Сумын Алдарт уяач Н.Батболд: Хашаанд зогсоож тэжээсэн адууг муу эдэлснээс алдаад байх шиг байна

Сэтгүүлч
1-р сарын 04 -нд

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Төв аймгийн Зуунмод сумын суугуул сумын Алдарт уяач Ноовын Батболдтой ярилцсанаа хүргэе. 

-Сумын Алдарт уяач Н.Батболдын удамд уяач хүн байв уу? Яагаад хурдан морь уях болов гэдгээс яриагаа эхэлье?
-Манай аав Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Ноов гэж насаараа адуу малласан, бас уяач хүн байлаа. Манай ах, дүү хоёр аймгийн Алдарт уяачид. Уг нь аав аймгийн Алдартын болзлыг хангасан боловч тухайн үедээ тодорхойлж хөөцөлдөж чадаагүй. Дундговь аймгийн бүсийн уралдаан, Заваа Дамдины 130 жилийн ойд хязаалан үрээ айрагдуулж байсан хүн. Аав аймагт нэг их уралдаж байгаагүй, голдуу сумандаа наадаж байсан даа. 
-Аав нь ямар удам угшилтай адуугаар наадаж байв?

-Хурдан халиун азаргатай байлаа. Тэр нь Төв аймгийн Алтанбулаг сумын Даатамга гэдэг хүний АХ-ын 60 жилийн ойд улсад түрүүлж байсан хул азарганы төл байгаа юм. Алтанбулагт адуугаа оторлож яваад тэр айлын хурдан хул азарганд гүү тавьж авсан төл. Халиун азарга сумандаа хоёр түрүүлж, дөрөв айрагдсан. Энэ халиун азарганы төл Зава Дамдины ойд айрагдсан хязаалан байгаа юм. Одоо ч энэ халиун азарганы төлөөр манай дүү нар сайхан наадаж байгаа. Мөн Улсын Манлай уяач Жамбалын Содномпилын адууны угшил бас бий. 
-Ноов гуайн удмыг залгаж гурван хүү нь морины уяа эвлүүлдэг юм байна. Ах, дүү хоёроо товчхон танилцуулахгүй юу?
-Манай ах аймгийн Алдарт уяач Хүрэлтогоо Төв аймгийн Өндөрширээт суманд амьдарч байна. Дүү Отгонбат маань Дундговь аймгийн Эрдэнэдалай сумандаа аавынхаа голомыг сахин сууж байгаа. Өнгөрсөн жил аймгийн Алдарт уяач болсон. Би бол 1997 оноос морь уяж байна. 


-Дундговийн уугуул яагаад Төв аймагт ирж суурьших болов оо?
-2013 онд Төв аймагт ирж суурьшсанаас хойш таван жил өнгөрсөн байна. Зуднаар малын маань тоо толгой багасаад амьдралын шаардлагаар л ирсэн юм. Энд үхрийн ферм байгуулаад, хажуугаар нь морио тэжээдэг юм. Морины өвсний үлдэгдлээр үхрээ тэжээгээд, үхрийнхээ сүүг даагандаа өгөөд адуу, үхэр хоёрыг хамт тэжээхэд яг таардаг юм. Даагыг сүүгээр тэжээчихээр хусран дааганаас ялгаагүй болдог. Бас хөлс нь гардаггүй адуунд үхрийн сүү сайн байдаг.  
-Нутагтаа байхаасаа морь уядаг байсан байх нь ээ. Анхны айраг түрүүгээ ямар адуугаар хаанахын наадмаас авч байв?
-1997 онд аавынхаа халиун азарганы төл шарга даага уяж овооны наадамд аман хүзүүдэж анхны айргаа авч байлаа. 1998 онд саарал азаргаа шүдлэнд нь Дундговь аймгийн Луус суманд дөрөвт давхиулсан. 
-Дундговь аймагтаа хэр наадаж байв?
-Нутагтаа гайгүй сайхан наадаж байсан шүү. 2006 онд хул морио соёолонд нь Дундговь аймгийнхаа наадамд айрагдуулсан. Хул морины эх нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын гүү, эцэг нь аавын халиун азарганы угшилтай. 2009 онд манай Дундговьд их зудтай жил болсон. Тэр жил би унаган дөрвөн адуугаа тэжээж уясны нэг нь сумын наадамд долоогоор орж, хоёр нь айргийн дөрвөөр давхиж байлаа. Эрдэнэдалай сумын наадмаасаа дөрөв таван айраг түрүү авсан санагдаж байна. Луус сумын наадмаас гурван ч айраг авсан. 


-Таны хамгийн олон айрагдаж түрүүлсэн адуу?
-Буурал морь байна. Миний найз, Дундговь аймагт манай адууг малладаг сумын Алдарт уяач Эрдэнэ-Очирын Энхтайваны унаган адуу. Хязаалангаасаа уягдан тэр жилээ Баянжаргалангийн 90 жилд дөрөвт давхиж, жижиг наадамд хоёр гурав айрагдсан.  2015 онд хавчиг морь Төв аймгийн Сэргэлэн суманд айрагдсан. Найм айрагдчихаад байгаа адуу. 
-Өөр ямар адуу танд хурдалж байна вэ?
-Шарга азарга бий. Сүхбаатар аймгийн Наран сумын Хүрэлтамга гэдэг хүний унаган адуу. Даагандаа Алтанбулагт айрагдаж, соёолон үрээ Хонхорт болдог наадамд айргийн гуравт давхисан. Саарал азарга маань багадаа бас гурав дөрөв айрагдсан. 
-Таны оролцсон хамгийн том наадам гэвэл?
-2014 онд Нямдаваа гэж найзынхаа саарал алаг даагыг Төв аймагт айрагдуулсан. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шаравын Пүрэвсүрэн гэдэг хүний унаган адуу. Тэр зунаа Баянцагааны 90 жилийн ойд бас айрагдсан. Ноднин хар морио Баянхонгорын аймгийн бүсэд айрагдуулсан юм байна. Хар морь Дорнодын Цагаан-Овоогийн Энхбаатар гэдэг хүний адуу. 
-Аавынхаа адууны угшлыг энд тэндхийн адуугаар нэлээд сэлбэж байгаа бололтой юм. Өөр хаана хаанаас адуу авсан бэ?
-Төв аймагт ирснээс хойш л гаднаас адуу мал авч эхэлсэн. Надад Сүхбаатар, Дорнод, Дундговь, Сэлэнгийн адуу бий. Сүхбаатар аймгийн болон аавын адууны хэдэн сайхан гүү бий. Мөн нутгийн сайхан адууны гүүнүүд байна. Сүхбаатараас авсан шарга азарга байна, миний унаган саарал азарга байна. Бас Дорнодоос авсан азарга бий. 
-Зүүн талын адуу их л үнэтэй байдаг юм билээ. 

-Сүүлийн үед их үнэтэй болсон байна билээ. Намайг авч байхад үнэ ханш нь арай гайгүй байсан шүү. Хааяа гайгүй адуу харахаар мундаг өндөр үнэ хэлэх юм байна шүү дээ. Одоо байгаа хэдээрээ уралдана гэсэн бодолтой байгаа. 


-Сумын Алдарт уяач цолыг хэдэн онд авсан бэ?

-Сумын Алдарт уяач цолыг 2016 онд авсан. Тэгэхэд Сумын Алдартын болзлыг элбэг хангасан амжилттай байсан. 
-Аавынхаа уяаны арга барилаас хэр сайн суралцсан бэ?

-Манай аав дааганы уяа тааруулахдаа сайн. Тэр тусмаа хусран даагыг сайн уядаг хүн байсан. Сумандаа тав зургаан даага түрүүлгэсэн байдаг юм. Би ч гэсэн бага адуу уях дуртай, уяхад ч амар байдаг. 
-Бага адууны уяа юугаараа амар байдаг юм бэ?
-Нэг л давхил нь орчихвол илүү дутуу юм шаардагдахгүй, алдаа оноо багатай юм шиг санагддаг. 
-Төв аймгийнхаа наадамд жил бүр оролцдог биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Жил бүр л аймгийнхаа наадамд морь уяж уралдуулдаг. Морьд маань 20-ийн дотор л давхидаг юм. Сүүлийн үед 12, 13-аар голдуу давхиж байна. Энэ зуураа л уралдана уу гэхээс хол явж наадахгүй л байна. Хамгийн холдоо Сэлэнгэ, Баянхонгорт очиж наадаж байсан. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд саарал азарга маань шүдлэн үрээ аман хүзүүдсэн. Тэгээд Сэлэнгийн 80 жилд 15-аар давхиж, Баруунхараагийн ойд зургаалсан. 
-Улсын наадамд явж байв уу?
-Улсад гурван удаа очиж наадаж байсаан. 2015 онд очиж хар морь 70 хэдээр давхисан.  
-Танай хүүхдүүд том болчихсон юм байна. Морь унах хүүхэд олдож байна уу?
-Манайх гурван охинтой. Багадаа хоёр охин маань нэлээд сайн морь унасан, тэр хоёрыг унаж байхад миний морь сайн давхисан. Хүүхдүүд том болчихоод сүүлийн үед хүний хүүхдээр морь унуулж байна даа. 


-Говь нутгийн хүн хангай газар ирж суурьшихад ялгаатай зүйл хэр ажиглагдах юм бэ?
-Төв аймгийн хүмүүс намайг сайхан хүлээж авсан. Морины уяаны тал дээр их өөр байдаг юм билээ. Нутагтаа байхад би ингэж зогсоож тэжээж байсангүй. Зогсоож тэжээсэн морь их өөр байдаг юм байна. Бэлчээрээр нь явуулж, өглөө оройдоо тэжээл өгөөд, хонь малдаа унаж уналга эдэлгээгээ хийчихдэг байлаа. Одоо хашаанд зогсоож тэжээж байгаа адууг илүү сайн унаж эдлэх шаардлагатай болдог юм байна. Үүн дээр л алдаад байна уу гэж бодоод байгаа. 
-Бидний  урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэг нь амжилт хүсье.

Д.Энхтуяа


3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.