Сумын Алдарт уяач О.Баттулга: Ам гарна гэдэг морио мэдэрч буйн шинж

Сэтгүүлч
12-р сарын 24 -нд

Өмнийн цэнхэр говь нутгаас мэндчилж байна. Энэ удаа та бүхэндээ Ханбогд сумын Гавлиуд хоёрдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач Очирын Баттулгыг уулзуулахаар зэхлээ. 1977 оны 4 сарын 19-нд Ханбогд сумын нутаг Ихбулаг хэмээх газар айлын зургаа дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр аавынхаа дуулдаг байсан “Өндрийн өвс”, “Хонгор шарга” зэрэг дууг дуулж, үр хүүхэд, нутаг усныхандаа өвлүүлэх эрхэм үүргийг хүлээгээд байгаа аж. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Засгийн газрын “Хүндэт Жуух” бичиг, ХХААЯ-ны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнасан гэнэ лээ. Ингээд ярилцлагаа хүргэе.

-Ярилцлагаа аавын тань тухай дурсамжаар эхэлье хэмээн бодлоо. Энэ сэдэв танд ч таатай санагдах байх.

-Тэгэлгүй яахав. Уяач аавынхаа удмыг залган бид морь уях төрийн хэрэгт оролцож явна. Манай хоёр ахын нэг нь аймгийн Алдарт, нөгөө нь сумын Алдарт уяач цолтой. Миний хувьд дөрвөн настайгаасаа  эхлээд хурдан морь унасан. Бас ч шаггүй унаач байсан санагддаг юм. Эгч бид хоёр аавын бор, хээр соёолонгуудыг унадаг байлаа. Сунгаанд миний унасан морь тасархай өнгөлнө. Нэг удаа эгч борыг нь, би өсгий цагаан хээрийг нь уналаа. Би цээжний хэдэн морьтой уралдаж байгаад суухад эгч араас ороод ирсэн. Зэрэгцээд ирэхээр нь морио сольё гэж бодож байсан ч амжаагүй. Тэгээд эгчдээ “Дугтар, дугтар” гэсэн. Эгч ч дугтарсан бор соёолон олилзоод давхичихсан. Би хэдэн морио дугтарч давхиулсаар сургачихсан хэрэг л дээ. Тэгээд араас нь шогшуулсаар очтол эгч долоод орсон байсан. Аав минь “Хээр морио суухыг мэдсэн бол хүүгээрээ бороо унуулдаг байж” гэсэн. Тэгэхээр аавдаа тоогдсон гайгүй унаач явсан байгаа биз.

-Тийм байна. Уралдааны замд хүүхдээс бүх зүйл шалтгаална шүү дээ. 

-Дөрөвдүгээр анги хүртлээ хурдан морь унасан.Дааганд хүнддээд соёолон унаад ирж явахыг Нойноо гэж хүн дурандаж харчихаад “морь тавьсан хүн ирж явна” гэсэн гэнэ лээ. Тэгээд л 16 настайгаасаа эхлээд морь уях болсон доо. Тэр жилээ буюу 1993 онд Хөөрхөн халиунаа долоод давхиулж байлаа. Дараа жил нь сумын тэгш ой тохиож хонгор соёолонгоо аман хүзүүнд, шарга хээр даагаа айргийн дөрөвт давхиулж байсан юм.Тэгэхэд аавын борлог морь айргийн тав, ах Гантөмөрийн хээр азарга түрүүлж байлаа.


-Тэр жил танайхан сайхан нааджээ.

-Тийм ээ. 17 настай  хүүхэд сумынхаа тэгш ойгоор уяач болсноо зарлаж, өмтэй сайхан наадаж байлаа. Одоо аймгийн Алдарт уяач болоход хоёр айраг л дутуу. Би Өмнөговь аймгийнхаа зүүн талын бүх сумдад морь айрагдуулсан. Над шиг ийм амжилттай хүн ховор байх. Аймгийн баяр наадамд2008 онд унаган тамгатай цэгээн хязаалангаа, 2013 онд Шилийн Гүр адууны угшилтай Бүргэд хүрэн азаргаа тус тус  айрагдуулж байлаа. Мөн 2013 онд Баяндалай сумын 90 жилийн ойд азарга айрагдуулсан. За мөн Ханбогд сумынхаа 70 жилийн ойд хоёр морь айрагдуулж, 80 жилийн ойд шарга халзан үрээгээ хол түрүүлгэн, хар соёолон азаргаа дөрөвт давхиулж байлаа. Өмнөговь аймгийн Шигшмэл хурд уралдааны эрлийз ангилалд монгол даага мордуулж айрагдуулаад маргааш нь дахин монгол ангилалд тавьж наймаар оруулж байлаа. Одоогоор аймаг, бүсийн уралдаанаас хоёр түрүү, найман айраг хүртээд байна. Сумын чанартай уралдааны амжилтаа нарийн тоолж байгаагүй. Надад 80 гаруй медаль байдаг юм. Медальгүйг нь оруулбал 100 гаруй айраг түрүү лав хүртсэн байх.

-Амжилттай сайхан л нааддаг юм байна. Сумын Алдарт уяач цолыг хэдэн онд хүртсэн бэ?

-Оныг нь санахгүй байна. Ямар ч байсан сумынхаа анхны Алдартуудын нэг. 2004 онд сумын 80 жилийн ойгоор шарга хязаалан хол түрүүлгэж, хар азарга дөрвөөр давхиулж, таван насны  морьдыг 10 дотор оруулсан өвлөө сумын Алдарт уяач цол авч байсан юм байна.   

-Алдарт ямар угшилтай адуугаар наадаж байна вэ?Амжилт гаргахад уяачийн мэдрэмжээс гадна адууны чанар чухал шүү дээ.

-Манай суурь адуу монголын томоохон угшлуудын нэг Говьшанх угшилтай. Ээж аав хоёр минь ханилаад манайх Галба адууны угшлаар сэлбэгдсэн. Түүн дээр нь би сүүлд Дундговийн Өндөршилийн Гүр адуу авчирч нийлүүлсэн. Манай гэрийн хүн Өндөршилийнх. Дээр дурдсан Шил адууны угшилтай Бүргэд хүрэн азарга маань сайн давхиж байна. Нэг жилд зургаа уралдаж, зургууланд нь айрагдсан ч удаатай.


-Уяа зөв, уяачийн өм нээгдсэн үед уясан болгон давхиад байх шиг санагддаг шүү. Танд тэгж санагдаж байв уу?

-Санагдалгүй яахав.

-Тийм үед ам гармаар санагддаг юм шигээ...

-Ганц нэг ам гарч байсаан. /инээв/ Онож хэлбэл түүх, алдаж хэлбэл онигоо шүү дээ. Гэхдээ би хувьдаа ам гарахыг морио мэдэрч буйн шинж гэж боддог. Хүмүүс ам дагаж, морь хурдална гэдэг. Үүнтэй бол санал нийлэхгүй. Муу адуутай оччихоод би айраг, түрүү авна гэж болохгүй. Сайн адуутай, уяа нь зөв өөрөө мэдэрч байгаа үедээ бол хэлчихэж болно л доо.

2007 онд би Баян-Овоо сумын наадамд шарга даагаа түрүүлгэж, загал соёолон морио аман хүзүүдүүлээд, Суман цэгээнээ дөрөвт, азарга, их морио тус тус наймд давхиулсан юм.  Дараахан нь Номгон сумын наадам болоод. Эхний өдөр хар азарга, Суман цэгээн хоёр маань уралдаад зургаалчихлаа. Өөрөө барилдаад хоёр давчихаад сууж байтал онжавууд маань хүрээд ирдэг юм. Тэгснээ “Сайхан уралдаж байна. Хоёр зургаа авчихлаа” гэдэг юм. Миний шар хөдлөөд “Та нар тавлаж байна уу, би маргааш жинхэнэ уралдана харж байгаарай” гэчихлээ. /инээв/ Маргааш нь загал соёолонгоо хол түрүүлгэж, шарга даагаа гуравт оруулчихаад сууж байтал онжавууд ирээд “Ёстой жаатай уяач байна, хэлсэндээ хүрдэг” гээд баяр хүргэж байсан юм.

Тийнхүү наадаж яваад сумынхаа наадамд ганц загал соёолонтойгоо ирлээ. Гадны сумдаар сайн  наадсан гээд хүмүүс баяр хүргэж байна. Владимар гээд морь уядаг ах маань “Маргааш чиний соёолон яах бол?” гэж асууж байна. Тэгэхээр нь “Туурайтай юмтай лав уралдахгүй, тугтай юмтай л уралдах байх” гээд хэлчихлээ. /инээв/ Тэгээд ёстой маргааш нь хол түрүүлсэн дээ. Тэг үед Дорж нарын уяачид “хэзээ ийм баавартай уяач болох бол оо” гээд мөр алгадаж байсан юм. Би тэр үед онгирох гэхээсээ илүүтэй морио мэдэрч байсан. Тиймдээ ч тэгж том дуугарч байхгүй юу. /инээв/

-Уяа нь зөв адуу цаанаа л өөр биз.

-Уяа зөв болоод ирэхээрээ морь их гоё болно. Баяндалай сумын наадамд очиход миний хүрэн азарганы үс нь босоод, сормуус нь дэрвээд, улам л өнгө ороод л... Тэгээд би унаач хүүхэддээ “Хүрэн азарга их гоё байна шүү, бараг түрүүлчих байх, битгий хориорой” гэж хэлсэн нь тактикийн алдаа болсон. Яагаад гэхээр тэнд Өвөрхангайн Богдоос 10 алтан медальтай, даншигт айрагдсан хурдан хүрэн азарга ирсэн байж. “Өмнөговь аймгийн баяр наадамд айрагдсан Ханбогд сумын уяач Очирын Баттулгын Бүргэд хүрэн азарга өнгөлсөн хэвээр явна аа” гээд л гараанаас  гарангуут зарласан. Мөн ч гоё шүү. Зогсож чадахгүй байгаа юм чинь. Тэгсэн айргийн дөрвөөр орлоо. Хүмүүс “Чи яагаад тийм эрт өнгөлүүлчихэв” гээд байдаг. Дараа нь сумын наадмаар аймгийн Алдарт уяач Бадамсэрээжидийн Сүмбэн хүрэн гээд хурдан азаргатай зөв тактикаар уралдаж, түрүүлсэн. Өмнөговь аймгийн баяр наадамд тэр хүрэн азарга аман хүзүүдэхэд миний хүрэн айргийн таваар ирж байсан юм. Тэр туршлага дээрээ үндэслээд унаачдаа “Миний хүү Сүмбэн хүрэнтэй л уралдана. Одоо өнгөлүүлэхгүй шүү. Өнгөлж болдоггүй адуу байна билээ. Сүмбэн та хоёр л гарч ирнэ. Ар дээр нь дарчихаарай” гэж захисан юм.  Хэлсэн ёсоор Сүмбэн өнгөлөөд манай хүү ар дээр нь дарчихсан. Тэгж явсаар бариа дөхөхөд ганцхан шавхуурдаад л түрүүлчихсэн дээ.


-Тэр  агшин бахтай сайхан байсныг төсөөлж байна. Нутгийнхан таныг сайн уяачаас гадна сайхан дуулдаг. Тэр талаар нь асуугаарай гэж байна лээ.

-Миний аав сайхан дуулдаг хүн байсан. Аавын минь дуулдаг байсан тэр сайхан дуунууд мартагдах маягтай болохоор нь би үр хойчдоо өвлүүлэх санаатай сэргээн дуулж байгаа юм. Тэгээд “Малчид дуулж байна” улсын уралдаанд уртын дуугаараа хоёрдугаар шат хүртэл явсан. Мэргэжлийн хүмүүстэй уулзаж, зөвлөгөө авсан. “Өндрийн өвс” дууг дүрсжүүлээд өвөг дээдэс, ах дүү, нутаг усаа оруулсан. Дараагийн дуу нь “Хонгор шарга”. Энэ дууг нэг ч хүн дуулаагүй. Ая данг нь Тогоочхүү гэдэг хүнээс лавлаж, өнгөрсөн өвөл студид бичүүлсэн. Манай нутагт цас орохгүй байна. Цас орохоор нь дүрсжүүлнэ гэж бодож байгаа. Энэ бол миний аавынхаа гэгээн дурсгалд зориулан босгож буй суварга юм.

-Морь уяна, бөх барилдана. Сум тавих уу?

-Нэг хэсэг шагай харваж байсан. Гэхдээ нэг их сүртэй удаан харваагүй ээ. Онож эхлээд байхдаа гараа гэмтээгээд больчихсон юм. Бөх барилдахын хувьд 19 настай цэргээс халагдаж ирээд сумын начин цол хүртсэн. Өмнөговь аймгийн залуучуудын аварга гээд тойргийн барилдаанд гуравт орсон. Түрүүлсэнд нь аймгийн начин, арын хоёрт нь сумын заан цол өгдөг байсан юм. Сүүлд эхний гуравт нь аймгийн начин өгдөг болохдоо надад нөхөж өгье гэхэд нь би аваагүй. Өндөршил, Цогтцэций зэрэг хоёр сумын наадамд барилдаад үзүүрлэж байсан. Тэгээд 2011 онд Монгол бөх Гиннест хэмээх барилдаанд очиж хоёр давсан. Ийм л амжилттай хүн дээ.  

-Бөх удам дагадаг гэдэг. Танайханд бяр тэнхээтэй улс олон уу?

-Ээжийн талд сумын заан Шархүү гэж хүн байлаа. Аавын талд тэнхээтэй улс хүмүүс олон байсан. Өндөр Отгон гэж хангал атыг бөхөн дээрээс нь татаад унагаачихдаг, түүнийг нь аав хүлээд ноосолдог байсан гэнэ лээ. Түүх, домог болсон Баваа Сумъяа гэж аавын нагац ах байна. Хангал азарга онгоцонд ороод ирэхэд нимгэн цавинаас нь татаад доош унагачихдаг. Нөгөөх нь шээс алдаад л зогсдог байсан гэдэг юм. Миний аав Тайж удамтай. Өвөө маань уургач Гочоо Тайж гэж хүн байсан. Гочоо өвөөгийн маань уургач эрдэм надад өвлөгдсөнд би баярлаж явдаг. Залуудаа би бөх, морь гээд адуучин тэмцээнд хожуу орсон л доо. 2018 онд 40 гаруй настайдаа аймгийнхаа Адуучин тэмцээнд ороод медальтай ирсэн. Ноднин аймгийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ есөд шалгарч үлдсэн. Энэ жил нэлээн бэлтгэлтэй байсан ч хорио цээрээс болоод больчихлоо.


-Аливаад хичээл зүтгэлтэй хүн бололтой.

-Манай ах дүүс “Баттулга хамаг юмыг нь аваад төрсөн” гэдэг юм. Би гитар, ятга хөгжмөөр тоглоно. Эр хүний дотор эмээл, хазаартай морь гэгчээр тайлан тоглолт хийнэ гэсэн бодолтой явдаг.  

-Сайхан санаа байна. Амжилт хүсье. Бидний урилыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.

-Наадам бүхэн сайхан. Аймгийн наадамд хүрэн азарга айрагдуулахдаа нулимс унагасан даа. Залуу цагт өөрөө шөвгөрөөд, морио айрагдуулаад явахад ид хав мэдрэгдээд сайхан шүү дээ.

-Морьтны соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх их үйлсэд тань амжилт хүсье.

Ш.Бадамрагчаа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.