Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралдах бүртээ амжилтаа ахиулдаг

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 18 -нд

Завхан нутгийн харчуул төрийн наадмын үзүүр, түрүүг булаалдан огшуулсаар гурван зуныг үдэв. 

Гурван наадмаар бид Очирваань нутгийн уяачдын хийморийг бахдаж, уясан хүлэг морьдынх нь шандсыг шагширч суулаа. Гурван жил дарааллан төрийн наадамд уясан хүлгээ аман хүзүүдүүлж, шигшмэл морьдын “Их хурд” болон төвийн бүсийн уралдаанд нэг удаа оруулсан хэр нь шаралхаж мөчөөрхөлгүй “Нэг л өдөр түрүүлнэ дээ. Цаг нь болоогүй байна” хэмээн уужуухан инээмсэглэж суугаа энэ эрхмийг Цэрэндоржийн Мөнххуяг гэдэг. Уугуул нутаг Завхан аймгийн Завханмандал, суугуул нутаг Говьсүмбэр. 
Адуунд дуртай аавынхаа сэтгэлийг засаж дэмнэх гэсээр нэг мэдэхэд уяач болчихсон түүнийг 2010 оны хангайн бүсийн уралдаанаас хойш эчнээ таних болсон. Учир нь тэр жил түүний цавьдар соёолон айргийн гуравт хурдалж, аз өмийг нь хурайлан дуудсан юм. Тэрхүү даллага дөрвөн жилийн дараа хаврын эхэн сард биеллээ олж, Ц.Мөнххуягийн Янзага цавьдар хэмээх азарга “Дүнжингаравын хурд”-д айрагдаж байлаа. Эзэн уяач нь цавьдар азаргаа Мөөнөө янзага хэмээн нэрийдэх бөгөөд ямар учиртайг ярилцлагаас нь мэдээрэй. 
Сүүлийн гурван жил дарааллан төрийн наадамд аман хүзүүнд хурдалсан Тод янзага бол Мөөнөө янзагын төл. Цавьдар адуугаар одтой наадагч Завхан нутгийн хүү өнөө жил Монгол улсын Алдарт уяачийн болзлыг дүүрэн хангасныг дуулгаад уншигч таныг хүсэмжит зочинтой тань уулзуулъя. 

Өвгөн ноёны өндөр дэнж ээлээ хайрласан уу, тэнд морьдоо сунгасан уяачид сайхан наадацгаалаа

Унаган хүлгийнхээ амжилтаар улсын Алдарт уяач цолны болзол хангасан танд нийт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе.
- Баярлалаа. Өөрт чинь л гэж хэлэхэд цавьдар морио мордуулахдаа “Эзнийгээ Алдарт болгох юм уу, өөрөө мэдээрэй” хэмээн аминчлан шивнэсэн юм. Хүлэг минь түүнийг ёсоор болгосоон. (инээв)
Хүслийг тань гүйцээсэн хүлэгтээ талархлаа илэрхийлсэн үү?
- Хэлж амжаагүй л байна. Одоо харин ярилцлагын дараа хэлье байз. (инээв) Би өөрийн үр хүүхдээс ялгаа юу байхав хэмээн унаган хүлэг морьдоо байнга л магтан, урамшуулж байдаг хүн. Хүнд өгсөн адууныхаа араас ч ялгаагүй “Эрүүл энх байж, эзэн хүнээ баясгаж яваарай” хэмээн байнга залбирч явдаг.
Хүлэг морио хайрлан дээдлэхийг харах, тийм хүний тухай дуулахад уясдаг шүү. Тод янзага танд төрийн зарлигт наадмаас таван айраг амсуулав уу?
- Тэгсээн. Тодын тав, эцгийнх нь нэг аман хүзүү. Зээрд морины нэг гурав. Тэгээд өнгөрсөн жил Говьсүмбэрт болсон төвийн бүсийн уралдаанд унаган даага айрагдсан. Ингээд найм болж байгаа юм.
Тийм байна. Ихэнх уяачид тооны хувьд гүйцсэн, харин чанар дутуу гэдэг сэн. Харин таны хувьд тоо ч тэр, чанар ч тэр хангалттай гүйцжээ. 
- Энэ бол сайн уяач, сайн морь, сайн уралдаанч, сайхан хамт олны минь хичээл зүтгэлийн үр шим. 
Морь уях гэдэг багийн хөдөлмөр гэдгийг түмэн олон одоо мэддэг болсоон. Наадмын сонин жилээ даадаг гэдэг. Ардын хувсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын тухайд ямархан сэтгэгдэлтэй байгаа вэ?

- Тогтсон дэг журамтай, хэл үггүй л нааддаг болчихвол зүгээр байна. Наадам гэдэг төр түмний их цэнгэл шүү дээ. Тэр утгаараа төрөө, түмэн олноо хүндэлж сайхан наадах хэрэгтэй.


Хэн бүхний хүсэл тийм болжээ. Өвгөний ноёны нутагт бэлтгэл хангасан сурагтай байсан. Галшар нутгаар зуншлага тавтай байна уу? 
- Сүүлийн 10 жил болоогүй сайхан зун боллоо хэмээн нутгийнхан ярьж байна лээ. Мөн биднийг очсонд ихэд баярлан “Өвгөн ноёноос хойш үндсэндээ 100 гаруй жилийн дараа төрийн зарлигт наадамд түрүүлж, айрагдсан морьд ирлээ” хэмээн бэлгэшээж байсан. Өвгөн ноёны өндөр дэнж ээлээ хайрласан уу, тэнд морьдоо сунгасан уяачид сайхан наадацгаалаа. Тэнд манайхнаас гадна Батхүү, Баяраа, Бандгайгийн дүү Ганбаа, Галшарын Юрагийн Батмөнх зэрэг уяачид байсан. Батхүү маань төрийн наадмаас нэг түрүү, нэлээд хэдэн айраг хүртсэн бол манайх их морь, шүдлэн аман хүзүүдүүлж, хоёр хязаалан айрагдууллаа. Түрүүлж, айрагдах магадлалтай байсан зарим морьд маань мордсон бол илүү ч амжилт үзүүлэх байсан биз. 
Олон морь хасагдсан уу? 

- Сунгаанд түрүүлсэн азарга, соёолонгоос эхлээд манай сунгааны өнгөнд байсан шүдлэнгүүдээс 14 нь хасагдаж, нэг л мордлоо. Мордсон нэг нь айрагдсан. 
Ямар их хичээл зүтгэл, хөдөлмөр шаарддагийг мэдэх болохоор харамсалтай л санагдаж байлаа. Та хэдэн насны морьтой ирсэн бэ?
- Хоёр шүдлэн, нэг их морьтой ирсэн. Шүдлэнгүүд маань хоёр хуваагдсан сунгаанд хоёуланд нь өнгөлсөн үрээнүүд. 
Мөрдөж байсан журамд тэнцэхээргүй байсан юм уу?

- Сэрвээний өндөр нь хүрэхээргүй, намхан....
Сэрвээний өндөр гэснээс их насны морьдыг хүчний байгууллагын оролцоотойгоор дахин хэмжсэн. Тод янзагын сэрвээний өндөр хэд вэ? 
- 140 хүрдэггүй юм.
Тийм байх нь ээ. Нэг биш, хоёр биш, бүр тавын таван удаа аман хүзүүдлээ. Дутуудсан мэдрэмж төрдөг үү? 
- Гайгүй ээ. Нуулгүй хэлэхэд, би одоогоор өөрийгөө дарж яваа. Цаг нь болохоор цавьдар морь маань түрүүлэх биз. Тэр цаг нь арай л болоогүй байгаа бололтой. Би түрүүн хэлсэн шүү дээ. Энэ бол монгол төрийн, монгол түмний их цэнгэл гэж. Тэр утгаараа уужуу хандах учиртай. Миний морь түрүүлэх ёстой гээд бачуураад байж болохгүй. 


Уяач хүнд байх ёстой нэн тэргүүний чанар гэх юм билээ.

- Бидний өвөг дээдэс хэдэн зуун жилийн турш морины асуудалд уужуу тайван ханд. Хэл ам бүү хий хэмээн сургасаар ирсэн. Тэр сургаал бидний үед бүдгэрэх учиргүй. 
Хөлсний хашаа руу ирж байхыг тань хараад их догдолж дээ хэмээн бодсон шүү.
- (инээв) Тод янзага хүүгийн минь морь. Морь нь айрагдаж байхад эзэн нь орог гэж бодсон юм. Тэгээд ч энэ жил цавьдар морио бараг түрүүлчих болов уу хэмээн бодож байсан болохоор зурагт ч үзэлгүй хөлсний хашаа руу очсон нь тэр. Түүнээс өмнөх жилүүдэд би хөлсний хашаанд очиж байгаагүй шүү дээ.
Энэ жил илүү хурдан байсан гэсэн үг үү? 
- Уяачид морьдынхоо хурдыг м/сек-ээр хэмждэг. Өнгөрсөн жил Жордан халзан болон цавьдар морио тусад нь сунгасан. Тэгэхэд Жордангаасаа 30 секундын дараа барианд орж байсан. Энэ жилийн тухайд тэр хугацаа 25 секунд болсон байна лээ. Түрүүлдэг халиун, цавьдар морь хоёрын барианд орсон хугацаа 13 секундын зөрүүтай байсныг анзаарсан байх. Барианд орж байгаа хугацаанаас гадна мориныхоо хүч, тамирыг бас харна. Цавьдар морины хувьд энэ өвөл тэжээгдээд тамир сайтай байсан тул бороо орвол үзүүр дээрээ дайрна даа гэсэн тооцоо хийсэн. Гэвч дараа нь барьж үзсэн халиун нь цавьдараасаа илүү тамиртай байсан байна лээ. 
Очирваань хайрханыг монгол түмний заяа буяныг тэгшитгэдэг хэмээдэг. Тэр сайхан абшигт нутгийн харчуул төрийн наадмын их насны уралдааны өнгийг тодорхойлон зарлуулах бахтай сайхан байдаг биз. 
- Уг нь би нэг их нутгархдаггүй хүн. Гэхдээ улсын наадмаар уугуул нутаг, өвөг дээдсийнхээ нэрийг дуудуулах сайхан байлгүй яахав. Завхан нутгийнхан маань сүүлийн гурван жил сэтгэл хангалуун наадаж байгаа байх аа. 12-ны өглөө Галаагийнхаар орж, их морь түрүүлгэсэнд нь баяр хүргээд гарсан. “Бор морио хэмжүүлэхээр явах гэж байна” гэж байна лээ. 

Д.Онон Тод манлайн Янзага цавьдарын цор ганц төлийг би авсан 

“Цавьдар морь цустай адуу гэнэ лээ” хэмээн цуурагсад бий. Тод янзагынхаа удам угшлыг тодорхой сайхан яриач. 
- Би цавьдар мориныхоо удам угшлыг буруу хазгай хэлсэн удаагүй. Зарим уяач айраг, түрүү авахын тулд адууныхаа удмыг худлаа ярьдаг. Хүмүүс бид эцэг дээдэс минь харж байгаа хэмээн үг хэл, үйл хөдлөлөө хянадаг. Тэгсэн хэрнээ адуун дээр болохоор мартчихдаг. Хүнээс ялгаагүй адуунд ч гэсэн эцэг өвгөд гэж бий. Тэдэнд үр удмыг нь худлаа, ташаа хэлэх нь таатай санагдахгүй л байх. Тод янзагад цус орсон гэвэл дээшээ тав, зургаан үед нь байж магадгүй юм. Эцэг нь Дүнжингаравт аман хүзүүддэг, миний өөрийн Мөөнөө янзага гэдэг азарга. Мөөнөө янзагын эцэг нь болохоор Онон Тод манлайн Янзага цавьдар. Эх нь Дорнод аймгийн Алдарт уяач Сүхийн Жадамба гэдэг хүний цавьдар гүү. 
Уучлаарай, гэвч зарим нь Онон Тод манлайн Янзагын төл биш мэтээр ярьдаг. 

- Тэр ийм учиртай. Онон ах анх Дорнодод очоод Жадамбаа ахаар адуугаа маллуулдаг байж. Тэгээд “За Жадамбаа минь, чи дан монгол адуугаар уралдана гэвэл хэцүү шүү. Ганц нэг гүү тавь” гэсэн юм билээ. Тухайн үед Онон ах хоёр, гурван цэвэр азаргатай байсан. Тэгээд нэг азарганд нь цавьдар гүүгээ хийсэн, өнөөх нь огт хэрэгсдэггүй гэнэ ээ. Тэр үед Онон ахын хурдан Янзага хоёр гүүтэй. Хэд хэдэн удаа нөгөө цавьдар гүүг хураачихсан, гишгэж байхтай таарсан юм билээ. Намар нь нөгөө цэвэр азарганаас гүүгээ авсан.
Янзагад байсан Онон ахын хоёр гүүний нэг нь хээлгүй, нөгөө нь бүтчихсэн юм билээ. Тэгээд дараа жил Янзага эндчихсэн шүү дээ. 

Тэгэхээр таны Мөөнөө янзага чинь үлдсэн ганц төл нь болох нь ээ.
- Тийм. Онон ахын Янзага цавьдар үнэхээр хурдан адуу байсан. Тэр хурдан адууны удмыг таслахгүй юм сан гэсэндээ үр төлүүдэд нь зүснийх нь өмнө юм уу, хойно Янзага гэсэн нэр өгдөг юм. 
Зарим үед таны олон Янзаган дунд төөрөх гээд л байна шүү. (инээв)

- Цэгээн дэлтэй янзага, Буган янзага, Бор янзага, Ухаа янзага гэгчилэн бий, бий. Сонирхуулаад хэлэхэд, энэ жилийн улсын наадамд дөрөвт давхисан Эрдэнэбаярын бор морь, миний Мөөнөө янзага хоёр нэг айлын адуунууд.
Нээрэн Сүхийн Жадамбын адууны угшилтай гэж байсан санагдана.
- Тийм. Нэг нь унаган, нөгөө нь тэдний адууны угшилтай. 
Ингэхэд ямар тохиолоор Янзагын ганц төл танд ирчихэв ээ. Тэр түүх сонин байна.
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Егүзэр хутагтын мэндэлсний 140 жилийн ойн уралдаан болоод би Сарт зээрд гээд соёолонтойгоо очоод айрагдуулчихаад, хүмүүстэй яриад сууж байсан чинь Жадамбаа ах ирээд “Би чамд Янзагын төлийг өгмөөр байна” гэсэн юм. Тэгээд л наймаа хийгээд авсан. 
Хэдтэйд нь гэсэн үг вэ?
- Сургаад зам үзүүлчихсэн даага авсан. Хэрлэн уяач дээр уяагдаж хязаалан байхад хүмүүс “Ононгийн Янзагын төл гэж байхгүй. Янзага хоёр гүү хурааж байгаад үрэгдчихсэн” гээд л байсан. Дугараа тод үзчихээд дэлнийх нь буржгарыг хараад янзага ийм ийм дэлтэй байсан гэж ярьж байв. Онон ахын Янзага чинь дэл нь буржгар адуу байсан шүү дээ.


Онон Тод хараад юу гэсэн бэ?
- Хавар Өлзийт хороололд Дүнжингаравын сунгаан хийж байхад Онон ах ирж харчихаад “Энэ чихний ухархай, дэл нь адилхан юм байна” гэсэн. Онон ах өөрийнхөө адууг андахгүй шүү дээ. Танихгүй айлын адуугаар явж байхдаа “Энэ манай адууны юм байна” гээд шууд мэддэг хүн. Мөөнөө янзага голоороо сайхан бүдүүн, жижгэвтэр адуу байсан. 
Шүдлэнгээсээ эхлээд хурдалсан гэлээ. 2014 оны Дүнжингаравт айрагдсан. Түүнээс өөр ямар амжилт үзүүлсэн юм бэ?
- 2014 оны Дүнжингаравт аман хүзүүдээд, зун нь улсын наадамд 10-аар давхисан. Тэр жил их хурдан, улсад айрагдчихаар байсан юм аа. Ихбаяр надаас “Цавьдар азаргаа нэг давхил татаад уралдчих уу? Татах уу? Давах уу?” гэхээр нь морь малын талаарх ойлгоц муу байсан хүн чинь “Найдвартай нь дээр” гэчихсэн чинь давчихсан. Зургаатай азарга тэгж уралдаад, дараа жил нь эндчихсэн юм.
Харамсалтай. Хэдэн төл үлдсэн бэ?
- Дөрвөн эр, хоёр охин төлтэй. Охин төлийнх нь төл Ухаа янзага гээд үрээ Галшарын сунгаанд өнгөнд байсан ч улсад ирээд хасагдчихсан. Мордсон бол юм дуулгахаар л байлаа.

Тод янзага эх талаасаа Ханддоржийн хонгор халзангийн угшилтай

Тод янзагын эх нь Онон Тод манлайн гүү гэдэг бил үү? 
- Тийм. Би Онон ахаас охин унагатай халзан гүү авсан юм. Тэр охин унага дээгүүрээ улсын наадамд гурав түрүүлсэн Ханддоржийн хонгор халзан морьтой нэг удамтай болдог. Өөрөөр хэлбэл, Онон ахад “Довж хонгор” гэж азарга байсны төл нь юм. Тод янзага бол дагаж ирсэн охин унаганы төл. Би гүү болмогц нь Мөөнөө янзагатаа хураалгаад Тод янзага гарсан. 
Ууган төл нь үү?
- Тийм. Яагаад Тод гэж нэрлэсэн бэ гэхээр нэг жил хоёр эр, нэг охин унага гараад, хоёр эрийн нэгнийх нь дэл цавьдар цэгээндүү, нөгөөх нь тоддуу зээрд байсан юм. Тэгээд Цэгээн дэлт, Тод дэлт гэдэг байснаа яваандаа Тод янзага болчихсон. Хоёулаа адилхан хурдан болохоор нь Цэгээн дэлтээ азарга болгочихсон юм.
Хоёр талаас хурдны удамтай болохоор дааганаас нь л эхлээд уясан уу? 

- Даага уягдаагүй. Шүдлэн анх уясан. Бүсийн уралдаануудад өнгөнд гарч ирээд л эрлийзүүдэд дарагдаад суучихдаг байсан юм. Хязаалангаасаа хурд ороод, аятайхан болж байтал улсын наадмаар хасчихсан. Улсын наадмаар эрлийз гэлтгүй сайхан бие хаатай үрээнүүдийг хасчихдаг гэмтэй. Тэгж хэлмэгдээд улсад уралдаж чадаагүй. Дараа нь Хан Хөхүй хайрханы тахилга, баруун бүсийн уралдаанд “Монгол адуу уралдана” гэхээр нь яваад очсон, дан эрлийзүүд уралдаад 21-т орсон. Тэгээд уржнан соёолондоо улсын наадмын өмнө долдугаар сарын 1-нд Эрдэнэтийн Алдарт уяачдын мялаалга наадамд хол түрүүлээд, улсад аман хүзүүдсэн.


Төрийн наадмын анхны айраг биз. 

- Түүнээс өмнө “Хотгойдын хурд” болон “Дүнжингаравын хурд”-аас тус бүр нэг айраг хүртээд байсан. Тэр жил цавьдар морь түрүүлчихэж мэдэхээр, хурдан байлаа. Гэтэл наадмын урдхан долдугаар сарын 7-нд бие нь тааруу байсан аав маань өнгөрчихөөд “Мордуулах уу, яахав” гээд хэсэг эргэлзсэн л дээ. Тэгээд лам нараас асуусан “Морины бурхан гэж бий. Түүнийг баярлуулах учиртай” гээд буян номын ажлыг нь хийгээд улсад мордуулсан. 
Баярлах, гуниглах зэрэгцсэн наадам болжээ. 

- Миний аав сайхан насалж, 85-тайдаа бурханд одсон. Аав минь үгүй ч зурагт, радиогоор нэрийг нь дуудуулахад нутгийн олонд нь хийгээд ах дүү, төрөл төрөгсдөд нь сайхан л байсан байх. Гашуудал тайлаагүй байсан болохоор морь айрагдлаа гээд наадмын талбай руу очоогүй. Гэртээ арц хүжээ уугиулаад л сууж байсан. 
Аав тань морь уядаг байсан уу? 

- Уяна аа. Аймгийн Алдарт уяач цолтой хүн байсан. Бага залуудаа Завханмандалдаа хээр голдуу адуу уяж уралдуулдаг байсныг санадаг юм. 1980-аад оноос хүүхдүүдийнхээ сургууль соёлыг бараадаж, аймгийн төв рүү орж ирснээс хойш нэг хэсэг морь уялгүй завсарласан байх. Тэгээд Говьсүмбэрт шилжиж ирээд Малхын талд морь уяж, хавчиг морь Говьсүмбэр аймгийн наадамд таваар давхиулж байсан. 


Миний морь уях болсон шалтгаан бол аав. Манайх цөөн хэдэн адуутай. Өнөөдүүл нь Малхын талд айлд байдаг. Нэг ирсэн “Аятайхан даага байна” гээд. Би нэг их тоосонгүй. Тэгж байтал өнөөх нь хязаалан боллоо. Очих бүрт л өнөө үрээгээ яриад байдаг болохоор сүүлдээ нөгөөдөхийг нь гайгүй давхичихаасай гэж очсоор байгаад моринд орчихсон. (инээв) Тэр үрээ нь хавчиг морь болоод аймагт тавлаж байгаа нь тэр. 


Зөв байгаа мал нэг, хоёр хоногт л сэргэчихдэг юм билээ. “Их хурд”-д бүүр гоё болоод мордсон

Өнгөрсөн жилийн уралдаануудын талаар дэлгэрүүлмээр байна. Дүнжингаравт мордоогүй шиг санагдана.
- Мордоогүй ээ. 2018 оны өвлөөс Монгол улсын Манлай уяач Буянтогтох уядаг болсон юм. Цавьдар морь унаган цагаасаа хойш тамир муутай байсан. Тэгэхээр нь тэр намар жаахан бяр суулгах санаатай, 20 гаруй хоног тэжээгээдэхсэн чинь хүч суугаад аятайхан болчихсон. Тэгээд өвөл нь дахин тэжээлгүй ажил хийсээр байгаад хавартай золгосон. Тэгэхэд л хүч нь сайн бууж өгөхгүй байсан юм. Тэгээд хавар эрт ногоолоод, зун уяаны үеэр 20-иод хоногийн тэжээлтэй, тамираар асаргүй улсад мордуулсан. 
Тэгвэл айрагдах тухайд тийм ч итгэлтэй байгаагүй бололтой. 
- Айрагдаж чадах болов уу, чанга уралдаан болох нь дээ гэсэн бодолтойгоор мордуулсан. Яагаад гэхээр хавар сунгаануудад өнгөнд явж байгаад үзүүр лүүгээ жаахан сулраад байсан юм. 
Хавар ер нь уралдсан бил үү?
- “Жавхлант шаргын хурд”-д уралдсан. Тэнгэр хангай их муухай, онцгүй өдөр таараад цавьдар морь өнгөнд гарч уралдаж байгаад хойшилчихсон. Тэнд тамираа бүрэн бараад, шинэ ногооны хүчээр улсад айрагдаж байгаа нь тэр. 
“Их хурд”-д аятайхан мордож байх шиг санагдсан. 

- Улсын наадмаас хойш долоо хоногийн хугацаанд сайхан сэргэсэн. Зөв байгаа мал нэг, хоёр хоногт л сэргэчихдэг юм билээ. Тэгж сэргээж чадаж байгаа нь Буянтоогийн маань авьяас шүү дээ. “Их хурд”-д бүүр гоё болоод мордсон. 


Улсад мордуулахдаа найдаагүй гэсэн. “Их хурд”-аас хэр хүлээлттэй байв. 

- Миний тооцооллоор бол тав, зургаагаар чадахгүй бол долоо, наймд орохоор байсан. Яагаад гэхээр Галаагийн бор, хонгор халзан, энэ жил улсад айрагддаг Живэрт хээр, Жордан, Одгэрэл Манлайн бор гэгчилэн сайн адуунууд мордоно шүү дээ. Энэ тавын араас орж чадвал зургаа, түүнээс хойшилбол долоо, наймд баригдах байх гэсэн тооцоотой мордуулсан. Монгол мориндоо бол дээгүүр харна л даа. Гэтэл сайхан хөнгөрчихсөн байсан болохоороо аман хүзүүдсэн. Өөр тооцоо хийчихсэн болоод тэр үү, “Их хурд”-д айрагдахад нь их баярласан. 
Ер нь Тод янзагын уралдаануудаас арай илүүтэй огшсон нь “Их хурд” уу?

- Соёолон аман хүзүүдэхэд их баярласан. Аав минь мөнх бусыг үзүүлээд удаагүй, сэтгэл зүйн хувьд эмзэг байх мөчид цавьдар морь маань нэрийг нь дуудуулсаар байгаад айрагдсан. Тэгэхэд өөрийн эрхгүй огшдог юм билээ. Хүн амьтны яриаг чагнаж байхад эцэг, эх нь мөнх бусыг үзчихсэн байх үед морьд нь тэр бүр сайн давхиад байдаггүй юм билээ. Тэр утгаараа юм уу, соёолон улсад аман хүзүүдэхэд нь үнэхээр их баярласан. Түүний дараа гэвэл “Их хурд” байна. Буянтоо улсын наадмын өмнө надаас “Мөөнөө ахаа, “Их хурд”-д айрагдах нь гоё уу, улсад айрагдах нь гоё уу” гэж асуусан юм. Тэгэхэд нь би “Улсын наадам л сайхан шүү дээ” гэсэн. Улсад уралдуулалгүй “Их хурд”-д дан уяагаар мордуулсан бол яах ч байсан юм билээ. (инээв)
Сүхбаатар Алдарттай уулзаж, Монгол хээрийг хэрхэн наймаалцсан талаар ярилцсан юм. Бодож байснаас олон хүн санал тавьсан юм билээ. Тантай тийм зорилгоор хүмүүс уулзах юм уу? 

- Сүхээ ах ярьсан. Би юм хумаар солихгүй ээ гэсэн юм. Ер нь хүмүүс мэр сэр санал тавина аа. Үнэ мөнгөн дээрээ тохиролцвол болохгүй ч юмгүй л дээ. 
Та Тод янзагаа зарж чадна гэж үү? 
- Зарна ш дээ. (инээв) Гэхдээ авах гэж байгаа хүнийг нь харна. Адуунд хэр сэтгэлтэй юм, миний морийг хайрлаж чадах хүн мөн үү, биш үү гэгчилэн. 
Би танаас өөр хариулт хүлээж байлаа.

- Хүн сонирхоод байгаа хурдан адууг харамлах дэмий юм билээ. Гурван сунгаанд өнгөлсөн хурдан үрээг маань хүмүүс сонирхоод “Зарчих” гээд байсан. Би тэр үед нь зарж зүрхлээгүй. Гэтэл улсад айрагдаж чадалгүй хойшилж байгаад доголчихсон. Түүнээс хойш “Яах вэ, авах хүн байвал өгч л байя” гэж бодсон. 
Хүү тань зөвшөөрөх болов уу? 
- Манай дунд бандийн адуу. Хүү зөвшөөрөхгүй бол ч хэцүү л дээ. Энэ жил Тод янзагын эхээс эр унага гарсан. Цэвэр азарганы төл л дөө. Ирэх жил сүүтэй даага уяж үзье гэж бодоод “Эхийг нь сувайруулчихъя” гэсэн манай хүн “Үгүй” гэж байна лээ. (инээв)

“Хотгойдын хурд” аав, ээжийгээ баярлуулсны зэрэгцээ төрийн зарлигт том наадмын анхны айргийг хүртсэн их дурсамжтай уралдаан болсон

Унаган цавьдар адуугаар урамтай сайхан нааддаг хүн санж. Улсад айрагддаг Ууганбаярын цавьдар морь танай унаган адуу гэдэг байх аа. 
- Унаган морь улсад анх удаа айрагдсан нь тэр. Би соёолон болох өвөл нь Амармөнхийн Ууганбаярт зарсан юм. Том цавьдар морь соёолондоо “Жавхлант шаргын хурд”-д зургаалаад, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 17-д давхисан. Наадмын ар дээр Хархорин сумын 60 жилийн ой болж, тэнд түрүүлээд, Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд зургаалсан. Намар нь Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн мялаалга наадам болоход түрүүлсэн. Тэгээд дараа жил нь хавчиг морь улсад айрагдчихаад, Арвайхээрийн 290 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан. 
Шүдлэнгээсээ уягдсан гэж байсан санагдана.
- 2014 онд шүдлэн үрээ Төв аймгийн Баянцагаан сумын 90 жилийн ойд айргийн дөрөвт давхисан. Хязааландаа хурдан байсан ч том наадамд орохооргүй болохоор нь тавьчихсан юм. Тухайн үед миний морьдыг Мөнхбат Тод манлай уядаг байлаа. “Ганц нэг наадамд уралдуулчихгүй” гэж байсан ч би өөрийнхөөрөө шийдсэн. Түүний ачаар цавьдар морь маань тамир сууж, соёолон, хавчигтаа тэгж сайн давхисан хэрэг. “Сайн морио хайрлах үедээ хайрлаж, уралдуулах үедээ уралдуулж байгаарай” хэмээн залуустаа зөвлөмөөр байна. 
Сайн адуу санаан зоргоор төрөхгүй. Хувь тавилангаар онож төрсөн хүлгээ хайрлаж байх хэрэгтэй. 

- Тэгэлгүй яахав. Том цавьдар морь улсад айрагдчихсаны дараа жил буюу 2018 оны хавар Өлзийт хороололд морины ажил хийгээд явж байсан Одгэрэл Тод манлай таарчихаад “Хурдан малаа хүнд өгчихөөд, өөрөө ингээд явж байдаг” гэсэн юм. Тэр үед Тод янзага тодроогүй байсан үе л дээ. Би илүү хурдан нь байгаа гэж бодсон ч гаргаж хэлээгүй. Инээгээд л өнгөрсөн. Тэгээд зун нь цавьдар соёолонгоо айрагдуулсан. Ер нь болох зүйлийг урьдчилж ярих хэрэггүй байдаг юм. Цаг нь болохоор хүмүүс мэднэ шүү дээ. 
Хүлээцтэй хүн юм. Ингэхэд том цавьдар морь ямар азарганы төл вэ? Унаган эзэнтэй л уулзсаных, тодорхой хэлүүлээд авъя.

-Эх нь Онон ахын Магнай халзан гээд шүдлэндээ Алтан овооны тахилгад түрүүлж байсан халзан азарганы төл алаг гүү. Би Ихбаяраас авч байсан юм. Эцэг нь болохоор Дорнод аймгийн Алдарт уяач Ишийн Намжил гуайн адууны цагаан азарга. Би 2010 оны “Хотгойдын хурд”-д айрагддаг зээрд соёолонгоо авахдаа тэр цагаан азаргыг авч байсан юм. Цагаан азарга Авзагын Мэндбаярын хар морьтой эцэг нэгтэй. Өөрөөр хэлбэл, Намжил гуайн эрлийз халзан азарганы төл юм. 
Хотгойдод айрагддаг соёолон тань Намжил гуайн адууных бил үү?
- Тийм. Намжил гуайн эрлийз халзан азарганы төл. 2009 онд хязааландаа Дорнодод болсон зүүн бүсийн уралдаанд дөрөвт давхисан. Түүнээс өмнө Хатагины наадам болон Дорнод аймгийн баяр наадамд хоёр ч удаа түрүүлсэн гэдэг юм. Жижиг наадмуудад бол олон түрүүлсэн гэнэ лээ. “Хотгойдын хурд”-ын дараа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд болсон Егүзэр хутагтын 140 жилийн ойд очиж гурваар давхисан. Миний аав Завхан аймгийн Дөрвөлжин сумын хүн. “Хотгойдын хурд”-д уралдуулахдаа аавынхаа нутгаар зарлуулж, баярлуулж байлаа. Тэгээд айрагдсаных нь дараа медалийг нь ээждээ зүүж өгсөн. 


Ямар учиртай билээ. 

- Тухайн үед ээж минь хүнд өвчин тусаад, олон сар хэвтчихсэн байсан юм. Тэгээд ээжийгээ баярлуулъя гэж бодоод зээрд соёолонгоо анх авч байлаа. Ээжийнхээ сэтгэлийг сэргээх гэж авсан учраас айрагдсаных нь дараа медалийг нь ээждээ зүүж өгсөн нь тэр. “Хотгойдын хурд”миний хувьд аав, ээжийгээ баярлуулсны зэрэгцээ төрийн зарлигт том наадмын анхны айргийг хүртсэн их дурсамжтай наадам болсон.
Аргагүй юм байна. Зүүн бүсэд айрагдахаар нь авахаар шийдсэн юм уу?

- Ихбаяр бид хоёр Дорнодод очоод Бэххуяг гээд найзтайгаа ярьж суусан “Энд нэг сайн соёолон байгаа. Түүнийг аваач” гэсэн юм. Тэгээд гэрт нь очиж, хоол хийлгүүлж идэнгээ зээрд үрээнийхээ хязааландаа айрагдаж байгаа зургийг нь хараад авахаар шийдсэн.
Бүсэд айрагдчихсан адуу тухайн үед ямар ханштай байсан юм бэ?

- 23 сая төгрөгөөр авсан. Харин цагаан азаргаа хоёр саяар авсан. 
Онон Тод манлайн адуу үнэтэй юу? 
- Тухайн үед гүү гурван сая төгрөгийн үнэтэй байсан. Би халзан гүүг унагатай нь гурван сая таван зуун мянгад авсан. 


Авч байсан, зарж байна уу?
- Наймаа нэг их хийхгүй ээ. Завхан руу нэг даага зарсан нь хавчигтаа аймгийнхаа наадамдаа айрагдаж, манай сумаас анх удаа хавчиг морь аймгийн наадамд айрагдсан шинэ амжилт тогтоосон гэнэ лээ. За тэгээд, А.Ууганбаярт очдог цавьдар морь байна.
Айрагдсан морьд тань зүс нэгтэйг анзаардаг байлгүй. Цавьдар адууны абшигтай юм биш биз. 

- Ер нь би гурван адууны удмаар л сайхан наадаж яваа хүн. Дан цавьдар гэлтгүй давхичихаар өөр зүсмийн адуунууд бий. Жишээлбэл, энэ жил Баян сумын наадамд түрүүлсэн сүүгүй хээр даага байна. Эх нь Монгол хээртэй эцэг нэгтэй. Бас тэр уяан дээр байгаа бор халзан үрээг би гайгүй давхичих байх гэж боддог юм.
Таны хэлдэгчилэн цаг нь болохоор харах биз ээ. Түрүүн кинонд тоглож байсан талаар цухас дурдсан. Тэр талаараа дэлгэрүүлээч.
- Би Гандангийн Сэнгээ гэж ламын шавь юм. Тэгээд би оюутан байхдаа тэдэнтэй жил гаруй бэлтгэл хийж байгаад Монголын анхны зодоонтой кинонд тоглосон. Киноны бэлтгэл гээд сар гаруй хотод бэлтгэл хийж байлаа. Кино маань гарсан л гэсэн, би олж үзээгүй. Ямартаа ч хоёр жил бие хамгаалах урлагаар хичээллэж, кинонд дүрээ үлдээсээн. Ер нь эрэгтэй хүүхдийг бие хамгаалах урлагаар хичээллүүлж байхад гэмгүй. Гэнэтийн аюулаас өөрийгөө аваад гарчих чадвартай болохын зэрэгцээ сэтгэл зүйн хувьд төлөв түвшин болдог. Өнөөдөр би морь айрагдлаа гээд хөөрч гүйгээд байдаггүйн учир нь бие хамгаалах урлагаар хичээллэж байсантай минь холбоотой байх. 


Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Түүнээс өмнө ямар асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ?
- Сүүлийн гурав, дөрвөн жил улсад морь айрагдууллаа. Нэг тийш нь шийдчихэж болохоор асуудлыг түтгэлзүүлээд л байх юм. Шийдэх сонирхолтой над шиг хүмүүс байхад сонирхолгүй хэсэг бүлэг хүмүүс ч байна. Энэ нөхцөл байдлаар далимдуулж мөнгө олдог юм уу, олох гэдэг юм уу, бүү мэд. 100 жилээс өмнө асуудлаа шийдээд морин уралдаанаа эмх цэгцтэй, хэрүүл маргаангүй болгомоор байна. Үүний тулд ММСУХ-ны VII их хурлаас гарсан шийдвэрээ баримтлаад, уралдаад ирсэн эхний 10 морио шууд газар дээр нь дахин хэмжилт хийдэг болох хэрэгтэй. Тэгвэл хэл амгүй наадам болно. 
100 жилийн ойгоос өмнө шийдвэрлэгдэх байх хэмээн таны нэгэн адил найдаж байгаа. Энэ удаагийн ярилцлагаа энд хүргээд өндөрлөе. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Тод янзага та хоёр минь моринд хайртай монгол түмнээ олон жил баярлуулаарай. 
- Хичээх болно оо. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье. 


А.Тэлмэн

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.9.46.108

    Ханддоржийн хонгор халзан дээшээгээ Галшарын гожгодой хэмээх Лувсанцэндийн дамар хонгорын цус орсон гэж Даваахүү гуай ярьсан байсан.тэгхээр тод янзагад бага ч Галшар адууны цус орсон байж таарлаа.өнгөрсөн зун Өвгөн ноёны адуу бэлчээрлэж байсан Хар магнай ,хатан суудал ,тосонгийн талд уягдсан гэнэ лээ.аргагүй л Өвгөн ноёны дэнж ивээлээ хайрлжээ

    Reply
  • 64.119.20.76

    Мөөнөө янзага нь цэврийн төл, тод янзага нь мөөнөөгийн төл. Юун 5, 6 үе бэ

    Reply