Хурдан моринд аль л олон шинж бий бол тэр хэмжээндээ л хурдалдаг

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 13 -нд

Манай редакцид бас нэгэн захидал иржээ. Монгол улсын Алдарт уяач Жамбажавын Жигжид гуай хурдан морины хэв шинжийн талаар бичсэн байна. Түүний захидлыг уншигч та бүхэндээ толилуулж байна.
Хурдан морь олон янзын хэвтэй, араатны хэв шинжийг дуурайсан байдаг юм билээ. Жишээ нь: арслангийн хэвтэй, аргалийн шинжтэй, зээрэн хэвтэй, туулай, чонын хэвтэй зэрэг олон шинжийг дуурайсан байдаг. Хамгийн дээд шинж бол арслангийн шинжид багтсан мэт харагдана. Үүнд:
-Толгой томтой, цээж өргөн, өндөр, нуруу зоогоор шувтан мэт, бөгтрөгтэй, хойд борви суунгидуу, гэдэс нарийхан, арьс сул зэрэг шинжийг хадгалсан мэт илт харагддаг.
-Арслангийн шинжийн морь бол толгой томтой боловч хамар хоншоор урт шөвгөрдүү, магнай дух түүхэндээ хавтгай, чих босоо, нүд бүлтгэр, цээж өндөрдүү, үс тачир, ширхэг нь ширүүн мэт. Зоо нуруу бөөрөнхий, борви босоо, шилбэ нарийхан урт, шивнүүр босоо өндөр, бие тэгш нарийвтар, бүх биеийн галбир сээрээс дөрвөн шилбэ урт учир зэгзгэр өндөр харагддаг онцлогтой.
-Зээрийн хэвт шинжит морь бол аргалийн шинжит хэвийг яг дуурайсан мэт харагдана. Тэгэхдээ чих нарийхан урт, шилбэ нарийхан, шөрмөс ончтой байдаг.
-Туулай шинжит морь бол толгой, хамар манхгар сул, нүд их бүлтгэрдүү, чих том өргөн, зоо нуруу бөгтрөгтэй, хойд хөл өндөр учир урагш түлхэх тийрэлт сайтай, гэдэс нарийхан, үс нь зөөлөн, ерөнхийдөө арьс сул нимгэн байдаг.
-Чонын шинжит морь бол толгой, хамар нарийвтар, нүд шардуу, чих мөлүүдүү боловч соотондуу, цээж өргөвтөр, нуруу шулуун бөгтрөгтэй, хөл хөнгөн, шөрмөс наана ончтой, үс ширүүвтэр, арьс султай байна. Дээр дурдсан хурдны шинжийг дуурайсан хэв шинжүүдийг гаднаас харж шинжиж үзэхийн зэрэгцээ харайлтаар ч мэдэж болно.
-Арслангийн хэвийн морь бол цээж сайтай учир өгсүүр газар сайн, өөрөөр хэлбэл, сайн цээж муу бөгсийг аваад явчихдаг. Ер нь морины толгой их л урт бол сайн даа. Цээж маш их өндөр, нуруу хотгор, харгамаг өндөрдүү, хавирга матаас сайтай, богино хавирга, ташаан толгой хоёрын зай тун бага, хойноос нь хярахад ташаан толгойноос хавирга нь гадагш харагддаг юм. Нарийхан хөлтэй, шивнүүр босоо өндөр бол хөлийн хурдтай, алсын тамир муутай байдаг. Бүдүүндүү хөлтэй, богино босоо шивнэхийтэй бол тамир сайтай, хөлийн хурд муу жишээний.
Сайн морийг холхоноос ажихад, энэ адуу чинь чөдөртэй юмуу даа гэхээр харагдана. Тийм биш, цээж нь урагш түрсэн мэт учраас тэгж харагддаг. Ийм морийг ажиглахад, цээж урагш түрсэн учраас урд хөл яг босоо эгц, урагш сөхрөх нь үү гэмээр. Харин хоёр хөл хойшоо жийсэн юм шиг. Ийм учраас хойд хөлийн бэрэвхий урагш түрсэн, адилхан босоо болж ирдэг. Хурдны нэг шинж энэ дээ. Ер нь морийг хойноос нь л харж шинждэг юм. Салтаа их уужим, борви гадагш учир майга ч юм шиг харагдана.
Явж байхад нь хажуу талаас ажихад нимгэн цавины арьс нь хөвчирч харагдах ба хойд хөлийн туурай хумсалдаж хөнгөн гишгэнэ. Сайны шинж.
Адууг дээрээс нь харж шинжиж болно. Дээрээс нь харахад нурууны гол яс авдар шиг дөрвөлжин ч юм шиг. Бөөрөнхий хавиргатай учраас тэгж харагддаг. Ийм морь хавирга матаастай, гэдэс ихтэй, амьсгаа уужуутай байдаг. Мөн нуруу хавчиг босоо, нилбэгэр, нимгэн ч юм шиг харагдвал ийм адуу хавирга хавчуу, гэдэс доортой, амьсгаа ихтэй байх талтай.
Урдаас нь ажиглахад цээж бие нь хойд бөгс талаа бараг хаах шахам. Энэ нь цээж өргөн учир дотоод эрхтэнүүд их байх талтай. Зүрх, уушигнаас бусад нь их байх нь сайн биш. Зүрх сайтай морины нүд хүрэн улаан, зовхи зузаан байдаг. Уушиг сайтай морины хамрын нүх том дугуй, ирмэг нь гадагш тэрвэгэр. Ер нь дотоод эрхтэнүүдийг энэ мэтээр л мэддэг.
Сайн адууг гишгэж яваа байдлаар нь шинжиж болдог. Дөрвөлжиндүү биетэй бол урд хөлийн мөрийг хойд хөл онож гишгэх. Харин уртлагдуу биетэй бол урд хөлийн мөрийг хойд хөл арай дутуу гишгэх. Зэгзгэр өндөрдүү морь бол урд хөлийн мөрийг хойд хөл давж гишгэх гэх мэт.
Сайн морь бол хойд хөлөө урд хөлийн мөрний гадна талд өнгөцдүү тавьдаг. Салтаа уужим учраас л тэр.
Дуугаар нь ч шинжих тал бий. Сайн адуу бол гол төлөв жингэнэсэн, нарийхан, уянгын ч юм шиг янцгаадаг ба хахир хатуу ч юм шиг сонсогддог. Хамраараа дуржигнасан бүдүүвтэр янцгаадаг бол тамир тэнхээтэйн шинж.
Мөн идэш усаар нь шинжинэ. Идэш ихтэй баас цөөтэй бол сайн, идэш багатай баас ихтэй бол сайн биш. Идэш бага баас ихтэй адуу хөнгөн биетэй, гуригдуу байдаг. Ер нь тайван, уяа нь сайн орсон адуу хоёроос илүү баахгүй тал бий.
Усыг 2-3 тасалж уудаг адуу сайн, нэг дор их уудаг бол сайн биш. Ер нь усан дотор цавчилж хөрвөөх нь сайн адууны нэг шинж мөн.
Хурдан морийг харайлтаар нь шинжиж болно. Зэгзгэрдүү биетэй, нарийхан хөлтэй, зээрийн шинжтэй бол дөрвөн хөл дээрээ дэгжиж хөлийн эвхэлт бага, босоо байдалтай харайдаг. Ийм адуу хатуу харайлттай учир унаж яваа хүүхдэд хэцүү. Чонын харайлттай адууг ажихад их сунаж, урд хөлийн үзүүр хошуунаас өнгөрч давхиж харагддаг. Шөрмөс сайтай учир тэнийлт сайны нэг шинж.
Туулай шиг харайдаг морь байдаг. Энэ нь биеэ хойноос урагш, хөл шидэж үсэрч байгаа ч юм шиг харагддаг. Нэг харахад хөл эвхэрч үсрээд ч байгаа юм шиг. Ийм морь хоёр чих нь урагш болж босоо байдалтай харайдаг нь дээд нэг шинж ээ. Өндөр цээжтэй ганагардуу морь газрын урууд сайн. Тогоруу цээжтэй, овгордуу хондлойтой адуу өгсүүр газар сайн байдаг. Арьс зузаантай, яргайдуу махтай морь сэрүүвтэр буюу бороотой өдөр хурдлах нь бий. Ийм адууны зоог ус буюу айргаар нэвтэлж явуулвал сайн.
Ясны хурд, шөрмөсний хурд, хүч тамирын, бярны, угшлын, эсгэлийн бүх шинж бүрдсэн хурдан морь ховор байдаг. Аль л олон шинж бий бол тэр хэмжээндээ л хурдалдаг юм даа. Ясны хурдан морь хүч-мах, тарган-туранхай, уналга эдэлгээ, өл хоол, уяаны алдаа зэргийг тоодоггүй, төрөлхийн ясныхаа хурдаар л давхидаг. Барагтай алдааг мэдэрдэггүйдээ ясны хурдан морь гэгддэг.
Шөрмөсний хурдан морь бага зэргийн уяаны алдаа, хүч тарга, уналга эдэлгээний алдааг үл тоож байгаа мэт шөрмөсний л чадлаар хурдалдаг. Ер нь ямар ч нөхцөлд хөл нь мууддаггүй. Харин ясны хурдан морь хөл нь муудах тал илүү байдаг. Бусад шинжийн хурдууд тал бүрийн арга ажиллагаа, бүх талын мэдрэмжтэй, торго шиг эмзэг байдаг юм.
Хурдны морийг шинжихдээ:
Нэгдүгээрт, гадаад биеийн байдлыг, тухайлбал, зогсолт, биеийн түрэлт нь хаана байна гэдгийг харах хэрэгтэй. Энэ нь урд хөл гишгэлт хумсалдаж байна уу, яг тавхайгаараа эгц үү, гахайгаараа түрж байна уу гэх мэт. Ер нь морины хурд нь хөлдөө байдаг.
Хоёрдугаарт, толгойноос эхэлж шинжинэ. Хамрын нүх уужим бол зүрх сайн, нүд хүрэн бол сайн, хөмсөг зузаан бол эрэмгий, чих хурц бол дайчин, дух тэнэгэр бол холч, хүзүү урт бол зүтгэгч, амьсгаа холтой, эрүү уужим бол тамиртай.
Гуравдугаарт, гурван хүчийг харна. Сэрвээ аль болох босоо, өндөр байвал цээжний тамиртай, харцаганы гурван үе товгор, богино хавирга гадагш овгор байдаг. Сүүлний яс урт бол голын тамиртай, сүүлний үс нь ширүүн, өтгөн, салбаа нь багсгар, бүүрэлсэн мэт, эрч ончтой бол хурдтай бөгөөд хурд нь хариагүй л байдаг.
Морины босоо цагаан хийморь түгэн дэлгэрэг.
Монгол улсын Алдарт уяач Жамбажавын Жигжид

 

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.