Сумын Алдарт уяач Р.Оюунаа: Хэлж байгаад түрүүлгэдэг хийморилог үе уяачдад бий

Сэтгүүлч
2022 оны 1-р сарын 17 -нд

Гавилууд хоёрдугаар багийн харьяат сумын Алдарт уяач Равдансүрэнгийн Оюунаа 1962 оны гуравдугаар сарын 29-нд Цогтцэций сумын нутаг Аман хар хэмээх газар айлын зургаа дахь хүү болон мэндэлжээ. Нутгийн нэрт уяачийн хүү морь уях соёлд багаас суралцсан бөгөөд хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн Хөдөлмөрийн хүндэт медаль, ХХАА-н Тэргүүний ажилтан цол тэмдэг, Ханбогд сумын 90, ММСУХ-ны 20 жилийн ойн медалиуд болон “Уяачийн алдар” одонгоор тус тус шагнагдсан байна. 

-Уяач аавын хүүгийн бага нас хурдан хүлгийн нуруун дээр өнгөрөө болов уу хэмээн таамаглаж байна. Хэр авхаалжтай унаач байв?

-Би наймтайгаасаа эхлээд хурдны морь унасан. Хамгийн анх 1971 онд аавынхаа улаан буурал морийг унаж Ханбогд сумынхаа наадамд түрүүлгэж байлаа. Түүний дараа 1974 онд соёолонгоо унаж түрүүлгэсэн. Тэр жил Манлай сумын 50 жилийн ой болж, хээр хязаалангаа түрүүлгэж байлаа. Тэр наадамд Дундговь, Дорноговь аймаг, Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд, Цогт-Овоо сумын уяачид ирж наадаад, их өтгөн уралдаан болж билээ. Нас болгон 100 гарч, 200 шахаж мордож байсан санагддаг юм.

-Аргагүй өтгөн наадам болжээ.

-Тэгсэн тухайн үедээ зартай өтгөн наадам болж байлаа.

-Та шаггүй унаач байсан бололтой.

-Аав минь сайн уядаг байсных биз дээ. Оныг санахгүй байна. Буурал морио лав  нэг түрүүлгэж, нэг айрагдуулсан юм. Нэлээд өвгөрсөн морь унаж, зодог тайлуулж байсан юмдаг.

-Аавтайгаа хамт наадсан дурсамжууд сэтгэлд тодхон биз.

-Намайг арван хэдтэй жаахан хүүхэд байхад аав минь өнгөрсөн. Хүүхэд байсан болохоор хэлсэн үгийг нь тогтоодоггүй байж дээ. Хаа нэг уяаны шон дээр хэлж байсан зүйл нь санаанд ордог юм. “Уяа нь ханаагүй морины хоолыг битгий хасаж байгаарай. Хоол хассан адуу эмгэг олно” гэгчлэн.


-Адууг тарган ирэн дээр нь уядаг байжээ дээ.

-Эцээж уяна. Тэгсэн мөртлөө хоолоор сойдоггүй хүн байсан. Уяа нь ханасан адуу хоолоо өөрөө тааруулдаг гэдэг байсан.

-Равдансүрэн гуай хэдэн хүүхэдтэй юм бэ?

-Арван хүүхэдтэй. Таван хүү, таван охин. Таван хүү нь тавуулаа морь уясан.

-Та хэдий үеэс бие даан морь уяж эхэлсэн юм бэ?

-1980 онд анх морь уяж, Эрдэнэтогтох гээд охин дүүгээрээ унуулаад Цогтцэцийн наадамд гурван насны морьтой очиж арав гаргаж давхиулаад, “цулбууртай давхилаа” гээд хөөрч байлаа. Ухаа морь нь 1974 онд Манлайд хязаалан үрээ түрүүлгэхэд, байнд ирсэн адуу юм. Тэр маань 12-оор, Хад ахын мал тууж чяваад авчирсан хээр соёолон 13-аар, шарга хязаалан маань 16-гаар давхисан.

-Цэцийд очоод тэгж давхина гэдэг сайн л уяж байсны шинж бус уу?

-Би ганцаараа уяагүй л дээ. Наадмын урд орой их ах маань ажлаасаа чөлөө авч ирээд  морь манаж хоносон. Ах минь надад зөвлөж, хоёул манаж хоноод... Миний манах ч  гэж дээ. 18-тай хүүхэд юм чинь унтаж хоцрохгүй юу./инээв/ Дараа жил нь цэрэг татагдаад  Өмнөговь аймгийн барилгын цэргийн 223 дугаар ангид гурван жилийн алба хааж 1984 онд халагдаж ирээд, 1985-2014 оныг хүртэл тасралтгүй морь уясан. Ойрын хэдэн жил эрүүл мэндийн шалтгаанаар уясангүй.

-Анхны айраг хүртсэн наадмаа уяачид хэзээ ч мартдаггүй. Таны хувьд ч тийм байх.

-1985 онд сартай хул соёолонгоо аман хүзүүнд хурдлуулж анхны айргаа хүртсэн. Энэ хулын эх тал нь аавын унаган адууных. Харин эцэг тал нь Төв аймгийн Оргой гэдэг өвгөний цэгээн халзан азарганы удамтай юм. Хул морь маань хязаалан, соёолондоо сумынхаа аман хүзүүдээд, шинэ найман настай Манлайд очиж, зургаад давхиж байсан юм. Уг нь айрагдахаар байсан л даа. Хүүхэд нь хадуурч байна татсаар байгаад айрагдаж чадаагүй.Тэгэхэд Манлайн Жанчийн хүрэн, бор морьд  ид хурдан байсан. Сумандаа гэлтгүй аймагтаа дарлаж явсан адуунууд л даа.Тэр хоёртой гурвуулахнаа гараад тасарчихсан. Нөгөө хоёр нь хойшоо, урагшаа хэрж давхиад, унаж байсан хүүхэд нь “хадуурч байна” гэж шанаа руу нь ташуураараа цохисоор байгаад ташуур нь бяцарчихсан, зургаад ирж билээ.

-Хүүхэд жаахан туршлагүйтэж...

-Тэгсэн. Есөн настайд нь бас унаач олдохгүй танихгүй хүүхдээр унуулчихсан чинь ахиад зургаалсан.Тэр наадмаар их ах маань хот руу хуралд явчихаад намайг Нэгдэл шаргыг “өөрийнхөө нэр дээр давхиулаарай” гэсэн юм. Тэр үед би залуу, сагсуу байж. Хүүхдэдээ  “За миний хүү, энэ шарга морь бол түмэн эх. Олон айрагдаж, түрүүлчихсэн. Миний муу хул морь шаргад хүрэх нь юу юм, бараадаад байгаарай” гээд явуулчихгүй юу. Тэгсэн хул нь дийлэхээр хүүхэд нь эргүүлж дарж, шаргынх нь ард дарсаар байгаад морины овоон дээр цуцаагаад үлдээчихсэн. Явах гээд байхад нь дараад байхаар морь амархан цуцдаг юм билээ. Тэгээд хөөрхий зургаалсан даа.

-Шарга нь хэдээр давхисан бэ?

-Аман хүзүүдсэн. Наадмын дараа би их ахдаа “Надад нэг аман хүзүүдэж, хоёр зургаалчихлаа. Одоо та уя” гээд хул морио өгчихсөн. Гэсэн ч ах минь уяж чадаагүй ээ.


-Оюунаа уяачийн оргил үе хэдийд байсан бэ?

-Хүн гэдэг их сонин амьтан. Залуу байхад сагсуу, дээр нь их зоригтой байдаг юм байна. Тэр зориг, тэр өм хоёр намайг их түшсэн. “Энэ морийг би уяад суманд очиход дархан айрагтай юм даа” гэж бодогдоход айрагдаж л байдаг. Нас ахиад ирэхээр өм харьдаг юмуу, зориг мохдог юмуу тэгж хэлж чадахаа байдаг юм байна. Миний зоригтой, өмтэй байсан үе гэвэл 1990-ээд он юмуу даа. Манлай сумын Лувсанцэрэнгийн Сайнбилэг гэдэг хүнээс ухаа соёолон авч, их насанд нийлүүлээд 1992 онд түрүүлгэж байлаа.1993 онд соёолон азарга, морь хоёр түрүүлгэсэн. Нэг түүх яръя л даа. 

Норовын Буд гэж манай хадам хөгшин. Залуудаа морь уяж байсан хүн. Морь уяхаа байчихсан үед нь манайх саахалт зуслаа. Наадмын морьдоо барих дөхчихсөн байсан чинь хүү нь жаахан зээрд үрээ уначихсан усан дээр давхиж ирдэг юм. Авч уямаар санагдаад болдоггүй. Тэгээд өвгөнийд шогшоод очлоо. “Та зээрд үрээгээ надад өгчих, би уяя” гэсэн “Үгүй ээ, хүүдээ өгнө” гэж байна. “За тэгвэл уяад таны нэр дээр мордуулъя. Би ганц бүдүүн морьтой яваа, хань хийчихье” гэсэн. “Үгүй ээ. Би эсгий хийнэ, завгүй” гээд халгаадаггүй. Тэгэхээр нь “таныг оролцуулахгүй, би өөрөө уяад таны нэр дээр түрүүлгэж өгье” гэлээ. Том ам гарч байгаа биз. /инээв/ Өвгөн хэсэг чимээгүй сууж байснаа “тэгж их сонирхоод байгаа юм бол ирэх жил соёолонд нь айл бууж уяж өгөөрэй” гэдэг юм. Баярлаад “тэгье” гэчихээд мордоод давхичихлаа. Хэлсэн ёсоороо 1993 онд морь уях дөхөөд хадмынх руу нүүж очлоо. Зориуд очиж айл буугаад, дөрвөн бүдүүн морь, хадмын зээрд соёолонг бариад уячихсан. Тэгж байтал ах нар маань сумын ард морьдоо уяна гээд аваад явчихлаа. Намайг явъя гэсэн ч би зөрсөөр байгаад үлдсэн. Өвгөнд ам гарчихсан учраас үлдэхээс аргагүй, дээр нь өөрийнхөө нүдийг шалгах санаатай. Сумын наадам боллоо. Их ах Ханбогд сумын морины комиссоор 28 жил ажилласан хүн. Комиссын ажлаа хийж “морьдоо эмээллэж, түргэн мордуулаарай” гэж хэлэхийн сацуу миний ухаа морийг үзэх гээд давхиад ирлээ. “За миний дүү, ухаа морио хэр болгосон” гэж байна. Ахтай аминчилж яримаар байдаг. Гэтэл хамт буусан Баян-Овоогийн Жуурайдорж, Хангай Мижиддорж нарын мундаг өвгөчүүл дагаад болдоггүй. Тэгтэл ах ухаа морины гэдсийг илж үзчихээд  “За миний хүү, морио яаж давхина гэж санаж байна. Хоол нь арай бага юм уу даа” гэж байна. Тэгэхээр нь “хоол нь бага. Гэхдээ уяа нь ханасан. Өнөөдөр миний ухаа морь түрүүлнээ” гэчихлээ. Их цус шүү./инээв/ Тэгсэн ах “аа, тийм үү” гэчихээд давхиад явсан. Морьдоо бүртгүүлчихээд, завилаад суучихсан тамхи татаж байтал талийгаач ах маань нэлээд ууртай маягтай мотоцикльтой давхиж ирээд “сундал чи” гэж байна. “Яанаа, би юу гээд хэлчихсэн болоод энэ хүний уурыг хүргэчихэв” гэж бодонгоо “морио яахав” гэсэн. “Хүнд өгөхгүй юу, чи” гэж байна. Тэгээд харсан манай хөгшний дүү нь хүрэн морьтой давхиж байна, даллаадахсан чинь давхиад ирлээ.  “Миний морийг тосоод яг энэ туган доор байж байгаарай. Миний морь түрүүлж ирнэ, би морио хөтлөөд шон руугаа явна. Чи бэлэн байлгана шүү” гэж хэлчихээд, ахын араар тугийг нь бариад мордлоо. Замдаа явж байгаад “морио хармаар байна” гэсэн чинь “Чи түрүүлэх морьтой хүн, эргэж харахгүй шүү” гэдэг юм. Тэгээд л нээрэн ухаа морь минь өнгөнд гарч ирээд, саахалт зайтай түрүүлсэн дээ.

-Ухаа морь ямар удам угшилтай юм бэ?

-Манлай сумын Лувсанцэрэн гэдэг хүний унаган адуу. Би соёолон авсан юм. Тэгээд их насанд нийлүүлээд 1992 онд уяж түрүүлгээд, 1993 онд дахин түрүүлгэж байгаа нь тэр.

-Эр хүн хэлсэндээ хүрэх сайхан. Ухаа морь таныг дахин олон баярлуулсан уу?

-Дахиж уяагүй. Уях бодолтой байтал нэг сонин явдал болсон юм.

-Ямар...

-Огт танихгүй залуу ирээд “Өлгий хийд яваад өгөөч. Тэнд очиж ном уншуулах гэсэн юм” гэдэг юм. Би Өлгий хийдийг ч мэдэхгүй, лам ч танихгүй. Монгол хүн байна. Хүн гуйж байхад үгүй гэлтэй биш. Шинэ “Планета”-ддаа нөгөө залууг сундлаад Өлгий хийд рүү явлаа. Нэг өвгөнийд буулаа. Тэр залуу “Ном хурж байгаа, та орох уу” гэхээр нь “Үгүй, би энд байж байя” гээд үлдсэн. Тэгсэн хөл нүцгэн хар өвгөн явган орон дээр суучихаад зоос татаж байснаа “Чи нэг хурдан морьтой хүн юм. Ахиж битгий уяарай, цагаан хэл ам хүрчихсэн байна” гэдэг юм. Тэгээд би ахиж уяагүй юм. Тэр хүнийг Түвдэндорж гэдэг хүн байсан юм билээ. Намайг уяхгүй гэхээр дээд талын ах Энхжаргал “Би уяя, надад өгчих” гэсэн ч “ижилдээ өтлөг” гээд өгөөгүй юм.


-Сонин л юм. Ингэхэд нөгөө соёолон яаж давхисан бэ?

-Хэлснээрээ түрүүлгэчихээд “За би хоёр түрүүлчих байсныг нэг л түрүүлгэлээ. Ноднин уясан бол түрүүлгэх байсан. Та намайг үнэлээгүй” гэж хэлээд буцаагаад өгсөн. Өвгөн их насанд нийлсэн хойно нь уяад нэг түрүүлгэж, нэг аман хүзүүдүүлж, нэг дөрвөөр давхиулсан.

-Нүдээ шалгая хэмээн ах нартаа хэлсэн гэсэн. Өөр нүдээ шалгасан тохиол гарсан уу?

-Байна аа. 1999 онд юм даа, Хонингийн талд Говьшанх анх болох гээд Манлай, Ханбогд хоёр нийлж бэлтгэл хангаж наадам хийсэн юм. Азарга мордсоны дараа гурван хүү шон дээр ирчихээд “За та, айргийн таван азаргыг нэрлэчих” гэж байна. Тэгэхээр нь би өнгөнд Батцэнгэлийн ухаа, аман хүзүүнд Найдангийн хонгор, гурваар нь Энхжаргал ахын халиун, дөрвөөр нь Манлайн, уг нь Ханбогдын хүн л дээ. Манлайн хүргэн болсон юм. Цогийн халзан азарга. Тавд манай сумын Баясгалангийн хар азарга  ирнэ гэсэн юм. Тэгсэн азарга ирэх болсон чинь “Өө, таныг аваад явна. Туган дээр очоод зөв хэлсэн эсэхийг чинь хамт харна” гэж байна. Тэгтэл миний хэлснээр эхний гурав нь ирээд дөрөвт огт танихгүй цэгээн азарга, тавд Цогийн халзан ирдэг юм. Тэгсэн дөрвөлдөг цэгээн нь бүртгүүлчихээд туган дээр ирэлгүй шууд нийлүүлчихсэн азарга байна лээ.

-Ингэхэд та барилаар уядаг байсан бэ?

-Говийн жижиг адуу зузаан хөрстэй. Нимгэн хөрстэй адуу бэлэн давхилтай байдаг бол зузаан хөрстэй адуу олон хоногийн чанга уяатай. Жишээлбэл, би доод тал нь 35, дээд тал нь 40 хоногийн уяагаар уядаг байсан.1990 хэдэн онд манай сумын засаг дарга Буянтогтохын урилгаар Тод манлай уяач Даваахүү гуай, өөрийнх нь шавь Дундговь аймгийн харьяат Гүрбазарын Батчулуун нар уяачдын холбооны анхны тэргүүн Буяндэлгэр нар ирж манай энэ хавийн адууг шинжсэн юм. Олон адуу хураачихсан байсан Даваахүү гуайн нүд тогтохгүй, дундуур нь алхаад байсан. Тэгж байсан Батчулуун Манлай манай хөгшин шарга морины хажууд очиж зогсоод “Мал байж дээ” гэснээ надаас “Энэ яадаг морь вэ” гэхээр нь “Яадаг ч үгүй морь оо” гэсэн. Тэгсэн “Та нар ч юу мэдэх вэ дээ. Гомбо-Очирын сааралтай адил хийцтэй юм. Хурдан морь байж дээ” гэсэн. Би Буяндэлгэр гуайтай адууны зүүн хойд захаар алхаж явсан миний Толин сартай хул азарга өнгөрлөө. Тэгсэн Буяндэлгэр гуай “Хөрс сайтай, унаа даах адуу юм” гэж билээ.

-Хүүхдүүд хэр уяж байна вэ? Таны санаанд хүрч байна уу?

-Миний их хүү Түвшинтөгс гайгүй уянаа. Түүний дүү Түвшинболд одоогоор уях байгаа. Яваандаа уях байх. Бидний үеийн уяа, одоо цагийн уяа өөр тэс өөр болж. Түүнийгээ дагаад санаанд таарахгүй юм гарнаа. Жишээлэхэд, уяа нь арай л болоогүй байхад болчихож гэдгээс эхлээд, адууны эдэлгээнээс эхлээд санал зөрөх юм гарна.

-Морь уясан он жилүүдэд хичнээн айраг, түрүү хүртсэн байдаг юм бэ?

-Нарийн тоолж байсангүй. Барагцаагаар 30 орчим айраг бий байх. Овоо тахилгынхтайгаа нийлбэл 40 гарах байх шүү. 2008 онд сумын Алдарт уяач цол хүртэхэд овоо хэдэн юм байсан.  

-Дэлгэр сайхан ярилцсан танд баярлалаа. Хурдан хүлгийн босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай. 

У.Энхмаа

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.210.77.100

    Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.

    Reply
  • 192.82.86.72

    Ангийн анд Оюундаа уясан хүлэг бүхэн нь түрүү магнай болж байх болтугай гэж хүсэн ерөөе

    Reply