Д.Урантунгалаг: Хайр дандаа л сайн зүйлийг дагуулдаг

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 13 -нд

“Тод магнай” сэтгүүлийнхээ жил бүрийн наадмын өмнөх болон дараах дугаарыг бэлдэж суухдаа өөрийн эрхгүй сэтгэл хөөрөл дээд цэгтээ хүрдэг юм. Цаг налайж, хүн малын зоо тэнийсэн Монгол эх оронд маань наадам болох сайхаан. 

...Домгийн шувуу үргээж монгол наадам эхэллээ
Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ
Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа
Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшээлгэхэд тун цөөхөн хоног үлдээд байна. (Гэхдээ дэлхий нийтийг цочроосон корона вирусийн халдварт өвчнөөс бол наадмын зохион байгуулалтанд өөрчлөлт ороод байгаа юм.)
Яг энэ мөчид сэтгүүлийн шинэ дугаар эх бэлтгэлдээ орж, “Хатангоо” булангийнхаа зочин хойморт МУ-ын Манлай уяач Т.Ихбаярын гэр гийгүүлэгч, жүжигчин, дуучин ОДОНТОЙ ээжийг урилаа. Нэгэнтээ “Туяарах” салонд өрнөсөн бидний яриа олон хоногийн дараа Төв аймгийн Эрдэнэ суманд зураг авалтаар үргэлжлэв. Уг нь Манлайн гэрт зураг авалтаа хийхээр цаг тохирсон ч гэрийн эзэгтэйд “гэнэтийн дуудлага” ирж ажилдаа гарчээ. Тодруулбал, тэрээр Үндэсний Урлагийн Их Театр /ҮУИТ/- ын уртын дуучин учраас ийнхүү АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын урлагийн тоглолтын бичлэгтээ гараад хэд хоносон гэнэ. Утасны сүлжээгүй газар байгаа ч бид “мөшгөсөөр” Эрдэнэ суманд хүрч очлоо. Херо Баатар цагаан хоолойгоор дуучид, бүжигчид, жүжигчдэд “тушаал буулгаж”, онцгой, цэрэг, цагдаагийнхан гээд нүсэр бэлтгэл явагдаж байхтай таарлаа. Бид Цогоо даргаас нь зөвшөөрөл авснаар, жаргах нартай уралдан хэдэн зурагтай буцсан юм даа.  

Хилийн заставт өнгөрүүлсэн хүүхэд нас

Хилийн заставын буйдхан орчин зарим оройдоо тун ч нам гүмхэн. Ажил тарсан эсвэл амралтын өдрийн оройдоо энэ нам гүмийг эвдэн хаа нэгэнтээгээс, 
... Бууж морьдохдоо буурал аав минь 
Инээж явдгийн учрыг хэлье дээ 
Дуулж суухдаа буянтай эжий минь 
Уйлж байдгийн ухааныг олъё доо 
Ухаарч амьдрах хорвоо гээд 
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ... 
хэмээн эр хүний хоолойгоор намуухан дуулах агаад түүний цаана гитарын зөөлөн аялгуу хөг нэмнэ. Аавын ийм “төрхөнд” хүүхдүүдийнх нь дуртай байгаа гэж. Хөвгүүд нь лимбэ, том охин гитар тоглоно гээд урлагт элэгтэй улс байгаа юм. Эднийхэн хилийн цэргийнхээ дугаар ангийн урлагийн зааланд тоглолт хийсэн нь өдгөө сайхан дурсамжийг үлдээжээ. Энэ тоглолтоор бага охин нь “Монгол бүсгүйн үзэсгэлэн” дууны хоёрдугаар хоолойг хийж оролцсон нь тод дурсамжуудын нэг. 
Гэрийн эзэн эх орныхоо өмнө тангараг өргөсөн хошууч цолтой цэргийн хүн. Тиймдээ ч эх орон хаана дуудна хилээ дагаад л явж өгнө. Ямар сайндаа л зургаан хүүхийнх нь том нь Хэнтийн Арбулаг, нөгөө нь Хавиргын заставт гэхчилэн төрсөн байх аж. Отгон охин гэхэд Дорнод аймгийн төвд төрсөн ч бага нас нь Эрээнцав, Хавиргын болон Хэрлэнгийн VI заставт өнгөрсөн гэнэ. Жаахан охин цэргийн жагсаалд дуулж, модон морин дээгүүр харайж, өдөржин л турникт зүүгдэж өнжинө. Бас аавтайгаа хилийн манаанд явж, морь унаад салхи татуулан давхина. 
Энэ гэрийн эзэгтэй Сүхбаатарын Халзан, гэрийн эзэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэрийн улс. Хоёул техникумд суралцаж байхдаа танилцаж, улмаар гал голомтоо бадраан зургаан сайхан хүүхдийн эжий аав болцгоожээ. Эдний зургаан хүүхдийн бага нь өнөө бидний ярилцлагын эзэн, МУ-ын Манлай уяач Т.Ихбаярын эхнэр ҮУИТ-ын уртын дуучин Д.Урантунгалаг юм. 

Тийм ээ, тэр бол урлагт хос морьтой нэгэн

Аавын амины охин тэрээр өдгөө нулимс дуслуулан өнгөрсөн он жилүүдийн тухай ярьж байна. Сайхан аавыгаа бурханд даатгаад 10 гаруй жилийг үдсэн болохоор санах тоолондоо л нулимс унагана. Гэхдээ үргэлжлэл болсон үрийнх нь хувьд өнөд дурсч яваадаа сэтгэл зөөллөнө. Тэгээд ”Өнөөдөр ч би аавынхаа хэлж захисан бүгдийг амьдралдаа хэрэгжүүлээд явна. Ээж маань их зарчимч, бодь хүн бий. Харин аав минь их зөөлөн хүн байлаа. Үр хүүхдүүдээ хайрлахаас өөрийг мэдэхгүй. Хайр бол сайн зүйлийг л дагуулдаг шүү дээ. Одоо эргээд бодоход хань ижлээ ч тэр жишгээр сонгосон юм шиг санагддаг. Манай хүн чинь их зөөлөн хүн. Хүүхдүүд маань аавдаа амь” хэмээн үргэлжлүүллээ. 

 Дээр хилийн заставт болсон гэр бүлийн тоглолтын тухай цухас дурдсан даа. Тодруулбал, аавын авьяас охинд нөлөөлж, Урантунгалаг багаасаа л отрядад болдог урлагийн арга хэмжээг алгасдаггүй нэгэн байж. Тэр нэг жил Хүүхдийн баярын концертонд оролцож дугуйгаар шагнуулсан нь итгэл үнэмшлийг илүү дэврээжээ. Улмаар дунд сургуульдаа ч урлагийн үзлэгээр бусдыг урдаа гаргахгүй нэгэн болчихсон байв. Ингээд сургуулиа төгсөөд дуучин болно хэмээхэд ээж, ах, эгч нар нь таатай хүлээж авсангүй. Гагц тэр үед аав нь “Хүн дуртай мэргэжлээрээ ажиллавал өглөө бүрийг аз жаргалтайгаар эхлүүлнэ” хэмээн ихэд хүндэтгэлтэй ханджээ. Аавын урам өгсөн хайр ташуур болж, 2002 оны зун СУИС-д элсэн суралцахаар сэтгэл шулуудан нутгаасаа гарчээ. Ах нь Улаанбаатарт ажиллаж байсан болохоор эднийдээ хэд хоногоор саатав. Ёстой л хоёр гар дээрээ бөмбөрүүлж, нандигнан өсгөсөн охиноо хот хүрээ газар ганцаар явуулах болсондоо аавын сэтгэл битүүхэн эмээнэ. Тиймдээ ч “Ах нь чамайг дандаа дагуулаад явж чадахгүй. Гадуур явахдаа танихгүй хүн дагаж явж болохгүй шүү. Хэрвээ юм асуух хэрэг гарвал настай хүнээс асуугаарай” гээд л ихээ урт юм захижээ. Шалгалтаас хэд хоногийн өмнө ирснийх Хүүхэлдэйн теарт Л.Энхбаатар /“Гарын таван хуруу” киноны Шагдар буюу Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Лхасүрэнгийн хүү/, түүний эхнэр н.Болормаа нар дээр дуулах, ардын бүжиг, ой тогтоолт гээд олон төрлөөр бэлтгэлээ базааж амжлаа. Ингээд шалгалтын өдөр болж, сургууль дээрээ очвол хүүхдүүд шалгалт бүр дээр хувцсаа сольж өмсөө харагдлаа. Охин хар өмд, цагаан цамцтай л ирчихсэндээ сандраад “Би ч тэнцэхгүй юм байна” гэж өөрөө өөртэйгээ ярьж, бараг буугаад өгөх шахжээ. Гэхдээ ард хүлээж байгаа хайртай гэр бүлийнхнээ бодохоор ухрах аргагүй болсныг ойлгов. Ингээд итгэл муутай ороод дууллаа, бас бүжиглэлээ. Чамиа /МУГЖ Л.Чаминчулуун/ багш дундаас нь “За, болно” гээд гүйцээсэнгүй. Өнөө түрүүний бодол дээр “Би ч болохгүй байгаа юм байна даа” гэсэн бодол нэмэгдчихэв. Тэгээд дэмий л нэг гараараа нөгөө гараа оролдож зогслоо. Тэгтэл “Үсээ хойшоо болгоодох доо. За тэгээд хажуу тийшээ хар” гэлээ. Хэлснийг нь хийвэл “Наашаа буугаад ир. Аль 10 жилийг төгссөн юм” гэж асууж байна. “Дорнод аймгийн тавдугаар дунд сургууль” гэвэл “Дорнод оо... Эвий, эвий ямар холоос ирээ вэ” гэж хэлэнгүүт нь л нүдний нь нулимс өөрийн эрхгүй урсчихав. Чамиа багш ч сандран “Хүүш, чи яагаад уйлаад байгаа юм” гэж асуусан ч хариулт лав олж сонсоогүй биз дээ. Ингэж багш, шавь хоёр анх удаа бие биенээ олж харсан аж. Харин анги даасан багш нь МУГЖ Найдангийн Ганхуяг байжээ. Гэхдээ тэрээр хоёрдугаар курсээсээ дуулаачийн ангид орчихъё гэж бодоод жүжигчний ангид шалгуулчихсан нь ийнхүү тэнцчихэж. Дуучнаар эхлүүлсэн шалгалт жүжигчнээр “төгссөн” тухайд найруулагч нь “Дуулна гэдэг хүн болгон чадна. Жүжигчин болох хэцүү. Мэргэжил эзэмшээд авах хэрэгтэй”-г зөвлөсөнтэй холбоотой. Ингээд нэг жилийн хугацаа өнгөрөхөд ангийхнаасаа холдох тухай бодохыг ч хүссэнгүй. Явсаар жүжигчний мэргэжлээр сургуулиа төгсчээ. Дараа нь эчнээгээр уртын дуучны ангид суралцаж, 2015 онд магистр хамгаалсан байна. Тийм ээ, тэр бол урлагт хос морьтой нэгэн юм билээ. Одоо тэрээр ҮУИТ-т уртын дуучнаар ажилладаг бөгөөд Драмын ягаан байшингийн босгоор багштайгаа хамт орж яваадаа бахдан баярлана. Багш нь ч /Найдангийн Ганхуяг/ жүжигчин, дуучин шавиараа бахархах дуртай. 

«Загнаж болно» гэдэг үг хамгийн том зөвшөөрөл...

Найдангийн Ганхуяг багш хүргэн хүүтэй танилцаад “Цаг хугацааны эрхээр чи хүнийг нь ойлгож болох ч мэргэжлийг нь ойлгоход хэцүү шүү. Чи мэргэжлээр нь ажиллуулж чадах юм уу” гэж асууж. Тэр үед Ихбаяр ихэд сандран, үл мэдэг толгой дохихоос өөр хариулт хэлж төвдсөнгүй. Түүнээс хэдэн жилийн дараа Урантунгалаг ахин суралцмаар байгаагаа хэлбэл нөхөр нь тийм ч амар зөвшөөрсөнгүй. Тэгэхээр нь багшийн үгийг нэхэн сануулж, дуучнаар суралцах “визээ даруулж” байсан хөгжилтэй түүх тэднийх. Дуучин бүсгүй “Багш маань миний амьдралд том орон зай эзэлдэг. Манай ангийнхны хувьд багш бол аав шиг л нөмөртэй хүн дээ. Тэр ч утгаараа анх нөхрийгөө багштайгаа танилцуулж байлаа гэнэ. 

Аав нь улстөрийн ажилтан хүн болохоор хачин сайхан бичгийн хэвтэй. Нэг удаа охиноороо дамжуулан Н.Ганхуяг багшид нь захиа хүргүүлжээ. Тэнд “...Миний охиныг энэ мэргэжлийг эзэмшиж, зорилготой амьдрахад нь багш минь туслаарай. Сайн уран бүтээлч болгохын тулд загнасан ч болно. Охиныхоо ирээдүйг танд даатгалаа” гэсэн утга бүхий байж. Охиндоо хошуу дэвсдэг аавын хувьд “Загнаж болно” гэдэг үг хамгийн том зөвшөөрөл байж хэмээн тэр нулимстай өгүүлнэ. Нээрээ л энэ хоёрхон үг ямар их утгыг агуулна вэ... 

Хүн савнаасаа гаждаггүй

Хүний төрсөн нутаг, өссөн орчин, эцэг эхийн хайр, хүмүүжүүлэх арга гээд өөр өөр ч хүн бол савнаасаа гаждаггүй юм шиг ээ. Миний хүүхэд насны амьдрал өнөөдөр ч намайг хөтөлсөөр л яваа тухайгаа тэр ярина. Ихбаяр, Урантунгалаг нарыг мориор танилцсан хоёр гэж болмоор. Тэр жил даага түрүүлгэсэн залуу уяач эрхэм баяраа тэмдэглэхээр хотод саатжээ. Тэр баярт нь Уранаагийн байрны найз оролцож таараад, түүнийг урьсан байна. Урилгыг хүлээж аваад очиход даруухан залуу нүдэнд туслаа. Улмаар яриа хөөрөө болж эхлэхэд ааваасаа л олж хардаг “нандин” зан чанар анзаарагдаад эхлэв. Тэр өдрөөс хойш залуус үе үе уулзах болж, адуу мал, хөдөө нутаг, хотын сонин гээд л юу эсийг ярилцах вэ. Аавыгаа санаад дэр норгож хоносон шөнүүд бүсгүйг илүү нялхамсуу болгожээ. Харин Ихбаяртай танилцснаар сэтгэлийн таагүй зүйлүүд бага багаар холдох болов. 


Тэр үед “Аав минь охиноос тэнгэрээс харж, чиглүүлж байгаа юм болов уу” гэж битүүхэн баярлана. Гэхдээ нэг нь хотод, нөгөө нь хөдөөд ажилтай. Тэгэхэд Уранаа ангийнхаа хүүхдүүдтэй UBS телевизэд “Funny time” гэж нэвтрүүлэг хийх болж. Ингээд UBS телевизийн хажууд байр хөлсөлж, Ихбаярынх гэж айл амьдралаа эхлүүлж байсан гэнэ. Улмаар зуны гурван сардаа Ихээгээ дагаад хөдөө л өнжинө. Багаас дассан орчин болохоор нэг л дотно мэдрэмжийг төрүүлэх нь амьдралд шунахын бас нэг том шалтгаан байлаа. Өдгөө залуус И.Хулан, И.Минжмаа, И.Хандмаа И.Сүндэрмаа, И.Бишрэлт нэртэй таван сайхан үрсийн эжий аав болцгоожээ. 

Зөв хүний хийморь дагадаг

Эдний хувьд хамтдаа үзсэн анхны наадам нь “Хотгойдын хурд 2007” байв. Тухайн үед Иеэ МУ-ын Тод манлай уяач Л.Цандэлэгийн морьдыг уядаг байлаа. Залуу уяач “Делека” машиндаа морины хүүхдүүдээ суулгаад, хажуугаар нь авдар сав, майхнаа бөөндөөд замдаа гарлаа. Ингээд зорьсон наадамдаа мордуулбал, Соёмбо хүрэн азарга түрүү магнайгаар хурдалсан юм. Бүсгүйн хувьд ахынхаа уясан морьдыг хоёул 20-д давхиулчихаад хөөр болж байснаас өөр мэдрэмж төрсөн аж. Хүмүүсийн баяр хөөр байж болох хамгийн дээд цэгтээ тулчихсан тэр мөчийг өдгөө ч хосууд дурсах дуртай. Түүнээс хойш олон, олон наадмын ард гарчээ. Манлай баярлах үедээ ямар эмоци гаргадаг вэ гэвэл “Баярласан эсвэл амжилт тааруухан наадсан алинд нь ч дуугаа л хураачихдаг. Бүр хоол ундаа ч идэж уухгүй. Баярын дараа хүмүүс тэмдэглэх тухай ярьдаг бол манай хүн гэртээ харьж амаръя л гэдэг. “Уналаа” гээд гунихгүй, түрүүллээ гээд ч учиргүй хөөрөхгүй. Монгол наадмын босго өндөр. Гэхдээ ээлжтэй гэдгийг Д.Онон ах их эртнээс ойлгуулчихсан юм болов уу. Ер нь амжилт бүрийн цаана асар их хөдөлмөр яваа юм. Сэтгэл зүйн хувьд ч их ядардаг шиг санагддаг” гэж хариулна. Мэдээж энд бас морины эздийн аз өмийн асуудал ч яригдах биз ээ. Энэ тухай Уранаа зөв хүнийг хийморь дагадаг. Энд бас эхнэр хүний дэмжлэг чухал хэмээн тайлбарлана. 


Монгол ээжийн сүү цацал “шидтэй”. Наадмын өглөө гэрийн эзэгтэй эртлэн босож гоёлоо өмсөөд, цай сүүнийхээ дээжийг хангай дэлхийдээ өргөнө. Тэгээд уралдаанч хүүхэд бүрийнхээ дөрөөн дээр сүү дусаан, “Сайн яваад ирээрэй” хэмээн сүслэн, мэддэг хэдэн тарниа уншчихна. Бас энэ бол монгол заншил, монгол ёс хэмээн бахдана. Хааяа ч уяаны эхэнд очоод сэтгэл дотроо уртын сайхан дуугаа дуулна гээд өөрөөс шалтгаалах бүхнийг ёсчлон хийхийг илүү үзнэ. Ямар сайндаа тэгж зогсоо найзыгаа хараад ангийн нь хүүхэд нулимсаа нууж чадаагүй гэдэг. Дараа нь “Хараад сэтгэл догдлохгүй байхаас аргагүй дүр төрхийг харлаа. Өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёлыг тээгчдийн нэг нь гэж харсан” гэх. 
Харин адуугаа айраг, түрүүгээр хурдлаад ирэхэд нь нэг бүрчлэн айргаар мялаачихаад юугаар ч зүйрлэшгүй энерги, эрч хүчийг авч байгаадаа сэтгэл баясна. Нөхөр нь ч түрүүлж, айрагдсан морьдоо эхнэрээрээ мялаалгах дуртай. Учир нь түүний үйлдлээс чин сэтгэл ханхийдэг болохоор тэр биз ээ.

Өнөөдөр бол маргаашийн дурсамж

Түүнтэй ийнхүү ярилцан суухад өөрийн эрхгүй “хоёр ертөнц”-ийн хүн шиг санагдсан. Гэхдээ энэхүү хоёр ертөнцийг нь монгол ахуй, өв соёл, уламжлал, түүх.... холбож өгнө. Үүнийгээ ч “Уртын дуугаа сонссон монгол хүн яадаг билээ. Тэр дороо л сэтгэл сэргээд ирдэг. Морь ч ялгаагүй хийморь дагуулдаг. Энэ бүхэн цаагуураа нягт холбоотой” тухай ярина. Гоё шанх, үндэсний дээл хувцас, маке апп... тэгээд тайз, дэлгэц. Энэ бол түүний гаднаас харагдах өнгө. Харин дотор нь монголоороо омогших нэгэн багтаж ядан “сууж” байдаг болов уу гэмээр. Адуу ярихад л нүд нь сэргээд. Түрүүхэн аавынхаа тухай яриад нулимс дуслуулан суусан бол одоо адуу ярьж уясна. Тэр нэг жил Булганы наадмаар уралдах байсан даага нь алга болчихож. Дор бүрнээ л олдчихоосой хэмээн залбирахын төдийд л барьж авчраад тавьж. Түрүү магнайгаар хурдалсан нь түүний сайхан дурсамжуудын нэг. Энэ тоолонд нөхөртэйгээ магад зөнгөөрөө л ярилцчихдаг гэлтэй. Зарим үед уралдуулаад дэмий дээ гэж бодох үе гарах ч нөхрийнхөө урмыг бодоод дуугүй л өнгөрнө. Харин дараа энэ тухайгаа ярихад Манлайд ч ийм бодол төрсөн байж таардаг ажээ. Энэчлэн олон түүх түүнд байгаагийн өөр нэг нь Ихбаяр уяач МУ-ын Манлай болсон баярт өдөр байдаг нь тодорхой. Тэгэхэд олон нартай, бороотой өдрүүдийн шагнал гэж сэтгэл бардам бодсноо нуусангүй. Бас Монгол адуу гиннест бүртгүүлэх уралдаанд Ихбаяр Манлайн уясан морь түрүү магнайд хурдалсан. Энэ том үйл явдлын түүхэнд унасан хүүхэд, уясан уяач, морины эзнийхээ хамтаар бичигдэхэд мөн л үнэхээр их бахархжээ. Энэ бол асар олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр шим болохоор мэхийн талархахаас аргагүй. Ийнхүү нөхөртэйгээ мөр зэрэгцэн эх орныхоо өв соёлоо тээж яваа Уранаа жүжигчнийхээ хувьд түүхэн дүрд, дуучныхаа хувьд нэгэн цагийн сайхан бүсгүй Сүнжидмаа, эсвэл Хандармаа, Нансалмаа, эсрэг дүр Хоролмаад дуулах сан гэж хүсдэг. Бүгдийг л амжуулж байж санаа амардаг түүний хувьд болохгүй, бүтэхгүй гэдэг амнаас нь унах нь маш ховор. Сүүлд багш нь “Сайхан айзам уртын дууг дуулаад, энэ олон сайхан адуугаа багтаасан клип хийгээч” гэж зөвлөсөн амжуулна даа хэмээн цухасхан сонин дуулгана лээ. 


Харин дараагийн хэсэгт “Ханийнхаа дээлийг оёж зүрхэлдэггүй” ч монгол хувцасны учир бэлгэдлийн талаар тэр бол хэнийг ч дагуулахааргүй мэдлэгтэй нэгэн. Тиймээс ч дээл бүсэн гоёлоо иж бүрнээр нь өмсөж байж сая нэг санаа амарна. Манлайн хувьд “Дээлээр яах вэ, цамцтай явчихъя” гэж хэлээд зэмлүүлэх үе ч гарна аа. Учир нь “Энэ бол чамирхал эсвэл гангараа биш. Бид энэ цаг үедаа үлгэрлэж, хойч үеийнхэндээ өвлүүлэх учиртай улс. Бусдад өнөөдрийн гоёл юм шиг харагдаж болох ч ихэнх нь өөрөөр хардаг гэж боддог. Үндэсний дээл хувцсыг иж бүрнээр нь өмсөх ёстой. Тухайлбал, бүсгүй хүн дээл өмслөө гэхэд шүр, сувдан чимэглэл зүүх нь бий. Энэ бол цаанаа учиртай. Шүр эрүүл мэндэд, сувд эерэг энерги түгээдэг бол мөнгө гэхэд эмэгтэй хүнийг хэл амнаас хаадаг, бусдын шуналыг дардаг. Бид үүнийг судалдаг учраас гоёод байгаа юм. Нөгөө талдаа хамгаалалт болгож байгаа юм. Адууны тухайд ч ялгаагүй. Адууг хайрлаж, дээдэлж явбал амьдралд нь хэдэн үеийн засал болдог юм гэсэн. Тэгэхээр эр хүн болгон үндэснийхээ өв соёлын нэг болсон морио хайрлаж, дээдэлдэг байгаасай. Үүнийг нь хань ижил нь ойлгодог байгаасай. Морь хурдан, хүүхэд цовоо сэргэлэн, хийморь нь өөдөө байгаасай. Хийморь өөдөө байхад бүтэхгүй зүйл ховор доо. Бурхан гэж байдаг ч хүн бол өөртөө бурхан. Тийм учраас энэ цаг хугацаанд нь бүхнийг амжуулж, өөрөө эрч хүчтэй, дэргэдэх хүмүүстээ аз жаргал, баяр хөөрийг өгдөг байгаасай” хэмээн хүсдэгээ ч хуваалцлаа. 


Ийнхүү цагийн хугацаанд өрнөсөн бидний яриа дууслаа. Хүний амьдрал бол баялаг. Түүнийг нэг бүрчлэн гогдон ярилцахад нэг биш нэлээд хугацаа хэрэгтэй. Иймээс дуучин бүсгүйн ертөнцийн зөвхөн нэгээхэн хэсгээс л хуваалцсан маань энэ. Ярианыхаа төгсгөлд уран бүтээлч ээжээс сайхан дуу хүсэхэд, 
... “Үлэмжийн сайхан хорвоо” 
Үлэмжийн сайхан хорвоод 
Тээж төрүүлсэн болохоор
Үс минь буурал болсон ч
Үе үе санах юм
Үүрийн цолмон гэгээтэй
Үр тань золгох энгэр
Үлдэж хоцорсон ээжээ
Үе үе бодох юм .. 
хэмээн уянгалууллаа. Тийм ээ, энэ бол түүний ээждээ болон сэтгүүлийн маань уншигчдад илгээсэн дуун өргөл байлаа. Ингээд “Монгол өнцөг булан бүрт суугаа зон олныг маань морины босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай. Эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүссэн” ерөөлийг дамжуулах байна. 

П.Ундраа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.