Сумын Алдарт уяач Ц.Батбилэг: Улсын бүсэд гурав айрагдсан Мэнгэт хул миний унаган адуу

Сэтгүүлч
2021 оны 4-р сарын 12 -нд

Төв аймгийн Зуунмод сумын уугуул, сумын Алдарт уяач Цэндээхүүгийн Батбилэгийн ярилцлагыг хүргэж байна. 

-Таны удам сударт уяач бий юү?
-Миний ээжийн аав Баянцагаан сумын Маарамбын Баяр гэж уяач хүн байсан гэдэг юм. Ээжийн яриагаар Баярын саарал гэж 1930 хэдэн онд улсад очиж хязааландаа түрүүлж байсан хурдан адуу байсан гэнэ лээ. Ээж маань аавынхаа хурдан адууг хааяа унаж уралддаг байсан гэж дурсдаг юм. 
-Мэдээж Баярын саарлын удам танд байгаа байлгүй?
-Надад байхгүй ээ. Манай Баянцагааны баруун урд Баярын саарлын угшилтай гээд адуунууд одоо ч байдаг юм. 
-Таны хувьд хэзээнээс морь уяаны ажилд шамдсан юм бэ?

-Би 1991 онд 17 настай морь уяж эхэлсэн л дээ. Тэр жил сургуулийн ой тохиож, 9 сарын 1-нд уралдаан болоход нагац ахынхаа хоёр, өөрийнхөө нэгтэй гурван даага уяж эхний гуравт дараагаар нь оруулж байлаа. Тэрнээс хойш л морь уяхаар шийдсэн. 
-Их л залуу уяач байж дээ. Танд уяаны туршлага байсан юм уу?

-Байсаан. Төв аймгийн Баянцагаан сумын “жоол” Дорж гэдэг хүний морийг долоон настайгаасаа унаж байсан. Тэр хүн надад морь унаж өгсний хөлс болгож охин даага бэлэглэсэн нь гүү болж эр унага гаргасан юм. Сарваа болоход нь уяж 9 сарын 1-ний уралдаанд өөрөө уяж унаж уралдаж байлаа. Тэгэхэд 30 орчим даага уралдахад 13-аар давхисан. “Жоол” Дорж гуайн морийг хоёр жил унаад, сүүлд нь Баянцагааны 4 дүгээр багийн дарга байсан “яаруу” Нямсүрэн гэж хүний морийг бас хэдэн жил унаж Баян суманд морийг нь түрүүлгэж, айрагдуулсан. Мөн Баянцагааны Тодын эзэн “жаахан” Банзрагч, “улаан” Намсрай зэрэг нутгийн сайн уяачдаас уяаны арга барилаас нь суралцсан. Сургуулиа төгсөөд хөдөө мал дээр гарч, олон жил мал хариулж байгаад л морь уях болсон.


-Олон сайн багш нараар уяаны эрдэм заалгасан гэж хэлж болох нь ээ. Магадгүй энэ хүмүүсийн хурдан адууны удам танд байна уу? 
-Тэгж хэлж болно. Миний уяж байгаа адууны удам бол Баянцагааны Тожил гэдэг хүний адуу. Манай хамаатан хүн л дээ. Манай ах хүрэн азаргыг нь унаж улсын наадамд түрүүлж, айрагдуулж л байсан юм. 
-Анхны айраг, түрүүгээ зэрэг хүртсэн сургуулийн ойн 9 сарын 1-ний уралдаанаас хойш ямар адуугаар хаана яаж наадаж байв?
-Тэрнээс хойш 1997 онд даага уяад Баян суманд очиж айргийн гуравт оруулсан. Уг нь түрүүлсэн боловч гадны сумынх гэж гадуурхаад Баян сумынхаа хоёр даагыг түрүү, аман хүзүүнд бариад, минийхийг гуравт барьчихаж байлаа. Түүнээс хойш Баян, Баянцагаан сумын наадам болоод уул овооны тахилгад зөндөө л айраг түрүү авсан. 
-Таны хурдан адуунуудаас хамгийн их амжилт гаргасан нь ямар адуу вэ?
-Миний цавьдар азарга хамгийн их хурдалсан, хамгийн их хурдан төлтэй адуу байгаа юм. Надад Тожил ахын адууны цавьдар даага байсан юм. Тожилын цавьдрын төл Гомбын цавьдар, Гомбын цавьдрын төл нь манай ах Батболдын цавьдар азарга. Баянцагааны “жаал” Банзрагчийн Толбот бор азарганы угсааны азаргатай байсан юм. Тэрийгээ би хүнд зараад, тэрнээс нэг байдас аваад, тэр байдсаа ахынхаа цавьдар азарганд хураалгаж гарсан төл нь цавьдар азарга. Хязаалан байдас унагалаад, хусран даага уяж байсан. Цавьдар азарга аймаг, суманд ч уралдаж байлаа, энд тэндхийн бооцоонд ч уралдаж 13,14 айраг түрүү авсан байдаг юм. 
-Цавьдар азарга дааганаасаа уягдаж яаж яаж давхисан байдаг юм бэ?

-Хусран даага уягдаж 9 сарын 1-нд түрүүлгэж, хойтон жил нь шүдлэн үрээ Баянцагаанд айргийн гуравт оруулсан. 1999 онд юм уу даа хязаалан үрээ Төв аймагт авчирч айргийн дөрөвт давхиулаад, Баянцагаанд очиж зургаагаар давхиулсан. 2000 онд соёолон азарга Баянцагааны наадамд айрагдуулаад, Андуудын наадам гэж том наадамд аваачиж түрүүлгээд, Үнээ хайрхны наадамд мөн  түрүүлгэж соёолон азарга нийтдээ гурав уралдсанаас хоёр түрүүлж, нэг айрагдсан. Хавчиг азарга өнжөөгөөд, долоотой азарга Өлзийт хороололд тэжээгээд тэр өвлөө гурав оруулсан. Эхлээд Төв аймгийн анхны 300 мянган төгрөгний бооцоотой уралдаанд дөрөвт, Нийслэлийн хурд гэж Өлзийт хороололд хийсэн уралдаанд гуравт хурдлуулж, бас нэг бооцоотой уралдаанд айрагдуулж байсан юм. Тэрнээс хоёр жилийн дараа Булганы Баяннуурт очиж аман хүзүүдүүлээд, Лүнгийн овооны наадамд айрагдуулаад баруун хойгуур уралдсан. Сүүлд нь улсын наадамд уралдаж 22-т давхиулаад зодог тайлаад, 19 хүрээд өөд болсон доо.   
-Төлүүд нь яаж давхисан бэ?
-Тэрний гарсан төл болгон нь хурдалсан. Анхны төл нь Мэнгэт хул азарга. Шүдлэн үрээ Өндөрширээт сумын наадамд түрүүлээд, хязаалан Тэрэлжид болсон уралдаанд арваадаар орж байсан. Соёолон жилээ уягдаад нэг их гавиагүй, Максын 20 жилийн ойн уралдаанд айрагддаг юм. Өвөл нь Дашинчилэнд 40 мянгын бооцоот уралдаанд очиж уралдаад 11-т ирж, наашаа эргээд давхар уяагаар Булганы Баяннуурт түрүүлсэн. Хоёр хоногийн дараа Төв аймгийн Лүн сумын овооны баярт түрүүлсэн. 3 сард Өвөрхангайн Хархоринд очиж аймгийн бүсийн уралдаанд гуравт ордог юм. 2013 онд байх аа хавчиг азарга уяад Өндөрширээтийн өвлийн уралдаанд түрүүлж, Эрдэнэсантад эрлийз үрээний дараа аман хүзүүдээд гайгүй хурдан байхаар нь Дүнжингаравт уралдуулаад айргийн тавд оруулсан. Гэхдээ миний нэр дээр уралдаагүй л дээ. Дүнжингарав болохоос гурав хоногийн өмнө Гаваагийн Батхүүд зарсан юм. Гэхдээ над дээр уягдаж байсан. Тэр жилээ Эрдэнэтэд болсон улсын бүсэд аваачиж гуравт давхиулсан. Тэгээд Өвөрхангайн Хархорины Харганатын хөндийд болсон Их хурдад очиж долоолсон.   


-Улсын чанартай уралдааны амжилт нь өөр хүний нэр дээр бүртгэгдсэн байх нь ээ? 
-Тэгсэн. Гэхдээ уясан гэдгээрээ амжилтыг нь өөр дээрээ тооцуулж болно л гэж байсан. Би олон адуутай, Г.Батхүүгийн 500 гаруй адуу малладаг байсан болохоор уяаг нь тааруулаад ахыг уралдуулчих гээд өгөөд явуулсан байсан. Тэгтэл ах, Батхүү хоёр ярьсаар байгаад надаас авсан юм. 
-Тухайн үед гайгүй давхиж байсан болохоор боломжийн үнэ хүрсэн байх даа?
-Гайгүй ээ. Зургаан жилийн өмнө хамгийн сүүлийн үеийн буюу Ланд-80 машинаар тулж байсан юм. 
-Цавьдар азарганы өөр ямар төлүүд нь хурдалсан бэ?
-Мэнгэт хулын дараа хоёр цавьдар адуу гарсан. Нэг цавьдрыг нь ерөөсөө уяхгүй байж байгаад соёолон азарга Өндөрширээтэд өвлийн наадамд айрагдаад, Алтанбулагийн өвлийн уралдаанд мөн аман хүзүүдэж байсан юм. Өнгөрсөн зун Сэргэлэн суманд гуравт орсон. Алтангадас гэдэг нэртэй, сартай цавьдар азарга байгаа. Тэрний доор бас хоёр адилхан сартай цавьдар бий. Нэг нь миний гүүнээс, нэг нь найзын гүүнээс гарсан. Найзын соёолон үрээ Архангайн Эрдэнэмандалын ойролцоо сумдын наадамд хоёр гурав орсон  гэнэ лээ.  Миний цавьдар болохоор ноднин Сэлэнгэд том наадам болж тийшээ явуулсан чинь түрүүлээд ирсэн. 
-Та өөрөө авч яваагүй юм уу?
-Би өөрөө явж амждаггүй болохоор найз нөхөд, эсвэл дүүдээ өгөөд явуулчихдаг юм. Тэгээд авч явсан хүмүүсийнхээ нэр дээр уралддаг. Яахав ээ төл сайтай азарганы төл хурдан байдаг юм чинь. 
-Мал хуй ихтэй юм аа даа. Одоо ч Г.Батхүү гуайн адуу малладаг юм уу?
-Энэ хүний адууг би 2002 оноос хойш 11 жил малласан. Одоо хувийнхаа хэдэн малтай байгаа. Анх Толин хулыг нь Даваахүү ах энд хурдан адуу байна гэж авахуулсан байдаг юм. Тэгээд адуу малаа хэнээр маллуулах вэ гэж явахад нь Даваахүү ах “Манай хүргэн Батболдоор маллуул” гэж ахыг танилцуулж байсан юм билээ. Ах Даваахүү гуайн дүүгийнх нь охинтой суусан юм. 2000 оны зуднаар малаа алдаад малгүй болчихоод ганц цавьдар азаргаа өвөл нь тэжээж уралдуулчихаад байж байтал намар нь ах Батхүү гуайн адуу малла гэж дуудсан юм. Тэгээд Баянцагаанаас 61-ийн гармын энд ирээд адууг нь маллаж байлаа. 2001 оноос Өлзийт хороололд ирж морьдыг нь уяж туслах уяач хийсэн. Сүүлд дан адууг нь хариулсан. Тэндээс адуугаа ч нэлээн сайн сайжрууллаа, морь уяж амьтан хүнтэй ч нэлээн танилцлаа.  
-Хэн хэндээ л өгөөжтэй байж дээ. Тэр хүний ямар адуугаар адуугаа сайжруулсан бэ?

-Өө тэгэлгүй яах вэ. Хүн л юм чинь болж бүтэхгүй юман дээр нь бие биендээ тусалж дэмжээд л явж ирсэн. Соёмбо, Гуулин, Толин гээд олон газраас цуглуулсан хурднаас нь адуу авч үлдэж чадсан. Гайгүй хурдан адууны төлийг нь идэшний адуугаар сольж авна, эсвэл цалингаасаа хэдэн цаас хурааж байгаад адуу мал худалдаж аваад хэрэндээ л адуугаа сайн болгосон гэж бодож байгаа.
-Одоо та сумын Алдарт уяач. Найз нөхөд, ах дүүгийн нэрэн дээр уралдсан морьдынхоо амжилтыг тооцвол аймгийн Алдарт дөхөж байгаа юу?
-Дөхөж байгаа. Тэр тусмаа Мэнгэт хулын амжилт орвол болчихож байгаа л даа. Намайг Батхүү гуайтай уулзаад Мэнгэт хулыг уясан нь үнэн, миний нэр дээр уралдсан нь үнэн гэдэг бичигтэй өргөмжлөлийг нь канондоод ирвэл болно гэсэн. Тэгтэл сумын Алдартаа авч байж аймгийн Алдартаа ав гэхээр нь орхичихоод байгаа. Ноднин Зуунмоддоо шилжиж ирээд өвөл нь сумын Алдарт уяач цолоо авсан. Энэ жил би ч шамдсангүй, холбоо маань ч ярьсангүй. Гэхдээ өөрийн адуу сайн байгаа юм чинь заавал хүний амжилт гэхгүй өөрөө үздэг юм бил үү гэж бодоод байгаа. Унааны хүүхэд л жаахан тийм байна даа. 
-Өөрийн унах хүүхэд байхгүй юу?
-Хүү маань дээд сургууль төгссөн том залуу бий. Хоёр охины маань бага нь таван настай, морь унана л гээд байгаа. 


-Таны нэрийг дуудуулж хурдалчихаар ямар ямар адуу байна вэ?

-Сэргэлэнд айрагдсан Алтангадас гэж цавьдар азарга байна, 50 хувьтай эрлийз азарган үрээ ч байна. Алтангадас энэ жил есөн настай азарга. Алтангадас, эрлийз, цавьдрын төл цавьдар соёолон үрээ, Алтангадасын төл даага гэсэн дөрвөн адуу тэжээчихээд байна. Эрлийзийн хэмжээ нь таарвал монголд, таарахгүй бол эрлийзэд уралдуулна. Хязаалан үрээ, даага ч бий. Даанч олныг тэжээж чадсангүй л дээ.
-50 хувьтай гэдгийг нь мэдсээр байж яагаад монголд уралдуулна гэж ярьж байгаа юм бэ?
-Одоо ч угаасаа наадам ийм л болчихлоо шүү дээ. Малчид бид монгол адуугаа хөтлөөд очно, мөнгөтэй хүмүүс нь 75, 100 хувьтай адуу авчраад монголд уралдуулчихаж байна. Тэгэхээр эрлийзтэй эрлийзээр нь уралдахаас яах вэ. Хаа сайгүй эрлийз адуу боллоо. Хөдөөний маниус эрлийз адуутай боллоо гэхэд нэг хоёроос хэтрүүлж чадахгүй, зардал ихтэй. Монгол адуу өвөл, хавартаа өөрөө бэлчээрээр явж хоолоо олоод идчихнэ. Эрлийз адуу гэдэг мөнгөтэй л хүний ажил л даа. Монгол адуу гэдгийг үнэд хүргэх дан монгол адууны дуудлага худалдаа хийж байвал зүгээр юм байна. 
-Гурван ч удаа улсын бүсийн уралдаанд айрагдсан Мэнгэт хулын эзнээс адуу мал авах гэсэн хүн олон байна биз?
-Би нэг их хүн амьтанд хэлдэггүй юм. Гэхдээ Мэнгэт хулыг Жагаагаас авсан гэдгийг хүн болгон мэднэ дээ. Намайг төрийн дансанд Батбилэг гэдэг боловч түмэн Жагаа гэж дууддаг юм. Батбилэг гэхээр хүмүүс ер нь танихгүй шүү. Хойшоо Борнуур руу цавьдар азарганыхаа төлийг өгсөн чинь Борнууртаа соёолон үрээ азарганд уралдаад түрүүлж байна л гэсэн. Архангайн Эрдэнэмандалын нэг найзад маань цавьдрын төл хонгор даага хоёр түрүүлж, гурав айрагдчихаад ирсэн. Эхүүд нь дандаа зүүн талын адуу л даа. Цавьдар азарганы морь болсон нэг л төл байдаг юм. Увсын нэг найздаа өгсөн цавьдрын төлийг морь болгосон сурагтай байна лээ. Бусад нь бүгд азарга хурдалж байгаа.  
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

Д.Энхтуяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна