Галшарын цуут хүлэг “Шилбэ хар”

Сэтгүүлч
2021 оны 12-р сарын 14 -нд

1958 онд Галшар суманд эрт үеийн эцэг өвгөдийн хурдан адууны нууц тэмдэгтэй нэгэн хурд төрсөн нь Сангийн далай багийн малчин Дэлэгийн Лувсанжамцын адууны өсгий цагаан хонгор халзан гүүнээс буруу урд хөлийнхөө арын шөрмөсөн дээр дэвтрийн цаасны хэмжээтэй дөрвөлжин цагаантай эр хар унага гарчээ. Дөрвөлжин цагаан тэмдгийг адууны эзэн тэнгэр Дамдин бурхны хайрласан хурдны нууц тэмдэг хэмээн нутгийн ардууд ярилцдаг байсан ба “Шилбэ хар” гэсэн нэр хайрласан байна. Энэ хонгор халзан гүү Галшар сумын Баруун хойд нуруугийн Равсал гавжийн адууных бөгөөд удам угшлыг нь нарийвчлан хөөвөл Дагмид адууны тахийн угшилтай адуун сүргээс гаралтай ажгуу. Эцэг нь болох Шинэ хэмээх Дамбын хар азарга нь Өөдөөгийнхний хурдан адууны угшил юм. Их, бага Раднаа, Шаравбалдан, Лувсанцэрэн, эмгэний Шагдарсүрэн нар нь ах дүүс олуулаа, хурдтай хүмүүс байсан. Нутгийн хууччуул Галшар адуу үүсэн бүрэлдэх үеийн харьшгүй хурдуудын үргэлжлэл болон нууц тэмдэгтэй төрсөн хурдан адуу байна хэмээн бэлгэшээж байсан нь биеллээ олж дааган наснаасаа эхлэн хурдалж эхэлсэн байдаг. Шилбэ хар даагандаа 1959 онд Галшар,Буянт суманд түрүүлсэн. 1960 онд шүдлэн насандаа Буянт суманд түрүүлсэн. 1961 онд АХ-ын 40 жилийн ойгоор улсын наадамд хязаалан насандаа их хурдан байгаад хадуурсан байдаг. Энэ тухай түүхийг хамт явсан уяач, унаачдын яриа хөөрөө, Шилбэ харыг унаж явсан Лувсанжамцын Дорж, Эрдэнэбаатар нарын дурсамжаас авснаа сийрүүлбэл энэ наадамд Галшар сумаас Артын мэргэн бандид хувилгаан Б.Дамбийням гуай явсан бөгөөд түүний бор азарга гуравт хурдалжээ. Шилбэ хар хязааланд түрүүлж яваад хадуурч айрагдаж чадаагүй ба ард нь байсан Д.Дугаржавын хүрэн хязаалан гуравт хурдалж, тэдний уяж очсон Буянт-Оргил нэгдлийн сартай шарга даага айрагдсан байдаг.

Шилбэ харын хадуурсан тухай туслах уяач, унаачаар явсан Л.Загдхас дурсан ярихдаа, “азарга мордох өглөө Дамбийням гуай Шилбэ харын гөхлийг зориуд хазгай боож замын саадыг арилгах арга хийснийг мэдээгүйгээс би гайхахын эрхэнд өөрөө гөхлийг задалж дахин тэгшлэн боосон ба Шилбэ хар гараанаас эхлэн тасарч явсаар Айдасын даваа өөд өгсөхдөө хадуурч барианд ороогүй юм” гэжээ. Бандид хувилгаан Дамбийням гуай Шилбэ харыг уяачийнхаа мэдрэмжээр болон зөн совингоороо хадуурах магадлалтай байсныг мэдэж байсан бөгөөд өөрийн мэддэг арга чарга хийсэн байсныг балчир хүү мэдэлгүй задалж боосон нь алдаа болсон байна.
Шилбэ хар азаргыг унаж уралдаж явсан Л.Өөдөө, Л.Долгоржав нарын дурсамжийг сөхвөл Шилбэ хар сумандаа тогтмол түрүүлсний зэрэгцээ зэргэлдээ Дорноговь аймгийн Дэлгэрэх, Иххэт суманд очиж түрүүлж байсан. Лувсанжамц гуайн хүү, унаач Л.Дорж, би Шилбэ харыг 1966-1968 онд олон удаа унаж түрүүлж байсан. Гэхдээ нэг удаа аман хүзүүдэж билээ. Тэр нь миний буруугаас болсон. 1968 онд би Шилбэ харыг унаж аймгийн наадамд түрүүлж байсан. Тэр үед аймагт дархан түрүүлдэг байсан Бажаа улаан азаргатай уралдаж түрүүлсэн юм. Манай аав 1965 онд сумын наадамд дээд гурван нас түрүүлгэж байсан. Шилбэ хар долоон настай түрүүлж, их насанд хүрэн морь, шарга халзан соёолонд түрүүлсэн хэмээн ярьсан удаатай.

 
Шилбэ хар адууны онцлог шинж нь бүдүүрэх тусмаа догширдог, унаа эдэлгээ, өл хоол сайн даадаг, эртэй чадалтай эр хүнд бол замын хань ч болдог заяаны хурдан сайн адуу юм. Шилбэ хар азарганд Мөтөрийн гурван хүү Лувсанжамц, Лувсандаш, Лувсанчүлтэм нар өөрсдийнхөө гүүг хураалгаж хурдын удмыг үр хойчдоо өвлүүлсэн байдаг. М.Лувсандашийн Баярт хүрэн, Загдхасын халиун, Л.Эрдэнэбаатарын зээрд, Д.Мягмарын хар, Д.Лхагвасүрэнгийн хээр, Д.Энхтайваны халзан зэрэг хурдан азарганууд, Л.Доржийн халтар, Л.Эрдэнээгийн алаг, хонгор, Д.Лхагвасүрэнгийн хонгор, М.Гантулгын хүрэн халзан зэрэг их насны морьд төрсөн байдаг.
Шилбэ хар удмын адуу бага насандаа хурдалсан түүх ховорхон байдаг ч бүдүүрсэн хойноо, ялангуяа давхар уяандаа хурдалдаг онцлогтой бөгөөд уяа даадаг энэ чанар үр төлдөө сайн удамшдаг. Мөн ханасан уяа хийсэн байхад үзүүр сайтай адуу юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна