МУ-ын Алдарт уяач Ж.Жигжид: Хурдны ир тааруулна гэдэг тарга хүч, хөлс амралт, идэш тэжээл гурвыг нэг цэгт тохируулсныг л хэлж байгаа юм

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 08 -нд

Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул, Орхон аймгийн харьяат, Монгол улсын Алдарт уяач Жамбажавын Жигжид гуай өдгөө нас сүүдэр 85 зооглож буй буурал. Тэрээр өөрийн сурсан мэдсэнээ залуу уяачидтай хуваалцахаар манай редакцид захидал ирүүлдэг юм. Өмнө нь хурдан морины шинжийн талаар захидал илгээснийг бүрэн эхээр нь уншигчдадаа хүргэсэн билээ. Энэ удаад уяа сойлгын талаар бичиж ирүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хурдан морийг наадамд уралдуулаад тавьснаас л хойтон жилийн наадмын бэлтгэл ажил эхэлдэг. Наадам өнгөрлөө, одоо боллоо гэх биш. Дараагийн наадмыг мартаж болохгүй, уяачийн дараагийн ажил хэвээр л байдаг юм.
Уралдуулаад ирсний дараа 2-3 хоног амраагаад, зөөлөн унаж сайн хөлс гаргаад, 4-5 цаг уяад адуунд тавина. Үүнийг хорон хөлс ч гэдэг. Булчингийн тэнийлгэлт л юм даа. Хэрэв ийм засал хийхгүй бол морь жигтэйхэн агдайж тагдайсан юм болчихдог. Олон хоногийн уяанд дасчихаад булчин нь тавьдаггүй юм. Морь хүчтэй орвол хадгалагддаг, харин эцэж турвал тавирч хэвийн байдалдаа ордог.
Намар 10, 11 сард хэд хэдэн удаа зөөлөн унаж эдлэх нь сайн. Намар орой энэ үед бага зэрэг цантуулаад хэд хэд уяж хоноход хүч нь тогтож, бие нь чийрэгшээд ирдэг. Тэр ч байтугай 7-14 хоног өдөрт нь уяад, үдэш адуунднь тавьж намрын хүч тогтоох уяагаар уяхад сайн байдаг. Ямар ч хатуу өвлийг тэр тогтсон хүчээрээ давж чаддаг юм. Харин говь газрын морийг маш гамтай эдэлнэ, таана хүмүүл, хужир шүү ихтэй учраас эвгүй эдэлвэл таанархах, голоо дэлсэх, зайлах явдлууд гардаг.
Хавар гурван сарын сүүлч, дөрвөн сарын эхээр унаж эдлэхгүйгээр хаврын хөх салхинд 7-14 хоног уяхад хүч нь бууж, үс нь сэрвэлзэн сортож, шар усны нь нүх нимгэрч, зуны уяанд их ач тус өгнө.
Хурдан морийг анх барих өдөр нь бар буюу нохой. Тэгэхдээ могой цаг нь дээрх өдрүүдийн сайн цаг байдаг учраас энэ цагийг голлодог дом бий л дээ. Харин эхэлж уралдахад туулай, луу цагийг эрхэмлэдэг.
Барьж аваад 2-3 хоног зөвхөн баасыг нь гөвүүлэх төдий, өдөрт 2-3 удаа гишгүүлэх хэрэгтэй. Үүний дараах өдөр нэмнэж, зөөлөн цохиулах явдлаар явж анхны хөлсийг сайн авах хэрэгтэй. Энэ мэтээр 2-3 хоногийн зайтайгаар дараагийн хөлсийг авах ба мориныхоо хүч тарганы байдлаас болж хөлс авахгүйгээр ойрхон анхны тарыг ч өгч болдог. Энд анхаарахад, хэр хөөлттэй байна гэдгийг л олж мэднэ. Ямар хөлс гарч буйг бас мэднэ. Ер нь шавар хөлс анх сайн гарсан бол дараагийн хөлс өөрөө ч /зөөлөн явдалд/ гарах тал бий. Энэ л улам сайн даа. Дараа нь сувдан хөлс гарна. Морины ташаан толгой, хондлой руу нь энд тэндээс бөнжигнөсөн хөлс бөмбөрч ирнэ. Энэ нь морины уяа эвлэж, зөв уяа авч байгаагийн нэг шинж.  Энэ үеэс морийг маш их гамнаж, 1-2 өдөр амрааж, ойрхон тарлавал ер нь зүгээр.
Тарган морины торгон уяа гэж бас бий. Хүч таргыг буулгахгүйгээр, өдөр болгон газрыг нь жаахан жаахнаар сунгаж тарладаг юм. Анхны 1-2 өдөр морио эмээллэж ойрхон газар унаж, их зовоолгүй хөлс гаргаж, шар усных нь нүхийг л онгойлгох хэрэгтэй. Энд гол анхаарах нь, тарган морь учраас няцрахаас л тун их болгоомжилж, тун зөөлөн хөлс гаргах. Энэ уяанд 7-10 хоног л шаардлагатай. Намар хүчийг нь тогтоочихсон, чанга арьстай морь л тохирох нь илүү байдаг. Хэрэв нимгэн арьстай, хөнгөндүү боловч таргандуу морь бол хол газар алхуулах, шогшуулахаас илүүгүй явдлаар хөлсийг нэг удаа зөөлнөөр сайн гаргаад, нэг уяж хоноод, 2-3 хоног амраасны дараа дээрх уяагаар уядаг. Дээрх уяаны морины идшийг татдаггүй юм. Энэ уяа азарганд л их тохирдог тал бий.
Уяа нь тохирч буйг өглөө барихаас мэддэг талтай. Барихад цааш зугтаахгүй, дөлгөөн, уяан дээрээ очоод зогсчихсон байдаг. Өндөр болчихсон мэт харагдана. Явдал орчихсон мэт хөнгөхөн, товолзтол алхана. Амьсгаа нь хамрын нүхээ гадагш тэлэх мэт уужим чөлөөтэй, идэх юм хайж газар луу зүтгэх, холын юмыг олж харах мэт шинжүүд илэрдэг.
Өглөө үүр цайж нар гарахын өмнө харахад үс сортож өнгө орсон байх ба цээж, суга нимгэн, цавь орчмоор нимгэрч гэрэл туссан юм шиг. Ийм морь тэр өдрөө сайн давхиж, түрүүлдэг юм даа.
Шон дээр авчраад уяхад салхи сөрж тэгш дөрвөн хөл дээрээ зогсох буюу дуу чимээ багатай байвал 20-30 минутын дараа уяагаа дараад унтаад л өгдөг. Морийг биед нь тусах нартай тавьж барьдаг юм.
Уяа нь хэтэрсэн морийг 2-3 хоног ижилд нь тавиад, дахин барихад уяа нь тохирсон байдаг.
Хүч тарга нь дутуу байна гэж үзвэл үдшийн бүрийгээр булгийн хүйтэн усаар 30 минут орчим нэвтэртэл нь цохиход хүч нь буудаг. Хойш харсан булгийн ус улам сайн.
Зоо нь хөөгөөд байвал явахад нь зоог нь усаар цохих, тохмыг нь усаар нэвтлээд явуулвал сайн.
Зооны арьс, шөрмөс хоёрын аль нь чанга байна гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Зооны шөрмөс чанга бол иссэн айргаар цохиод явуулдаг.
Хурдан моринд нойр их чухал. Ижилд нь тавиад, 4-5 цагийн дараа адуугаа зөөлөн хөрстэй, бүгчим нам гүм газар тогтоогоод орхичихдог. Хүнд биетэй, дөлгөөн тайван морь бол 30-40 минут унтаад сэрдэг. Үүр хаяараад, богширго жиргэх үед адуу унтаад сэрэх үе байдаг.
Аргамжаагаар уядаг морь бол 2-3 цагийн дараа, хатуу газар бол зөөлөн элс, шороо зориуд бэлтгэж дэргэд нь асгаад, унтах үед нь хантайраад орхичихоод холдох хэрэгтэй. Тэгэхэд морь унтаад өгнө. Газрыг л сонгодог юм.
Усыг явахаас нь өмнө, говь халуун газар бол нэг цагийн өмнө, сэрүүвтэр өдөр бол хоёр цагийн өмнө л усалвал сайн. Ус биед нь хоёр цагийн дараа шингэдэг.
Харин бороотой шөнө морь заавал бага идсэн байдаг. Тохирсон идэшнээсээ 15-20 хувийн бага идсэн байдаг юм билээ. Сул тавьж идүүлсэн, чөдрийн, аргамжааны морины идэш өөр өөр. Сул мориных чөдөрлөж тавьснаас арай бага, аргамжааны мориныхоос чөдрийнх арай бага иддэг талтай. Үүнийг амьдрал дээр туршиж, уралдуулж мэдсэн юм. Залуу уяачид мэдээд авахад илүүдэхгүй байх аа.
Ялангуяа их тавилтанд анх идүүлэхээр тавьсан цаг, яг барианд орох цагийн гуравны нэг хувьд нь ч мориныхоо идшийг тохируулдаг. Гэхдээ морины их бага иддэг, цатгалан өлөн давхидгаас бага зэрэг нөлөөлөх тал бий.
Хөлс, хурд нь гарахгүй санагдаад байвал идшийг нь сайн өгч, өглөө үүр цайхын өмнө хар бүрийгээр сайн нэмнэж хөлслөөд, хоёр цаг орчим идүүлж, услаад, амралтыг нь сайн өгөөд, явах шөнийн идшийг сайн тохируулж тавь. Ер нь үүнийг уяаны гол нэг арга гэж ч үзэхэд их зөрөхгүй.
Хол, ойрын уяатай морийг мэдэхдээ сул шанхтай /хүүхэн шанх/ ч гэдэг, умдаг ихтэй /азарган сэлдийтэй/ бол уяа багатай байдаг. Харин тачир эр шанхтай, бага цаана сэлдийтэй бол уяа сойлго холтой байдаг. Сүврэдэс холтой, уужим хавиргатай, ташаа өргөнтэй морь уяа холтой, идэш тохируулах. Ерөнхийдөө хатуу уяагаар хатааж, сайн хөлслөх зэргээр нарийн ажиллагаа шаарддаг. Давчуу цээжтэй, ташаан толгой, хавирга ойрхонтой бол идэш хоолыг нь сайн өгөөд, аргамжих уяагаар зөөлөн уявал их зүгээр.
Усалсны дараа буюу уралдаж ирсний дараа морь хөрвөөдөг нь  биеийнхээ алжаалыг тайлж, үе мөч, биеийнхээ бариаг тавируулж, амарч байгаагаа харуулдаг.
Уячихсан байхад уяан дээрээ хоёр тийш давж хөрвөөгөөд байгаа морь айрагдах буюу түрүүлдэг юм даа.
Морины биеийн булраа, хөшөөг гаргахад бууцны хөл буюу зөөлөн хөрс, элс шороотой газар их урт уяагаар хантайраад толгойгоор нь уяад орхичихдог. Тэгэхээр үргэлжийн сул хөдөлгөөнтэй, хэвтэж босох, ийш тийш тэмүүлэх зэргээр байнга хөдөлснөөс биеийн нь булраа гардаг. Ер нь уралдуулж ирээд хөдөлгөсний дараа, бүр амраах үедээ ч ингэж уясан байхад сайн талтай.
Морь хэвтэж амарчихаад босоод биеэ эвхэж дээш атирч суниаж байвал уяа авч байгаагийн нэг шинж. Харин урагшаа хөл тавьж, сунаж суниаж байвал уяа дутуу байгааг харуулна.
Уяж байгаа морь ганц нэг ханиаж сонсогдвол тэр жилээ сайн давхидаггүй юм.
Уяа нь таарч буй морь дөрвөн хөл дээрээ тэгш зогсож, уяан дээрээ их унтах, ноомой болох, шар шүлс унжилдуулж хэлээ шувтарч эвшээх зэрэг шинж өгдөг.
Одоо гол төлөв тэжээж уралдуулж байгаа учраас тэжээлийг өгөөд морио сайн хөдөлгөх. Тэжээлийг биед нь энерги болгож шингээж өгөөгүйгээс уралдаанд морь нь их амьсгаадах, бие нь пэмбийтлээ хөөж, барьснаас хурдыг нь гүйцэд гаргахгүй байгаа тал ажиглагдах юм. Морь цааш хурдлах чадамж байвч тэжээлээс болж хурдыг нь гүйцэд гаргахгүй тал ажиглагдаж байгаад манай уяачид, залуучууд сайтар анхаармаар. 
Уралдахаар гарахдаа тогтож ядан, агсарч байвал сайн давхидаг. Мөн дүүхэлзээд, амгайгаа зуугаад хөндөлсөж байвал маш сайн давхидаг. Уралдаж явахдаа шилгээж байвал мөн сайн давхидаг.
Морь хадуурах явдал гардаг. Энэ нь гурван янз байдаг. Нэгд, морины бяр хүч, уяа сойлго, аагим хурд ид тэнцсэн үедээ. Нэг ёсондоо бяр, хурдаа барьж чадахгүй хадуурдаг. Ийм морийг амыг нь их таталгүй, өөрийнх нь зөнгөөр, мориноос хол хөндий, дэгдрэлт багатай гаргаж явуулдаг юм.
Хоёрт, хор ихтэй морь хадуурах тал бий. Ийм морийг бусад адуунаас аль болох хөндий холуур, ганцаараа явж байгаа мэт санагдуулахаар хэмжээнд уралдуулвал сайн.
Гуравт, зориг муутай, зүрх нь үхсэн, халирамтгай морь хадуурч, замаас гарч амрах талыг бодох мэт хөндийрдөг юм. Ийм морийг өөрийнх нь хэмжээний цөөн адуутай уралдуулж, хэд хэд гаргаж түрүүлгэж, давамгайлах байдалд оруулдаг.
Зөв тийшээ хадуурдаг морины буруу амыг татаж, хүүхэд буруу талд суух мэт, буруу талдаа урт шиг ташуур барьж, зарим үед зуузайг тоншиж явбал хадуурдаггүй.
Буруу тийш хадуурдаг бол үүний эсрэг нэгэн адил байх ёстой. Ер нь гурван хор арилж байж сая амжилтанд хүрдэг учиртай. Үүнд:
-Олон жил морь уяж, олон наадамд явж, сайн муу давхиулж, эрээ цээр нь гарч, юм үзэж нүд тайлж байж уяачийн хялуу арилж төлөвшдөг. Мөн олон уралдаанд орсон морины хор шар, олон газар харайж үзсэн морины санаа зориг, эрч хүч моринд дадлагажсан байдаг. Уралдаанч хүүхэд ялгаагүй олон газар явж, сайн муу морь, хүүхэдтэй хамт уралдаж, урд хойно орж, хор шар нь арилж, уужуу тайван, юм үзсэн байдгаас яарч тэвдэхгүй болж сурангишдаг. Дээрх гурван санаа нийлж байж амжилтанд сая хүрдэг юм даа.
-Морины хурдны ир тааруулна гэдэг тарга хүч, хөлс амралт, идэш тэжээл гурвыг нэг цэгт тохируулсныг л хэлж байгаа юм. Товчдоо, дээрх хоёр үзүүлэлт л амжилтын гол үндэс болдог.
Морины босоо цагаан  хийморь морьтон олноо түгэн дэлгэрэг.

МУ-ын Алдарт уяач Ж.Жигжид

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна