг, эзэн хүнээ алдаршуулдгийн жишээ энэ юм.  Харин “жигээ” Дамбадаржаа хурдан бор азаргатай болсон нь бусдын л нэгэн адил  азтай учрал тохиосон  байв. 
Ар гэрийнхэн нь Дамбадаржааг хүүхэд байхаас нь лам болгох гэж нийслэл хүрээ явуулж,  таньдаг лам дээрээ өгч  шавилан суулгаж үзэж.  Гэтэл  тэндээсээ оргоод аянчин дагаж долоо хоног яваад Хэнтийд ирж байсан гэдэг. Гэрийнхэн нь түүнийг “хол очоод гэр орноо санаад байгаа хэрэг, ойрхон суулгая”... гээд одоогийн Хэнтий аймгийн төвийн баруун урд, хүүхдийн зуслангийн ойролцоо “Цагаан эргийн хийд”-д суулгасан боловч  мөн л  хөдөө гэрлүүгээ оргоод байдаг байж. 
Тэднийх ганц мөлүү шарга гүүнээс өөр адуугүй байтлаа,  адуунд дуртай гэж жигтэйхэн,  үг л яривал  морь уяна гэж ярьдаг хүүхэд байсан гэдэг.  Ингэсээр  Дамбадаржаа хүү эрийн цээнд хүрч айл гэр болжээ.
Гэтэл Дамбадаржаагийн авга ах “таяг” Данзаншарав гэж, морины судартай,  их номтой лам хүн байж.  Тэрээр  адуунд дуртай  дүүгээ  адуутай, хурдтай  болгохоор нэгийг бодсон хэрэг. Тэр үед төр засаг  баячуудын малыг хураан авчирч хямд үнээр зарж борлуулж байсан үе тул  нутгийн  Жагай ламын  хураагуул адуунаас авахаар таарчээ.
Авга ах “таяг” Данзаншарав  ном барин, хураагуул адууг тойрон явж уншлага уншиж  явсаар “бор”  азаргатай адуунаас  нэгэн борогч гүүг зааж  Дамбадаржаад авч өгсөн байна.
Тэрээр дүүдээ ---үүнээс “айсан гөлөг ” шиг унага гарвал хурдан адуу болно шүү гэж аминчилж хэлсэн байдаг. Гэтэл хойтон хавар нь хэлсэн ёсоор борогч гүүнээс үнэхээр “айсан гөлөг” шиг эр бор  унага гарчээ. Энэ бор унага бол дээр өгүүлсэн 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор хоёр удаа уралдаж хоёр дахин түрүүлсэн алдарт “Их улаан” гэдэг азарга юм.   
1944 оны  Мичин жилийн өвөл “их улаан”-ы төл “дунд улаан”-ыг засаатай үрээ алдчихаад байтал хавар нь  сураг дуулдсан байна. Түүнийг сонсоод их уяач  “шаазан” Шарав гуай их л  анхаарал тавьж  “ газар нутаг, хүнээ танидгаар нь тэр  “өндөр”  Шаравыг явуулж олуулж ир гэж хэлсэн гэдэг. Хавар цас ханзарч,  ногоо гарч байх үед  хязаалан  азарга Мөнххааны Хавхатын багийн төвд тэрэг чирээд “чавганц” оршуулаад явж байхад нь таарч олж авчирчээ.
 Хойтон зун нь эцэг “их улаан”-тай хамт соёолон уягдан ардын хувьсгалын 25 жилийн том ойд очиж уралдаад аман хүзүүдсэн нь  ёстой баяр дээр баяр болсон байна.  Ингэж түүхэн их ойн азарганы түрүү, соёолонгийн аман хүзүүг авч Баянхутаг сум,  уяач “жигээ” Дамбадаржаагийн нэрийг улс даяар алдаршуулж, мөнхжүүлсэн буянтнууд ажээ.
Энэ наадмаас буцах замдаа алдарт “их улаан” азарганы хөл нь нутгаа хүрэх тэнхэлгүй болохоор нь аргагүйн эрхэнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт худаг ус бараадуулаад хазаарыг нь мултлаад орхисон гэдэг. Харин соёолон улаан азарга нутагтаа ирж “дунд улаан” гэж нэрлэгдэн  уягдаж  хурдалсаар  өвгөрчээ.
Уяач “жигээ” Дамбадаржаа нь нутгийн өндөр эрэмбэтэй цөөн уяачдын нэг байв.  Баянхутаг сумын дарга “хамаргүй” Батмөнх гэхч Мөрөн сумын даргаар шилжээд явжээ. Гэтэл намар оройхон Мөрөн суманд их нас, соёолон, хязаалан гурвын уралдаан зарлагдахад  Баянхутагийн гурван да уяач “жигээ” Дамбадаржаа, “шаазан” Шарав, “нарсан” Пүрэв нар  “Мөрөнд очиж гурван түрүүгий нь авъя” гэж зөвлөлдөөд, хэд хоногийн дараа  Дамбадаржаагийн дээр нийлж,  хүү Жамъяндоржоор морьдоо унуулан  хөдөлцгөөжээ. Тэд  Мөрөн суман дээр Батмөнх даргынд очиж байрлан,  Жамъяндорж хүү  уралдан  гурван түрүүгий нь авчихаад ирж байсан байна.  Их насанд “шаазан” Шарав гуайн “сайвар цагаан” гэдэг морь, соёолонд  “жигээ” Дамбадаржаагийн “буурал хээр”, хязааланд “нарсан” Пүрэвийн  онь имтэй “оготор хүрэн” гэдэг морьдоо тус тус түрүүлгэцгээгээд буцаж байжээ. 
Харамсалтай нь үүнээс хойш хэдхэн  жилийн дараа  уяач “жигээ” Дамбадаржаа 1956 онд 61 насандаа өөд болж хүү Жамъяндорж 11 настай хоцорсон эмгэнэлтэй явдал тохиосон байна.  Гэсэн хэдий ч хүргэн Гүрцэдэн, хүү Жамъяндорж нар өдий хүртэл бор азарганы удамыг хадгалж, хурдлуулж ,”Аймгийн алдарт уяач” цолоор өргөмжлөгдөн, олонд түмэнд  “жигээ адуу” гэх нэрийг  алдаршуулсаар ирсэн нь  эндүүгүй үнэн  юм.
“Жигээ адуу”-г өвлөсөн хүргэн
“Жигээ адуу”–г таслахгүй авч ирсэн хүн бол уяач  Дамбадаржаагийн  том хүргэн нь байсан малын эмч Гүрцэдэн юм. Гүрцэдэн “жигээ” Дамбадаржаагийн том охин Хандсүрэнтэй суугаад том ойд аман хүзүүддэг “дунд улаан” азаргатай адууны эзэн нь болох хувь заяа тохиожээ.  Алдарт “жигээ улаан” гэх азарганы удам дарааллыг тоймлон үзүүлбэл,
1.1946 онд Улсын 25 жилийн ойд түрүүлсэн “их улаан” азарга
2.“Их улаан”-ны төл “дунд улаан” азарга. 1946 онд улсад соёолон аман хүзүүдсэн. 1962 онд Мөрөн суманд Гүрцэдэнд байхдаа хөгширч жишжээ.
3.“Дунд улаан”-ы  үр “Толбот бор” 1960 оны үед  Баянхутагт 2 түрүүлсэн,Мөрөн суманд 2 түрүүлсэн.
4.“Толбот” борын  төл “сайвар цагаан” азарга.
5.“Сайвар цагаан”-ы төл нь Гүрцэдэнгийн Найдангийн цагаан ,
6.Гүрцэдэнгийн Найдангийн цагааны төл  нь  Гүрцэдэнгийн ягаан  азарга.
7.Гүрцэдэнгийн Ягаан азарганы төл Гүрцэдэнгийн Найдангийн 10 гарч  буй  цагаан азарга одоо байгаа юм.  
Малын эмч  Гүрцэдэн 1958 онд Мөрөн суманд малын эмчээр шилжин очиж ажиллажээ. Тэр үед   “дунд улаан” хөгширчихсөн байсан үе. Тэнд очсон жилээ Баянхутаг суманд хэд түрүүлсэн  дунд улааны төл  “толбот” цагаан азарга,  буурал хээр морь, даага зэрэг 3 түрүүгий нь авч, шүдлэн гуравт ороод соёолон нь хадуураад айрагдаж чадаагүй гэдэг юм. Толбот бор түүнээс хойш ч бас түрүүлсэн байна.  Тэр үед мөрөн сумынхан хурдаар ядуу байсан хэрэг л дээ. 
Үе залгаад Толботын төл “сайвар цагаан” гэж хурдан азарга гарчээ.  Сайвар цагааны төлүүд ч мөн  давхил нь ороод ирэхээрээ бөмбөгөнөтөл сайварлаад, борви нь татанхай юм шиг явдаг атлаа хурдлаад байдаг сонин адуу байсан гэх юм билээ.  Уяач Гүрцэдэн сайн гүү тавьж адуугаа хадгалж явах ухааныг мэдсэн хүн. Тухайлбал: Мөрөн сумын уяач өндөр Дамдинсүрэнгийн хадам өвгөнөөс хээр гүү авсан. Түүнээс гарсан эр болгон нь хурдалсан гэж Мөрөнгийн уяачид ярьдаг юм.
Хүргэн Гүрцэдэн  малын эмчийн албан  ажил хийхийн хажуугаар хурдтай, сайн уяач болсон нь тодорхой. Гэвч  морь уясан хэргээр намаас олон удаа  арга хэмжээ авагдаж, цалингаа хасуулж, торгуулж, албан тушаал буурч, энд тэнд элдэв ажилд хөөгдөж, шахалт хавчилтан дор нилээд он жилийг өнгөрүүлж туулжээ. Тэрээр Мөрөн суманд байхдаа “жигээ” адууг нилээд хүнд өгсөн байдаг юм. Үүнд “Түүдэг” Жамсранжавын улаан, “Алцгар” Ядамын улаан, “Өндөр” Дамдинсүрэнгийн улаан, “тайжийн” Лувсангийн хонгор, Солийн Гомбожавын хонгор гэх мэт олон азарга байдаг. 2000-аад  оны үеийн  Мөрөнгийн Энхсүхийн бор, Чандаганы уурхайн Цэвээний халтар гээд  “жигээ” адууны  удмын  азарга, гүүнүүд  их ч тарсан, энд тэнд  хурд ч тарьсан байдаг.
Хэнтийн Мөрөн сумын “түүдэг” Жамсранжавын улаан, “алцгар”  Ядамын улаан гээд   Гүрцэдэнгийн  “толбот” цагааны төлүүд нь хурдлаад гавьдаггүй арав дотор л ордог байсан гэж Мөрөнгийхөн ярьдаг юм. 
Уяач  Гүрцэдэн Баян-Овоо суманд 1963 онд шилжиж очоод дөч гаруй жил амьдарчээ. Баян-Овоо суманд очоод “жигээ” адууг тэндэхийн орог адуу нэртэй болгоод, цагаан адууны өнгө өөрчлөгдөөгүй,  удам тасраагүй хурдалсаар байгаа юм...  гэж уяачид ярьцгаадаг юм билээ.  Энэ адууг таслалгүй  гардсаар авч яваа хүн бол уяач Гүрцэдэн гуай мөн ажээ. 
“Жигээ” Жамъяндорж
Баянхутагийнхан ааваасаа өнчирсөн  “Жигээ” Дамбадаржаагийн Жамъяндоржыг  “жигээ” Жамъяндорж гэж нэрлэдэг болсон юм билээ. Уяач “жигээ” Жамъяндорж сумандаа бол уяачын хувьд тэргүүнд өргөмжлөгдөнө. Түүнийг  сумандаа хэдэн айраг түрүү авсаныг тоолж гаргахад хэцүү. Лав л таван азарга түрүүлэгсэн , аймгийн 60 жилийн ойд соёолон айрагдуулж байсан гэдэг нь бүгдэд илэрхий зүйл. Тэрээр --- би энэ өвөлж ирсэн цагаан адууг алдуулахгүй авч явах гээд л зүтгээд байгаа хүн. Хүү , ач зээ нартаа буурлын буянаа үлдээх л учиртай юм даа? гэх нь түүнээс аргагүй л  монгол уяачын жудаг ханхлаад  байдаг юм.
Жамъяндорж хүү 1959 онд  14 настай бусдыг даган нэгдэлд орж хэдэн азарга адуугаа өгөөд буурал хээр, шаргын хүрэн гээд хэдэн сайхан  морьдоо авч үлджээ.
1963 онд цэрэгт яваад гурван жил болоод ирэхэд  жигдхэн харьчихсан морьд болоод байж байсан гэнэ. Үндсэндээ Жамъяндорж 24 хүртлээ морины сүүл боогоогүй ажээ.   Цэргээс ирснээсээ хойш хүргэн асан Гүрцэдэнгээс 18 настай “сайвар цагаан” азаргаа 1968 оны зун өөр дээрээ авчирсан байна. 
Хойтон зун нь өвгөн азаргаа  Баянхутаг сумандаа уяж эхлэхэд  түүнийг сонссон “нусгай” Дагва гэдэг уяач өвгөн,  Жамъяндоржид --- тэр хүүхэд юу мэдэх вэ? зайлуул. Хөгшин азаргаа осголох гэж байгаа гэсэн. Давхилы нь дандаа дутуу хийж байгаарай... гэж хэлүүлж байжээ. Жамъяндорж өвгөний хэлснээр хийж байгаад 19-тэй  түрүүлэгсэн гэдэг юм. Тэгэхэд мөн давхар бор шүдлэн түрүүлэгжээ.  Үнэндээ өөрийн алдарт улаан азарганыхаа удмыг өөр дээрээ цуглуулж , уяж хурдлуулж эхэлсэн үе нь  энэ юм.   Энэ шүдлэн үрээ соёолон болдог жил ”жигээ” адууны буянаар  бага залуудаа 1971 оны улсын 50 жилд урилгаар ганц удаа хотын наадамд явж үзсэн  удаатай. 
Залуу уяач “жигээ” Жамъяндорж нэрт уяач “баадуу” Доржоос алаг үрээ авч азарга тавьж адуутайгаа нийлүүлж олон сайн адуу төрүүлж байжээ. Гэтэл 1979 онд сүүлчийн нийгэмчилгээнээр нэгдэлд олон сайн адуугаа  хураалгасан гэдэг юм.   “Энд тэнд  хүмүүс манай адууных гэж хаа сайгүй л яригдаад байдаг юм. Ихэнх нь худлаа даа. Нэр олох гэж л тэгдэг байх”... гэж ярих нь нэгийг бодогдуулж билээ. 
Өөрийн болсон “сайвар” цагаан азарганыхаа  дараа түүний төл шүдлэн нэг жил  түрүүлсэн цагаан азаргатай болжээ.  Дараа нь бас л түүний төл  шүдлэндээ суманд түрүүлсэн төл цагаан азаргаар  азарга тавив. Энэ бол “сайвар цагааны” гурав дахь үеийн азарга юм. Үүний төл дөрөв дахь үеийн азаргыг суманд уралдаж байгаад эндүүлээд түүний төл тав дахь үеийн цагаан азарга 2002 онд аймагт тавд орж байжээ. Энэ цагаан азарга сумандаа соёолон түрүүлээд хавчиг гуравт орж байсан аж.    
Үүний төл эхэнд өгүүлдэг цагаан азаргыг уяач Д.Жамъяндорж бага насанд нь 2 айрагдуулаад Хэнтий аймгийн 90 жилийн ойгоор 10-т оруулж, 2013, 2015 онд Баянхутаг сумандаа түрүүлгээд байгаа юм.   Одоо 10 настай азарга. Эх нь болохоор Галшарын “жожиг” Лувсан –Ишийн хонин нүдтэй  хааяа айрагдчихдаг сайхан  хээр азарганы  үр хонин нүдтэй  хүрэн азарганы төл хонин нүдтэй хүрэн байдаснаас гарчээ. Хоёр талын удамтай адуу  хазгай гарах нь  ховор гэдэг нь ч үнэн шүү.
 Түүхэнд мөнхөрсөн “их улаан” азарганы удмыг өвөлж ирсэн алдарт уяач Жамъяндорж өвөөгийнхөө удам залгасан ач, зээ залуу уяач Алтаншагай, Эрдэнэболд, Болд-Эрдэнэ нар буяныг нь   даах жамтай ажгуу. 
Олон түмэнд яригддаг “жигээ” адуу
Баянхутаг суманд 10 түрүүлсэн Д.Нацагдоржын “босоо хонгор” азаргыг   жигээ угшилтай гэдгийг ингэж ярьдаг юм. --- Хэрээ хөхөлийн Маналын Дашийн ганц шарга гүүг Ядамын улаан азарганд тавиад Тонгоон Чүлтэмийн хөх саарал азарга  гарч  дааганаасаа соёолон хүртлээ хурдлаад хөлгүй болжээ. Хөх саарлын үр гацаа Энхбатын “жанжаа” адууны өрөөсөн хөхтэй хонгор гүүнээс шарга унага гарч азарга болгосон байна. Шарга азарга хүн хүний гар дамжсаар “учиргүй” Базаа авчээ.
Баянхутаг сумын учиргүй Базаа гэж ганц бие явдаг ээрэг, муурагхан хүн болохоор нь хүн хүүхдээ түүнд  морь унуулахаар өгдөггүй байж. Хаврын уралдаанд шарга азаргыг өөрөө уяад, өөрөө унаж уралдаж аман хүзүүдүүлж байсан хүн. Түүний дараа шарга азарга Баянхутагийн уяач Лувсандамдинд зарагдаж очоод хөлгүй болсон гэдэг. Шарга азарганд Баянхутагийн  Ёндонсамбуугийн цагаан гүүг хураалгаж хонгор унага гарсан нь Баянхутагийн Дандарын Нацагдоржийн “босоо хонгор”  азарга төржээ. Мөн учиргүй Базаагийн хонгор гэж хурдан азарга гарсан байдаг. 
Түүний зэрэгцээ “толбот” цагааны төл Тайжийн Лувсангийн хонгор азаргыг шүдлэнд нь Босоожамсран унаж Мөрөн суманд далд түрүүлгэсэн гэдэг. Түүний үр саарал азарга Бадраа өвгөнд байгаад сайн төлүүд гарчээ. Мөрөнгийн Бадраа Ганаагийн оонон, хул, халзан, хонгор азаргануудын эх тал нь саарлын удам гэдэг.
Мөрөн сумын уяач “өндөр” Дамдинсүрэн Гүрцэдэнгээс бор үрээ авсан байна. Бор үрээ нь огт явахгүй байгаад сүүлдээ гар дамжаад Өмнөдэлгэр сумын “шанага” Дамдинд очжээ. Өмнөдэлгэрт очоод Дамдингийн хурдан хүрэн мориноос эхлээд төлүүд нь их хурдалсан байна. Мөрөнгийн Солийн Гомбожав нэг хонгор үрээ авсан. Сүүлд Жаргалтхаан сумын уяач Ар-Үр улаан даага, Бэхийн Наваанцэнд10 тугалтай үнээгээр бор азарга, Мөрөнгийн “жагайн” Гончигжав бас нэг хонгор үрээ авсан  гэдэг. Ингэж “жигээ” адууны наймаа хаа сайгүй л явагдсаар ирсэн.
Бас нэгэн наймааны тухай өгүүлье. Мөрөнгийн Санжидмолом “хар” Пунцагийн Гомбодорж гуайгаас охиных нь унадаг сайвар хар морийг нь авах гээд хэд иржээ.
Тэгээд Санжидмоломд, за би чамаас их юмыг чинь аваад яахав. Чи Гүрцэдэнгээс Батын Доржсүрэнгийн цагаан гүүг авсан гэсэн, тэр цагаан гүүгээ унагалангуут нь надад хөтөлж авчирч өгнө шүү. Тэгвэл сайвар хар морио ав гэжээ. Санжидмолом дотроо ганц гүүгээр хямдхан авлаа гэж баярлаад наймаа тохирчээ. Санжидмолом тохирсон ёсоор цагаан гүүгээ “толбот”-ын үр охин хар унага дагуулан хөтөлж авчирч өгөв.
Пунцагийн Гомбодорж өвгөн хараад, за за над шиг нас явсан хүнд охин унага гарсан нь тиймхэн л юм байна. Нэгэнт ярьсан наймаа болохоор яая гэхэв гэж хэлж гүүгээ оосорлож аваад,
 ---- “Гэлэн хүүний “бацаан” минь ээ, чамайг би насаар чинь хожих нь энэ  дээ”...  гэж тоглоом болгон хэлжээ. Ингэж хэлсэн үг нь үнэн болжээ. Охин хар унага нь цагаан гүү болоод түүнээс гарсан Мөрөнгийн Норовын цагаан морь аймагт аман хүзүүдсэн, Босоожамсрангийн цагаан морь Мөрөн суманд нэг түрүүлж, 3 айрагдсан, аймагт айрагдсан, Баттулгын цагаан морь, Гомбодоржийн буган гээд 4 хурдан цагаан морь гарч “жигээ” адууны сайныг харуулсан байна. Тэрээр гурван цагаан морийг тэр үед 750 төгрөг хазаарын адуугаар өгсөн байдаг.
Гомбодорж өвгөн Гүрцэдэнгийн хүү Найданг 1980-аад онд эцгээсээ цагаан азарга аваад Мөрөнд ирэхэд, –-- Миний цагаан адуу дуусч байхад эцгээсээ цагаан азарга аваад ирлээ. Манай Мөрөнд “жигээ” адуу тасрахгүй юм байна. Чи эцгийнхээ адууг таслахгүй сайн хүү байна... гэж магтаж  байсан гэдэг. 
Мөрөн сумаас гадна Хэрлэн САА-н “зогоо” Дашийн хар түүний угшил “өөхний” Хаянгийн хар,  “хурдны” Доржийн хар, Наран-Өлзийн хар, Мягмарын хар, Түмэнхишигийн хар гээд Биндэр, Батноров, Баян-Адарга сумдад тарсан энэ олон азарганууд бүгд аль нэг талаасаа “жигээ” адууны угшилтай болно.    Сайн ажиглаад байвал сайвар ч байж мэднэ шүү.
Алдарт  “жигээ” адууны эзэд  хүргэн Гүрцэдэн агсан, хүү Д.Жамъяндорж нар энэ үеийн ахмад, нэрт  уяачид болж “Аймгийн алдарт уяач” цолоор өргөмжлөгдөн нутгийн түмэндээ хүндлэгдсээр байгаа юм.  Хурдны өлгий Хэнтий аймгийн “жигээ” адууны товч түүх ийм бөлгөө.
Н.Санжаадорж 2015.07.18


.
 

 

 

 


 

 

 

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.