МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Монгол улсыг өдий хүртэл өргөж, тэтгэж байгаа гэдгийг манай залуучууд маш сайн ойлгох хэрэгтэй

Сэтгүүлч
2022 оны 4-р сарын 25 -нд

Завхан аймгийн Алдархаан сумын уугуул МУ-ын Манлай уяач Э.Нямдоржийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Албан ёсны нэр маань “Бадамсүрэн юм шүү дээ” гэсэн нэн шинэ мэдээнээс ярилцлагаа эхэлье гэж бодож байна?
-Би хүртэл өөрийнхөө Бадамсүрэн гэдэг нэрийг цэрэгт явтлаа мэдээгүй юм шүү дээ. Очоод “Бадамсүрэн” гэхээр ямар хүн нь байхгүй болчихсон юм бол доо гэж бодож зогсч байгаад даргаасаа шанаа авч л байлаа. Багаасаа нэршээгүй болохоор мартчихаад байхгүй юу. 
-Тэгэхээр таны албаны нэр тань Нямдорж биш Бадамсүрэн болж байна уу? 
-Одоо тэгж л таарч байгаа юм. Яаж яваад тийм болсон юм мэдэхгүй. Уг нь эцэг эхээс өгсөн нэр Нямдорж. 16 хүрээд паспорт авах гэсэн чинь л тийм нэртэй болчихсон байсан юм гэнэ лээ. Би чинь сургууль соёлоос завсардаад бараг суугаагүй шахуу амьтан байхгүй юу. Хөдөөний хүмүүс хэр баргийн юмыг тоох биш. Паспорт авахдаа өөр нэртэй байхаар нь тэгсгээд л орхисон юм шиг байгаа юм. Цэргийн зарлан Бадамсүрэнд гэж ирээд тэгээд л явсан даа. Гэхдээ Монголын ард түмэн намайг Нямдорж гэж мэдэхээс Бадамсүрэн гэвэл таних ч үгүй. 
-Тэгэлгүй яахав?
-Улсын цол авахдаа ч гэсэн Нямдоржоороо л авсан. Сая тэтгэвэрт гарах гэж л их зовлоо. Нэр өөр болохоор бичиг баримтын зөрчилтэй гээд олгодоггүй. Бараг жил хөөцөлдөж байж бүтэхчээ аядсан. Тэгсэн харин зарим нэгэн шооч нөхдүүд “тагнуул байсан биш биз” гэж цаашлуулж байна лээ./инээв/ 
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ? Айлын хэд дэх хүүхэд вэ? 
-Наймуулаа. Би гурав дахь нь байгаа юм. Манайхны эрэгтэйчүүд Нямдорж, Дашням, Пүрэвням гээд гурвуулаа “ням”-тай нэртэй юм уг нь. 
-Завхан аймгаас төрсөн дөрвөн Манлай уяачийн нэг нь та. Бидний ярилцлага Завхан аймгийн тусгай дугаарт нийтлэгдэх тул нутаг ус, бага насны дурсамжаар яриагаа үргэлжлүүлье?

-Уг гарлаа хөөвөл Завхан аймгийн Алдархаан сумын хүн болж таарах байх.Намайг хэдхэн сартай байхад манайх наашаа нүүчихсэн юм билээ. Тэр үед машин тэрэг гэж ховор. Хөсгөөр нүүж, малаа тууж явсаар Булган аймагт ирж өвөлжиж байсан гэдэг. Төв аймгийн Баянцогтод ирэхэд би дөнгөж л ой гарантай байсан юм гэнэ лээ. Тэгээд 1972 он хүртэл Төв аймгийн Баянцогтод амьдарч байгаад цэрэгт явж 1975 онд халагдаж ирээд Борнуурын иргэн болсон доо. Гэхдээ амьдрал хөөгөөд Булганы Баяннуур, Төв аймгийн Баянжаргаланд ч амьдарч байлаа. Сүүлийн үед Борнууртаа л амьдарч байна. 
-Хэдий үеэс хурдан морь уяж сойх болсон юм бэ? 
-Би ч 1953 онд төрөөд таван настайдаа улсын наадамд морь унасан юм билээ. Тэгэхээр хэдэн он болж таарах нь вэ?


-1958.
-Манай аав 1990 хэдэн онд ойчсон юм бэ дээ. Морь уядаг хүн байсан. Би 16 хүртлээ морь унаж байгаад тэрнээс хойш аавынхаа үлдээсэн хэдэн адууг уясан. Одоо ч хүртэл уяж л явна. 1975 онд цэргээс халагдаж ирснийхээ дараахан аавынхаа заавраар нь уяж улсын наадамд хонгор хязаалан түрүүлгэж байлаа. Цуваан дээр аавын минь нэр дээр байдаг байх. Хонгор үрээ манай унаган адуу. Аавын нэртэй жижигхэн хонгор гүүнээс гарсан юм. 
-Жигжид нэртэй өөр улсын наадамд түрүүлж айрагдсан морь бий юу? 

-Гаваахүүгийн хээр морийг улсын наадамд аман хүзүүдүүлж байсан. Уг нь хээр морь манай унаган адуу л даа. Гаваа гэдэг нь аавын ах байгаа юм. Аав охиных нь үсний найранд дааганд нь өгч байсан юм гэнэ лээ. Тэгээд их морь болсон хойноо аав дээр уягдаж улсад аман хүзүүдэж байсан юм. Мөн 1966 оны их үерийн жил хул хязаалан үрээ зургаалуулж байсан. Би унаж байсан юм. 
-Уралдааны зам их эвдэрсэн байсан уу? 
-Ойчиж тусаад байсныг санадаггүй юм. Тэр үеийн уралдааны зам одооных шиг сайхан байгаагүй шүү дээ. Шувуун фабрикийн наад талын Сэнс толгой гэдэг чинь цэргүүд хээрийн сургууль хийгээд энд тэндгүй ухаад хаячихсан байдаг байсан. Тийм нүхэн дунд уралдаанд хүүхэд морь уналаа эндлээ гэж би л лав дуулаагүй. Унах нь унадаг л байсан байх. Гэхдээ үхэж гэж дуулаагүй. Хүүхдүүд нь томчуудынхаа үгнээс гарахгүй. Цогиж очоод цэргүүдэд бариулж байгаад л эргэдэг байлаа. 
-Ямар нэг эрсдэл гардаггүй байсан нь тэр үеийн хүүхдүүд чаддагийнх байв уу. Эсвэл морь цөөн уралддагийнх байв уу? 
-Хүүхдүүдийн чадвар сайн байсан. Морьд нь ч хөл гарынх нь хий гарчихсан. Барагтай бартааг тоодоггүй, тэнцвэр сайтай, чадалтай байсан байх. Өвс ургамал нь ч чанартай адуу тэнхлүүн байдаг байсан даа. Тэр үеийн хүүхдүүдэд мориноос өөр унаа байх биш.Өдөр шөнөгүй морин дээр явж байгаа юм чинь сурахгүй гээд яахав. Тэгэхэд одооны хүүхдүүд аль ч үгүй болж байна. Хүний хүүхдийг муу хэлж байгаа юм биш. Сургууль соёл гээд намар яваад өгнө. Зун хичээлээ тарж ирээд арайхийн биеийнх нь хөндүүр арилж морьтойгоо дасахтайгаа болж байтал наадам дуусаад яваад өгнө. Тэгээд хойтон жил нь ирэхдээ улам хөндийрөөд морь зайлахын төдийд ойччих гээд байдаг болчих юм. Гэлээ гээд хүний хүүхдийг сургахгүй гэлтэй биш. Хэцүү юм даа.

-Аав тань таныг уяач болгох гэж үнэтэй адуу авч өгч байсан гэдэг юм билээ?
-Цэхэр Лхамжав гэдэг хүнээс саарал морийг нь 6000 төгрөгөөр авч өгч байсан. Тэр үеийн 6000 төгрөг гэдэг их мөнгө шүү дээ. Миний хүү моринд дуртай юм. Сайн морь хурд дагуулдаг гэдэг юм гээд авч өгч байсан юм. Тэр Лхамжав гэдэг хүн уг нь Ховдын гаралтай юм гэсэн. Надад авч өгдөг саарал морь Сэлэнгэ чигийн эрлийздүүхэн том сайхан адуу байж билээ. Тэгээд би уяж саарал морио зургаалуулж, хул хонгорыгоо түрүүлгэн, хонгор үрээнийхээ ахыг 11-ээр давхиулж байсан. 1975 оны улсын наадамд шүү дээ. Анхны жилээ хоёр их морио бараг арвын дотор давхиулчихаж байсан юм. 
-Аавын тань хэлсэн “сайн их морь өм нээдэг” гэдэг үг хэзээнээс биеллээ олсон бэ? 
-Саарал морийг авчраад л хонгор үрээ минь улсад түрүүлсэн. Тэгэхээр би тэр үгийг үнэн байх гэж боддог шүү. Дараа нь яг энэ дэнж дээрээ морио уяж 1997 онд Сэлэнгэ гаралтай хонгор даагаа гуравлуулж, хонгор морины угшилтай хул даага, Лхүндэвийн саарал соёолон хоёрыг зургаалуулж байлаа. Тэр жил Эрдэнэтэд хангайн бүсийн наадам болж хул даагаа түрүүлгээд, саарал соёолонгоо аман хүзүүдүүлж байсан. Дараа жил нь анхны “Их хурд” уралдаанд их морь түрүүлгээд, баруун бүсийн их хурд гэдэгт очиж дөрвөн их морь дараагаар нь оруулан, азарга гуравлуулж нэг наадмаас таван айраг авч байлаа.


-Хаана болсон юм бэ? 
-Булганы Хишиг-Өндөрт шинийн найманд болж байсан юм. Хойд талын зургаан аймаг нийлсэн улсын чанартай том уралдаан болж байсан юм. Тэгэхэд Даваахүү баатар Өндөр зултайгаа очиж түрүүлгээд, миний азарга гурвалж байсан юм. Би бас хоёр их морь улсад түрүүлгээд хасуулсан хүн шүү. 1999 онд Цэнгэлийн хар морь түрүүлэхэд хасчихсан. Маргааш нь Лхүндэвийн хонгор морь түрүүлсэн дахиад хасчихсан. Яагаад ч тэгсэн юм бүү мэд. 

-Анхны “Их хурд”-ыг дурсахгүй байхын аргагүй. “Хонгор морь маргааш түрүүлнэ, наад машинаа манай гэрийн гадаа аваачаад тавьчих” гэж хэлээд маргааш нь түрүүлгэж байсан гэдэг?
-/инээгээд/ Яг ч дуудаад тэгж хэлээгүй юмаа. Марзагнаж л байсан юм. Мориндоо орой ажил хийж байсан “Их хурд” гэсэн бичигтай 69 хажуугаар давхиад болдоггүй. Тэгэхээр нь “энэ одоо авахын хооронд эвдээд хаячих нь ээ дээ, өмхий хижиг чинь. Зөөлөн яв гэж хэлэх юмсан” гэсэн юм. Тэгсэн чинь хүмүүс “дуудаад гаднаа тавиулчихгүй яасан юм” гээд.Ийм л яриа болсон юм. 
-Наргианы наян хувь нь ортой гэдэг. Хонгор морио түрүүлэхээ байг гэхэд айрагдана гэдэгт итгэлтэй байсан байлгүй?
-Их хичээсэн. Хонгор морио Их хурдад уралдуулна гээд улсад уралдуулаагүй. Тувт хээр хонож өөрөө гардаж ажлыг хийнэ. Үнэн сайн байсан болохоор бараг ч авчих болов уу ч гэж бодсондоо “хэмхлээд хаячих вий дээ” гэдэг үгийг зориуд хэлсэн юм. Тэр ерөөлөөр маргааш нь авсан даа. Нээрэн тэгсэн наашаа явсан чинь унтраад болдоггүй. Тэгсэн харин трамблүүр нь суларчихсан байсан юм билээ. Тэгэхээр миний үг ортой л байсан байгаа биз. /инээв/
-Уг нь хонгор морийг Содномцог Тод Манлайд санал болгож байсан гэдэг. Та хэзээнээс тэр хонгор морийг мэддэг байсан юм бэ?
-Хонгор морь Хэнтийн Дархан сумаас ирж байх замдаа гарсан унага юм билээ. Би шүдлэнгээс нь эхлээд мэддэг юм. Уядаг ч өөдтэй давхидаггүй. Борнуурт нэг тавалсан байх. Баруунхараад бас нэг тавалсан байх.Тэгээд их морь болсон хойно нь зарлаа гэсэн юм. Яг тэр намар нь би хоёр том хүүхдээ айл болгох гээд байсан хэдийгээ үрчихсэн байж таараад. Малаар авъя гэсэн өгөхгүй гэхээр нь би Цог ахад хэлсэн юм. Түүний өмнө хурандаа Монхорын хурдан цагаан гэж улсад айрагдсан цагаан морийг би сайн адуу гэж байгаад хавар нь авахуулчихсан байсан юм. Хязаалан үрээ авч яваад тэр жилээ нутаг солигдоод хойхнуур давхисан юм билээ.Тэгсэн намар нь ахиад “хонгор морь их хурдан адуу. Зарагдах нь” гэж хэлүүлээд загнуулсан./инээв/Тэгэхэд би залуу, хааяа тааралдсан нөхөдтэйгээ зуу татчихдаг байсан үе л дээ. Тэгсэн чинь “чиний хурдан морь таних гэж юу байхав. Нөгөө нисэх цагаан адуу чинь яваагүй шүү. Би бараг Монхорт бэлгэнд өгч адуугаа цэвэрлэсэн” гэх шахуу юм ярьж загнаж байж билээ. 
-Цагаан морь соёолондоо айрагдсан биз дээ?
-Тэгсэн.Улс хувьсгалын 76 жилийн ой гэдэг чинь 1997 он болж байна уу. 
-Тийм.
-Тэр жил улсад дөрвөөр давхисан. Тэгэхэд би Лхүндэвийн саарал үрээг зургаалуулж байсан юм. Дараа нь Эрдэнэтийн даншигт хоёулаа цуг очиж, миний саарал аман хүзүүдэж, цагаан нь гурвалж байсан. Уг нь тэр хоёр дараагаар орсон ч замаас орсон хавчиг морио Эрдэнэтийнх гэдгээр нь бариад. Бид ч хэл ам хийгээгүй орхисон. 


-Ах ойшоохгүй болохоор Лхүндэв гуайд санал болгосон юм уу?

-Тэгсэн. Их хурдаас хоёр жилийн өмнө гэхээр 1996 болох нь дээ. Намар Угтаалын гаралтай Лхүндэвийнх гэдэг айл мал хуйтайгаа манай тэнд нүүж ирсэн юм. Манайхан айл саахалт бууж, биенийхээр орж гарцгаадаг болж, тэгсэн Лхүндэв “ганц шийдсэн их морь авмаар байна” гэсэн юм. Тэгээд Цог ахыг авахгүй гэхээр нь Лхүндэвт хэлээд авахуулсан. 
-Их хурдын түрүү тухайн үед хэдээр үнэлэгдэж байсан юм бэ? 

-Сая төгрөг дээр тугалтай үнээ, хоёр морь өгөөд авсан.Лхүндэв маань сая төгрөгөө өгчихөөд “үнэтэй байна” гэхээр нь би “чи ийм морийг ингэж байгаад алдчихав даа. Би залгавал нисгэнэ. Чи хараарай” гэж хэлж байгаад авахуулсан. Ирээд хэдхэн хонож байсан чинь талийгч Пунцагбалжир агсны нэрэмжит уралдаанд зарлагдаад Лхүндэв намайг “одоо тэгээд яаж нисгэхээ харуул даа” гэж байсан юм. 
-Тэнд түрүүлээд хасагдсан?
-Тэгсэн. Тэжээлийн сангийн аж ахуйгаас ирсэн морьд дутуу эргэж будилуулаад хонгор морь их хол түрүүлж хасагдсан. Хойтон жил нь Яармагт болсон сая төгрөгийн бооцоотой уралдаанд түрүүлсэн чинь будилсан гээд дахиж уралдаад хол түрүүлсэн. Хойтон жил нь даагаа нэхэх гээд Архустад очтол нэг согтуу банди “миний халзан морь” гээд морио магтаж тонгочоод дээрээс суучих гээд болдоггүй. Тэгэхээр нь “за дүү хүү танай энд нисдэг адуу бий юу? гэсэн “нисдэг адуу бол байхгүй шүү, ах аа” гэж байна. Тэгэхээр нь нисдэг л юм байхгүй бол ах нь дөнгөчихөөд буцъя даа гэж хэлээд хонгор морио замбараагүй хол түрүүлгэж байсан юм. Тэндээсээ Булганы Баяннуурт очиж ахиж түрүүлээд. Ер нь тэр жил их олон түрүүлсэн юм даа. Баяннуураас ирээд Борнуурт түрүүлээд, Партизанд түрүүлээд, хаана хаана ч түрүүлдэг билээ. Тэгээд Их хурдад очиж түрүүлж байгаа нь тэр. Хөөрхий минь, нэг жил мотортой юм шиг л давхисан даа. 
-Пума хулын Баатар Алдартын хэлж байсанчлан тэр жил сэвстэйтэй нь биш, сэнстэйтэй нь уралдаж байсан юм шив дээ?
-Ээ, яг тийм. Морь хурдан байх жил сайхан шүү. Дараа жил нь ч гэсэн Цэнгэлийн хар, Лхүндэвийн хонгор аль аль нь хурдан байсан. Ямар сайндаа улсад түрүүлээд хасагдаж байхав. Хоншоор дутаагүйсэн бол ах нь тэр жил хоёр их морь дараагаар нь хийх байсан юм. Гэхдээ Цог ахынхаа хээр шүдлэнг гуравлуулсан. Жаргалантаас шүдлэн айрагдуулна гэж авч өгөөд, өөрөө уяж айрагдуулж байсан юм. Тэгэхэд Онгуу гуай Сүхбаатараас Босоо хээртэйгээ ирж түрүүлгэж байсан шүү дээ. 
-Ламын Гэгээний даншигт явахдаа ч хар мориныхоо байнд ирэх машиныг унуулах жолоочоо хүртэл бэлтгэчихсэн байсан гэдэг байхаа?
-Тэгсэн. Хар морь аргагүй хурдан байсан. Тэр жил ер нь юманд гүйцэгдэхээргүй байсан шүү. Манайхан хоёр салж уралдахаар болоод Цэнгэл бид хоёр Баянхонгор, нөгөө хэд Боржигон явахаар болж морьдоо салгаж ачаад хөдөлсөн. Бид хэд хоёр км яваагүй шахам байхдаа морь ачиж мэддэггүй жолооч замын тойрог дээр мушгиад хар морийг маань унагаачихаж байсан. Миний улсад гуравлуулдаг хээр үрээний эх ачигдаж сураагүй их дошгин гүү байсан юм. Тойрог дээр гүүнд шахагдахдаа харайчихсан юм шиг байгаа юм. Жолооч нь унаж байгааг нь толиндоо харангуутаа тоормос гишгэхдээ хөл дээр нь гишгэж нитгэрээд хөлийг нь тасадчихсан. Зүгээр л донслуулаад гаргаад явчихсан бол босоод ирэх ч байсан юм билүү гэж бодогддог л юм. Сайхан адуугаа байхгүй болгочихоод нэг муу шүдлэн үрээ чирээд тэр хол явалтай биш гээд эргээд ирсэн юм.
-Цэнгэл Манлайд хэлэх хэцүү байсан уу?

-Цуг явсан юм чинь. Бид хэд жижиг тэрэгтэй явж байсан юм. Морь ачсан машин ширүүн яваад байхаар нь “ингэж болохгүй, хажуугаар нь ороод зөөлхөн яв” гэж хэлье гээд хажуугаар нь орж явтал хар морь яг дээрээс унаж байгаа юм чинь. Харин азтай, хажууд ойчсон. Түүнээс биш дээрээс ойчсон бол бид хоёр ч бас яагаа билээ. Сайхан хүлгээ эндүүлчихээд Цэнгэл бид хоёр хоёулаа л уйлж байсан. 
-Боржигонд явсан хонгор морь ч гэсэн уралдаж чадаагүй. Магадгүй тэр жил таны хувьд хүнд байсан байх?

-Тэгэлгүй яахав. Уяач хүнд сайхан хүлгээ алдахаас хэцүү юм гэж юу байхав дээ. Лхүндэв хэдийгээр эзэн нь ч гэсэн хоол унд, хөлс баас, давхил хэмжээг нь мэдэхгүй шүү дээ. Дээр нь хангайн зөөлөн хөрстэй адуунд газар нь хатуудсан байх. Биднийг ч гэсэн хөл нүцгэн хайрган дээр гүй гэвэл хэд харайгаад л барахгүй шүү дээ. Түүнээс болоод л хөлгүй болсон байх.
-Засал авахааргүй байсан юм уу?
-Зассаан. Замын дундаасаа буцаж гэртээ ирчихээд урд талын наадмын сураг тавиад байдаг. Тэгсэн талийгч орж ирээд “баларсаан хонгор морь чинь хавтгайгаараа хэвтчихлээ. Чамайг яваад олоод ир” гэж байна гэдэг юм. Тэгээд очсон чинь муу найз минь тоочигийн хажууд майхан саваа ч бариагүй, хонгор морь нь хавтгайгаараа хэвтчихсэн. Дэргэд нь пад хар сууж байж билээ. Тэгээд хатгаж хөндүүрийг нь аваад арай дээр болготол Лхүндэв “би вагон захиалчихсан байгаа. Вагонд ачна” гэж байна. “Тэр яйшиг хэзээ ирээд, хэзээ ачихав Лхүндэв минь. Энэ халуунд муу морио бүр зовоохын нэмэр” гээд хонгор морио 30 дээр хавтгайгаар нь ачиж авчирч байлаа. Морь гэдэг ухаантай амьтан шүү. 30-н чиргүүл дээр хивс, өвс дэвсэж хэвтэр бэлтгэчихээд “хоёулаа хонхор бараадна даа” гээд хэлсэн хоёр хөл нь гишгэж болохгүй байсан хэр нь намайг дагаж үүрсээд л машин дээр гарч байсан юм даа./хоолой нь цахиртав/Тэгээд намайг хэвтэхээр хэвтээд, буухаар дагаж босчих гээд болохгүй болохоор нь сандал тавьж 30-ын аравч түшээд хамт ирж байсан. Замдаа бие засах гээд буухаар унгалдаж босож ирээд өрөвдмөөр шүү. Авчраад гаднаа ор шиг юм засаад хэвтүүлчихсэн. Сар шахуу асарч эм тариа хийж байж хөл дээр нь босгосон доо. Намайг тэр хөлийг нь яаж ч янзалж байсан хөдлөхгүй. Хүнээр бол шүдээ зуугаад байгаа бололтой хэвтээд байдагсан. Өөр хүн дуугарахаар хулмалзаад хойд хоёр хөлөөрөө тангарах гэнэ. Хүн шиг ухаантай амьтан байж билээ. Уядаг байхдаа орой болохоор нэмнэчихээд, би өөрөө цув нөмрөөд хэвтээд өгнө. Адуутай адилхан дахиж идэх гэж дайрахгүй. Машины цонхоор барьж сууж байгаад л цагийг нь болонгуут татаад наашлуулангуут дэргэд ирээд зогсчихдог. Өнөөдрийнх шиг ширүүн салхитай өдөр бороо орохоос өмнө гээд хонгороос бусдыг нь түрүүлж нэмнэдэг байсан юм. Яагаад гэхээр бороо дуслаад эхлэнгүүт надтай зэрэгцээд л жижигхэн дөрвөн ханатай гэрт ороод ирдэг. Бороо өнгөртөл би ханын толгойноос цулбуураар нь уячихна. Тэгээд бороо зогсохоор гараад явчихна. Гадаа байгаа 120-ын поошигны тагийг хошуугаараа авч шидээд ус уучихна.Гүү саагаад ирж яваа хүний араас нь гэтэж очоод гэрт ордгийн даваан дээр ганцхан хошуугаа шааж аваад саамыг нь дуустал ууна. Өгөх ч үгүй. Наадам хэсч яваад хад чулуутай газар давхил хийчихээд хөл гарыг нь үзэх бол зовлонгүй шүү дээ. Энэ ширээний хөлийг үзэх гэж байгаа юм шиг л сугандаа хавчуулж байгаад хутга шөвгөөр тавгийг нь ухаад байхад чангаах ч үгүй зогсож л байна. Хөлийг нь тэгж арайхийн эдгээчихээд Лхүндэвт “ээ дээ чи хоёр жил өнжөөгөөрэй” гэсэн тэвчилгүй уяад доголгосон байна лээ. Тэр нь эдгээд адуунд явж байхад нь хулгайч аваад явчихсан байсан.Тэгээд л ахиж сураг гараагүй дээ. 
-Хонгор морь, хар морь хоёрын аль нь илүү санагддаг вэ
-Харыг нь арай илүү байсан болов уу гэж боддог юм. Дорнодын адуу юм гэнэ лээ. Гунгаабазар гуай Лхүндэвтэй явж байж олж ирсэн. Мурий хар нэртэй оёг суучихаад хошуу нь мурийж тал дээрээ гарчихсан үстэй хар морь ирж байсан юм. Тэр жил нь хөрвөөлгөөд унагачих шахсан юм гэнэ лээ. Тэгээд хойтон жил өнжөөгөөд хатгаж эмнэж байж босгосон юм. Тэгсэн хэр нь хонгороосоо хамаагүй илүү адуу байсан шүү. Сүүлд шар Даваа уяж байгаад өтөллөө дөө, Мягаагийн алаг гэж сайхан хул алаг морь байсан.Нэг жил Мягаа манай дээр авгай хүүхэдтэйгээ ирж морио уяж байсан юм. Морь сунгахад Сүүл цагааны ар дээр хар морь гарч ирэхэд хонгор нь бараагүй, Сүүл цагааны хажуугаар хонгор морио гарч ирэхэд хар нь талбай руу орж байдаг. Хонгор морь талбайд ирж байхад алаг морь Сүүл цагаан дээр гарч ирдэг байсан юм. Хэд хоногийн дараа Баянчандманийн наадам болох гээд. Эд нар чинь намайг энд буулаа гэж хавчих маягтай байдаг байсан юм. Тэрэндээ ч юмуу наадам ивээн тэтгэ гэхээр нь “тэгье, тэгье, дөрвөн морийг чинь байлъя л ” гэлээ. Миний морьд сунгаан дээр яаж давхидгийг мэддэг юм болохоороо Сүүл цагааны араас хоёр морь полин дундуур тосгуулж тавьж байгаа юм шүү дээ. Тэндээс бариа хүртэл 5-6 км зайтай байх. Тэгэхэд хар морины хүүхэд амыг нь татчихсан байхад эрүү нь яйжигнаад л, чих нь солбиод л тарлаад байдаг адуу даа. 
-Сайн адуу заяаж байж сая уяач болдог хэмээдэг оргүй биш байхаа?

-Ортой, ортой. Би алдсандаа харамсч байгаа биш. Залуудаа улсад морь түрүүлгэчихээд хонгор соёолонгоо их хурдан байхад нь сунгаанд хүүхдийг нь сольж мордуулаад шуудуу дээгүүр харайлгаж хөлийг нь даруулчихаад мордуулж чадаагүй. Хойтон жил нь хавчиг морь хулгайд алдчихаж байсан юм. Хонгор морио алдчихаагүй байсан бол би өдийд нэлээн амжилт нь үзүүлсэн байх байсан биз.Ер нь хүн ямар ч хамаагүй адууг сайн уяад давхиулчихна гэж байхгүй. 
-Гэхдээ ч Баянцогтын уяачид эрдэм ухаанаараа эрхгүй ялгардаг шүү? 

-Би одоо боддог юм. Хэдийгээр энд төрөөгүй ч хар нялхаасаа энэ нутгийн усыг ууж, ёсыг нь дагаж өслөө. Яг энэ хонхорт, энэ адуун дотор нь, энэ олон Тод, Манлайгуудыг төрүүлсэн өвгөдийн дунд тэр олон буянтангуудын түмэн сайхан агтан дотор хутгалдаж өслөө шүү дээ. Би үүгээрээ их бахархаж явдаг юм. Батын Төрбадрах гэж мундаг хүнийг ид морь уяж байхад нь манайхан айл саахалт явсан. Аавтай минь нэг нутаг гээд, ааваас мөчидхөн ах сайхан буурал байлаа. Мөн Гомбочин, Цэнддорж гэж уяачид байлаа. Одоо энэ Тод манлай уяач Мөнхбатын өвөг эцэг “хагархай” Самбуу гэж хүн байлаа. Гэрэлээгийн / Манлай уяач Одгэрэл /эцэг манийг бодвол арай ахмадхан Дашцэрэн гэж сайхан ах байлаа. Ийм сайхан уяачидтай ус хувааж уусандаа баярлаж явдаг юм шүү. Манай нутагт Гомбочингийн хонгор, Цэнддоржийн хүрэн, муухай Чойжсүрэнгийн Мөлүү гээд олон сайхан хүлгүүд байсан. Халхын сайхан хурд төрүүлсэн улсын дунд төрж өндийснийх хурдан адуунуудынх нь угшлаас авч үлдсэн.Жишээлбэл, энэ зогсож байгаа улаан хонгор морь чинь Баянцогтын улаан нүдэн Дамдинсүрэн гэдгийн угшилтай адуу. Тэгээд яривал олон доо. Тээр жил би Говь-Алтайд уралдах гээд намар Баянхонгорын даншигийнхан бууж байхад зөрөөд явж байхдаа нутгийнхантайгаа гуанзанд таарсан юм. Тэгээд хоол идэж суухдаа бид “Баянцогт чинь бригадын төв шиг л жаахан юм байх юм. Тэгсэн мөртлөө Монголын Алдарт, Манлай уяачдын тал нь байх юм. Хаашаа юм бэ дээ” гээд инээлдэж байсан юм. Тод манлай уяач Мөнхбат, Бандгай, Манлай уяач Гэрэлээ нар чинь надад загнуулаад морь унаад л давхидаг хүүхдүүд байлаа шүү дээ. Одоо тэгэхэд халхын том цолтой уяачид. Ингэж бодохоор Гуна хайрханаа шүтэхгүй байхын аргагүй. Би хайрханаа Монголд байхгүй булаг гэж боддог юм шүү. Саяын ярьсан уяачид цөм Гуна хайрханаа тойрч өссөн улс. Эмнэг догшин гэсэн болгонд мордчихдог “Завод” Самбуу гэж сайхан хүн байлаа. Хязаалан анх улсад түрүүлдэг хонгор үрээний чинь өвөг эцэг нь Самбуу гуайн унаган юм уу даа. 1966 онд манай аав надад хязаалан хул үрээ 3000 төгрөгөөр авч өгөөд азарга тавьж байсан юм. Тэрийг нь би унаж улсад зургаалж байлаа. Одоо ч гэсэн хонгор үрээний маань үр сад нь буурал халзан морь, миний дэргэд нь очиж зогсоод байгаа хүрэн халзан морь гээд хурдалж л байна. Сайн адуу, сайн эцгийн хөрөнгө буян гэдэг чинь ингээд л байж байдаг юм байна шүү дээ.
- Хорлоодой агсан танаас 10 мянган төгрөгөөр жороо морь авч байсан гэдэг юм билээ. Тэр танай унаган адуу юу. Говь-Алтай, Завхан гээд баруун аймгууд жороо адуу сайтай шүү дээ.

-Манийг залуу байхад сайхан эмээл, сайхан гаанс, сайн мориор л гангардаг байлаа. Одоогийн компаниудын захирал унасан машинаараа гангардаг бол бид уясан хурдан морь, унасан жороо мориороо гайхуулдаг байлаа. Хорлоодойд өгдөг тэр саарал морь Манлай уяач Жамбал гуайн унаган адуу юм. Би долоотой морь бэлэн 6000 төгрөг буюу мотоциклийн өртгөөр авч байсан юм. Тухайн үед саарал морины явдал жигдрээгүй. Жамбал гуай өөрөө өтөлчихсөн. Ганц охин нь төвдүүхэн хүнтэй суучихсан. Тэгээд жаахан хардагшсан морь авч унаад сайхан номхруулж, алхааг нь тэгширчихсэн байхад Хорлоодой гуай ирээд гуйгаад байхаар нь 10,000 төгрөгөөр зарсан юм. 1965 онд юмуу даа манай аав унаган жороо хээр морио Лүн рүү зарсан юм.Насантогтох гэж хүнд. Тэр хүн жил бүр улсын наадамд ирчихээд орой нь манай аав дээр ирдэг.Тэгээд хээр морио элгийг нь дэвтээж байгаа нь энэ гээд ижилд нь тавьдаг. 
Хээр морь ижилдээ очоод хошуу амаа үнэрлээд унгалдаад л чарлалдаад сүйд болдог. Тэгж хээр морио хоёр өдөр ижилд нь байлгаад явдаг мундаг хүн байж билээ. Би адууг тэгж их хайрладаг хүн олныг хараагүй ээ. Одооны залуучууд бол эмээлийг нь авахгүй хонуулчихаж байна шүү дээ. Лүнгийн Нацагийн Авирмэд гэж хүнтэй манай аав их найз байсан. Лүнгийн Сэрвээ хээр, Мэлхий ногоон гэдгийн дээд угшлын эзэн байхгүй юу. Би аавыгаа дагаавд тэднийд очиж ч байсан. Тэднийхээс ирсэн ааш зан гэж айхтар. Зун гүү барихаас эхлээд намар гүү тавих хүртэл шахуу дэвхцэж байдаг ааштай хүрэн гүүнээс эр хээр унага гараад. Би түүнийг нь унага байхаас нь эхлээд хөөж аавд загнуулдаг байсансан./инээв/
-Тэгдэг нь яаж байгаа юм?
-Хурдыг нь үзэх гэж байгаа юм. Адуу гүйхээрээ явж байхад эхийнхээ хажууд бөндийгөөд давхиж явдаг. Нөгөөдөхийг нь үзэх гээд уурганы хуйв буулгаж байгаад л явуулж өгнө шүү дээ. Би энэ насаа малын дэргэд барж байгаа мэдсэн сурсан юм муутай хөдөөний хүн.Сүүлийн үед янз янзын л юм дуулдах болж. Адуу гэдэг амьтан Монгол гэдэг улсыг өдий хүртэл өргөж тэтгэж байгаа гэдгийг манай залуучууд маш сайн ойлгох хэрэгтэй. Би адуутай холбоотой гэсэн болгоныг дээдэлж явдаг хүн. Сая гэхэд айлын уяан дээгүүр алхаж явсан чинь үүнийг оллоо./өврөө уудлан дээр үеийн гурван төгрөгний тасархай үзүүлэв/ Төрийн сүлд хэвтэж байхад яаж хаяад явахав. 
-Хүүхдүүдээс тань удам залган уяа эвлүүлж байгаа хүн бий юу?

-Одоо ч сургууль соёл хөөхгүй бол амьдрахад бэрх болсон юм шиг байна. Хүүхдүүд амьдралын мөр хөөгөөд төв суурин газар бараадах болж. Уяан дээр байгаа саарал морь манай том хүүгийн адуу байгаа юм. Уг нь моринд дуртай л даа. Ажилтай болчихоод, аав үүнийг хөнгөрүүлж бай гээд үлдээчихсэн. Далимдуулаад бас ахиад нэг үрээ авчраад хаячихна лээ. Түүнийг нь би хүчирхээргүй янзтай. Догшин талдаа юм. Бага хүү маань ч бас моринд дуртай. Хань ижил нь суурингийн юм болоод хөдөө байхгүй юмаа. 
-Бидний урилгыг хүлээн авч сайхан хууч дэлгэсэнд баярлалаа. Удахгүй болох улсын наадамдаа одтой сайхан наадаарай. Уясан хүлгэд тань тод магнай, торгон жолоогоо өргүүлэх болтугай хэмээн хүсэн ерөөе. 
-Тэр ерөөл бат оршиг ээ. Та бүхний ажил, амьдралд амжилт хүсье.

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.