МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Х.БАДАМСҮРЭН: Монгол хүний нарийн ухааныг шинжлэх ухаантай зөв хослуулвал адууны үйлдвэрлэлд илүү үр дүнд хүрч чадна

Тэлмэн
2017 оны 11-р сарын 13 -нд

Бид энэ удаагийн “Дугаарын зочин”-оороо “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал, Монгол Улсын Алдарт уяач Хоохорын Бадамсүрэнг урилаа. Тэрбээр насаараа төрийн албанд зүтгэхийн зэрэгцээ хурдан морь уях төрийн их хэрэгт оюун ухаанаа чилээж, өвөг дээдсийнхээ уяач удмыг таслалгүй түүчээлж яваа нэгэн билээ.
Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болохын зэрэгцээ нүүдэлчний өв соёлтой зарим талаараа зөрчилддөг уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн төлөө санаа бодлоо уралдуулах ажлын шаардлага, тийм боломж, дадлага туршлага, эрдэм боловсрол түүнд бий . Нөгөөтэйгүүр монголчуудын уламжлалт их өв соёлын түүхэн гэрч болсон хурдан морь, морин спорттой холбоотой асуудлуудын талаар эргэцүүлэн бодох монгол хүний ухамсарт үүрэг ч бас бий. Тиймээс бид баяр наадмын өдрүүдэд түүнтэй уулзан, дээрх хоёр үүргээ хэрхэн биeлүүлж яваа хийгээд хувь хүнийх нь санаа бодлыг сонсохоор зорьсон юм.

-Ардын хувьсгалын түүхт 96 жилийн ойн их баяр цэнгэл наадмаар тантай уулзан ярилцаж байгаадаа ихэд бэлгэшээж байна. Уяа эвлэг, морьд хурдан сайхан наадаж байна уу?
-Монголчууд маань бүгдээрээ үндэсний их баяр наадмаа итгэл, сэтгэлээрээ дэмжиж оролцдог болохоор жил жилийн наадам өөр өөрийн гэсэн онцлогтой болдог. Монгол морь, монгол бөх, монгол сурын харваа нь монголчуудын нүүдэлчний ёс заншил, өв соёлын онцлог, бахархалыг илэрхийлж чаддаг. Энэ ч утгаараа ард түмэн, тэр дундаа аж ахуй нэгж, байгууллагууд өөрсдийн нэр дээр бөхөө барилдуулж, морьдоо уралдуулан, харваачдынхаа цэц мэргэнийг сорьдог сайхан уламжлал тогтоод байна. Энэ  нь хамт олныг нэгтгэдэг, хүчирхэг болгодог сайн талтай.
Энэ жилийн хувьд газар орон хэдийгээр гандуу байгаа ч уяачид маань аль болох ногооны соргог, зуншлагын сайныг хайн олж, хурдан хүлгүүдийнхээ уяаг эвлүүлж байна. Мөн цаг үе, сонгуультай холбоотойгоор зарим сумдын наадам хойшлогдож, зарим аймгийн наадам улсынхтай давхацсан. Энэ ч утгаараа өмнөх жилүүдийг бодвол цөөн морьд мордох шинжтэй байна.
-Нөгөөтэйгүүр баяр наадмын өмнөхөн Шадар сайд У.Хүрэлсүх “эрлийз адууг монгол адуутай хамт уралдуулахгүй” гэсэн шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн үр дүнд шүдлэн насанд л гэхэд нийт уралдах морьдын 70 хувийг хассан түүхэн явдал боллоо. Гэхдээ хүмүүс энэ шийдвэрийг янз бүрээр л хүлээн авч байна. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Монгол адуу тэсвэр тэвчээр, холч чанар, асар их ухаантай амьтан. Энэ ч утгаараа бид монгол морьдоо бишрэн шүтдэг. Олон жил уралдуулж, хурд хүчийг нь сорин наадахын зэрэгцээ үүлдэр угсааг нь сайжруулах, хурдыг нь нэмэгдүүлэх ажлуудыг ч үе шаттайгаар хийж байна. Энэ нь монгол адууны үүлдэр угсааг сайжруулахаас гадна ажлын байр бий болгох, адууныхаа тоо толгойг нэмэгдүүлэх зэрэг асар их ач холбогдолтой бөгөөд үндсэндээ адууны үйлдвэрлэл гэж өргөн утгаар нь ойлговол зохилтой. Үүнд хамгийн их анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс нь хурдан морины хорхойтнууд, уяачид. Хөдөөгийн малчид маань ч адуу малаа борлуулан, амьдрал ахуйгаа сайжруулж байна. Үүнийг дагаад монгол адууны үнэлэмж ч өслөө. Цус холдох тусмаа л өнгө зүс, хийц уран, хурд хүч нь сайхан болж байна.
ММСУХ ч уяачдын болон хөдөөгийн малчин ардынхаа хүсэл эрмэлзлэлийг мэдэрч, үүнд зохицсон бодлого боловсруулж, үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, уяачдын  холбооны удирдлагуудын санаачилгаар уламжлалт монгол зургаан наснаас гадна эрлийзийн дээд, дунд, бага нас гээд нийт есөн нас уралдуулдаг боллоо. Энэ нь ч уяачдад бүх хүлгээ уралдуулах боломжийг нээж өглөө.
Нөгөөтэйгүүр, амьдрал праkтиk дээр цэвэр цус ороогүй, монгол адуу эрлийзүүдтэй уралдахад үнэхээр хүнд. Хурд, хүчний асар их ялгаа гардаг. Тиймээс ч миний хувьд монгол болон эрлийз адууг ялгаж уралдуулах нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байдаг. Харин шалгуур нь ойлгомжтой, зөв байх учиртай л даа.
-Адууны үүлдэр угсааг  сайжруулах ажлыг түүчээлсэн хүмүүсийн нэг нь яах аргагүй та. Анх хаанахын ямар угшилтай адуугаар адуундаа цус сэлбэж байв. Тэрхүү дурсамжийн хуудсыг сөхөхөд бас л сонин сайхан яриа өрнөх байх даа?
-Дээхнэ үеэс монголчууд бид морин тойруулгын адуугаар адууныхаа үүлдэр угсааг сайжруулсаар ирсэн уламжлалтай. Эхэндээ монголчууд хилийн дээс алхаж, таньдаг, мэддэг адуутай айлуудаасаа шилж сонгож байгаад л оруулж ирдэг байсан. Харин 2000 оны эхээр нэлээд олноор нь оруулж ирэх үйл явц эхэлсэн юм. Тодруулбал, тэгэхэд ОХУ-ын орловын буюу хатирч адуу, туркестманы говь цөл халуунд их тэвчээртэй адуу болон Оросод эрлийзжсэн англи цустай, араб гаралтай адуу, нөгөө талаасаа цэвэр англи, араб цусны адуунууд монгол хөрсөнд гишгэцгээсэн дээ. Цэвэр цусны адууны дундаас гарсан адуунууд монгол азарганд нийлсэнээр Монгол дахь эрлийзүүд гарч эхэлсэн юм. Бид одоо баримжаагаар 25 болон 50 хувийн эрлийз цустай адуу хэмээн ярьцгааж байна. Хамгийн гол нь адууныхаа үүлдэр угсааг сайжруулахдаа бид амьдрал практикийг онолтой нь хавсаргах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, монгол хүний нарийн ухааныг шинжлэх ухаантай хослуулах нь юу юунаас илүү үр дүнд хүргэнэ гэж боддог.
Миний хувьд хар багаасаа аав, ээждээ туслан хонь хурга хариулж, хурдан морь унаж өссөн. Сургууль соёлд явж, эрдэм номыг эрхэм болгосон боловч адуу малаасаа бас л нэг их холдоогүй. Зуны амралтаараа гэртээ ирж, гүү барьж, адуу малынхаа ажилд тусалдаг байлаа. Төрийн алба хашиж байхдаа ч, уурхайд ажиллаж байхдаа ч, адуу малаас сэтгэлээ холтгож чадалгүй, хаа газрын морины уяа эвлүүлдэг хүмүүстэй гар ганзага нийлж, морио уяж, үүлдэр угсааг нь сайжруулахын төлөө л зүтгэсээр ирсэн.
Уяачдын эрдэм ухаан гэдэг эртнээс уламжлагдаж, үеэс үед баяжин дэлгэрсээр байгаа агуу зүйл юм л даа. Энэ ч утгаараа Зууны манлай, Тод манлай уяач Д.Даваахүү, Тод манлай уяач Д.Онон, дааган Ганаа нартай бусдаас илүү ойр дотно байж, уяаны ажлаа хамтдаа хийж, морь уях эрдэм ухаанаас нь суралцсан.
Мөн Орос, Монголын найрамдлын нийгэмлэгийг олон жил тэргүүлэн ажилласны хувьд оросуудтай урт удаан жилийн сайхан харилцаатай л даа. Чөлөө зав гарвал Оросын томоохон морин заводуудыг үзэж сонирхон, тэнд ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд, төр нийгмийн зүтгэлтнүүдтэй уулзаж санал бодлоо солилцоно, туршлага судална. Ингээд 2004 онд Д.Онон Манлайдаа санал тавьж, хамтдаа Орос улсын морин заводуудаар явж үзсэн л дээ. Тэнд олон үеэр паспорт хөтөлчихсөн байдаг. Харин Д.Онон маань адууг олон  шинжээр нь шууд танина. Ийнхүү Д.Ононгийнхоо мэлмийн хурц, мэдрэмжийн сайнаар, нөхдийн захиалгыг нэгтгэн 50-иад адуу оруулж ирэн, уяачид, морины хорхойтнууддаа боломжийг олгосон. Энэ ч бас амаргүй л ажил байлаа. Тэр цагаас хойш эрлийз адууны хөдөлгөөн ч нэлээд эрчимжсэн дээ.
Би бол монгол адуугаа монголоор нь авч үлдэх ёстой гэж боддог хүн. Гэвч өрөөлд өөрийнхөө үзэл бодлыг тулгаж болохгүй. Эрлийзжүүлэн, цус сэлбэх нь зүйтэй гэж үздэг хүмүүсийг ч буруутгадаггүй. Eр нь энэ бол тухайн уяачийн л өөрийнх нь мэдэх асуудал шүү дээ.
-Авч ирсэн адуунуудаа хэн, хэнд тараасан бэ. Одоо үр төлүүд нь хэрхэн давхиж байна?
-Д.Онон, Тэрбиш болон найз нөхдүүд нэлээд авцгаасан шүү дээ. Миний хувьд зав чөлөөгөөрөө адуугаа монгол эрлийзээр нь аль болох паспортжуулаад л явахыг эрмэлздэг юм. Янз бүрийн л аргаар үзэж байна. Сунгаа, уралдаан болон уяачдын холбооны хурлын үеэр энэ талаар эрхэм нөхдүүдтэйгээ, уяачидтайгаа санал бодлоо ч солилцож байна. 
-Хилийн чанадаас сайн цусны адуу олноор нь оруулж ирэх иймэрхүү арга хэмжээ дахин зохион байгуулах уу?
-Өмнөговь аймгийнхан маань ийм ажил зохион байгуулах юмсан л гэлцдэг юм. Даанч их цаг зав зарцуулдаг ажил л даа. Тиймээс ч одоогоор явж амжаагүй байна.
Саяхан Эрдэнэтийн наадам боллоо. Уяачид, бөхчүүд, харваачид бүгд галын зохион байгуулалтаар оролцлоо. Эрдэнэтэд ирэхтэй маань давхцаад намайг “Орхон аймгийн МСУХ-ны тэргүүнээр ажилллаач” гэсэн санал тавьсан. Санал тавих үеэрээ уяачид маань  нутгийн адууныхаа үүлдэр угсааг сайжруулах ажлыг эрчимтэй зохион байгуулах хүсэл эрмэлзлэлтэй байгаагаа бас дуулгаж байна лээ. Гэвч миний хувьд одоогоор албан ажил ихтэй, адуу мал гэж явах цаг зав хомс байгаа учраас учир байдлаа тайлбарласан. Ингээд манай уяачид Эрдэнэт үйлдвэрийн орлогч захирал Д.Дэлгэрбаярыг уяачдын холбооны тэргүүнээр сонгосон.
-Таны хувьд монгол адуугаа монголоор нь авч үлдэх ёстой гэдэг үзэл дээр  зогсдог гэж ярилаа. Энэ  ч утгаараа цэвэр монгол адууны угшил чамлахааргүй цуглуулсан байлгүй?
-Жинхэнэ монгол угшилтай адуунууд бий, бий. Хэнтий аймгийн Баянмөнх сумын харьяат, дураараа Мийгаа гэж гүндүүгүй монгол эр, сайхан адуутай хүн байсан юм. Одоо малч сайхан хүүхдүүд нь эцгийнхээ уламжлалаар надтай дотно, адуу малаа асууж сураглалцдаг сайхан харилцаатай байдаг юмаа.  Тэднийхээс зээрд даагыг нь Ардын хувьсгалын 80 жилийн ойн үеэр  авч байлаа. Би тэр азаргаа яг монголоор нь л өсгөж үржүүлж байгаа. Мөн намайг адуунд хорхойтойг мэддэг найз нөхөд маань зүүн чигээс улсын баяр наадамд айрагдаж байсан жинхэнэ монгол адуунууд авч, хольж солилцох бололцоо олгодог юм. Жишээ нь, улсын баяр наадамд айрагдаж байсан Хурдан зээрдийгээ жинхэнэ монголоор нь л авч яваа. Сүүлийн үед ганц, хоёр эрлийз байдас нийлүүлсэн.  Ингээд анзаараад байхад, угшил бүр ур хийц, хурд хүч, хэлбэр галбир талаасаа өөр хоорондоо ялгаатай. Мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө монгол ухааныг шинжлэх ухаантай хослуулан, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийвэл цоо шинэ нээлт ч болчихмоор зүйл ажиглагдаж л байна. Тухайлбал, Орловын хатирч адуунаас усан тэлмэн жороо адуу гарах бололтой юм. Сайхан жороо төлүүд ч гарч л байна.
Миний дотнын нөхөр маань надад нэг сайхан жороо гүү бэлэглэсэн юм. Би жороо азаргатай нийлүүлсэн. Гарсан төлүүд нь үнэхээр янзын. Зав чөлөөтэйсөн бол жороо морь унаад л наадмын талбай дээгүүр галгиулж явмаар санагддаг шүү.

ХӨӨРХӨН БОРЛОГ МААНЬ УРАЛДАХЫН ТӨЛӨӨ Л ТӨРСӨН АМЬТАН ДАА
-Хоёулаа нэлээд ерөнхий зүйлс ярилцлаа. Одоо харин Х.Бадамсүрэн уяачийн замналын талаар ярилцъя. Та ЗХУ руу сургуульд явсанаар адуу малаас хэсэг хугацаанд хөндийрсөн байх. Адуутай эргэн холбогдсон түүх тань хэдий үеэс эхэлдэг вэ?
-Би аравдугаар ангиа төгсөөд ЗХУ руу сургуульд явсан юм. Гэхдээ зуны амралтаараа байнга ирнэ. Гэвч зургадугаар сард ирээд, наймдугаар сарын эхээр буцдаг байсан болохоор морь уяаны ажилд оролцож бараг чадахгүй.
Манай говьд зуншлага оройтоно, зуны халуунд ч амаргүй шүү дээ. Наймдугаар сар гарч  байж л сая ногоо дэлгэрнэ.  Ихэнхдээ л худаг дээр ховоо татан мал усалж өнжинө дөө. Хааяа нэг эрэл суралд явна. Ингээд наймдугаар сарын эхээр гүүгээ барьж эхэлмэгц нь миний явах цаг болчихдог байлаа.
Харин төгсөж ирээд яаманд ажиллаж байгаад 1988 онд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт ажиллахаар болж очсон. Уг уурхайг анх байгуулахад Сүхбаатарын Бүрэнцогтоос уурхайчид олноороо нүүж ирсэн юм. Тэрхүү их нүүдлийн ажлыг зохион байгуулсан. Тэр үеэс л Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн уяачидтай ойр дотно болсон. Мөн уурхайчдаа малжуулах ажил өрнүүлсэнээр би ч бас өөрөө эргээд адуу малтай ойртож эхэлсэн. Бор-Өндөрт байхдаа нэлээд хэдэн адуу ч цуглуулж амжсан даа.
Дараа нь 1994 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн анхны монгол ерөнхий захирлаар томилогдсон. Энэ нэгдлийн маань уурхай бараг арваад аймагт байлаа. Тиймээс уурхайнуудаа эргэх явцдаа гүү уясан айлууд замд таарвал ороод л гарна. Орж айраг уугаад, адуу мал яриад, сайхан адуу таарвал нар зөв тойрч харан, сэтгэлээ сэргээчихээд л гарна. Тэр их ажлын дунд энэ нь л надад их сайхан амралт болдог байлаа шүү дээ. Газар дэлхий, унаган ахуйтай маань шууд холбоотой болохоор сайхан тайвшрал, урам таашаал өгдөг дөө.
Сургуулиа төгсөж ирэхэд буурлууд маань ч мал хуй дээжилж өгсөн. Ингээд өвөг дээдсийн адууны угшилтай адуунуудаа авч ирж, энд цуглуулсан адуунуудаасаа бас дүү нартаа аваачиж өгөөд, адууныхаа цусыг нэлээд сэлбэсэн. Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн гээд газар газрын л сайхан буянгууд манай адуунд бий. Манай зарим адуу одоо ч Хэнтий, Сүхбаатарт байна. Манай эхнэр Төв аймгийн Баянцагааны хүн. Эхнэр маань миний адууны ажилд элбэлцэж, хурдан морины зөв тэжээл бэлтгэх зорилгоор сүүлдээ газар тариалан руу ч орж үзлээ. Хүний л амьдрал юм чинь, янз бүрийн сонин содон түүхүүдээр баялаг шүү дээ.
-“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг ардын сайхан үг бий. Та энэ л үгийн зарчмаар адууныхаа цусыг сэлбэж, угшлыг сайжруулах ажлыг хийж эхэлжээ. Харин хэдий үеэс уяачийн ажилдаа зориг шулуудан орсон бэ?
-Намайг бүр бага байхад л баг, сумын уралдаануудад миний нэртэй морьд уралдаж эхэлсэн л дээ. Би зургаан настайгаасаа эхэлж хурдан морь унасан, нутаг усныхаа өвгөчүүлд чадлынхаа хэрээр тусалдаг хүүхэд байлаа. Тэр хавьдаа л эрх хүүхэд байлаа шүү дээ.
Улмаар сургууль соёл гэж хэсэг хөндийрөөд, уурхайд ажиллаж эхэлсэнээр байгууллагынхаа нэр дээр морьд уралдуулдаг болсон. Би үүнийг их зөв уламжлал юм даа гэж хардаг. Одоогийнхоор бол нийгмийн хариуцлагаа биелүүлж байгаа хэрэг юм даа. Миний хувьд гайгүй удам угшилтай гүү нэлээд цуглуулсан. Азарга тавьчихмаар үрээ ч цөөнгүй байсан. Адуу ч тэгээд хурдан өсдөг амьтан шүү дээ. Анх уяж эхэлсэн адуу гайгүй давхичихаар угаасаа урам зориг сэргээд, адуу руугаа сэтгэл тэмүүлээд эхэлдэг юм билээ.
Би 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн улсын баяр наадмаас анхны айргаа авч байлаа.
-2001 он гэхээр Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр давхацжээ. Тэгш ойн жил уяач бүр л улсын наадмаа зорин очиж, эрдэнэт сайн хүлгүүдийнхээ хурд шандасыг сорьж, өөрийнхөө ч аз хийморийг сэргээдэг дээ?
-Тэгэлгүй яах вэ. Газар газрын хурдан шандаст хүлгүүд ирж байлаа. Тэгэхэд бас зам харгуй амаргүй байлаа шүү дээ. Улаанбаатарт ойр оршдог аймгийн уяачид л голдуухан цуглаж байсан. Харин одоо улсын баяр наадам маань жилээс жилд өтгөрч, зохион байгуулалт нь ч энэ хэрээр сайжирсаар байна. 
-Таны нэртэй адуунуудаас Араб бор ч нутаг ус болоод нэрийг тань олон газар цуурайтуулсан даа?
-Тийм шүү, Үүлэн бор, Хөөрхөн борлог хоёр маань их хурдан. Үүлэн бор бол уралдах болгондоо л түрүүлдэг. Харин Хөөрхөн борлог маань уралдахын төлөө төрсөн мэт сөхөрч унатлаа л урагшаа зүтгэдэг амьтан. Хязааландаа улсын баяр наадамд түрүүлж яваад бүдрээд уначихсан юм. Гэвч эргэж босож уралдаад, аман хүзүүдэж байлаа. Түүний дараа Өвөрхангайд Өндөр гэгээний мэндэлсэний 370  жилийн ойн уралдаанд хоёр бор түрүүлж билээ. Хөөрхөн борлог минь түрүүлж ирээд мөн л унасан. Хөөрхий минь, тэгээд л босоод ирдэг юм. Ёстой ялах, дийлэх учиртай л гэж уралддаг юм шиг байна лээ.
-Морины мэргэжилтнүүд “Эцсийн хүчээ шавхан уралддаг зоримог чанар гагцхүү монгол адуунд л байдаг. Эрлийз адуунд тийм чанар байдаггүй” гэдэг юм билээ?
-Унаж яваа хүүхэд нь л татахгүй бол урагшаа л явж байх ёстой гэсэн зоримог, зүтгүүр чанар Хөөрхөн борлогт маань байдаг юм. Харин цэвэр цусны адууг уралдуулахгүй болсоноос хойш уралдаагүй дээ. Одоо төлүүд нь сайхан л давхиж байна.
-Хөөрхөн борлогийг та анх хэдэн настайд нь авсан юм?
-Шүдлэн үрээ авч байлаа. Харин Үүлэн борыг хязааланд нь авсан юм. Дээдчүүл нь их хурдан адуунууд байсан юм гэнэ лээ. Гэвч Монголынх шиг холын зайд биш, ойрын зайд сайхан уралддаг адуунууд байсан гэдэг. 
-Та ноднин “Говь шанхын хурд”-аас айраг хүртсэн. Тэнд эрлийз адуугаар наадсан байх аа?
-Эрлийз дээд насанд Үүлэн борын төл азарга айрагдсан. Манай унаган тамгатай л адуу даа. Сүүлийн долоо, найман жил өөрийн унаган адуугаар л наадаж байна.
-Эрийн гурван наадмын төрлөөр хичээллэдэг ч бай, хичээллэдэггүй ч бай, баяр наадмын цээж огшоосон сайхан зураглал монгол хүн бүрийн сэтгэлд хадгалагдаж байдаг даа. Таны хувьд монгол хүн, тэр дундаа уяач болсон хувь тавиландаа хамгийн ихээр олзуурхаж талархсан наадам хэзээ тохиож байв?
-Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор улсын баяр наадмаас айраг хүртсэнээ ихэд бэлгэшээдэг. Дараа нь Өндөр гэгээний мэндэлсэний 370 жилийн ойн наадмаас соёолон, хязаалан хоёрын түрүү авсан. Хүмүүс “хоёр борын эзэн шүү дээ” гэж хэлэхэд өөрийн эрхгүй омогшиж, сэтгэл хөдлөл ч дээд мэдрэмж төрүүлсэн. Мартахын аргагүй сайхан байсан. Eр нь өөрийн унаган тамгатай адуу айраг, түрүү хүртэхэд л хамгийн ихээр омогшдог доо.
-Олон газраас сайн угшлын адуу цуглуулсан болохоор танаас адуу мал авах сонирхол морины хорхойтнуудад их л байдаг байлгүй. Та ингэхэд адууныхаа угшлыг хэр зэрэг тараасан бэ?
-Өмнөговь аймгийнхаа сум бүрт азарга болон үрээ бэлэглэсэн. Зарим нь сайхан л уралдаж байгаа дуулдана лээ. Мөн Дундговийн Дэрэнгийн Эрдэнэбаатар гэдэг залууд даага бэлэглэсэн. Тэр адуу маань лав л улсын баяр наадамд хоёр удаа аман хүзүүдэж, бүсийн уралдаанд нэг түрүүлж, нэг айрагдсан. Бид хоёр адуу малаа солилцоод, монгол арга ухаанаараа сайхан л нөхөрлөдөг юм.
Сүхбаатар руу өгсөн адуу ч бас Зүүн бүсийн уралдаанд айрагдаж байгаа сурагтай. Хүнд өгсөн адуу сайн уралдах нь өөрт байгаагаас ч илүү омогших сэтгэл төрүүлдэг шүү.
-Та Монгол Улсын Алдарт уяач цолоо саяхан авсан байх аа?
-Тийм. Болзлыг нь нэлээд дээр хангасан боловч дээд насны айраг, түрүүний тоо хүрэхгүй байсан юм. Тэгээд хоёр жилийн өмнө нутагтаа очиж зээрд халзан азаргаа айрагдуулаад Улсын Алдарт уяач цол хүртсэн.
Дээд нас, ер нь зөвхөн тоогоор нь яривал ч Манлай уяач цолны болзол руу  дөхчихсөн л дөө.
-Та нэгэнтээ “2004 онд ажлаасаа чөлөө аваад, 40 гаруй хоног морины уяа сахисан. Тэр жил сайхан наадсан” гэж ярьж байсан. Eр нь сэтгэл зүрхээ зориулсан хүндээ адуу ч бас буянаа хайрладаг юм шиг ээ. Энэ ч утгаараа “Адуундаа илүү их цаг зав зориулсан бол ахиухан амжилт гаргах байжээ” гэж бодогддог уу?
-Би хувь заяаны төөргөөр Өмнөговийн малчин ардын хүү болж төрсөн. Дунд сургуулиа төгсөөд уурхайчин болохоор шийдсэн. Их сургууль төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ ажилласаар л явна. Одоо ч бас мэргэжлийнхээ дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийн eрөнхий захирлаар ажиллаж байна. Аливаа зүйлийг эргэн харж харамсах ч юм уу, сэтгэл гонсойдог зан чанар надад байдаггүй юм. Хариуцсан ажлаа хүний зэрэгтэй хийчихийг л хүсч, эрмэлздэг нь монгол хүний л ухаан юм даа.
Нөгөөтэйгүүр, морь унана, уяна  гэдэг бол монгол эр хүний л хийдэг ажил. Үүнийг зарим нь хобби маягаар, зарим нь мэргэжил маягаар эрхэлдэг. Миний хувьд мэргэжил тал руугаа илүү хэлбийсэн. Гэвч жилийн дөрвөн улирлын турш адуугаа ажиглаж, өөрийнхөө хэмжээнд онол дэвшүүлж, түүнийгээ праkтиkаар баталсаар ирсэн мундаг уяачдын энд яаж хүрэх вэ. Морь уяаны боловсролын хувьд тэднээс суралцах, мэдэх зүйл багагүй ээ. Гэхдээ адууг мэдрэх, ойлгох талаасаа монгол сайхан уламжлалаараа хар багаасаа дадсан зүйлс байлгүй яах вэ. 
-Та хурдан морины уралдааныг зугаа цэнгэл, баяр наадам гэхээсээ илүүтэй монгол хүний уламжлалт ёс заншлын үнэ цэнийг тээж яваа соёл гэдэг талаас нь хардаг юмаа даа?
-Би аливаа ажлыг чин сэтгэлээсээ л хийхсэн гэж хичээдэг юм. Түүнээс биш цаг зуурын зугаа цэнгэл, нэр алдар хөөж болохгүй.
Морь уяна, уралдуулна гэдэг машин аваад уначихаас огт өөр зүйл. Энэ ч утгаараа байгууллагын нэр дээр морь уралдуулахад хүртэл аль хэдийнэ тодорчихсон нэгнийг бус бага залуу, битүү морь сонгон авч, анхнаас нь өөрийн болгож уралдуулах нь зүйтэй гэж боддог.
Миний хувьд их насны битүү морь цөөнгүй авч байсан. Учир нь, их насны сайн морь айл болгонд төрдөггүй гэдэг шүү дээ.

ӨВӨГ ДЭЭДЭС, НУТГИЙН ЗОНЫХОО ИТГЭЛ, СЭТГЭЛИЙГ Л ДААЖ ЯВАХЫГ ХИЧЭЭДЭГ
-Монголчууд бид үр хүүхдүүддээ эд хөрөнгө бус эрдэм ухаанаа өвлүүлдэг сайхан уламжлалтай ард түмэн. Энэхүү өв уламжлалыг таслалгүй тээж, хэдэн зуун дамнуулан үр хойчдоо эрдэм ухаанаа өвлүүлж яваа улс бол яах аргагүй хурдан морины зүтгэлтнүүд. Тухайлбал, таны өвөг дээдсүүд дунд хурдан морины уяа эвлүүлдэг хүн олон байв уу?
-Миний буурал аав морь малд хорхойтой, уяа эвлүүлдэг хүн байсан. Мөн миний буурал нагац ах  морь уядаг, ханаж хатгах, морины эмгэг согогийг засах эрдэмд нэвтэрсэн хүн байлаа. Намайг багад хол ойроос их олон хүн хазгар, доголон адуугаа хөтлөөд, ахыг маань зорин ирдэгсэн.
Би айлын ууган хүүхэд, аав, нагац ахынхаа л өвөрт, морин дэл дээр өссөн. Намайг жаахан байхад өвөртлөөд морин дэл дээгүүр хийсч явдаг байсан гэдэг. Бас багад маань эмээл төхөөрч өгсөн. Тэгээд би зургаан настайгаасаа морь унаж, хангал догшныг уургалж, сургаж номхруулдаг болсон. Намайг их багаас маань монгол түмний уламжлалт арга ухаанд сургасан даа. Нутгийн хөгшчүүл ч “малд нүдтэй, сайн хүү” гээд мэддэг, чаддаг бүхнээ зааж сургадаг байлаа. Би ч тэднийхээ итгэл сэтгэлийг даахын төлөө л хичээж зүтгэсээр ирсэн. 
-Эмнэг хангал сургадаг байсан талаар тань огт сонсож байгаагүй юм байна?
-Би тавдугаар анги төгстөлөө хурдан морь унасан юм. Сумын баяр наадмаас айраг, түрүү нэлээд авч байлаа. Аймгийн баяр наадамд бол морь унаж уралдаж байгаагүй. Тэгээд л даага, эмнэг хангал унаж сургах ажил руу шилжсэн дээ.
-Та хэзээ хамгийн сүүлд морь унасан бэ?
-Морь унана гэдэг бүх биеийн гимнастик болдог, хүний эрүүл мэндэд их тустай зүйл шүү дээ. Би даанч 1998 онд айхтар аваарт орсноосоо хойш морь бараг унаагүй. Хааяахан номхон моринд л морддог юм.
Залуу байхад ч уургаа тулаад, морио эргүүлж байгаад мориндоо мордох сайхан санагддаг байлаа шүү дээ. Үүр хаяарч байхад уяж хоносон мориндоо мордоод, адуугаа хураах ч сэтгэлд бахтай сайхан. Хийморь сэргэнэ шүү дээ.
-Та хэдэн дүүтэй вэ?
-Эхээс бид тавуулаа. Дөрвөн эрэгтэй дүүтэй. Отгон дүүг өрх тусгаарлахад ээж маань “Би гарын таван хуруу шиг сайхан хөвгүүдтэй байлаа. Одоо хоёр гарын арван хуруу шиг арван сайхан хүүхэдтэй боллоо доо” гэж хэлсэн нь санаанаас eр гардаггүй юм.
-Дүү нар тань морь уядаг уу?
-Бүгд морь малд сонирхолтой. Хүүхдүүд нь бүр ч их дуртай. Эхнээсээ аймгийн Алдарт уяач цол хүртээд л явж байна. 
-Харин танай хүүхдүүд адуунд хэр сонирхолтой байна?
-Би хоёр хүү, нэг охинтой. Хүүхдүүд маань моринд хорхойтой. Мэдээ орохоосоо эхлээд л надтай хамт хөдөө гадаа явж морь, тэмээ унаж эхэлсэн болохоор арга ч үгүй биз ээ. Энэ ч утгаараа төвийн хүүхдүүд гэхэд харьцангуй малд дөртэй шүү. Ач зээ нар маань ч бас өвөөгөө дагаад, морины уяа хавиар л эргэлдэж байдаг даа.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН НЭГ АЖИЛТАН 2017 оны эхний ХАГАС ЖИЛД 40 гаруй САЯ ТӨГРӨГИЙН БАЯЛАГ БҮТЭЭЖЭЭ
-Уурхайчин хүний ажил гэдэг цаг нар, халуун хүйтнээс үл хамааран, их ачаалалтай байдаг, асар хүнд ажил. Морины уяагаа нэг тойрчиход энэ их ажлын алжаалаа тайлчихна биз?
-Тэгэлгүй яах вэ. Би их сургуулиа төгссөн цагаасаа хойш л төрийн албанд ажилласаар өдийг хүрлээ. Энэ хугацаанд энгийн мэргэжилтнээс салбарын дэд сайдын албыг хүртэл хашлаа. Төрийн яам, хууль тогтоох, бодлого тодорхойлох дээд байгууллагуудад шат дараатай ажиллалаа.
Тэр дундаа уул уурхайн салбар маань өөрөө их хариуцлагатай. Сүүлийн жилүүдэд л гэхэд энэ улс орны эдийн засгийг уул уурхайн салбар л авч явна шүү дээ. Нөгөө талаасаа байгаль орчинд халтай гэдэг утгаараа монголчуудын уламжлалт нүүдэлчний соёлтой зэрэгцэн оршиход тэрсэлдэх зүйл ч байна, зохицох зүйл ч байна. Тиймээс сэтгэл санаа амар амгалан байна гэж байдаггүй юм даа. Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн их өв соёл болох мал аж ахуйн салбараа дээдлэн хүндэтгэх учиртай боловч нөгөөтэйгүүр эдийн засгийн тулгуур баганын нэг болсон уул уурхайн салбарыг эрчимтэй хөгжүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Хэдийгээр уул уурхайн орчинд цэвэр ашиг нь өндөр байгаа ч уурхай маань гүнзгийрэх тусам уул геологийн нөхцөл хүндэрч, нөөц нь буурч байна. Энэ ч утгаараа салбарынхаа төлөө цаг үргэлж сэтгэлээ чилээж сууна.
Эдийн засгийн хямралт байдлаас ч энэ салбар л гаргаж чадна. Манай “Эрдэнэт үйлдвэр” л гэхэд энэ оны эхний хагаст бүх төлөвлөгөөт зорилтот, ажлаа 101-ээс дээш хувиар биелүүллээ. Үүнийгээ дагаад ашиг орлого ч сайн байна. Тодруулбал, энэ оны эхний хагаст бид 80 орчим тэрбумын цэвэр ашигтай ажиллалаа. Тавдугаар сарын 1-нээс нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар, долдугаар сарын нэгнээс урамшуулалт цалингийнхаа санг 20 хүртэлх хувиар нэмэгдүүллээ. Эхний хагас жилд чамлахааргүй сайхан үр дүн гарсан учраас нийт ажилчдынхаа шагнал урамшууллыг 40 хүртэл хувиар бодож олголоо. Эдийн засгийн хямралтай үeд энэ бол чамлахааргүй сайн үр дүн.
Би үйлдвэрийн ажил сайн, үр ашиг өндөр байвал шагнал урамшуулал, цалин хөлсөнд гар татахгүйг хичээдэг юм. Тэгж байж л бид баялгийг бүтээнэ.
Зөвхөн “Эрдэнэт үйлдвэр” л гэхэд энэ оны эхний хагаст улсын төсөвт 269 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Энэ бол манай үйлдвэрийн 6000 гаруй ажилтны эх орондоо бүтээж өгч буй баялаг. Үүнийг нийт ажилчдынхаа тоонд хувааж үзвэл нэг ажилтан  гэхэд 45 сая төгрөгийн баялаг бүтээж, улс орон нутгийн төсөвт хуримтлуулсан гэсэн үг. Энэ бол “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байгаа ажилтан хүний бахархал, нөгөө талаас хариуцлага. Үүнээс харахад, монгол хүн нэг бүр ийм хугацаанд ийм бүтээмжтэй ажиллачихвал Монгол орноо амархаан өөд нь татчихаар байгаа биз. 
-Энэ жил ММСУХ-ны долдугаар их хурал болно. Та удирдах албан тушаал эрхэлж, бодлого боловсруулах түвшинд олон жил ажилласан хүн учраас хурдан морь, морин спорттой холбоотой асуудлуудаар сэтгэлээ чилээж, бодлогын түвшинд хийх өөрчлөлтүүдийн талаар санаа оноо дэвшүүлж л суудаг байлгүй?
-Монгол морь бол монгол хүний, монгол түмний бахархал. Энэ бахархлыг дэлхийн хэмжээнд хүргэх гэж ММСУХ сүүлийн жилүүдэд гадаад харилцаа талдаа гол анхаарлаа хандуулж, томоохон ажлууд  хийлээ. Үүндээ тулгуурлаад олимпийн төрлүүдэд морьд бэлтгэх бодлого баримталбал яадаг юм бол гэсэн бодол надад ч төрдөг юм. Гэхдээ бас цэвэр монгол адуугаа бэлтгэх үү, эсвэл эрлийз адууг монгол хүн монгол арга ухаанаар бэлтгэх үү гэдгээ сайтар бодож боловсруулах учиртай.
Нөгөө талаас, морины уяа эвлүүлж байгаа хүн бүр л улсын баяр наадмаас айраг, түрүү хүртэхийг хүсэн хүлээлгүй яах вэ. Гэвч монгол адууныхаа гeнийг хадгалж, өсгөж үржүүлэх ажлыг түлхүү хийх шаардлагатай байна. Учир нь хүйтэнд хөрөхийг, халуунд халахыг мэдэрдэггүй, жилийн дөрвөн улирлын турш нэг л эрчээрээ явдаг давтагдашгүй сайхан чанарууд монгол адуунд л бий. Монгол морь монгол хүнтэйгээ хамт ихийг бүтээж, хол явсан түүх бий. Бид тэр түүхээ үргэлж эргэн санаж байх учиртай.
Удам угсааг нь сайжруулах зорилгоор хурд, тэвчээр, хатуужлаараа дэлхийд шалгарчихсан үүлдэр угсааны адуунуудыг Монголдоо оруулж ирэхийг бол би дэмждэг. Цаашдаа ч дэмжинэ. Үүнийг дагаад бодлогын түвшинд адууг эрүүлжүүлэх асуудал бас их чухал байна. Учир нь, гадаадын цэвэр цусны адуунууд манайд орж ирэхээрээ тэсвэр хатуужил, дархлааны хувьд монгол адуунд хүрдэггүй. Тиймээс ч өвчлөх магадлал, эрсдэл өндөр байна. Үүнийг бодлогын түвшинд зохицуулах шаардлага тулгарч байна.
Нөгөөтэйгүүр, монголчууд аливаа юманд хэтэрхий их туйлшрах юм аа. Би Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан ардын дeпутатуудын дунд багтдагийн хувьд хүний эрх, эрх чөлөөг олон улсын стандартын дагуу л бодож, ойлгодог хүн. Энэ  утгаараа хурдан морины уралдаантай холбоотойгоор хөндөгдөж байгаа хүүхдийн эрхийн асуудлын талаар санаагаа чилээхгүй байж чадахгүй юм. Миний хувьд зургаан настайгаас хурдан морь унаж, арван хэдтэйгээсээ эмнэг хангал сургаж өссөн болохоор хүүхдээр хурдан морь унуулахыг хэвийн үзэгдэл гэж ойлгодог. Хөдөө ч өссөн бай, суурин газар ч өссөн бай, морь малтайгаа харьцах ухаан, эв дүй, авьяас монгол хүний гeнинд төрөлхөөс заяагдсан байдаг гэж боддог.
Хүүхдээ хайрладаггүй, хүүхдийнхээ төлөө сэтгэл зовнидоггүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Гэвч бид монгол ухаан, монгол соёл уламжлалдаа л итгэж хурдан морио бага хүүхдээрээ унуулаад, уралдааны замд мордуулж байгаа юм шүү дээ. Энэ бол монгол хүний уужуу тайван ухаан. Гэвч цаг үeэ дагаад уралдааны зохион байгуулалтад хүртэл өөрчлөлт орж, зарим талаар эрсдлүүд нэмэгдэж байгаа учир хамгаалах хэрэгслүүдийг бүрэн зөв хэрэглэх ёстой. Морь, хүүхэд хоёр эсэн мэнд ирэхэд л уяачийн сэтгэл тэнийдэг шүү дээ.
Мөн энэ бол монгол түмний жинхэнэ уламжлал, дэлхийн өөр хаана ч байхгүй гайхамшигт соёл учраас сонирхогчид нь хүртэл халуун хүйтэн, тоос шороог ч ажралгүй цуглацгааж, хурдан морины уралдаанаа үзэж баясдаг. Бид энэ соёлоо аль болох зөв талаас нь дэлхийд сурталчилж, үр хүүхдүүддээ ч энэ чигээр нь өвлүүлж үлдээх учиртай.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын заяа хийморь таныг үeийн үeд ивээж байх болтугай.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна