Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар:Гурван жил дарааллан нутагтаа гүйж ирсэн бор азарганы буян оршдог уу миний бүгээн адуу илүү давхидаг

Сэтгүүлч
2020 оны 3-р сарын 16 -нд

Уртын дууны шуранхай, уран яруу гийнгоо, хүлэг морьдын үүрсээн, хөөрсөн сэтгэлийн омогшил нэвчсэн баяр наадмын дугаар таны өмнө дэлгээстэй байна. Сар саатан уншигч таны гар  хүртдэг морьтон түмний төв хэвлэл “Тод магнай” сэтгүүлийн энэ удаагийн зочин хойморт Архангай нутгийн хийморилог хүү, Тод манлай уяач Өлзийхутагийн Пүрэвбаатар уригдлаа.
Сэхээтний гэр бүлд төрж, малчны хотонд торнисон тэрээр морь уяхад шамдсан 30-аад  жилийн хөдөлмөрөө үнэлүүлж сар шинийн босгон дээр Тод манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон юм.
Бүгээн адууны абшигтай тэрээр бидэнтэй морь мордох зуур ийм дэлгэр яриа өрнүүлсэн билээ.  

Бусдын морь айрагдахад өөрийн мэт баяс гэдэг зуун дамжсан айхтар философи  


-Монгол төрийн наадмын хурдан морины уралдаан хязаалангаар эхэлдэг уламжлалтай. Тод манлай түрүү, айргийн эздэд шагнал гардуулж яваа харагдсан. Ямар учиртай шагнал билээ.

-Төрийн наадам  сайхан эхэлж байна. Хязаалангийн уралдаанд газар газрын 184 хурдан хүлэг тоосоо өргөснөөс түрүү, айрагт хурдалсан морьдын эздэд ММСУХ-ны зүгээс баяр хүргэн, батламж хадгалуулж байгаа юм. Миний бие холбооны дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлынхаа хувиар хязаалан насны уралдаанд уясан хүлэг морьдоо түрүүлгэж, айрагдуулсан хүлгийн эздэд шагнал гардуулчихаад ирлээ. МҮОНТ-ээр шууд цацагдсан тул намайг морь айрагдуулсан хэмээн ойлгож баяр хүргэсэн хүмүүс олон байна. Монгол хүний амны бэлгээр гэдэг. Олон сайхан хүмүүсийн бэлгэ ерөөл биеллээ олох бизээ. /үнэхээр ч маргааш нь унаган бор азарга нь айрагдсан билээ./ сур/ Манай уяаны Мөнхбатын  хүрэн хязаалан айргийн дөрөв хурдлан амжилтын салхи хагалж, манайхан баяртай л байна.

-Бусдын морь айрагдахад өөрийн юм шиг баярлаж чаддаг болсон үед морь айрагддаг гэдэг. Хор нь дарагдсан уяачийн морь айрагддаг гэсэн үг юмаа даа.

-Тэгэлгүй яахав. Би сая шагнал гардуулж байхдаа яг наад үгийг чинь хэлж байлаа. Харьцангуй ахмад уяачийн хувьд,  дээд цолтны хувьд, ММСУХ-ны дэд тэргүүний хувьд энэ жил анх удаа төрийн наадмаас айраг хүртэж буй гурван залуу уяачдаа түүнийг л захилаа. Монголчуудын олон зуун жилийн турш мөрдсөөр ирсэн айхтар философи шүү.

-“Морин уралдаан бол өрсөлдөөн бус өв соёл юм. Эрхэмлэн дээдэлж яваарай” гэсэн үнэт сургаал гэж ойлгодог.

-Тийм. Би ч гэсэн таван жилийн өмнө төрийн наадамд анх удаа морь айрагдуулчихаад бараг уйлах шахам гүйж явсан. Зарим хүмүүс таван жилийн дотор Тод манлай цолонд хүрлээ. Богино хугацаанд дээд цолонд хүрлээ гэдэг. Үнэхээр ч миний сонссон дуулснаар таван жилийн дотор Тод манлай уяач цол хүртсэн хүн байдаггүй юм билээ. Гэхдээ энэ таван жилийн амжилтыг гаргахын тулд би 20-иод жил аймаг, сумын наадамд уралдаж, адууны үүлдэр угсааг сайжруулан, чанаржуулахад анхаарч уйгагүй хөдөлмөрлөж ирсэн. Тиймээс  нөгөө талаараа би 20 гаруй 30-аад жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, Монгол Улсын Тод манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон.

-Найр наадам болж байгаа хэдий ч ММСУХ-ны дэд тэргүүний тань хувьд хэд хэдэн асуултанд хариулт авмаар байна. Болох уу?

-Бололгүй яахав. Би хэвлэл мэдээлэлд нээлттэй ханддаг. Та бүхэн ч гэсэн морьтны соёлын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж, залуу хойч үедээ сурталчлан таниулж байгаа шүү дээ. Нэгэн зорилгын төлөө зүтгэж байгаа улс бие биенийхээ ажилд хүндэтгэлтэй хандах учиртай.

-Бидний ажлыг хүндэтгэн үнэлж явдагт баярлалаа. Төрийн наадамд морь түрүүлгэж, айрагдуулсан уяачдад ММСУХ-ны зүгээс анх удаа хүндэтгэл үзүүлж байна. Энэ цаашид уламжлал болох уу?

-Болох байх. Төрийн наадамд морь айрагдуулна гэдэг уяачийн бүтэн жилийн хөдөлмөр шүү дээ. Энэ их хөдөлмөрийг нь үнэлж ММСУХ-ны зүгээс тэр айлын гал голомтод, адуун сүргийнх нь гал голомтод хүндэтгэл үзүүлж, баяр хүргэж  буй хэлбэр юм.

ММСУХ-ны VII Их хурлаар шинэчлэгдсэн удирдах бүрэлдэхүүн морьтны өв соёлыг хадгалан, хамгаалах түгээн дэлгэрүүлэх тал дээр ихээхэн анхаарч олон талт ажлууд санаачлан зохион байгуулж байгаа. Та бүхэн зах цухаас нь мэдэх байх. Хамгийн сүүлийн тэргүүлэгчдийн хурлаас гэхэд шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдааныг үндэсний хэмжээний баяр өргөн цар хүрээнд зохион байгуулж, хурдан морь унаач хүүхдүүдийнхээ хөдөлмөр зүтгэлийг үнэлье гэдэг шийдвэр гаргасан. Түрүү морины эзэн Ланд-200 маркийн авто машинаар шагнуулдаг жишигтэй. Харин уралдаанч хүүхдүүдийн хичээл зүтгэл тэр хэмжээнд үнэлэгддэггүй. Тиймээс ММСУХ-ны тэргүүлэгчид ярилцаж байгаад хүүхдүүддээ тусад урамшуулахаар шийдвэрлэсэн. Цаг нь болохоор та бүхэн мэдэх байх. /Түрүү морьдын хүүхдүүдийг нэг өрөө байраар шагнасан /сурв/  

Монголын төр морин уралдаанд үүсээд буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хууль эрх зүйн орчинг нь тодорхой болгож өгөх хэрэгтэй  


-Уяач, уралдаанч хүүхдийнхээ хөдөлмөр зүтгэлийг үнэлж буй нь сайшаалтай.  Хохирсон эрх ашгийг хамгаалах тал дээр бодож төлөвлөсөн зүйл бий юу. Өнөөдөр гэхэд л олон уяач морио мордуулж чадсангүй.

-ММСУХ-ны 7-р их хурлын үеэр “Монголд морин уралдааныг зохион байгуулах хууль эрх зүйн орчин алга. Одоо мөрдөгдөж буй Үндэсний баяр наадмын тухай хууль болон ММСУХ-ноос гаргасан дүрэм журам нь тодорхой бус, эрх зүйн чадамжгүй байна” гэдгийг хэлсэн. Энэ байдлаас болоод сүүлийн 10 жил хэл амгүй наадаж чадахаа байсан. Даамжираад жалга довны үзэл гарган өөрт таалагдаагүй нэгнийхээ морьдыг хасдаг болсон. Энэ тулгамдсан байдлаас гарах ганц эрх зүйн орчин нь юу байсан гэхээр стандарт хэмжил зүйн газраас баталсан сэрвээний өндрийг харгалзаж үзэх. Өнөөдөртөө бидэнд үүнээс өөр чадамжит эрх зүйн орчин алга.

-Сэрвээний өндрийг харгалзаж уралдуулах нь уяачдад хохирол багатай гэсэн үг үү?

-Энэ асуудлыг аль нэг талд нь шийдвэрлэх ёстой. Яг өнөөдрийн хувьд сэрвээний өндрийн тогтсон жишгийг харахаас өөр сонголт байхгүй. Гэтэл зарим нэг улс төрчид энэ байдлыг ашиглаад шинэ холбоо байгуулан санхүүжүүлж, монголын уяачдыг талцуулж, үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Олон зуун жилийн түүхт өв соёлдоо ингэж хандаж болохгүй л дээ. Монгол наадам тусгаар тогтнолын баталгаа гэдэг. Наадам маргаан мэтгээнгүй болох нь төрийн үйл хэрэгт тусгалаа олдог гэдэг шүү дээ. Энэ утгаар нь ч харсан асуудлыг аль нэг тал руу нь шийдвэрлэх хэрэгтэй. Үүлдэрлэг байдлыг харгалзаж уралдсан арав гаруй жилийн хугацаанд гарсан үр дүнг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ. Тэгээд ч  шинээр батлагдсан  генетик нөөцийн тухай хуульд монгол нутагт хоёр үеэрээ нутагшсан адууг нутагшсан монгол адуу гэнэ гэсэн утгатай заалт орсон байна лээ. Миний ойлгож байгаагаар  25 хувийн цустай эрлийз адууг нутагшсан монгол адуу хэмээн нэрлэхээр тогтсон байна.

Сэрвээний өндрийг харгалзан уралдах нь өнөөгийн нөхцөлд хамгийн тохиромжтой хувилбар гэдгийг батлан харуулсан бас нэг зүйл бол Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдаан. Миний бие зохион байгуулах комиссын даргаар ажилласан. Сэрвээний өндрийг лазерийн төхөөрөмжөөр хэмжиж  гаргаад, ирсний дараа нягталсан хэмжилт хийж ямар ч маргаангүй уралдааныг зохион байгуулж орон даяар бүх телевизээр шууд дамжуулж  үзүүлсэн.

-Түрүүлж,  айрагдсан морьдыг хараад ядаж сэрвээний өндрийг бууруулах ёстой юм болов уу гэж бодсон.

-Санал нэг байна. Одоо мөрдөж байгаа стандартаар өмнө нь эрлийз ангилалд уралдаж байсан адуунууд уралдаад байгаа. Гэхдээ бас нэг асуудал байна.

-Ямар?

-Зарим нэг аймгийн МСУХ-ны удирдлагуудаас “сэрвээний өндрийг нэмж өгөөч” гэсэн хүсэлт тавьдаг. Бүр тодорхой хэлбэл  Эрдэнэт, Сэлэнгэ зэрэг эртнээс адуугаа чанаржуулсан аймгуудын хувьд  одоо мөрдөгдөж байгаа сэрвээний өндөр намдаж байна гэдэг. Монгол улс уужим нутаг дэвсгэртэй. 1,5 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр дээр нутаглаж буй адуун сүрэг харилцан адилгүй байна. Сэлэнгэ Хэнтийн хойд бүс, Дорнодын зүүн хойд тал, Увс аймгийн Тэс сумын адуу бусдаас биерхүү. Эртнээс цус сэлбэгдсэн томируун. Гэтэл яг төв халхын нутаг Дарьганга, Сүхбаатарын баруун талын адуу жижгэвтэр. Хөвсгөл, Архангайнх  бүүр жижиг. Манай холбооны бодлого бол энэ бүхнийг харгалзан үзэж орон нутагт нь таарсан, нутгийн шинж чанартай уралдаан наадмуудыг зохион байгуулах. Цаашлаад малынхаа генитик нөөцийг тодруулж, генийн фондтой болох, паспортчуулах.

Ер нь бол энэ ярвигтай асуудлыг  ТББ нуруундаа үүрэх бус төр үүсээд буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хууль эрх зүйн орчинг нь тодорхой  болгож өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хууль санаачлах эрх мэдэл бүхий улс төрчид, ялангуяа морь уядаг гишүүд анхаарал хандуулж, эрх зүйн орчныг тодорхой болгож өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бид уях морьдоо ч сонгож чадахгүйдээ тулаад байна шүү дээ.Би үүнийг амьдралаараа мэдэрсэн хүн. 2016, 2017 оны үед монгол адуугаар уралдана гэхээр нь баахан монгол адуу авчихаад, азаргануудаа сольчихсон чинь тэр жилүүдэд эрлийз адуунууд уралдсан. Энэ бол ганц надад тохиолдсон асуудал биш. Олон уяач ийнхүү уях морьдоо сонгож чадахгүй байгаа.

-Баяр наадмын хуулийн нэмэлт өөрчлөлтийг цаг тулгаж бус эртнээс ярьж өргөн хүрээнд хэлэлцүүлэг хийх байдлаар шийдээсэй хэмээн хүсч явдаг юм. Энэ бас ганц миний бодол биш бололтой.

-Тоглоомын дүрэм тодорхой байх хэрэгтэй. Энэ бол нэн түрүүнд шийдвэрлэх ёстой.

-Та ММСУХ-ны гадаад харилцаа хариуцсан дэд тэргүүн. Таны  хариуцсан салбар чиглэлд ямар ажил хийгдсэн бэ?

-Миний бие 2015 оноос хойш ММСУХ-ны тэргүүлэгчээр ажиллаж байна. Дөрвөн жил тэргүүлэгчээр ажиллаж, холбооноос зохион байгуулсан аливаа ажилд идэвхи санаачлагатай ажиллаж байгаад 2019 онд гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хоёр сараас хойш миний хариуцсан салбар чиглэлийн хүрээнд нэлээдгүй ажил хийгдсээн. Жишээлбэл ММСУХ дэлхийн үндэсний спортын холбоонд гишүүнээр элссэн. Казакстанд болсон  хуралд манай талаас Ерөнхийлөгч Ц.Батсайхан, тэргүүлэгч П.Сэргэлэн  нар оролцож,  гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлсэн. Их хурд уралдааны үеэр албан ёсны батламжийг гардаж авах байх. Үүний дараа салбар холбоодынхоо удирдлагуудыг өмнөд хөршид аялуулсан. 21 аймгийн салбар холбооны тэргүүн, нарийн бичгийн дарга нараас бүрдсэн 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй баг  өмнөд хөршид аялж туршлага судлаад ирсэн. Одоо хийгдэхээр яригдаж байгаа ажил бол ирэх саруудад БНХАУ-д болох олон улсын хэмжээний их наадам. Монгол, Хятад, Орос гурван улсын Монгол туургатны их наадамд бид ач холбогдол өгч оролцохоор болсон.  

Миний загал морь бол жигүүрээ нуусан  хүлэг эрдэнэ  


-Албаны яриагаа энэ хүргээд хазаарлая. Тод манлай энэ жил хэдэн насны хичнээн морь уясан бэ?

-Соёолонгоос бусад таван насны морь уясан. Мөн эрлийз дунд ангилалд нэг үрээ бий. Хязааланд хасагддаг үрээ маань сунгаанд түрүүлсэн юм. Тэгээд нэлээн горьдож байтал  мордуулж чадсангүй.

-Ажиглаад байхад бор загал зүсмийн адуугаар түлхүү наадах юмаа.

-Тийм байна лээ.Би олон бор азаргатай. Сүүлийн жилүүдэд унаган адуунууд маань сайн давхиж байна.

-Төрийн наадам, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд айрагдсан загал морины тань талаар асууя гэж боддог байлаа. Гологдож шилэгдсээр танд ирсэн их түүхтэй адуу гэдэг.

-Ний нуугүй хэлэхэд би хүртэл голсон юм шүү дээ. Батчулуун Манлайтай хоёул авах гэж очоод голоод больчихсон юм. Гэтэл надад л ирж хурдлах ёстой буян байсан байна лээ. Монголчууд дахан дор эр, даахин дор хүлэг гэж ярьдаг. Миний загал морь тийм л нэг жигүүрээ нуусан хүлэг эрдэнэ.

-Жигүүрээ нуусан хүлэг эрдэнэ  эзнээ олсон түүхийг дэлгэрэнгүй хүүрнээч?

-Манлай уяач Батчулуун бид хоёр загал морио авахаар Ланд-105 машин унаж очсон  юм. Түүнийгээ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын засаг дарга олноо Омбого хэмээн алдаршсан Эрдэнээд гурван үрээнээс өгчихлөө. Уг нь загал мориныхоо оронд өгөх гэж байсан юм. Тэгээд санаанд хүрээгүй тул больж, гурван битүү үрээ авахаар болсон юм. Морьд араас ирж, үрээнүүдээ машинаас буулгаад уяа тойруулж байтал хээр соёолонгийн хөл нэлээд доголчихож. Тэгэхээр нь Омбого руу залгаад “за миний дүү энэ хээрийг чинь уяхын эцэсгүй юм байна. Уяа тойруулсан доголчихож” гэсэн. “Өө ах тэгвэл буцаагаад  ачуулчих. Оронд нь би танд өөр юм өгье” гэлээ. Тэгээд буцаад очсон авах юм олддоггүй. Аргагүйн эрхэнд нэлээн дургүй маягтай загал морио авсан. Ингэж л ирсэн адуу даа. Аливаа юмны учрал ерөөл гэж сонин шүү.

-Хэдэн настай морь ирж байсан бэ?

-Естэй. “Зургаан сарын эхээр нэг уралдаан болно. Тэнд уралдуулчихаад ачуулъя” гээд зургаан сарын дундуур нэлээд туранхай адуу ирсэн. Хаваржин уягдчихсан туранхай морийг харсан уяаныхан маань бас л голонгуй хүлээж аваад уяаны доохно уячихлаа. Бага сунгаанаар яваад очсон Онон ах өнжөөе гэж байна. Тэгэхээр нь би сунгачихъя гэсээр байгаад мордуулсан сайчуултай уралдаад түрүүлээд ирдэг юм. Тэгээд л шид нь танигдсан адуу даа.

-Уяаны эрэмбэ дээшилсэн үү?

-Эрэмбэ дээшлээд, ажил ихэсээд зүлгээд эхэлсэн дээ.

-Гологдсон загалыгаа төрийн наадмын айраг хүртэнэ чинээ санаж байв уу?

-Манай Билгээ их багцаатай шүү. Миний хувьд загал морио улсад айрагдан гэсэн найдвар огт байгаагүй. Яагаад гэхээр загал морь ойрхон  зуурт гарч ирдэггүй. Холч, тэсвэр тэвчээр шалгасан бартаа ихтэй замд илүү сайн уралдах магадлалтай адуу. Тэгсэн Онон ах, Билгээ эд нар сайн давхиж мэднэ гээд байсан. Тэр халуунд 35 кг жинтэй Билгээгийн хүү Буяндэлгэр унаж улсад айрагдуулсан шүү дээ.

-Давхар уяагаар Хотгойдод аман хүзүүдсэн.

-Тэгсэн. Манайхан Хөвсгөлд түрүүлгэнэ гэсэн бодолтой явсан шүү.  эгтэл Суман хүрэнд дайруулаад аман хүзүүдсэн. Дараа жил нь улсын наадамд зургаалаад, давхар уяагаар Өндөр Гэгээний 380 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд түрүүлж явж байгаад яг үзүүр дээрээ Хэнгэрэгийн Цогтсайханы хонгорт дайруулж аман хүзүүдсэн. 2016 онд улсын наадамд наймлаад,

 “Их хурд”-д айрагдсан. Билгээ бид хоёр “Их хурд”-д түрүүлнэ гэсэн бодолтой мордуулсан, айрагдсан. Улсад уралдсан адуу яалт ч үгүй арал дутдаг юм билээ. Мэдсэн бол улсад уралдуулалгүй авч үлдээд “Их хурд”-д уралдуулах байсан байна лээ.

-Гэхдээ л гологдсон загал төрийн зарлигт наадмын таван айраг авчирсан шүү дээ. 

-Загал мориндоо залбирч явдаг. Найм уралдаж, тав айрагдсан хүлэг шүү дээ. Морин уралдаан эрчимжиж, мэргэжлийн шахуу болчихсон байгаа энэ цаг үед арав гарчихсан морь ийм амжилт үзүүлнэ гэдэг амаргүй. Найм уралдахдаа ММСУХ-ны 20 жилийн ойн бүсийн уралдаанд л наймаар давхисан.Тэгэхээс ч аргагүй юм. Яагаад гэхээр ажил хийгээгүй амарчихсан байсан адууг би зөрсөөр байгаад мордуулчихсан. Манай уяаныхан “одоо болно хэрэггүй” гээд байхад нь би зөрүүдэлсээр байгаад мордуулсан нь тэр. Тухайн үед Онон ах “хор нь гараагүй байна даа” гээд шоолж байсан. Одоо эргээд бодоход үнэн байна лээ.

-Нондин лав дуулдаагүй. Уралдаж байгаа юу?

-Уржнангаас эхлээд мордуулаагүй ээ.

-Улс, бүсийн наадамд түрүүлж,  айрагдсан морьдондоо зориулж наадам хийх нь элбэг болж. Тод манлайд бодсон зүйл бий юу?

-Тод манлай уяач цолны мялаалга наадмаа 8 сарын эхээр төрсөн нутагтаа хийж, баяр цэнгэлээ нутгийн олонтойгоо хуваалцахаар төлөвлөж байгаа. Тэр үеэрээ загал мориныхоо зодгыг нь тайлж сэтэрлэх бодолтой байгаа. Түүнээс биш моринд зориулж наадам хийнэ гэдэг миний хувьд жаахан ойлгомжгүй санагддаг юм.

-Улсад айрагдсаных нь дараа унаган эзнийг нь хайж очиж уулзсан тухай дуулж байлаа. Танаас дутуугүй баярлаж суусан байлгүй.

-Эрдэнэцагаан сумандаа зах зайдуу нутагладаг Эрдэнэцогт гэж залуу байдаг юм билээ. Сурагласаар яваад очиж нэг хонон сайхан яриа өрнүүлээд, баярласан талархсанаа илэрхийлээд ирсэн. Өнөө залуу маань ч гэсэн унаган адуу улсад айрагдуулж нэр гаргаж өглөө гэж баярлаад   загал  морины удмын охин адуу бэлэглэсэн. Би бас хариуд нь хурдан удмын даага бэлэглэсэн.  

Унаган адуугаа өөрөө уяж улсад айрагдуулчихаад “аймгийн Алдарт уяач”авах хэмжээнд хүрчээ хэмээн уужирсан   


-Тод манлайн алдрыг өргөж, урмаар тэтгэдэг хурдан хүлгүүдийн нэг нь Жигүүр бор азарга тань. Аргагүй хурдан буян юмаа.

-Төрийн наадмын анхны айргийг өөрөө уясан өөрийн унаган адуугаараа хүртээд дээлэндээ багтахгүй огшиж явсан үе над бий. Тэр сайхан мөчийг бор азарга маань бэлэглэсэн. Бор азарга маань дааган цагаасаа хурдалсан адуу. Шүдлэн болдог хавар нь би аймгийн Алдарт уяач цол хүртээд мялаалга наадам хийсэн юм. Тэгсэн тэнд саахалтын зайтай хол түрүүлсэн.

-Манай сэтгүүл очиж сурвалжилж байлаа.

-Нээрэн тийм шүү дээ.Орон нутагтаа нааддаг хүнд аймгийн Алдарт гэдэг надад том цол байлаа шүү дээ. Дээр нь миний олон жилийн хөдөлмөрийн үр шим гэж бодох сайхан байсан. Ер нь тэгээд хүн төрийн хишгийг бага том гэж чамлах учиргүй. Сум, аймгийн наадам байсан ч ялгаагүй төрийн наадам. Тэр утгаараа баяр наадмын тухай хуулиар олгогдог аймгийн Алдарт уяач цолоо ихэд хүндэтгэн олон жил морь уясан Багануур дүүрэгтээ мялаалга наадам хийсэн юм. Тэнд бор үрээ саахалтын зайтай түрүүлж, хурдан хүлэг болохоо харуулсан. Дээр нь хөдөлж байгаа энэ тэр нь нэг л өөр. Тэгээд улсад уралдаж үздэг юмуу гэж бодоод сунгаа маягаар Хэрлэн Баян-Улаан сумын наадамд мордуултал дахиад хол түрүүлсэн. Тэгээд л сэтгэл шулуудаж, ачиж авчраад ганц хөлс аваад улсад мордуулсан чинь айрагдчихсан. Өмнө нь дуулдаагүй битүү үрээ ирээд улсад айрагдчихаар хүмүүс анзаарахгүй л байсан. Тэр бүү хэл морь тайлбарлаач Оюунбаатар танихгүй байсаар барианд оруулсан шүү дээ.

-Байзаарай. Тэр жил айрагдсан загал морийг тань Батбилэг Тод манлай уясан. Та бор үрээгээ уясан гэхээр уяа тусдаа байсан хэрэг үү?

-Тэр ийм учиртай. Загал морины эзэн Эрдэнээгийн найз Шараа буюу Тодгэрэл Онон ахад хадаг барьж шавь орсон юм билээ. Загал морь ирсэн сургаар манайд ирсэн юм. Тэгээд яахав морь мал яриад жаахан хөгжилдөхгүй юу. Тэгсэн өнөөх маань Онон ахын туслах уяачаар таван жил ажиллаж байгаа гэдэг юм. Тэгэхээр нь би “Ах нь өөрөө нэг юм оролдох юм. Том наадамд орчихмоор гайгүй юмнууд байна. Туршлага дутаад 10, 20-доор давхиулаад байх юм. Билгээтэй уулзуулж өгөөч” гэсэн. Нөгөөх маань тэр дор нь залгаад Билгээг дуудчихлаа. Тэгээд Билгээтэйгээ  танилцаж “ах нь загал морио чамаар уяулъя. Танай галд гишүүнээр оръё” гэдгээ хэлсэн юм. Энэ загал морь их учиртай амьтан. Намайг хорвоогийн хамаг сайн сайхантай л уулзуулж байгаа буянт мал.

-Загал морио Тод манлайгаар уяулаад, өөрөө шүдлэн үрээгээ нухжээ дээ.

-Тийм. Унаган адууны нэг сайхан тийм шүү дээ. Уяа сойлгын онцлог , зан байдлыг нь андахгүй. Улсад ачиж ирэхдээ би гаднаа ил гаргаагүй боловч бор үрээндээ их найдаж байсан.  Бор үрээ маань урам хугалаагүй ээ.

-Өөрийн уясан унаган үрээ төрийн наадамд айрагдана жинхэнэ утгаараа цолны мялаалга биз.

-Өө тэгэлгүй яахав. Тэр үед би гэдэг хүн үнэхээр цол авах хэмжээнд болсон юм байна гэх итгэл төрж, урам зоригоор тэтгэгдсэн. Намайг ойроос мэддэг хүмүүс “энэ олон жил адууны хойноос явчихаад, өөрөө уясан морь тань төрийн наадамд айрагдчихаад байхад яагаад бие даагаад морь уядаггүй юм бэ?” гэж асуудаг юм. Үүнд би дараах тайлбарыг өгдөг. Нэгдүгээрт би Онон Тод манлай, Батбилэг Тод манлайн хэмжээнд хүрч уяна гэж байхгүй. Үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Хоёрдугаарт галын зохион байгуулалтанд орно гэдэг маш чухал. Энэ бол хурдан морины түүхэнд орж ирсэн томоохон дэвшил. Одоо цагт мал маллангаа морь уяж айрагдуулах ямар ч боломжгүй. Морин уралдаан хөгжиж, уяачийн эрдэм мэргэшил  болтлоо нарийссан байна. Төрийн наадамд морь айрагдуулахад бүхэл бүтэн баг ажиллаж байна. Би энэ баг хамт олны нэгээхэн хэсэг болж, өөрийн мэдэх чадахаас хуваалцан, мэдэхгүй чадахгүйдээ суралцаж байна.

-“Түмний эх” галын нэг эд эс болно гэдэг барагтай аавын хүүд тохиохгүй хувь байлгүй.

-Аав хүү Тод манлай, Манлай уяачдаас сурах зүйл их бий. 

-Бор үрээ тэр жил давхар уяагаар уралдсан билүү?

-Дорнодод болсон зүүн бүсийн урлдаанд түрүүлээд,  хойтон жил нь хязаалан улсад түрүүлсэн. Хязааланд нь дахиж уралдуулаагүй юм. Соёолондоо  улсад аман хүзүүдээд, хавчиг азарга Сэлэнгэд болсон бүсийн уралдаанд түрүүлээд, ММСУХ-ны 22 жилийн ойн хамгийн хурдан хүлэг шалгаруулах төрөлд гуравт давхисан. Өнгөрсөн жил Орхон аймагтб болсон төвийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан шүү дээ./Ярилцлага авсаны маргааш АХ-ын 98 жилийн ойд айргийн гуравт хурдалсан/

-Уучлаарай, зарим хүмүүс таны бор азаргыг эрлийз гэдэг. Удам угшлыг нь хэлж өгөөч.

-МУ-ын Алдарт уяач Тэрбиш гуайгаас би таван хээлтэй гүү сонгож авахаар урьдчилан тохирсон байсан юм. Тэгээд хавар гүүгээ авах болсон чинь манай хүн зарсаар байгаад дөрвөн хээлтэй гүү л үлдэж. Тэгээд нэгд нь энэ бор азарганы эх ягаан гүүг  заасан юм. Би хээлтэй гүү аваад, унагалсаных нь дараа азарганд хураалгана гээд тооцчихсон байсан учраас ягаан байдсыг авахгүй гээд. Ингээд яриад байсан чинь гайгүй давхисан болгоноо эхлээд голж байсан байна шүү. /инээв/ Тэгээд яахав өөр арга байхгүй тул нэлээд дурамжхан, уурлах шахуу юм бол өнөө ягаан хязааланг авлаа. Хойтон жил нь унагалаад өнөөх нь эндчихдэг юм. Тэрний хойтон жил нь эр унага гаргасан нь миний хурдан бор. Ягаан байдасны эцэг нь тойруулгын Сүмбэ шагай гээд бор азарга. Харин эх нь Сүхбаатараас авсан гүү байдаг гэсэн. Тэрбиш гуай чинь бүх адууныхаа удмыг компьютер дээр бичээд хадгалчихсан байдаг юм. Тэгээд намайг ягаан байдсыг авах үед ийм удамтай адуу хэмээн үзүүлж байсан.

-Эх талдаа Сүмбэ шагай ордог юм байна. Эцэг нь ямар азарга билээ.

-Миний бор азарга. Бор азарга 50 хувийн цустай адуу. Тэгэхээр бор азарга 25 хувийн цустай адуу болж байгаа биз. Сэрвээний өндөр нь 138 см.

-Бор азарганы  төлүүдээс уягдаж байгаа юу?

-Нэг даага хөөрхөн давхих янзтай байна. Уядаг азарга төл цөөнтэй байдаг шүү дээ. 


Гурван бор азарга мордуулж, нэг түрүү, хоёр айраг хүртсэн маань олон давтагдахгүй байх  


-Тод манлайн тодорсон боруудын нэг Антени борынхоо талаар яриач. Бэлэгний адуу гэдэг билүү?

-Онон ах надад дааганд нь ээжтэй хамт бэлгэнд өгсөн юм.

-Ингэхэд яагаад “Антени” гэж нэрлэсэн юм бэ?

-Даагандаа хөхлийг нь боочихоор их өндөр болдог. Түүнийг нь манайхны хүүхдүүд хараад “Антени” гэсээр байгаад тогтчихсон юм. Морины нэрийг голдуу уралдаанч хүүхдүүд өгчихдөг юм ш дээ. Олон дааганаас ялгахад амар байсан юм шиг байна лээ.

-Антени бор чинь хэд түрүүлж, айрагдсан бэ?

-2015 онд даагандаа улсад түрүүлээд, Өвөрхангайд очиж аманхүзүүдээд, ММСУХ-ны 20 жилийн ойд дөрвөөр давхисан. Шүдлэн үрээ уралдаагүй өнжөөд, хязааландаа улсад таваар давхисан. Соёолондоо хоёр айрагдсан. Энэ гурван бор адууны амжилт намайг Тод манлай уяач цол хүртэхэд ихээхэн жин дарсан. Эдэн дээр нэмэгдээд “Хотгойдын хурд-3”-т айрагдсан хээр даага байна. Миний унаган адуу. Хангайн бүсэд таваар давхисан шүү дээ.

-Хотгойдод бас нэг азарга айрагдсан бил үү?

-Онон ахын адууны гаралтай “Богд” хүрэн гээд азарга  “Хотгойдын хурд”-д таваар ороод Өвөрхангайд аман хүзүүдсэн.

-2015 оны юу?

-Тийм. Хотгойдод айрагддаг жилээ улсад арав гаргаж давхиад, дараа жил нь Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой хангайн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан.

-Өнгөрсөн жилийн баяр наадмын цуваа шүүж байхад Тод манлайн нэр дээр гурван бор азарга түрүүлж, айрагдсан байх юм. Жигүүр бор Эрдэнэтэд, Антени бор Дорноговьд айрагдсан. Түрүүлдэг бор азарга хаанахын адуу вэ?

-Сүхбаатарын адуу. Өнгөрсөн жилийн бүсийн уралдаанууд миний хувьд мартагдашгүй сайхан урсамж үлдээсэн. Ганц миний хувьд ч бус монголын хурдан морины түүхэнд бас чиг олон давтагдахгүй болов уу. Нэг хүний гурван бор азарга мордож, нэг түрүү, хоёр айраг хүртээнэ гэдэг ховорхон тохиох аз завшаан. Тийм баярт агшинд хүн үнэхээр хөөрдөг юм билээ.

-Та аль азаргаа дагаж явсан бэ?

-Унаган борыгоо. Тод манлай уяач цол хүртэхэд дээд насны ганц айраг дутуу байсан болохоор унаган бордоо найдаад өөрөө аваад Эрдэнэт рүү явсан юм. Харин манай галын Дагваа дүү маань “Антени” болон Сүхбаатараас авдаг бор азаргануудаа аваад Дорноговийн бүсийг зорьсон.

Бадамсүрэн ах маань унаа машин гаргаж өгөөд азарганы уралдаан дагаж үзэн, борыгоо айрагдуулчихаад баяр хөөр дүүрэн амьтан цэнхэр хашаанд хөлсийг нь хусаад алхаж явтал утас дуугараад “бор азарга хол түрүүллээ” гэдэг юм. Түрүүлэх түрүүлэхдээ Дорноговийн түүхэнд байгаагүй хол түрүүлсэн. Хөлсний хашаанд оруулж хөлсийг нь хусчихаад байхад аман хүзүүний азарга алга байсан. 

-Уралдааны бичлэгийг нь үзсэн юмуу?

-Хүмүүс фэйсбүүкээр лайв хийгээд тэрийг үзсэн. Тэгсэн цаана нь “энийг замаас тавьсан байхаа. Ингэж хол түрүүлнэ гэж юу байдаг юм” гэцгээгээд байсан. Бодит байдал дээр хамт байсан улс

телевизийн бичлэг дээр таначихдаг юм байна. Үүнээс ч хол түрүүлсэн гэж байна лээ.

-Бахархахаас аргагүй үйл явдал болжээ.

-Маргааш нь эрлийз ангилалд Антени бор айрагдаад Тод манлай уяач цолны болзлыг дүүрэн биелүүлж авсан даа.

-Говийн бүсийг шуугиулсан бор азарганыхаа удам, угшлыг дэлгэрэнгүй танилцуулаач?

-Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Аваадорж гэж хүний адуу. Би Даваадорж гээд дүүгээс нь авсан юм. Нуулгүй хэлэхэд айхтар таниад авчихсан юм биш. Удам угшлыг нь асуусан эх талаасаа Монгол хээр, Дүү хээрийн угшилтай гэж дуулаад авсан юм. Ах дүү хээрүүд болоод Пүрэвдорж гуайн сайн давхиж байгаа адуунуудын эцэг болох хөгшин хээр азарганы эх талын гүүнээс гарсан гэхээр нь авсан юм. Бас л хүн тоохооргүй навсайсан жаахан адуу  байсан. Хоёр удаа долоод давхиад, ноднин улсад 10 гаргаж давхиад Дорноговийн бүсэд түрүүлж байгаа нь тэр.    

Гурван жил дарааллан мал туувраас гүйж ирсэн бор азарганы буян хурсан байж мэднэ  


-Бор адууны хийморийн даллагатай хүн юмаа. Зүсний хувьд ямар нэг бэлгэдэл шалтгаан байна уу? Дээдчүүл тань морь уядаг  байсан гэдэг.

-Манайханд бор адууны сэтэр гэдэг ч юмуу ямар нэг бэлгэдэл байгаагүй. Харин ч манайхны дээдчүүл  хүрэн, зээрд зүсмийн адуугаар сайхан наадаж байсан улс. Бүүр дээд үедээ бол хээр адуутай байсан гэнэ лээ. Доной гэж олон адуутай хүн байсан гэдэг. Одоо Төвшрүүлэх, Архангайн адууны зүсийг хөөгөөд явах юм бол дээгүүрээ манайхны  адуу болоод явчихдаг талтай. Зүсний хувьд бол ийм. Харин бор адууны буян хурсан байж мэднэ. Ямар учиртай вэ гэхээр манайх нэг харимал бор азаргаа гурван жил дарааллан мал туугчид зарж, өнөөх нь гурван жил дарааллан нутаг руугаа гүйж ирсэн юм билээ. Гурав дахиа гүйгээд ирэхээр нь өвөө “за одоо яршиг даа” гээд дахин мал туугчид өгөөгүй. Бор азарга ижил сүрэгтээ байж байгаад нутагтаа ясаа тавьсан гэдэг. Надад бор адуу хурдалдгийг л үүнтэй холбож бэлгэшээж болох юм.

-Тэр бор азарга уягдаж байсан юм болов уу?

-Лав  чоно хөөхөд гүйцдэг байсан гэнэ лээ. Уяж байсан эсэхийг мэдэхгүй юм.

-Морь уях төрийн хэрэгт шамдаж, дээд цолонд хүрлээ. Өндөр их буян хайрласан өвөг дээдсийнхээ талаар хуучлаач. Адуу, хүн хоёрт удам чухал гэдэгсэн.

-Миний өвөг эцэг Цэдэн 1921 онд  Архангай аймгийн Хотонт суманд малчин ард Донойн гурав дугаар хүү болон мэндэлсэн. 1941-1949 онд хугацаат цэргийн албыг Дорноговь аймгийн Сайншанд, Байшинтын заставт хааж, энэ хугацаандаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Халхын голын “Бид ялав” медаль, “Халх гол” тэмдгээр тус тус шагнагдаж байсан ахмад дайчин. 1962 онд Улаанбаатар хотын Октябрын район (Баянгол дүүрэг)-д шилжин ирж амьдран, 1963-1980 онд Улаанбаатар хотын Төв бараа баазад гавъяаны амралтаа эдлэх хүртлээ тасралтгүйгээр ажилласан буурал. Харин миний аав Өлзийхутаг 1941 онд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд  Цэдэнгийн хоёрдугаар хүү болон мэндэлсэн. Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангийг  төгссөн их эмч хүн. Аав минь 1966 онд их сургуулиа төгсөөд ажлын гараагаа өөрийн төрсөн нутаг Архангай аймгийн Тариат сумаас эхэлж, 1971 оноос мэдрэлийн эмчээр дагнан ажиллаж аймаг дундын сэтгэл мэдрэлийн диспансерыг үүсгэн байгуулж, “Сэтгэц мэдрэл, гэм судлал” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалан орон нутагтаа алдаршин, олон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн буянтан байлаа. Аав минь өөрийн үндсэн ажлаас гадна хөдөө нутагт соёлын үрийг тарин, хүн амыг эрүүлжүүлэх, соёлч боловсон аж төрөх ёсыг хэвшүүлэхэд үлгэр дууриалал болсон олон сайхан ажлыг санаачилж эхлүүлэн, сум нэгдлийнхээ соён гэгээрэл, урлаг уран сайхны ажилд идэвхитэй оролцож тухайн үеийн сэхээтнүүдийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг өндөрт өргөж явсан.Миний ижий Гүржавын Буянжаргал мөн анагаах ухааны их сургууль төгссөн, их эмч мэргэжилтэй. Ээж минь хүүхдийн чих хамар, хоолойн эмчийн нарийн мэргэшил эзэмшиж Монгол улсад урьд өмнө хийгдэж байгаагүй олон мэс ажилбаруудыг хийж 2005 онд эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байлаа. 

-Та чинь сэхээтний гэр бүлээс гаралтай юм байна шүү дээ. Тод манлайн арыг даадаг гэргийтэй нь танилцаж болох уу?

-Миний ханийг Санжпэрлээгийн Төмөрчөдөр гэдэг. Энэ амьдралын минь утга учир, түшиг тулгуур болсон гурван хүүхдийн минь ээж сайхан ханьтайгаа 1984 онд гэр бүл болж байлаа. Цаг хугацаа хурдан юм, 35 жилийг уйлж, дуулж инээж хөөрч хамтдаа үдэж. Хань минь намайг урам зориг, итгэлээр  тэтгэдэггүйсэн бол өнөөдрийн амжилтанд хүрэхгүй байсан гэж боддог. Өнөөдөр ч ялгаагүй Хүйн долоон худагт ирчихээд зочдод үйлчлээд явж байна.

-Ингэхэд Тод манлайн үндсэн мэргэжил юу билээ?

-Морь гэдэг хийморилог амьтан эзэн уяачаа олонтой болгох юм даа. Намайг загал морь, бор азарганы эзэн Тод манлай уяач гэдгээр нь мэдэх хүн элбэг. Харин эрчим хүчний салбарт машинистаас нь эхлээд салбарын сайдыг нь хүртэл 30 гаруй жил ажилласан гэдгийг тэр бүр мэдэхгүй байх. Хүнд голдуу нөхцөлд буюу зуухан цехүүдэд ажилладаг байлаа. Эрчим хүчнийхэн бол намайг мэднээ.  Би чинь МУ-ын зөвлөх инженер хүн шүү дээ. Төр засаг миний хөдөлмөрийг өндрөөр үнэлж “Алтангадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Сонирхуулаад ярихад цагаан сараар би Манлай уяачийнхаа малгайг өмсчихөөд “Алтангадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоо зүүсэн зургаа фэйсбүүк хуудсандаа тавьтал морь уяж байгаад хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авчихлаа гэсэн утгатай зүйлс бичсэн байсан.

-Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэдэг. Энэ удаагийн сэтгүүлийн “Урлаг соёл” булан уригдсан яруу найрагч С.Амартайван таныг шүлэг найрагт дуртай. Бас чиг хоосонгүй гэсэн байсан.

-Үгүй яахав сэтгэлд хүрсэн ганц нэг шүлгээ Сэр-Од, Цэвээравдан нарын хөгжмийн мастеруудад өгч ая дантай болгосон. Зарим нэг нь клипжээд, зарим нэг нь СD-нд орсон байна лээ. Түүнээс ажил хэрэг болгоод зорьж эмхэлдэггүй юмаа.

-Ярилцлагын турш “унаган адуу урамтай сайхан хурдалж байна” гэдэг өгүүлбэрийг нэг бус удаа хэллээ. Пүрэвбаатар Тод манлайгаас адуу авъя гэсэн улс олон ирэх юмуу?

-Унаган адуу хурдан байгаа. Ноднин гэхэд  аймаг, аймгийн чанартай уралдаанаас 12 айраг түрүү авсан.

-Ингэхэд танай адуу хаана нутагладаг юм бэ?

-Хэнтий аймгийн Баянхутаг суманд. Манай адуучид тэр хавиараа сайхан нааднаа. Энэ жил гэхэд Баянхутаг суманд болсон хаврын доод гурван насны морьдын уралдаанд даага шүдлэнтэй очоод нэгийг нь түрүүлгэж, нөгөөг нь аман хүзүүдүүлсэн байна лээ. Сая Дэлгэрхаанд болсон бүсийн уралдаанд их насны морь түрүүллээ дуулдсан. Хавар Баяндунд болсон Дорнод аймгийн бүсийн уралдаанд азарга түрүүлж, хязаалан дөрвөөр давхисан. Манай адуучин хоёр жилийн дотор аймгийн Алдарт уяач цолны болзол хангасан. Ирэх жил цолоо авах байх.

-Адуу малын наймаа арилжаа хэр хийдэг вэ?

-Нутагтаа байдаг ах дүү, танилууд руугаа олон адуу бэлгэнд өгсөөн. Түрүүчийнх нь төлүүд давхиж байгаа сурагтай. “Баярлалаа ахаа” гээд утасдаж байдаг юм. Энэ жил нэг дүүгийн морь сумандаа айрагдчихлаа дуулдсан. “Таны бэлэглэсэн азарганы төл” гэж байна лээ. Энэ мэтчилэн бэлэглэхээс гадна зарим нэг тохиолдолд солио хийж байна. Би гүүнд их ач холбогдол өгдөг хүн. Сүхбаатараас сайн удамтай гүү авахдаа азарган үрээ оролцуулах нь бий.

-Зүүн зүгийн гүү аргагүй сав сайтай юм билээ.

-Бие товируу шүү. Мөн Тэрбиш Алдартаас тойруулга угшилтай гүүнүүдийг үнэ хайрлалгүй авсан. Жаргалантын сангийн аж ахуй хувьчлагдах үед тэндхийн адууг тэр чигт нь авсан. Тэгэхээр манай адууны үндсэн суурь өөрийн болоод Жаргалант, тойруулга угшилтай болдог.

-Дараагийн насны морь мордох гээд хүмүүсийн хөл ихэсч ярилцлагаа  таны хамгийн сайхан  наадмын дурсамжаар өндөрлөе. Би сайхан дурсамжаар ярилцлагаа дуусгах дуртай.

-20 хэдтэй залуухан байх үеийн нэг наадам одоо ч дурсамжтай санагддаг юм. Манай Архангай аймгийн Хашаат сумын уугуул улсын Арслан Мижиддоржийн мялаалга гээд бай мөрий өндөртэй наадам болсон юм. Би дөнгөж морь уяж эхэлж байгаа залуухан. Тэр жил Архангай аймгийн Өгийнуур суманд морио уялаа. Ах минь надад бэлэглэсэн өөрийн унаган хээр азарга сунгаануудад сайн байнаа.  Шөнө  зорьсон газраа ирээд майхнаа барьсан хазгай газар таарч. Шөнө морь идүүлж байх хооронд хамт явсан нэг нөхөр маань савтай айргаа хазгай газар тавиад өнөөх нь юу ч үлдэлгүй асгарчихсан. Өглөө нь уух юм ч морио мордуулчихаад хүлээж байтал хээр азарга маань түрүүлсэн. Тэгж сав дүүрэн айргаар газрыг нь мялаан байж азаргаа түрүүлгэчихээд хөлсийг нь хусангаа нулимсаа шударч байтал Шатар гээд манай авгайн талын хамаатан болох ах “зайлуул юм үзээгүй юм. Одоо миний хүү битгий уйл. Ахдаа хусуураараа нэг хөлс өгчих”  гэж билээ. Шатар ах тэр үед одоогийн миний насан дээр буюу хор нь гарчихсан эр байж. Айраг, түрүү хүртсэн олон сайхан наадмууд тохиосон ч энэ наадам дотно сайхан санагддаг юм.

-Амттай сайхан дурсамж санж. Бүсийн уралдаанууддаа сайхан наадаарай. Амжилт хүсье.

-Баярлалаа. Морьтон монголчуудын ахуй соёлыг ард түмэндээ түгээн дэлгэрүүлэгч “Тод магнай” магнай сэтгүүлийнхээ баяр наадмын дугаарт зочноор уригдан ярилцлага өгсөндөө баяртай байна. Монгол түмэндээ хурдан хүлгийнхээ босоо цагаан хийморь доор сайхан наадахыг хүсэн ерөөе.

А.Тэлмэн  "Тод магнай" сэтгүүл № 110

 

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.