Аймгийн Алдарт уяач Б.Батбаяр: Хул азарганыхаа хурдыг үзье гэж бодоод "Их Хурд"-ыг зорьсон

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 20 -нд

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Б.Батбаярын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан морь сонирхогчид таныг “Чавх” хул азаргаар тань эчнээ танина.  Морины олимпод айрагдсан хурдан хүлгийнхээ удам угшлыг танилцуулаач?
 -Миний хул азарга Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “дэнхэр” Жигжид гэдэг хүний адуу. Хул азарганы өвөг эцэг нь Сүхбаатар сумын наадамд олон түрүүлж, айрагдсан Рекорд хонгор гэж азарга байсан юм билээ. Яагаад Рекорд гэж нэрлэсэн бэ гэхээр 1980 хэдэн онд тухайн үеийн аймгуудын удирдлагууд 22 км-т азарга уралдуулаад барианд орсон хугацаагаар нь хэмжиж хамгийн хурдан адууг шалгаруулсан. Тэгсэн тэр хонгор азарга хамгийн богино зайд замаа туулж Рекорд гэдэг алдрыг хүртсэн юм билээ. Би хул азаргаа хавчиг зургаатай авч байсан. Надад ирэхээсээ өмнө овооны тахилга наадамд хоёр айрагдчихсан байсан.
-Сайн адуу эзнээ хайж байдаг гэдэг. Хул азарга Батбаяр Алдарт хоёр хэрхэн учирсан юм бэ?
-Хурдан адуу эзнээ хайж явдаг гэдэг үнэн юм билээ. Миний хуурай ах Чимэгбат гэдэг хүн дээр анх ирсэн юм. Тухайн үедээ эзэн нь 15 саяар зараад “Дүнжингаравт айрагдуулж өгнө” гэдэг тохироо хийсэн юм билээ. Тэгсэн Дүнжингаравт 30 хэдээр ирээд, Хишиг-Өндөрт болсон хаврын уралдаанд долоогоор давхижээ. Түүнээс болоод хүмүүс голох маягтай болж, наймаа ч буцахаар болсон. Тэр үед олон хүн хул азаргыг харж шинжээд л байсан. Миний хувьд  нүд нь их таалагдсан. Зан аашийн хувьд их дөлгөөн адуу шүү дээ. Тэгээд л ер нь авъя гэж бодоод Сүхбаатар суманд байсан жинхэнэ эзэн Ганаа гэдэг залуу руу нь Өлзий ахыгаа явуулсан юм.
-Нөгөө уяж байсан хүнтэй нь ойлголцож болохгүй байсан юмуу?
-15 сая төгрөг гэдэг тухайн үедээ өндөр ханш л даа. Тийм учраас жинхэнэ эзэнтэй нь уулзаж ярилцах нь зүйтэй гэж бодсон юм. Өлзий ах маань очиж уулзаад надтай утсаар яриулсан. Бид ярилцаад үнээ тохирсон учраас хул азарга маань минийх болсон доо. Надад ирсэн нь ийм л түүхтэй. Хавар их нимгэн адуу ирсэн. Тэгээд яахаа мэдэхгүй баахан витамин өглөө, өндөгтэй овъёос өглөө. Тэжээл бол ерөөсөө таслаагүй. Зун болоход сайхан махлаад янзын болсон байсан л даа. Хоёр гүүтэй. Тэгж байгаад 7-р сарын  2-нд Булган аймгийн Орхон сумын наадамд уралдаж түрүүлээд, аймгийн наадамдаа уралдалгүй өнжөөд 7-р сарын 28-нд болсон төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн шүү дээ. Яагаав улсад айрагдсан Буяннэмэхийн бор соёолон азарганд уралдаж түрүүлээгүй юу.
-Аваргын нэртэй юу?
-Тийм. Бор үрээтэй 400-500 метр хэртэй тасарч ирсэн ш дээ.
-Нөгөө голж, чамлаад байсан хүмүүс юу гэсэн бэ? 
-Их олон хүн “би авах гэж байсан юм” гэсэн. Ер нь тэгээд аливаа адууг давхиад ирэхээр л хүмүүс анзаардаг ш дээ. Сайхан шинжүүд нь бүгд тодорч харагддаг юм шиг байгаа юм. Тухайн үед навсайсан туранхай хул азаргыг анзаарахгүй л байсан шүү дээ.
-2011 онд яаж наадсан юм билээ?
-Төвийн бүсэд айрагдсанаасаа хойш  уралдсан болгондоо  орсон. Ер нь айраг, түрүү алдаагүй шүү. 2011 онд Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойд аман хүзүүдээд, Баянхонгорын 70 жилийн ойд гурвалсан. 2012 онд болохоор хөлөө гэмтээчихээд Булганы Баяннуурт болсон хаврын бүсийн уралдаанд түрүүлээд дахиж уралдаагүй юм. 2013 онд болохоор аймагтаа түрүүлээд, “Их хурд”-д очиж гуравлаад, Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсэд ахиад гурвалсан шүү дээ.
-2014 онд...?
-Гавьтай давхиагүй ээ. 2015 онд Алдарт уяачдын мялаалга наадамд түрүүлээд, Булганы бүсийн уралдаанд айрагдсан. Сүүлийн хоёр жил би өөрөө уяа сойлгыг нь тааруулж байгаа. Өөрөө гардаад уяхаар адуугаа илүүтэй хайрлаж, мэдэрдэг юм байна.
-Чавх хул гэдэг нэрийг хэзээ өгсөн юм бэ?
-Өөрийнх нь эцгийн нэр байгаа юм. Сумандаа хурдаараа гайхагдсан азарга байсан юм билээ. Тэгэхээр нь би бэлгэшээгээд эцгийнх нь нэрээр нэрлэчихсэн юм. Хул азарга 2010 оны төвийн бүсэд айрагдсаны дараагаар би адуунд их шийдэмгий нүүсээн. Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Мөнххаан, Дорноговь аймгийн Иххэт, Дэлгэрэх зэрэг сумдаас гүү голдуу адуу авсан.
-Хул азаргандаа хэдэн гүү өгч байгаа вэ?
-Одоо найман гүүтэй. Өөрөө ороо ихтэй азарга. Энд тэндхийн уралдаануудад явахдаа заавал гүү авч явна ш дээ. Тэгэхгүй бол чангарна, нарийсна.
-Хул азаргатайгаа улсын наадамд явах тухай бодож байв уу?
-2013 онд үнэхээр хурдан байсан л даа. Тэр үед найз нөхдөөс эхлээд олон хүн улсын наадамд явахыг зөвлөж байсан ч би өөрөө жаахан эмээгээд яваагүй. Аймагтаа хол түрүүлгэе гэсэн бодолдоо л хүрсэн. Тэгээд л ер нь их урам орж улсын наадмыг алдчихсан юм чинь “Их хурд”-д л явъя. Тэнд л хул азарганыхаа хурдыг үзье гэж бодсон.
-“Их хурд”-д мордоход нь хэр итгэлтэй байсан бэ?
-Тэр жил Улс халзан улсад түрүүлээд, Сугарын хул, Баяраагийн хонгор хоёр айрагдчихсан байсан ш дээ. Ер нь бол хул азарга  халхын довтой азаргануудтай л уралдаж айрагдсан. Яагаад ч юм би тухайд үед тэгтлээ хөөрч баярлаагүй.
-Яагаад?
-Хэт их баярлаад балмагдсан юмуу ямартаа ч их л тайван байсан. Азаргандаа анхаарал хандуулаад тэгсхий гээд байж байсан Өвөрхангайн хоёр ах ганц шил архитай ирээд “энэ том довон дээр азарга айрагдуулдаг буянтай хүү юм” гээд баяр хүргэсэн. Тэр болтол хэн ч надад баяр хүргэхэв. Хэн ч намайг онгироож огшоохов. Тэгж байсан УИХ-ын гишүүн Улаан, яруу найрагч Ай, Төмөр-Очир нарыг ирэхэд сая нэг “би чинь нээрэн их том наадамд азарга айрагдуулсан хүн шүү дээ” гэх бодол төрсөн. Тэгж байтал ар араасаа дуудлага ирээд баяр хүргээд л ...
-Төвийн бүс рүү явах шийдвэрийг та өөрөө гаргасан уу?
-Их хурдад айрагдуулчихаад хөтлөөд явж байхад азарга маань ямар ч ядарсан цуцсан шинжгүй, харин ч бүр гүүгээ хайгаад л... Тогтохгүй сэвэлзээд байсан. Тэгэхээр нь ахиад нэг уралдаан бол лавхан байгаа юм байна гэсэн тооцоо хийгээд л Төв аймгийг зорьсон доо.
-Яагаад төвийн бүсийг зорьсон юм бэ? Уг нь та чинь Завхан нутгийн хүн юм байна шүү дээ. Нутагтаа уралдъя гэж бодоогүй юу?
-Санаа байсан. Гэхдээ хүн бүл цөөтэй, талдаа 1000 гаруй км явж очно гэж бодохоор жаахан бэрхшээсэн л дээ. Түүнээс өмнө би азаргаа машин тэрэгнээсээ унагаж байсан юм. Тэр болгоноо бодолцоод бараг өдөртөө яваад оччихно гэдэг утгаараа төвийн бүсийг зорьсон доо. Цэндбаатарын бор соёолонтой хоёул нэлээд зайтай тасарч яваад  үзүүр дээрээ Баяраагийн хонгорт дайруулаад гурвалсан. 400 гаруй хурдан азарганаас тийнхүү айрагдахад нь аргагүй бахархаж байлаа. Төв аймаг бол халхын томчууд уралддаг дов шүү дээ. Тэр утгаар нь их бэлгэшээсэн. Халхын томчуудын нутагт Эрдэнэтийнхээ нэрийг гаргаж чадсандаа одоо ч гэсэн баяртай байдаг.
-Ингэхэд хурдан хулын эзэн хэзээнээс хүлгийн хийморьт сүсэглэх болсон юм бэ?
-2008 оноос эхлээд морь мал цуглуулсан. 2009 оныг хүртэл болох болохгүй олон адуу авсан. Тэгж байгаад хул азаргатайгаа таарч түүнээс хойш өнөөдрийг хүртэл сайхан наадаж байна. Нэг үе соёолон адуу айрагдуулчих гээд Сүхбаатараас хэд хэдэн үрээ авсан. Сайхан цоохор үрээ л нэг айрагдсан. Бусад нь санаанд хүртэл давхиагүй ээ.
-Хул азарганы төлүүд хэрхэн давхиж байна вэ?
-Хул азарганы төл хул үрээ гайгүй сайн давхиж байгаа. 2014 оны “Хангарьд” уралдаанд өнгөлж яваад зургаалсан. Дараа нь орон нутгийн чанартай уралдаанд хэд хэд айрагдсаан. Өөр одоогоор давхиж байгаа адуу алга. Ер нь тэгээд хурдан азарганы төл гол төлөв охин гарах юм. Түүнээс нь ганц нэгийг найз нөхдөдөө бэлэглэсэн. Адууныхаа цусыг холдуулах гээд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас бөөн сүүлтэй хүрэн азарганы төлийн төл цавьдар азарга авсан. Асгатаас Махбуриадын улаан азарганы угшилтай бор азарга авсан. Тэдэндээ Англи, Арабын нэгдүгээр үеийн эрлийз гүүнүүд хураалгаж байна. Удахгүй өөрийн унаган адуунуудаар аль ч ангилалд нь уралдчихдаг болох байх.
-Унаган адуугаа айрагдуулах уяачийн хамгийн том бахархал гэдэг. Бидний ярилцлага “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны 20 жилийн ойн дугаарт нийтлэгдэнэ. Сэтгүүлийн хуудсаар дамжуулаад мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож байна.
-2015 он бол монголын уяачдын хувьд түүхэн жил юм. Яагаад гэвэл уяачдын эв нэгдэл болсон ММСУХ гэдэг байгууллага 20 нас хүрч байна. МСУХ гэдэг бол уяачдын хөдөлмөрийг үнэлүүлж, эрхийг хамгаалдаг байгууллага. Мөн морин уралдааны өнгө төрхийг тодорхойлж, бодлого гаргадаг. Тэр утгаараа уяачдын хувьд МСУХ гэдэг хамгийн эрхэм нандин байгууллага. Ингээд Орхон аймгийнхаа МСУ-ын “Эрдэнэт хүлэг” холбооны хамт олондоо баярын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн нийт уяачдадаа уясан хүлгүүд нь хурдан байхыг ерөөлийг өргөе.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны 20 жилийн ойн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна