Аймгийн Алдарт уяач Б.Отгонсэлэнгэ: Саарал үрээг уралдах өглөө нь бэлгэнд өгсөн

Сэтгүүлч
2022 оны 9-р сарын 27 -нд

Төрийн наадамд соёолон, хангайн бүсэд их морь, даага түрүүлгэн, шүдлэн, даага айрагдуулсан Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгийг уншигч тантай уулзуулахаар зэхлээ. Сүүлийн хоёр жилийн дотор төрийн зарлигт наадмаас дөрвөн түрүү, гурван айраг хүртээд түүнийг морь сонирхогчид эчнээ таних болсон байх. Тэр таны мэдэхийг хүсдэг асуултанд ийн хариуллаа.

-АХ-ын түүхт 100, 101 жилийн ойд аз хийморийн бэлгэдэл соёолон түрүүлгэсэн танд халуун баяр хүргэе.

-Баярлалаа. Түүхт ойн наадам төгөлдөр сайхан болж, соёолонгийн түрүү хүртлээ. Маш их баяртай байна.

-Энэ агшин, энэ үйл явдал зүүд, зөн совингийн аль нэгтээ тэмтрэгдэж байсан болов уу? Эсвэл энэ өдрийн аз од шовойв уу?

-Эр хүний дотор эмээл хазаартай морь багтана гэдэг. Бусдад хэлж чадаагүй ч дотроо айрагдчих болов уу хэмээн хүлээж байсан. Харин саарал соёолон маань сайхан түрүүлж, түүхт ойн наадмын эзэн боллоо. Улсад морь түрүүлгэх гэдэг үнэхээр сайхан зүйл байдаг юм байна.

-100 жилийн цуваанд нэрээ бичүүлчих юмсан гэсэн нууцхан хүслийг Хүйн долоо худагт хурсан тэр олон уяач тээж ирсэн гэхээр...

-Тэгэлгүй яахав. Уяач болгоны сэтгэлийн мухарт тийм хүсэл байсан. Тэр олон мянган уяачаас 45-д нь л төрийн наадамд морь түрүүлгэж, айрагдуулах завшаан тохионо гэхээр үнэхээр хувь хишиг юм даа хэмээн бодогддог юм билээ.


-“Хүй мандал” гал уяа төрийн наадмын азарга, соёолонгийн түрүүг хүртжээ.

-Тэгсээн. Тод манлай уяач Т.Ихбаяр, Далай дүү хоёр маань саарал соёолонгийн уяа сойлгыг сайхан тааруулж, энэ амжилтыг үзүүллээ. 2020 онд Далай дүүгээсээ нэг даага аваад, Хүй мандал галын гишүүн болж байлаа. 2021 онд сайхан наадаж нэг түрүү, нэг айраг хүртсэн. 2022 онд улсын наадамд соёолон түрүүлгэж, нутагтаа болсон хангайн бүсийн уралдаанд их насны морь түрүүлгэж, шүдлэн айрагдуулаад, нэг даага түрүүлгэж, нөгөөг нь гурваар давхиуллаа. Амжилтаа ахиулсан сайхан жилүүд тохиож байна.

-Саарал соёолон наадмын өмнөх сунгаануудад хэр өнгөтэй байсан бэ?

-Саарал үрээ таваг нимгэнтэй учраас хүүхэдгүй ажил хийдэг байсан юм. Өнгөрсөн жил ч гэсэн хязаалан үрээ хүүхэдгүй ажил хийсээр байгаад, Сэлэнгэ аймагт болсон төвийн бүсийн уралдаанд түрүүлгэсэн. Уралдах өглөө нь надад өгсөн.


-Түрүүлэх өглөө нь авчээ. Авах саналыг нэлээд эртнээс тавьсан уу?

-Би санал тавиагүй юмаа. Өнөө жил Хөвсгөлийн бүсэд түрүүлдэг хээр морь, бор азарга хоёр маань хурдан байсан тул тэднээрээ л наадна гэсэн бодолтой байсан. Харин наадмын өглөө Сайханы хөтөл явах гэж байтал Далай дүү маань залгаад “та хүрээд ирэх үү” гэсэн юм. Тэгээд яваад очтол эхнэртэйгээ хоёул хадаг барьчихсан, “саарал үрээгээ танд өгье. Аль ангилалд нь мордуулахаа та өөрөө шийд” гэсэн. Тэр үед сонгомол ангиллын морьд уралдах гэж байсан болохоор “энэ ангилалд нь мордуулъя” гэсэн юм.

-Саарал үрээ танд төрийн зарлигт наадмын анхны түрүүг авчирсан.  

-Тэгсэн.

-Саарал үрээний тухай асуухдаа их өндөр мөнгөн дүн сонсох байх гэж хүлээж байлаа. Гэтэл сайн санааны үзүүрт сүү болж ирсэн бэлгийн адуу юм байна шүү дээ.

-Тиймээ. Хавар нь нэг хүн нэлээд өндөр үнээр авахаар наймаа тохироод, маргааш нь иртэл доголчихсон байсан юм билээ. Тэгээд хүнд доголон адуу өгөөд яахав гээд наймаа буцсан гэдэг юм. Түүнээс хойш хүүхэдгүй ажил хийсээр бэлтгэл хангаж, бүсэд түрүүлгэсэн. Өнөө жил ч гэсэн тувт хүүхэдгүй ажил хийсээр, их сунгаан дээр л хүүхэд мордуулсан.

-Хүүхдээ унагаах ч гэдэг юмуу, элдэв муу зан суучихаагүй нь болж дээ...

-Тийм зан байхгүй ээ. Их номхон сайхан адуу байгаа юм. Хэнтий аймгийн Баянмөнх суманд эхний хоёр сунгаагаа хийгээд, их сунгаагаа Багахангайд хийсэн. Аль ч  сунгаанд өнгөнд л давхисан.

-Миний хувьд Отгонсэлэнгэ гэдэг нэрийг өнгөрсөн жилээс дуулж, өнөө жил бодитоор нь харлаа. Та хэд дэх жилдээ монгол төрийн наадамд оролцож байна вэ?

-2018 оноос улсын наадамд морь мордуулж байна. Анхны жилээ хязаалан үрээ мордуулаад 80 хэдээр давхиулж байлаа. 2019 онд их морь, соёолон 40-дөөр, 2020 онд арав гаргаж давхиулсан. 2021 онд Сэлэнгийн бүсэд саарал үрээ маань түрүүлж, Шоу халзангийн дүү Тэргүүн халзан даага маань Дорнодын бүсэд таваар давхисан. Энэ жил улс, бүсийн уралдаанаас гурван түрүү, хоёр айраг хүртэж сайхан наадлаа.


-Саарал үрээнийхээ удам угшлын талаар ярьж өгөөч.

-Дорнодын Жаргалсайхан ахын унаган адуу. Шоу халзантай эцэг нэгтэй шүү дээ. Эх нь Жаргалсайхан ахын хар гүү байдаг гэнэ лээ.

-Улсад арав гаргаж давхиад, хангайн бүсэд гайхамшигтай хол түрүүлсэн хээр мориныхоо удмыг танилцуулаач.

-Улсад 12-т давхисан. Удмын тухайд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Бүтэдийн Батсайханы унаган адуу. Анх авахад эх нь 25-тай гүү, эцэг нь 50-тай азарга гэж байсан. Тэгэхээр хээр морь 37,5 тай адуу болох уу?

-Тэгэх байх.

-Би шүдлэн намар нь авсан. Тэгэхдээ өөрөө ч очоогүй. Манай хоёр найз адуу авахаар очлоо гэхээр нь захиж нэг хээр даага, энэ хээр шүдлэнг авсан юм. Ер нь бол битүү наймаа хийсэн гэх үү дээ. Хээр морь маань хязааландаа тамир муутай, туранхай байсан болохоор айхтар давхиагүй. Өнгөрсөн жил соёолон морь Сэлэнгийн бүсэд зайтай хөтөлж байгаад хадуурч мод руу орчихсон. Өнөө өвөл Баянталд болсон шинийн наймны бооцоот уралдаанд аман хүзүүдээд, улсад Цагаан хөтөл хүртэл хөтөлж байгаад 12-т орсон доо.

-Хөвсгөлд хурсан олныг огштол хол түрүүлсэн. Уяачидтай ярилцаж байхад унаган нутагтаа сайхан наадахыг илүүтэй чухалчилдаг юм шиг санагддаг юм. Таны хувьд...

-Сайхан байлгүй яахав. Уяач болгон их насны морь түрүүлгэхийг хүсдэг. Тэр хүслээ нутгийн дэвжээн дээр гүйцээнэ гэдэг сайхан байлгүй яахав. Морь зайтайхан явах ч бас л урамтай юм билээ. Өөрийн эрхгүй огшоод, нүдний нулимс цийлэгнээд байсан. Тэгээд замд нэг хошуун дээр зогсож Далайтайгаа тэврэлдэж нэг сайхан огшиж аваад машиндаа суусан даа. Морь ч барианд орсон. Арын мориноосоо хоёр км зайтай байнаа л гэсэн. Мэлмэрчих гээд байдаг юм билээ. /инээв/ Ямар сайндаа хөлсний хашаа руу шил зүүж орохов. Гэхдээ нэг сайн огшчихоор дараа дараагийн наснууд дээр гайгүй тайвширчихсан байсан.

-Галтынхан энэ жил “галзуу” наадлаа. Сумандаа очоо байлгүй.

-Улсын наадам дуусгаад шууд сум руугаа ирж, долоо хоносон. Ах дүү, нутгийн олонтойгоо уулзах сайхан шүү дээ. Тэндээсээ шууд хангайн бүс рүү явсан.

-Отгонсэлэнгэ Алдарт одоогоор улс, бүсийн уралдаанаас хичнээн айраг, түрүү хүртээд байна вэ?

-Улсын наадмын нэг түрүү, бүсийн уралдааны гурван түрүү, гурван айраг хүртээд байна.

-Сүхбаатар аймгийн сумдаар явж байхдаа таны тухай нэг бус удаа дуулж, удам сайт гүүнд үнэ хайрладаггүй хүн юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Үржлийнхээ талаар хуучлаач.

-Би багын л хурдан моринд дуртай хүүхэд байсан.1997 онд нэг даага уяж айргийн таваар давхиулж байлаа. Тэгээд ажил амьдралын мөр хөөн 2001 онд Замын-Үдэд ирж суурьшаад 2010 оноос адуу мал сонирхож, хөдөө гадаа явж авсан ганц нэг үрээгээ сумандаа авчирч дүүгээрээ уяулдаг болсон юм. 2017 он хүртэл тэгж наадсан байх. Монгол адуу уралдана гэдэгт итгээд нэг хэсэг сайхан монгол морьд авсаан. Гэвч 40 гаргаад л давхидаг. Цаг үеийн байдал ч өөр болж байгаа нь ажиглагдсан тул бусдын жишгийг дагаж үржил хийхээр шийдсэн юм. Тэгээд сайн гүүний эрэлд гарч Дорноговийн Дэлгэрэх, Сүхбаатарын Асгат, Халзан сумдаар нэлээд явсаан.

-Ямар, ямар удамтай гүү авсан бэ?

-Шоу халзангийн эх бий. Хоёр бүсэд түрүүлж, улсад айрагдсан Нямын Баттөмөрийн хар морины эхийг авсан. Улааны Аварга зээрдийн эзэн Дарьгангын Доржхүү ахынхаас бүсэд түрүүлсэн цэхэрийнх нь эхийг авсан. Халзангийн Жамъяншарав гуайн хүү аймгийн Алдарт уяач Нямаагаас Сүхбаатарт айрагдсан мориных нь эх хээр гүүг, Халзангийн Алдарт уяач Дондовдоржийн Дамдиндоржоос хоёр хүрэн гүү гэгчлэн нэлээд авсаан. Яг тулгамдчихаар санаанд ордоггүй юм байнаа.

-Гүүг нэлээд үнэлж авдаг дуулдсан.

-Боломжийн үнээр авч байсаан, байсан.

-90 сая гэсэн үнэ дуулсан.

-Ортой л байх. /инээв/


-Ямар азаргатай вэ?

-Хоёр англи, хоёр араб азаргатай. Эхний жил туршлагагүйтээд төл авч чадаагүй. Өнгөрсөн жил эхний төл нь гарч, энэ жил даага болоод байна. Паша дуудлагатай араб бор азарганаас дөрвөн эр төл авч, хоёрыг нь бэлгэнд өгсөн юм. Нэг төл бор даагыг найз Амгаланбаатартаа өгсөн. Өөр нэг төл хонгор даагыг нутагтаа байдаг дүүдээ өгсөн. Дүүгийн хонгор даага баруун аймгуудаар нэлээн хэд түрүүлээд, сая хангайн бүсэд дахиад түрүүллээ. Пашагийн өөр нэг төл халзан даага их хурдан, сунгааны үзүүр дээр 50-тай байна дуулдаж байсан ч азарганд бариулаад уралдаж чадсангүй. Өөр нэг халзан даага сөөнгө, тамир муутай ч хоёрдугаар ээлжиндээ өнгөнд байна дуулдсан. Пашагийн эр төлүүд хурдлах янзтай байна.  

Мендал дуудлагатай жижиг бор араб азарганы маань нэг төл ТОП хурдад түрүүлээд, улсад арав гаргаж давхиад, хангайн бүсэд гурваллаа. Эдгээрээс үзэхэд өөрийн үржлийн адуунууд гайгүй давхих байхаа.

-Хичнээн гүүгээр үржил хийж байна вэ?

-70-аад гүү бий.

-Танай адуу хаагуур нутагладаг вэ?

-Замын-Үдэд. Сайхан нутаг  шүү дээ. Сүүлийн хэдэн жил байгаль цаг уур их сайхан байна. Өвөл айхтар хүйтрэхгүй. Цэвэр азарганд их тохиромжтой нутаг. Өвөлдөө адуу нэг их турдаггүй юм.

-Нутаг усны сонголт чухал шүү. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хүлгийн хиймориор цалгиж явах болтугай.

-Баярлалаа. Та бүхний ажилд ч гэсэн амжилт хүсье.

А.Тэлмэн

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.9.40.105

    Duud bayr hurgie nongol ulsin aldart uyach bolohig husen erooe tsaashlaad tod manlai uyach bolohig husen eroogood nutag ornihoo neriig ondort orgoj yawahig husen eroogood bulgan suultei bhig husie

    Reply
  • 66.181.160.120

    Ulsiin aldartiin bolzol hangasan ahdaa haluun bayr hurgie manlai uyaach tsaashlaad tod manlai uyaach bolhiin olziitei saihan erooliig orgoy

    Reply