“Норовын хүлэг” МСУХ-ны тэргүүн, Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал: БАТНОРОВЧУУД БИД ӨВ СОЁЛООРОО ХЭНТИЙ АЙМАГТАА АНХДАГЧИД

Сэтгүүлч
2019 оны 1-р сарын 03 -нд

Хэнтий аймгийн Батноров сумын ЗДТГ, “Мөнх харилцаа” ТББ хамтран монголчуудын малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, таниулан сурталчлах зорилготой “Талын түмэн адуу” наадмаа уламжлал ёсоор амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн өдөрлөгт улс, аймгийн цолтой уяачид, залуу адуучид 2000 гаруй адуун сүрэгтэйгээ оролцсон байна. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-оос адуучид ирж оролцсон нь галын хүрээг хилийн чинад руу тэлсэн онцлог үйл явдал боллоо. 2018 оны “Талын түмэн адуу”-н төвөргөөний хөтөлбөрт адуучдын хээрийн цайллага, адуун туувар, “Торгон тар” богино зайн бооцоот уралдаан, нутаг усандаа алдартай хурдан адууны танилцуулга, адууны зүс нэршлийн танилцуулга, хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа, морьтон хүүхдийн парад, Хэнтийн брэнд хүнсний үзэсгэлэн худалдаа, уран уургач шалгаруулах “Шургуу 2018” тэмцээн, эмнэг булгиулах тэмцээн, малчдын өвөлжөөтэй танилцах аялал, тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт, Тожил хийцийн адууны тоноглол, дархан урлалын үзэсгэлэн, “Талын түмэн адуу” фото зургийн үзэсгэлэн, баяр наадмын зочдод зориулсан урлагийн тоглолт тус тус багтсан байлаа. Энд нэмэхэд, уг наадам нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, гадаад дотоодын томоохон жуулчдын урсгалыг орон нутаг руу татахын зэрэгцээ адуу маллах эртний нүүдэлчдийн өв уламжлалыг хадгалан үлдээх ач холбогдолтой болох талаар сумын Засаг дарга, “Норовын хүлэг” МСУХ-ны тэргүүн Гомбосүрэнгийн Тайванжаргал ийнхүү ярьж байна.

-Батноровт “Талын түмэн адуу” арга хэмжээ дөрөв дэх удаагаа болж байна уу?
-Манай Батноров сум бол морьтны өлгий нутаг. Өөрөөр хэлбэл, нүүдэлчин монголчуудын сүлдэндээ залсан хийморьтой адуун сүргийн бахархал болсон орон л доо. “Талын түмэн адуу”-ны хувьд энэ нэрээр дөрөв дэх удаадаа наадмаа зохион байгууллаа. Гэхдээ үүнээс өмнө 1997 онд манай сумынхан Батлан хамгаалах яамтай хамтран “Морьтны гайхамшиг” тоглолтыг зохион байгуулж, нэг түмэн адууны баяраа хийсэн удаатай. Тэгэхдээ улсын аварга уран уургач, бугуйлчдын тэмцээнийг явуулсан нь адуучдын урмыг сэргээсэн сайхан ажил болсон юм. Эндээс 50 хэдэн настай Л.Пунцагсодном гэж хүн хүрэл медаль хүртэж, Батноровчуудыг бахдуулсан нь бий. Гайхамшигтай уран уургач хүн байлаа. Түүнээс хойш өвөл бүр Батноров сумынхан “Адуучин” тэмцээнээ зохион байгуулдаг уламжлалтай болсон. Тэр хэрээр залуучуудын ур чадвар ч өсч эхэлсэн. Улмаар 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор болсон “Адуучин” улсын аварга шалгаруулах тэмцээнд Батноровын адуучид тун ч амжилттай өрсөлдсөн. Энд Монгол Улсдаа А.Алтаншагай гэдэг хүн тэргүүлж, 2014 оны улсын аваргад мөнгөн медаль хүртэн, спортын мастер цолны болзлыг хангасан. Ингэснээр Батноровт эмнэг сургалтын гурав дахь спортын мастер төрсөн юм. Өөр бас багуудынхаа дунд урлаг, спортын бага наадмыг 25 дахь жилээ зохион байгуулж ирлээ. Хоёр жилд нэг удаа болдог уг наадам нь үндэсний өв соёлоо сэргээн дэлгэрүүлж, хойч үедээ таниулах зорилготой. 
-“Талын түмэн адуу” нэртэйгээр 2014 онд наадмаа хийсэн байх нь ээ?
-Ийм нэрээр 2014 оноос хойш зохион байгуулж байна. Өнөөдөр энэ нь хэдэн адуучдын дунд явдаг тэмцээн биш гадаад, дотоодын жуулчдад нүүдэлчин Монголын өв соёлыг таниулдагаараа ач холбогдолтой. Тодруулбал, эцэг өвгөдөөс ирсэн нүүдэлчдийн соёлыг тээж яваа малчид, уяачдын амьдралыг таниулан сурталчилж байгаа юм. Сонсох нэг өөр, биеэрээ барьж мэдэрнэ гэж бас нэг өөр шүү дээ. Давхарын ууланд болсон хоёр дахь удаагийн “Талын түмэн адуу”-ны наадмаар зурагчид өвлийн адууны зураг дараад буцсан. Тэндээс олон улсын шилдэг гэрэл зургаар аймгийн Аварга малчин Оросын Төмөрбаатарын шарга азарганы зураг тодорсон нь энэ наадмыг сурвалжлах гэрэл зурагчдын тоог нэмсэн. Ирсэн жуулчдад ч үзүүштэй, харууштай байлгах үүднээс жилээс жилд сайжруулаад л явна. Ноднингийн хувьд найм, энэ жил 17 орноос жуулчид ирлээ. Өнгөрсөн жил 23 төрийн бус байгууллага аялал жуулчлалын тур ирсэн бол энэ жил 40 гаруй болж нэмэгдлээ. Өвөрмонголоос “Одон” ТВ-ийнхэн ирж бүрэн эхээр нь бичлэг хийж, Монгол даяар сошиал ертөнцөд тавьснаараа 56 сая хүн үзлээ. Ер нь аялал жуулчлалыг мөнгө гэж харахаасаа үйлчилгээ гэж харах хэрэгтэй. Үйлчилгээ сайн бол сэтгэл хангалуун үлдсэн үйлчлүүлэгч асуухгүйгээр мөнгөө төлдөг л байхгүй юу. Гэтэл монголчууд 5000 гэж байснаа гадаадын хүн харахаараа 20 мянга төгрөг гээд зогсчихдог. Дэлхийн олон орноор аялан юм үзэж нүд тайлчихсан өнөө хүнд магадгүй “Та Чингис хааны морийг уна, Боорчийн морийг уна” гэвэл хүссэн үнийг чинь төлдөг л юм. Харамсалтай нь тэгж маркетинг хийж чадахгүй байна. Бүхнийг зоосны нүхээр хараад байна. Улаанбаатарт ч ялгаагүй такси барилаа, гадаадын хүнд үнээ нэмдэг.
Мөн энэ жилийн тухайд “Морьтон” парадыг зохион байгуулсан нь хүүхэд залууст морьтны соёлыг түгээх ажлын нэг хэсэг болсон. Өнөөдөр хотоос хүүхдүүд ирдэг. Аав ээж нар нэг хар жийпэнд суулгаад цонх хаалаа, утсаа оролдсоор явж, явж “Хаана явж байна. Өө, өвөөгийнд ирчихсэн үү” гэх жишээний. Ирэх замын уртад хүүхэдтэйгээ ч ярихгүй байна. Хэрвээ сумын төвөөс хамтдаа морио унаад, жишээ нь, 10 км явбал хөөрхөн яриа өрнөнө. Тэр хугацаанд хэдэн удаа амрах бол. Замдаа “Энэ харагдаж байгаа Бор өндөр хайрханыг өвөг дээдсээсээ тахиж ирсэн шүтлэгт уул байгаа юм. Энэ уулын энгэрт аав нь төрж байлаа. Өвөөгийнх нь морио уяж байсан Шөрмөсөн дов гэдэг энэ шүү дээ” гээд нутаг орноо ч танилцуулах нь байна. Тэгэхээр морь унаж, наадацгаах уриалгыг сумаас гаргаж, улсын наадмынхаа эхний өдрийг “Мориороо наадъя” уриан дор хийдэг уламжлалтай болсон. Энэ жил Монгол Улсын Засгийн газар зүүн бүсийг буюу Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгох шийдвэр гаргасан. Тэгвэл Батноровчууд 2018 оныг Өв соёл, аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлалаа. Иймээс Батноровчууд өрх бүр үйлдвэрлэгч байх, өрх бүр орлоготой байх үүднээс “Түүхэн аялал жуулчлалд Батноровчуудын оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энд би Засаг даргын хувьд орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэхэд гарч байгаа давуу хийгээд сул тал, боломжийн талаар илтгэл тавилаа. Түүнчлэн есөн сумынхаа дунд “Сүлдэнд мөнхөрсөн хүлэг” морины дуу дуулаачдын уралдааныг зохион байгууллаа. Энд 27 уран бүтээлч оролцсон бол Монгол Улсын гавьяатууд шүүгчээр ажилласан. Дээрээс нь тайга нохойны уралдааныг явууллаа. “Хэнтийн брэнд” арга хэмжээг зохион байгуулсан нь Батноровчууд төдийгүй ойролцоох сумдын баялаг бүтээгчид, бизнесменүүд нутгийн брэндээ таниулах, зах зээлд борлуулах боломжтойг харуулсан. 
-Энэ сумынхан уран дархчуудаараа алдартай шүү дээ. Өөрөөр хэлбэл, нутгийн брэнд юм даа, тийм ээ? 
-Тийм шүү. Уран дархчуудаа алдаршуулж, сая үзэсгэлэн гаргасан нь энэ жилийн бас нэг онцлог ажил байгаа юм. Манай Батноров хийцийн дунд гарын эмээл 25, их гар нь 40, 50 сая төгрөгийн ханштай байх жишээний. Гэвч сүүлийн үед Батноров хийц нэрийн дор хуурамч бүтээгдэхүүн борлуулах явдал гарч байна. Батноров сум бол 58 дархантай. Ахмад 20 гаруй нь бурхны оронд явсан байх. Дунд үеийнхнээс Монгол Улсын төрийн сайдын эмээлийг хүртэл урласан байна. Одоо манай суманд бүсийн хөрөнгө оруулалтаар “Хүлэг Боорчи” андлалын өргөө баригдаж байна. Энд андууд андгай өргөж, бүс, хазаараа солилцоно. Залуучууд ирвэл заавал мөнгөн бүс гэхгүй тэлээ, найзууддаа кулон, бөгж, запник авч болно. Гэх мэтийн андлалын брэндийг өв соёлтойгоо холбох юм бол аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг томоохон гарц болно. 
-1997 онд анхны түмэн адууны баяр хийсэн гэлээ. Тэгвэл хоёр, гурван түмэн адууны баяраа хэзээ тэмдэглэж байв?
-2003 онд хоёр түмэн адууны баяраа хийсэн. Түүнээс 13 жилийн дараа адуугаа гурван түмд хүргэж байлаа. Манай Батноров чинь адууныхаа тоо толгойгоор аймагтаа тэргүүлдэг бол улсдаа 330 сумаас дөрөвт (Булган аймгийн Сайхан, Өвөрхангайн Бүрд, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Хэнтийн Батноров) ордог. 
-Танайханд бахархах юм олон юм аа. Адууны орноос гадна улс орон даяараа Тожил дархны хийцээрээ гайхуулдаг. 
-Тийм шүү. Үүн дээр нэмээд “гайхуулчихад” Монгол Улсын Шилдгийн шилдэг аварга адуучин А.Алтаншагай, П.Гөлгөө, Баярбат, Баянбат нарын аваргууд энэ нутгийнх. Мөн Л.Пунцагсодном гэж Улсын аваргын хүрэл медальтай хүн бий. За тэгээд, спортын мастер н.Балдорж, Пүрэвдорж, Монгол Улсын хамгийн анхны, 27-хон насандаа “Алтан унага”-ны эзэн болсон Арсланбаатар хүү ч Батноровоос төрсөн байдаг юм. Булганчууд анхдагчдын өлгий нутаг гэдэгтэй адилхан Батноровчууд өв соёлоороо Хэнтий аймагтаа анхдагчид гэж болно. 
-“Алтан унага”-ны эзэд олон уу?
-Одоогоор 95 жилийн түүхэнд нэг л “Алтан унага”-ны эзэнтэй байна. Миний хувьд адуучин айлын моринд дуртай хүүхэд явлаа. Тэр утгаараа адуу надад хамгийн ойр байдаг. Тиймдээ ч “Норовын хүлэг” МСУХ-ны тэргүүний ажлыг аваад мөрийн хөтөлбөртөө өв соёлоо түгээн дэлгэрүүлэх талаар тусгасан. Тухайлбал, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа малчдынхаа ажил үйлсийг түгээн дэлгэрүүлж, тэдний туршлага, хөдөлмөрийг нь үнэлүүлэхийг илүүд үзсэн. Өнгөрсөн 95 жилийн түүхэнд Батноров сум ганцхан “Алтан төл”-тэй байсан. Тэр нь 1991 онд “Алтан шинэ эзэн” гэж Жасрай гэдэг хүн хүртсэн байдаг. Түүнээс хойш 20 гаруй жил өнгөрчихсөн байтал ахиад “Алтан төл”-ийн эзэн төрсөнгүй. Хайран хөдөлмөрийг нь үнэлүүлж чадалгүй, хорвоогийн жамаар өнөө хүмүүс нь бурхны орноо одчихсон байна. Тэгэхээр ид хийж, бүтээж байгаа насанд нь цаг алдахгүйгээр малчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлүүлж байх хэрэгтэй гэж боддог юм. Ямартаа ч одоогоор Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны болон “Алтангадас”-тай малчид олон болсон. Мөн өнгөрсөн жил “Алтан тугал”, 2015 онд “Алтан унага”-ны эзэн тус тус Батноров сумаас тодорлоо. Түүнчлэн Монгол Улсын Манлай хүлэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Аймгийн Алдарт уяачаар найман хүн нэмэгдсэн гээд нутаг орны алдар цуутай хүмүүсийн түүх зузаарсаар л байгаа нь сайхан хэрэг шүү. 
-Хэдийнээс сумынхаа МСУХ-ны тэргүүнээр ажиллаж байгаа юм бэ?
-Манай “Норовын хүлэг” МСУХ нь 1997 онд үүсгэн байгуулагдсан түүхтэй. Тухайн үедээ манай сумын Засаг дарга байсан Дамдин анхны тэргүүнээр ажиллаж байлаа. Түүний дараа Бүрнээ, тэгээд Батмөнх нар ажилласан байна. Миний хувьд холбооны дөрөв дэх тэргүүн болно. Гэхдээ ажлын шалтгаанаас болж гурван жил түтгэлзсэн л дээ. Тэр хугацаанд одоогийн нарийн бичгийн дарга Өлзий тэргүүнээр, Алдарт уяач Жаргал нарийн бичгээр сонгогдон ажиллаж байлаа. Энэ үед манайхан 90 жилийн ойн баяр наадмаа зохион байгуулж, хандивын дансаа аудитын шалгалтаар орж онц үнэлгээ авсан байдаг. Ингээд гурван жилийн дараа Өлзий тэргүүн “Норовын хүлэг” МСУХ-ны тайлангаа тавьж мөн л онц үнэлгээг авсан. Түүний дараа шинэ тэргүүнийг сонгох болж, холбооны уяачид, морь сонирхогчид “Засаг даргаа улируулан сонгоё” гэж итгэл хүлээлгэсэн юм. Ингээд Өлзийтэйгөө хамтран өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Манай нарийн бичиг чинь дайчин, хэлсэн ярьсандаа бат итгэлтэй, Батноров суманд хурдан морийг хөгжүүлэх үйлсэд зүтгэж яваа шилдэг залуусын нэг байгаа юм. 
-Улсын Шилдэг салбар холбоогоор шалгарсан байдаг?
-Тийм ээ, аймгийн дөрвөн удаагийн аварга болж, хонин жилийн босгон дээр Монгол Улсын Шилдэг салбар холбоогоор шалгарсан. Тэр жилээ бас гурван түмэн адууны баяр, Шилдэг холбооны нэрэмжит уралдаанаа зохион байгуулж байлаа. Тухайн үедээ гурван түмэн адууны баярыг гэхэд нэг ч мөнгөөр байлахгүйгээр 148 адуугаар байлсан. Түрүү морь, аман хүзүү тус тус азарга адуу, түрүүлж, үзүүрлэсэн бөх ч ялгаагүй азарга адуу. Хүүхдийн барилдаанд түрүүлсэн бөхийг мөн азарга адуугаар байлсан. Бүх уяачдаа нэг нэгээр нь алдар, амжилтаар нь дуудаж, есөн метр цагаан эсгийн дээр баг, багаар нь тамгыг нь даруулаад, музейдээ үлдээсэн. Түүний баталгаа болгож сумынхаа Бүрдэн толгой хайрхан дээрээ Батноровчууд 34 мянган адууг эзэмшиж байгаа 105 тамгыг гурван хошуунд нь бэлгэшээж шингээсэн. Энэ гурван хошуунд Тожил дархан төрсөн юм аа гээд 3.70 метрийн өндөртэй Ардын гар урлалын цогцолбор хөшөөг босгож байлаа. Энэчлэн морьтны соёлыг хойч үедээ үлдээхэд яриад өнгөрөх биш, хийх хэрэгтэй гэж үзсэн. Өнөө буган чулуу гэдэгчлэн Батноров сум хамгийн сүүлд тамганыхаа хөшөөг хийсэн нь энэ. Монголын анхны тамган хөшөөг Төрийн ордны хашаан дотор хийсэн байдаг даа. Харин бид удаах нь болж түүхэндээ бичсэн. 
-Тэргүүний хувьд цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар ажлууд байна вэ?
-Мэдээж олон ажил байна. Үүнээс ойрын хугацаанд “Айраг” фестивалийг хийхээр төлөвлөөд байгаа юм. Аялал жуулчлал хөгжиж байгаа энэ үед ахуй соёлоо аялал жуулчлалын брэнд урсгалд оруулан, бүтээгдэхүүн болгож, талын түмэн адууны баяраа нутагтаа зохион байгуулна даа. Дээрээс нь морин аялал, морины цирк байгуулна. Энд ирсэн гадаад, дотоодын зочид тасалбар авч оролцох бөгөөд сугалаа сугалуулан азтан тодруулж сумын Засаг даргын нэрэмжит Тожил дархны хийцийн мөнгөн хазаарыг бэлэглэж болох юм. 
-Санаж сэдсэн бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай. Хурдан морины босоо цагаан хийморьт өнө мөнхөд ивээгдэж яваарай. Ярилцсанд баярлалаа.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна