Аймгийн Алдарт уяач Ч.Энхболд: Морио сайхан уячих юмсан гэж бодохоос биш цолонд хүрэх гэсэн хүсэл шунал байхгүй

Сэтгүүлч
3-р сарын 25 -нд

Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5-р багийн харьяат,  аймгийн Алдарт уяач Чулуунбаатарын Энхболдыг уншигч тантай уулзуулж байна. Улсын Алдарт уяач Ч.Сугарыг уяаны эрдмийн А үсэг заасан багшаа хэмээн боддог гэж ярих тэрээр бидний асуултанд ийн хариулсан юм.

-Улсад зургаагаар давхисан хурдан морины тань талаар яриагаа эхэлье. Ямар удам угшилтай адуу вэ?

-Энэ миний Мөнхтүвшин дүүдээ авч өгсөн хонгор азарга байгаа юм. Говь-Алтайн Энхболд гэж залуугийн хойноос орж ирсэн азарганых нь төлүүдээс Манлай уяач Батчулуун гуайгаар шинжүүлж байгаад хонгор даага авч байлаа. Одоо найман настай 25 хувьтай хонгор азарга бий. Даагандаа сахуураад уяж чадаагүй, шүдлэн үрээ уягдсан. Шүдлэн үрээ Цэцээ гүний хурд аймгийн бүсийн уралдаанд гуравлуулаад, Баянжаргалангийн наадамд түрүүлгээд, дараа нь Дундговьд болсон улсын бүсэд аман хүзүүдүүлсэн. Хязааланд нь анх удаа улсын наадамд явж  зургаалуулаад, анхны Хүрээ цам даншигт соёолонд уралдуулаад аман хүзүүдүүлсэн юм. Шарын голын 50 жилийн ойд очиж мөн аман хүзүүдүүлсэн.

-Соёолондоо яаж давхисан бэ?

-2016 онд соёолон их хурдан байсан юм. Баянхонгор аймгийн баяр наадамд түрүүлгээд, Эрчим хүчний 50 жилийн ойд нь түрүүлгэсэн. Тэгээд Говь-Алтай аймагт болсон улсын бүсийн уралдаанд очоод хасагдаад уралдаж чадаагүй. Энд Сэргэлэндээ Түмэн адууны баярт түрүүлээд, Налайхын баяр наадамд эрлийзэд түрүүлсэн.  Хавчиг жилээ Багануурт болсон Хангарьд улсын бүсэд тавлаад, ноднин долоотой өнжсөн юм.

-Улсын наадамд үрээ нь айргийн араар барианд ороход харамсалтай л байсан байх даа?

-Зургаа гэдэг бол хамгийн ёрын тоо шүү дээ. Зургаад орсон, зууд орсон хоёр ижилхэн ч гэдэг. Долоо, наймд орсон бол тэгтлээ сэтгэл гонсойхгүй. Гэхдээ би ер нь ямар нэг юманд онгирч хөөрч, эсвэл харамсаж халаглаад байдаггүй л дээ. Тэгэхэд миний хүү дөрвөн настай. Дөрвөн настай хүүгээ эхнэр бид хоёр дөрөөтэй нь уяад анх удаа наадамд мордуулж байгаа юм шүү дээ. Тэгээд морь, хүүхэд эсэн мэнд давхиад ирсэнд нь баярласан. Нэг хүүхдээр тавиулсан чинь чихцэлдээн дунд алдаад миний хүү хойшоо шахагдаад уйлаад, 265 үрээнээс хамгийн сүүлд эргэсэн гэж байгаа юм. Ааваа би ганцаараа үлдсэн гэж байгаа юм чинь. Тэгээд өндөр хүчдэлийн шугамтай хөтөл дээр эхний морьд гарч ирэхэд сураггүй. Барианы адаг дээр дөрөв дээр ороод ирчихсэн явж байснаа барианд ороход 50 метр хэртэй байхад алхчихсан. Араас туулж уралдсан болохоор аргагүй л дээ. Ард нь Дундговийн Хулдын Баярсайханы хонгор халзан шогшиж яваад, шогшсон нь тавлаж, алхсан нь зургаалсан. Надаас илүү Мягмарбаатар гэж манай найз индэр дээрээс хашгираад, морь бариачийг нь бариачээ гээд орилоод байсан гэсэн.

-Улсын наадамд айрагдуулж чадаагүй ч даншиг наадамд аман хүзүүдүүлчихээд баярлаа байлгүй?

-Наадмын дараах даншигт хязаалан үрээ соёолонд уралдаад түрүүлж ирж байгаад бариан дээр хул үрээнд дайруулаад аман хүзүүдсэн. Би ч түрүүллээ гээд баярладаггүй, сүүлдлээ гээд гутардаггүй зантай. Сэтгэл нэг их хөөрөөд байдаггүй. Зураг хөрөг ч авахуулах дургүй. Морь айрагдахад өөрөө цоллуулдаггүй, дүү нараа очоод цоллуулчих гээд явуулдаг. Барагтай юмыг тоохгүй л болсон нас юм уу даа. Мэдээж адуугаа айрагдуулчихаад явж байх сайхан л байдаг юм.

-Онгирч хөөрөхгүй ч кайфаа авна биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Би дуртай юмаа хийж байна шүү дээ. Өөрийн гэсэн адуутай болоод морь уях сан гэдэг зорьсон бодсоноо биелүүлээд явж байгаа болохоор сайхан байлгүй яахав. Тэрнээс биш айраг түрүү авъя, цолтой болно гэж бодож байгаагүй. Би одоо ч цолны төлөө явдаггүй.


-Хүрээ цам даншгаар улсын чанартай уралдаан болдог биз дээ?

-Уг нь улсын чанартай амжилтад бүртгэнэ гэж байгаад бүртгээгүй.

-Ингэхэд та хэдийнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болов?

-Би 2007 оноос морь уясан. Багаасаа моринд дуртай, Сашка ах буюу Дорждэрэм, Галбадрах гэж энэ хоёр айлд арай томхон хүүхэд байхдаа очиж морь малыг нь унадаг, уяаны ажилд нь тусалдаг байлаа. Тэрнээс манай удамд морь уядаг хүн байгаагүй ээ. Харин манай эхнэр бол багаасаа хурдан морь унаж өссөн, Баянжаргалангийн хурдан морьтой Аюуш гэдэг хүний хүүхэд байгаа юм. Манайх гэр бүлээрээ Японд амьдарч байгаад ирээд эхнэр багаасаа моринд дуртай байсан, миний мөрөөдөл хоёр нийлээд л 2007 оноос морь уяж байна.

-Гадаадад амьдарч байсан айлд морь мал, тэр тусмаа хурдан адуу төдий л байгаагүй болов уу. Морь уях нөхцөл яаж бүрдэж байв?

-Баянбаа гэж нэг дүү хүү Дорнод, Хэнтийгээс баахан адуу авчраад надад ногоон азарга бэлэглээд, бас “Ах та үзээд өгсөн мөнгөндөө аваач” гэдэг юм. Өмнө нь морь авчрах гэсэн чинь мөнгө дутаад гэхэд нь би тусалдаг байсан л даа. Тэгээд авчирсан морьд нь таалагдаад ихэнхийг нь худалдаж аваад, тэр адуугаар л морь уях суурь тавигдсан.

-За тэгээд адуутай болчихлоо. Тэр жилээ шууд уяагаа эхэлсэн үү?

-Анх МУ-ын Алдарт уяач Сугар гэж дүүгийн галд очиж морьдоо уяж, Эрдэнэсантын 55 жилийн ойд Сугарын өгсөн халзан соёолон үрээ аман хүзүүдэж анхны айргаа авч байсан юм. Халзан соёолон дараа нь Баян-Өнжүүл, Сэргэлэн гээд гурав дөрвөн ч газар айрагдсан. Хэнтийн Мэндээ гэж Алтан унаганы эзэн болж байсан хүн Сугарт өгсөн юм гэнэ лээ.

-Дараа нь ямар адуугаар наадаж байв?

-2008 онд манай эхнэрийн дүү Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Аюушийн Батжаргал надад хурдан зээрд үрээ өгсөн юм. Тэр дүү маань Мөнхтөрийн Магнай халзан азарганы эзэн  Даваанэрэнгийн Санжаа гуайн отгон охинтой суухад нь хадам аав нь энэ халзан азарганыхаа угшлын зээрд үрээг өгсөн юм байна лээ. Тэгээд намайг Японоос ирэхэд надад зээрд үрээгээ бэлэглэсэн. Зээрд их морь болж уягдаад Эрдэнэсантын 55 жилд уралдуулалгүй үлдээгээд, Баянжаргалангийн наадамд авч очиж түрүүлгэж байлаа. Энэ их морины анхны түрүү. Тэр наадамд Сэргэлэн сумын Жамцын Отгоо гэж дүү маань бэлэглэсэн шүдлэн хонгор үрээ бас аман хүзүүдсэн юм.


-Өөр ямар мориор наадаж байна вэ?

-Хэнтийн Дэлгэрхааны Гочоодорж гуайнхаас Сугар, манай найз Энхболд бид гурав очиж загал морь, хээр морь хоёр авч байсан юм. Загал морь сум болоод бага наадамд 17-18 уралдахдаа гурван удаа л гуравлаж, бусдад нь дандаа түрүү, аман хүзүүгээр давхиж байсан.

Бас дүү зээрд морь байна. Эх нь миний авмал гүү, эцэг нь Цэндбаатарын Тугал ухаатай нэг эцгийн нэг жилийн төл миний Бакал зээрд азарга. Нэг жилийн төл нь таван унага байсан юм билээ. Тугал ухааг анх би авч байсан юм шүү дээ. Унаган эзэн нь Төв аймгийн Сэргэлэн сумын Од гэж залуу бий. Дүү зээрд ноднин Мөнгөнморьтод болсон аймгийн бүсийн уралдаанд түрүүлсэн. Тэгээд Баянжаргалан сумын наадам, Жокей наадам, жижиг наадмууд, бооцоотой уралдаанд олон түрүүлсэн. Ноднин соёолондоо гурав уралдаж гурав түрүүлчихээд байгаа юм.

-Аймгийнхаа наадамд хэдийнээс наадаж эхэлсэн бэ?

-Их хожуудаа. Морь уяж эхэлсэн эхний жилүүдэд дандаа сумд болоод жижиг наадмуудаар явж нааддаг байлаа. Сайн адуутай болж, туршлагажиж байж очихгүй бол аймгийн наадам надад томдоно шүү дээ. Сүүлд 2013-2014 онд моринд арай дөртэй болоод Баянжаргалангийн Мөнхтүвшин гэж дүү маань надаар морио уяулдаг болсон байсан. Аймгийн наадамд Мөнхтүвшингийн зээрд шүдлэнг тавлуулаад, цавьдар морийг нь гуравлуулсан.

-Таны хэлдгээр моринд дөртэй болж бие дааж морь уясан нь хэдийнээс вэ?

-2008 оноос хойш өөрөө гардаж морио уяж байна. Сугар бол миний багш шахуу хүн. Сугараас би их юм сурсан. Анх Японд цуг байсан Бямбаноровын Түвшинбаяр гэж дүү дээрээ очиж морь уяж байсан. Өлзийт хороололд Түвшин дүүгээрээ Баянбаагаас авсан хонгор морь, хаа нь ханзархай азаргаа уяулж байсан. Тэр үед ёстой юугаа ч мэдэхгүй, дөрвөн шуудай овъёос аваачиж өгчихөөд, наадмаар том хөөрөг, торгон дээлтэй очих нь холгүй байж дээ. Уяачийн амьдралыг мэддэггүй байлаа. Сүүлд нь Сугар дээр ирээд уяач хүн ямар их хөдөлмөрлөдгийг, юуг яаж хийх ёстойг өөрөө гардаж хийж байж л мэдэж байгаа юм. Түвшин дүүдээ сайн тусалж, өвс тэжээл хамаг юмыг нь аваачиж өгч байх минь яав аа гэж бодогдож байсан. Үсрээд 20 шуудай хивэг аваачиж өгсөн үү, үгүй юу. Зүгээр л морио түрүүлэхийг нь хүлээгээд байж байдаг байлаа шүү дээ.


-Таныг ихэнх бизнесмений адил хүнээр морио уяулдаг болов уу гэж бодсон маань эндүүрсэн хэрэг байж.

-Мориныхоо ч зүсийг мэдэхгүй, морь уяхад ямар их хөдөлмөр ордгийг ч мэдэхгүй хүн зөндөө. Тэд нарыг уяач гэж хэлэхэд хэцүү. Уяач гэж 360 хоног мориноосоо салахгүй идэш хоолыг нь тааруулж, уяа сойлго хийж байгаа хүнийг л хэлнэ. Тэрнээс үнэтэй адуу авч хүнээр уяулж байгаа хүнийг сонирхогч байдаг юмуу, дурлагч гэх байх. Худлаа баян хүний дүр эсгэсэн тийм улсууд их олширч байна. Надад уяачид зовлонгоо ярина шүү дээ. Морьдыг нь бодоод өвс тэжээл авчихдаг, гэтэл мөнгө төгрөгийг нь ч өгөхгүй, уралдаанч хүүхдийнхээ цалин мөнгийг нь өгдөггүй хүн зөндөө. Нэг л их моринд дуртай, удамтай судартай гээд ороод ирдэг. Нэг ч удаа мориныхоо аманд тэжээл хийж үзээгүй улс. Амьтан тэжээнэ гэдэг сейфэнд бичиг хадгалахтай адил юм биш. Сейфэнд хадгалж байгаа юмыг ноднин, уржнан чиний мартаад явсан юм энэ байна гээд гаргаад өгнө. Гэтэл морьд авчирч хаячихаад, мартчихсан байснаа наадмаар том машин унаж, торгон дээл өмсөж, том чулуу өвөрлөсөн улсууд явж байдаг.

-Бодууштай л асуудал шүү. Тан дээр хэдэн хүний морь уягдаж байна вэ?

-Дүү найз хоёрын морь над дээр байдаг. Над дээр хэн морь авчрахав гэж бодсон чинь сүүлийн үед морь уяулъя гээд дүүгийн худ гээд ганц хоёр хүн ирж байгаа. 

-Уяачдын хувьд нэг том зорилго өөрийн тамгатай унаган адуунуудаар наадах байдаг. Адуугаа ч нэлээд чанаржуулсан байх?

-Уржнангаас эхлээд өөрийн унаган адуугаараа уралдаж эхэлж байна. Ер нь уралдсан болгондоо л орж байна, түрүүлдэггүй юм аа гэхэд айрагдана. 7-8 азарга бий. Цэвэр араб азарга, эрлийз азарга ч байгаа. Монгол азарга гэвэл Бакал зээрд, Монгол хээрийн Пүрэвдорж гуайн Өвгөн хээр азарганых нь төл азарга бий. Өөрөөс нь аваагүй ээ, Пүрэвдорж гуайн хуурай дүүдээ өгсөн үрээг нь би авч азарга тавьсан юм. Энхбат дарга миний хүүд бэлгэнд өгсөн бор даага одоо сайхан азарга болсон байна. Гүү бол Соёмбо хүрэн, Жамбага гуайн Хандгай хүрэн гэх мэт энд тэнд улс, бүсэд орсон азаргануудын төл гүү, байдас бий. Хандгай хүрний төл гүү байна, Сүлд азарганы төл азарга ч байна. Голцуу Даваанэрэнгийн халзан, Дулаан адууны угшлын гүүнүүдтэй. Ер нь Баянжаргалангийнхан ихэнх нь энэ хоёр адууны угшилтай адуутай. Манай адуу ч бас Баянжаргаланд байдаг, энд хэдэн уяа адуу л байдаг. Унаган адуунаасаа энд тэнд хүмүүст бэлэглэсэн нь гайгүй давхиж байгаа сурагтай.

-Хаана хаана таны тамгатай адуу хурдалж байна вэ?

-Ер нь өгөөгүй газар бараг байхгүй дээ. Очсон болгондоо хурдаллаа, айрагдлаа л гэж байдаг юм. Би ер нь уяхаасаа хүнд бэлэглэх нь их. Хүн дурлаад шохоорхоод байхаар нь алчуур болгоод ав л гэдэг. Өөрийнхөө уяж байсан морио ч өгөөд  явуулчихна.


-Уяж байгаа морио хүртэл өгсөн гэж үү. Хүний нүд орчихлоо гээд өгсөн юм уу?

-Би өөрөө цагтаа нэг ч адуугүй байж адуу малтай болох сон, морь уях сан гэж мөрөөдөж байсан болохоороо, тийм юм туулсан болохоороо сайхан адуу гээд дурлаад байхаар нь өгчихдөг юм. 

-Бакал зээрд, Хаа нь ханзархай гэж ямар өвөрмөц нэртэй адуунууд вэ?

-Би ер нь хүмүүс шиг гоё нэр өгдөггүй юм. Гоё нэр өгвөл хүнддэх байлгүй. Орос бакал шиг гарын ая сайн даадаг гүжир амьтан болохоор зээрд азаргаа Бакал гэж нэрлэсэн. Ноцолдож байгаад хаагаа ханзалсан Хаа нь ханзархай, Лантуу саарал гээд ч адуу бий.

-Хоймрын унинд хавчуулаатай байгаа ханаж засах судар номыг хараад таныг өөрөө адуугаа хатгадаг юм уу гэж бодлоо?

-Би бол тагнайлдах, магнайлдахаас илүү юм хийхгүй ээ. Манай энд Эрдэнэбаяр гэж сайн хатгадаг дүү байдаг, тэрүүгээрээ л хатгуулна. Гэхдээ ном, хутга хоёр машинд байнга авч явдаг юм. Хатгах хэрэг гараад хүн байхгүй бол өөрөө л хатгана. 

-Морь мал хараад хурдлах адуу гэж таних мэдрэмж хэр вэ?

-Ер нь аятайхан санагдсан адуугаа аваад уяхад давхиж л байна. Морь уяна гэдэг мэдрэхийн нэр юм даа. Мориндоо байнга ойр байсан хүн л морио мэдэрнэ.

-Томчууд морины сэтгэл гэж ярьдаг юм билээ?

-Сэтгэл хөнгөнтэй, хүндтэй адуу гэж байна аа. Морины ажил буруу, эдэлгээ дутсан адуу хөөрүү болно. Төрөлхийн сэтгэл хөөрүү адуу, эсвэл тайван адуу гэж байна. Мориныхоо хийцээс болно.

-Энэ жил Аймгийн алдарт болсон байх аа?

-Долоон түрүү, арван айргаар Аймгийн алдарт болсон. Арван айрагт улсын бүсийн уралдааны хоёр айраг багтсан байгаа. Би хоёр аймгийн Алдарт уяач төрүүлсэн. Найз, дүү хоёр маань байгаа юм. Гурав дахь болзлоороо өөрөө аймгийн Алдарт цол авлаа. Дөрвөн удаа сумын Алдарт уяачийн болзол хангаад, дөрвөн дүүдээ та нар ав гээд өгч байсан.

-Аймгийн алдартаа хийсэн хүн эрэмбээрээ улс, улсын бүсэд уралдах зорилготой байгаа биз дээ?

-Морьдынхоо байдлыг харж байгаад л явна. Тэрнээс айрагдахгүй юмыг чирч яваад яах вэ. Ер нь одоо л би аймагт уралдах боллоо гэсэн цагтаа аймагтаа уралдаж эхэлсэн. Тэгээд Баянхонгорын наадамд дөрвөн түрүү, зургаан айраг авч байлаа. Баянхонгорын Баянцагааны Минживийн Галбадрах гэж миний найз байдаг юм. Тэр найзынхаа нутагт очиж найзынхаа нэр дээр уралдуулж дөрвөн түрүү зургаан айраг авч өгч байлаа. Одоо ч улсын том цолонд хүрчих юмсан гэдэг хүсэл шунал байдаггүй, морио сайхан уячих юмсан гэсэн тийм л юм бодож явдаг. Морио өвөртлөх нь холгүй байж уяна.

-Та өөрөө уяач, танай эхнэр уяач айлд морь унаж өссөн хүн. Тэгэхээр танай гэр бүлд морины өв соёл гэдэг жинхэнэ утгаараа хадгалагдаж байдаг болов уу?

-Манай эхнэр аймгийн театрт уртын дуучнаар ажиллаж байсан юм. Дуучин хүнийг ажлаас нь гаргаад морины хүүхдүүдийн хоол хийдэг хүн болгоод, хүүхдүүдээрээ морь унуулаад гэр бүлээрээ л морины ажилд оролцож байна. Манайх хоёр хүү, нэг охинтой. Охиноо зургаан настай морь унуулж байсан. Сугар дээр морь уяж байхдаа Хэнтийгээс хоёр их морь худалдаж авсан гэж дээр ярьсан даа. Тэр хоёрыгоо уяад, наадам дөхдөг унах хүүхдийн асуудал яригдлаа. Хэнээр унуулах вэ гээд ярьж байтал араас охин ааваа би уначихъя гэж байна. Сугараас болох уу гэсэн чинь болно гэж байна. Унаа морь ч унаж байгаагүй хүүхэд. Маргааш нь хоёр удаа хөтөлж давхиад, анхны сунгаан дээр загал морио унуулсан. Загал их номхон, чигээрээ сайхан морь. Сунгаанд давхиад ирэхэд охины маань царай нь хувирчихсан ирж байж билээ. Тэр жилээ охин маань гурав дөрвөн айраг түрүү авсан. Том хүү маань морь уяж эхлэхэд томдчихсон байсан болохоор морь унаагүй. Хашаа хороо цэвэрлэхээс эхлээд байнга морины ажилд тусална. Бага хүүгээ дөрвөн настайгаас нь морины нуруун дээр тавьсан. Олон морь уяж байх үед хөлслөхөд хүүхэд дутахаар хоёр хүү, эхнэр, охин гээд надаас бусад нь бүгд мордоод, би уяан дээрээ ганцаараа үлдэнэ.

Танайхан чинь гэр бүлээрээ морь уядаг юм биш үү. Уяаны үеийн ёс заншил хэр баримталдаг вэ?

-Манай эхнэрийн нутагт Боржигон уяаны ёсонд уяан дээрээ эмэгтэй хүн очуулахгүй. Би бол тийм цээр тоохгүй ээ. Тэртэй тэргүй гүүнээс хурдан хүлэг, эх хүнээс эр хүн төрдөг. Ялгаа байхгүй шүү дээ. Тэрийг би зөв гэж боддоггүй юм. Бараг хориглох тусам морь эндээд, юм юм болоод байх шиг санагддаг. Хэнэггүй тоохгүй байсан нь дээр.

Д.Энхтуяа

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.161.49

    зүчээ нтр бол цэвэрхэн гэж янзын юм байналээ. Моринд сайхан сэтгэл гаргаж уядаг хүндээ

    Reply
  • 202.9.40.163

    Ahiig sain taninaa amjilt husis

    Reply
  • 66.181.161.54

    ahad amjilt hisie. hurdan buynguudiin hiimori iveej ywah boltugai. tanai ger bvld sain saihniig husie.

    Reply
  • 202.126.89.175

    Saihan setgeltei saihan er hun dee

    Reply
  • 66.181.161.87

    ахад амжилт хүсэе мундаг ажилтай хүн дээ морьний төлөө сэтгэл зүрхээ бүрэн зориулдаг зүүндэлгэрийн чулууг мөн ч их түүсэн байхаа

    Reply