О.Сумъяасүрэн: Улаан буудайн тариалалтаа нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна

Сэтгүүлч
2022 оны 11-р сарын 26 -нд

Газар тариалан эрхлэгчдийн хувьд хаврын тариалалт, намрын ургац хураалтын үед хамгийн их эрэлт хэрэгцээтэй, хамтран ажиллагч, туслан дэмжигч байгууллага бол  Хөдөө аж ахуйг дэмжих сан юм. Уг сан нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын удирдамж, үндсэн чиглэл, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлж, зөв зохион байгуулалттайгаар хуваарилах замаар үр тарианы үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг. Тус сан нь жил бүр тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс шатахуун, ургамал хамгааллын бодисууд, бордоо, үрийн буудай зэргийг 0-30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөртэйгээр олгодог юм байна. Ингээд ХХААХҮЯ-ны  ХАА-г дэмжих сангийн гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэнтэй сангийн үйл ажиллагаа, бодлого шийдвэр болон бусад асуудлаар ярилцлаа.

-ХАА-г дэмжих сан байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ сангийн үйл ажиллагаа хүртээмжтэй байх нь хамгийн чухал, үүний тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Тариалан дэмжих сан, мал хамгаалах сан нэгдэн ХАА-г дэмжих санг 2020 онд байгуулан,  төрийн тусгай сангийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байна.  Газар тариалангийн салбар нь манай орны хувьд  байгаль,  цаг уурын их эрсдэлтэй байдаг. Гэтэл хүнсний салбартаа энэ салбар маань гол салбар нь шүү дээ. Тиймээс бүх л улс орнуудад энэ салбарт төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байдаг. Манай улс ч энэ салбартаа тус сангаараа дамжуулан  таван төрлийн дэмжлэг үзүүлдэг. Үрийн сорт харилцан адилгүй байдаг тул  үрийн дэмжлэг,  мөн техникийн дэмжлэг,  хаврын тариалалт болон намрын ургац хураалт, уринштай холбоотой түлшний хөнгөлөлтийн дэмжлэг, ургамал хамгаалал болон бордооны дэмжлэгүүдийг үзүүлдэг. Нийт хэрэгцээг бүрэн хангахгүй ч энэ салбарт ажиллаж байгаа хөрөнгө санхүүгийн боломж тааруу, тухайн үеийн нөхцөл байдал, ургац ямар байхаас шалтгаалан харилцан адилгүй байдаг. Тиймээс манайх  энэ зах зээлийн 20-30 хувийг хангах зорилготой ажилладаг .

-МАА, газар тариалан хоёулаа л эрсдэлтэй салбар.  Төр эрсдэлтэй гээд хаясангүй, зээл тусламжаа олгож байна. Харин танай зүгээс зээл эзнээ олох болон эргэн төлөлт зэрэгт ямар шаардлага тавьдаг вэ?

-Өнөөдрийн байдлаар манай сангийн үйл ажиллагаа газар тариаланруу л чиглэж байна. Мал хамгаалах сан хэдийгээр нэгдсэн боловч яг энэ чиглэлд төдийлөн дэмжлэг хүргэж чадахгүй байна. Мал хамгаалах сан байхдаа МАА-н гаралтай  олон жижиг үйлдвэрлэлүүдийг дэмжиж, зээл өгсөн байдаг ч энэ зээлүүд нь эргэн төлөлт үнэхээр хангалтгүй, эзнээ олоогүй, үр дүн муутай байсан учраас сан нь өөрөө татан буугдаж хоёр сан нэгдсэн. МАА-н чиглэлээр урд урдны өгсөн зээлүүдийн эргэн төлөлт дээр анхааран ажиллаж байна. Сангийн үйл ажиллагааг эргээд харахад ололттой ч тал байдаг, дутагдалтай ч тал байдаг. Ололттой тал гэхээр монгол улсыг хүнстэй байлгах, газар тариалан, МАА-н салбарт цагаан дээр хараар “яг тэд” гэж хэлээгүй ч маш өндөр үр дүн, маш олон ажлын байр, жил бүр ургацтай байх уу, үгүй юу гэдэгт сангийн үүрэг маш их байдаг. Үүнийг тариаланчид ч хүлээн зөвшөөрч, хэлдэг. Нөгөө талдаа бас оновчтой бус, нүдээ олоогүй олон олон зээл тусламж өгч төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн тохиолдол гарсан.  Сан маань өнөөдрийн байдлаар 12,5 мянган харилцагчтай байна. Бид үндсэндээ найман мянган бага оврын тракторыг ААН, иргэдэд олгосон ч тухайн үедээ судалгаа нь сайн хийгдээгүй, замбараагүй тараасан, эргэн төлөлт нь хангалтгүй байсан. Үүнийг барагдуулахын тулд шүүхэд хандахад хаяг байршил өөрчлөгдсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд асуудлууд их байна. Тиймээс бид өр төлбөрийг нь Монголбанкны мэдээллийн санд шивэн оруулж, төрийг хохиролгүй болгох талд ажиллаж л байна. Санд ер нь улсаас татаас, төсөв мөнгө гэж байхгүй, тухайн үедээ хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр хийгдсэн ОХУ болон БНХАУ-ын техникүүдийг дэмжлэгээр өгсөн байдаг. Санд ордог орлого гэвэл санд ирж байгаа будаа, тариаг цэвэрлэх, хатаах зэргээс бага зэрэгийн орлого олохоос гадна ойр зуурын туслах үйл ажиллагаа, нефтийн сав түрээслэх гэх мэт бага сага орлого байдаг. Энэ нь нийт дотоод зардлаа төлж чаддаггүй, манайх чинь долоон салбарт 170 гаруй ажилтан ажилладаг. Жилдээ 6.5 тэрбум төгрөгийн тогтмол зардалтай  сан юм.  Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд сан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Зах зээлийн нийгэмтэйгээ хөл нийлүүлэн төрийн корпораци болж АА-н тооцоотой, сангийн гүйцэтгэж байсан чиг үүргүүдээ бүрмөсөн орхихгүй, түүндээ үндэслэн   ажиллахаар болж байгаа. Сан ч бай, корпораци ч бай  газар тариалангийн гол бүтээгдэхүүн болох улаан буудайг агуулах  180 мянган тонны  хэмжээтэй том агуулах манай таван салбарт  байдаг. Ер нь аливаа улс оронд хүнсний нөөц,  аюулгүй байдлыг хангах агуулах сав байх ёстой, тэр ч утгаараа гол үүрэг манайд ноогдож байгаа. Ковид цар тахал, дайн байлдаанаас үүдэлтэй тээвэр ложистик хүндэрсэн үед аливаа улс орны нэгдүгээр асуудал нь хүнс, түүний хадгалалт хамгаалалт, нөөц  юм гэдгийг  мэдэрлээ.  Тиймээс ч энэ үүргээ бид биелүүлэх ёстой. Түүнчлэн АА-н тооцоотой зах зээлийн шаардлагатаа нийцсэн, уян хатан, чөлөөтэй ажиллах тогтолцооруу орох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Удахгүй энэ асуудал УИХ-аар шийдэгдэх байх.

-Тариаланчдын хувьд мөнгөний ханшийн хэлбэлзэл ихтэй, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хаврын тариалалтад зарцуулсан бүх зүйл нь   үнэтэй байсан ч намар мөн л хураалтын үед юмны үнэ ханш дахин өссөн ийм хүнд нөхцөлд ажиллалаа. Энэ тал дээр танай сангийн зүгээс ямар бодлого баримталж ажилласан бэ?

-Манай сан хавар нь дээр хэлсэн таван төрлийн дэмжлэгийг үзүүлээд,үнэ ханшийг нь намар  ургацаар нь тооцож авдаг. Энэ нь тариаланчдад маш том давуу тал болдог. Өнөөдрийн манай улсын зах зээлийн тогтоц бол үнийг яг зах зээлийн үнээр, ханшаар тооцдог, тооцдоггүй  гэж хэлэхэд хэцүү, биржээр оруулах гэж зорьж байна. Нэг цонхны бодлого алдагдсан, цөөн тооны/5-6/  том гурилын  үйлдвэр байна. Тэд улаан буудайг аль болох хямдхан авахыг бодно, тиймээс сан худалдан авдаг, үнэ нь сайдын тушаалаар тогтоогддог. Тухайн будааны өөрийн өртгийг л зөв тодорхойлох ёстой, манайхан  түүнийгээ нарийн тооцоолж гаргадаггүй. Үүнийгээ зөв тодорхойлох юм бол зардал яаж өсч вэ гэдгийг хүн бүхэн харж, мэдрэх боломжтой. Эдгээр байдлаас улбаатай зүйлүүдийг хөрсөнд нь буулгах үүднээс ХХААХҮЯ болон манай сан ажиллаж байна. Дөрвөн ангиллын будаа байдгаас хамгийн нэгдүгээр ангиллын будааг манай сан 2021 онд нэг тонныг нь  800 мянган төгрөг гэсэн үнэ гаргаж худалдаж авсан нь тухайн үедээ газар тариаланчдад сэтгэлд нь нийцсэн. Энэ жилийн тухайд юмны үнэ нэмэгдсэнтэй холбоотой нэг тонн будааг дээд тал нь нэг сая төгрөгөөр авч байгаа нь бодит судалгаанд үндэслэсэн болно. Бүх технологио цаг бүрт нь хийгээд байвал мэдээж нэг га-с авах ургац нэмэгдэнэ, тиймээс ашиг нь ч дагаад өснө. Гэтэл манай орны хувьд усалгаатай талбай бага, хөрсний шинжилгээг тэр бүр хийлгэж чадахгүй, бордоо болон шаардлагатай зүйлсээ цаг тухайд нь хийж чадахгүй гэх мэт ШУ-чаар хандахгүй бол болохгүй нээ гэдгийг л тариаланчид маань ойлгох хэрэгтэй болоод байна. Энэ намар гэхэд л гурилын үнэ огцом өссөн, гэвч тэр нь  энэ намар үнэтэй авсан будаагаараа хийсэн гурил биш шүү дээ, урд нь хямд авсан будаагаараа гурилаа хийсэн ч энэ намрын будааны үнээр гурилаа борлуулж байна. Хэдхэн монополь ААН-ийн шийдвэрээр гурилын үнэ өсч байгаа нь хувь хүний хувьд ажиглагдаж байна. Тиймээс төр нь бодлого гаргаад,  цаашдаа  нэг цонхны бодлогоор бүх будааг зөвхөн сан л авдаг байх ёстой. Зөвхөн гурилын үйлдвэрийн стандартад тэнцэхийг нь  ч биш бүгдийг л авах хэрэгтэй. Стандартад тэнцэхгүй болохоор л тариаланчид маань өрөвдөлтэй байдалд орж спирт, малын тэжээл гээд наашаа гэсэн бүхэнд зөөж байна. Гологдоод байгаа будааг ч авч цэвэрлэж, ялгадаг  баймаар байна. Ингэж чадахгүйн улмаас нэлээд их хэмжээний будаа спирт, малын  тэжээлрүү явж байна. Корпораци болж АА-н тооцоотой ажиллана гэдэг бол бүх л шаардлага хангасан будаагаа цэвэрлэж чаддаг байх ёстой. Нөгөөтэйгүүр тариаланчдынхаа тарьсан будааг бүгдийг авдаг байх ёстой  гэдэг л чухал болоод байна. Ингэж чадвал энэ салбар тариаланчдын хувьд эерэг харагдаж байна. Тарьсан бүгдээ санаа зовохгүй борлуулдаг болж байж ахиц гарна гэж л харж байна.

-Тариаланчид маань хураасан будаагаа санд өгөх сонирхол байна уу, эсвэл гурилын үйлдвэрт өгөх сонирхолтой байдаг юм болов уу?

-Ер нь өрийн  төлбөртөө л өгч байна, санд өгөх сонирхолтой хүмүүс  бас их байдаг. Санд төсөв хуваарилдаггүй, тиймээс санд өгсөн будааны төлбөрийг дараа жил нь уг будаагаа борлуулж байж мөнгийг нь өгдөг. Тиймээс тэр бүр баталгаатай байж чадахгүй байна. Дараа жилийн УИХ-ын төсөв дээр аливаа улс орон энэ хэцүү цаг үед зайлшгүй  нөөцтэй байх ёстой гэдэг талаасаа 35 тэрбум төгрөг тавиулсан байгаа. Ингэж жил бүр төсөвлөж чадвал сан будаа авч хадгалах, нөөцлөх боломжтой болно. Харин гурилын үйлдвэрүүд нэг дор бэлэн өгч чадахгүй ч тодорхой хэмжээнд өгдөг. Авахдаа үнэ, ханшаа зарлахгүй, бөөрөнхийдүү зүйл ярьж нэг тоннд ямартаа ч 500 мянган төгрөг бодож олгодог. Тиймээс тариаланчид өр, зээл, цалин гээд мөнгөний асуудал их байдаг учраас “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг” дээр  гээд л гурилын үйлдвэрүүдэд өгдөг. Будааны зах зээл ерөнхийдөө ингэж л явж байна.


-Гурилын үйлдвэрүүд санг яаж хүлээж авдаг вэ?

-Гурилын үйлдвэрүүдэд сан хэрэгтэй байх нь мэдээж. Тэд маань будаагаа агуулах сав байдаггүй, ганц нэг том үйлдвэрүүдээс бусад нь. Тиймээс тэр сав нь санд байгаа учраас зайлшгүй л сангаас эргэж будаа авдаг.

-Тариаланчдын барьцаа хөрөнгө болон банкны зээлийн тухайд?

-Хуучин зээл авахдаа газраа голдуу барьцаалаад,  түүнийгээ үл хөдлөх бүртгэлээр орж бүртгүүлдэггүй байсан. Тиймээс зээл олгогч нэг гэрчилгээтэй л суугаад байдаг, гэтэл газрын эзэн гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн гээд шинэ гэрчилгээ аваад дахин зээл авах мэтээр үргэлжилдэг. Ингэж л олон найдваргүй зээл үүссэн, иймд сан зээл олгохдоо үл хөдлөх эд хөрөнгө  барьцаалдаг болж байгаа. Бид хавар дэмжлэг  өгөхдөө уринш хийсэн талбайг нь ч мөн  үндэслэдэг. Манай сангийн дэмжлэгийн мэргэжилтнүүд газар нутгаа бүсчлээд хариуцаж ажилладаг. Хариуцсан бүсийнхээ тариаланчидтай байнга холбоотой байхаас гадна намар ААН-үүдэд хянан баталгаа гээд ажил их бий.

-Өр авлага барагдуулах  гэдэг нь том ажил байдаг байх, мөн зээл олгох зарчим?

-Энэ ажил манай сангийн хувьд хамгийн том ажил болоод байна,  бүр шүүхэд шилжүүлээд байна.  Аймгуудын  шүүхийнхэн манайх руу залгаад “бидний ажил дийлдэхгүй байна, танайх одоо манайх руу явуулахаа болино уу” гэж хэлж байгаа. Аргагүй шүү дээ, манайх чинь зуу зуугаар нь шүүхрүү  явуулж байна шүү дээ.  Сүүлийн үед Монголбанкны мэдээллийн санруу шивж байна. Зээл олгох журам харьцангуй гайгүй гэж бодож байна. 30 хувийн урьдчилгаатай барьцаалбараа тавиад гурван жилийн хугацаатай, хоёр хувийн үйл ажиллагааны зардлаа нэмээд  л зээлээ олгож байгаа нь маш том боломж юм. Сангийн хувьд өдөр тутмын үйл ажиллагаа маш их байдаг,  цөөхөн хүнтэй,  өр зээлийн хойноос нэхэж хөөцөлдөх боломж  бага байсны улмаас төлөгдөөгүй олон жил болсон  өр зээл их байна. Бид төрийг хохиролгүй болгох ёстой, тиймээс өр авлагаа барагдуулахын тулд өдөр шөнөгүй ажиллаж байна гэж хэлж болохоор байна.

-Өнөөдрийн байдлаар тариа хураах ажил дууссан байна. Харин будааны чанар ямар байгаа вэ?

-Өнгөрсөн онтой холбон тайлбарлая гэж бодож байна. 2021 онд сүүлийн 10 жил аваагүй их  ургац хурааж авсан. Санд гэхэд үр, таваартайгаа нийлээд 100 орчим мянган тонн улаан буудай авсан. Харин энэ оны хувьд урд жил нь маш их ургац хураасантай холбоотой  чанар нь сайнгүй байсан. Үүний улмаас  тариаланчид улаан буудай бага тариалж, рапс маш их тариалсан. Дэмжлэгүүдээ авахын тулд мэдээгээ буруу өгснөөс улаан буудай тодорхой хэмжээгээр буурдаг. Аймгуудаар хэлэхэд Булган аймаг, Өвөрхангайн Хархорин, Увсын Баруунтүрүүн гээд маш муу байсан бол  Угтаал, Сэлэнгэ, Хөтөл гэсэн районуудад харьцангуй гайгүй байсан. Будааны чанарын хувьд Хэнтий, Дорнодод будааны чанар харьцангуй сайн байсан. Одоогийн байдлаар ноднингийн үлдэгдэл 30 гаруй мянган  тонн будаа, энэ жил туршилт  маягаар 25 мянган тонн будаа аваад байна. Ерөнхий мэдээгээр бол гурилын үйлдвэрүүд өнөөдрийн байдлаар 100 гаруй мянган тонныг авсан гэж болно. Энэ жилийн шинэ ургацаас хүнсэнд тэнцэх хэдий хэмжээний будаа авсан бэ гэдэг  албан ёсны тоо  жилийн эцсээр л гардаг. Будааны үнэ өснө гэсэн мэдээлэлд үндэслэн томоохон тариаланчид өөрсдөө будаагаа нөөцлөөд байна. Манай сан ноднингийн үлдэгдэлтэйгээ нийлээд 60 гаруй мянган тонн будаа авч нөөцөлсөн нь сүүлийн жилд авч байгаагүй хэмжээ юм. Тиймээс ирэх оны дотоодын хүнсний хэрэгцээг хангахад будааны тал дээр айх аюулгүй л гэж хэлэх байна.

-Худалдаж авсан будааныхаа мөнгийг өгч эхэлсэн үү?

-12.5 мянган тонн будааны худалдан авалт хийгээд байна. Ирэх 2023 оны төсөвт будааны худалдан авалтын мөнгө суусан учраас он дөнгөж гарангуут урамшууллаа олгож, хоёрдугаар сард нь багтаан будааныхаа мөнгийг олгоно.

-Бид улаан буудайныхаа дотоодын хэрэгцээг 100 хувь хангана гэж үзвэл хэдий хэмжээтэй байх, түүнээсээ хүнсний хэрэгцээнд хэдийг нь хэрэглэх гэсэн тооцоо байдаг уу?

-Монгол Улсын улаан буудайн жилийн хэрэгцээ  240 мянган тонн, дотоодынхоо жилийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой, хангасаар ч ирсэн. Үүнд төр нөөцөө сайн бүрдүүлэх, сайн ургасан үед нь зах зээлийн зарчмаар эргэлтэд оруулдаг байх ёстой. Энэ салбарт төр зөв бодлого гарган, тууштай байж нөөц бүрдүүлэхэд зориулсан төсвийг жил бүр улсын төсөвт суулган сангаараа дамжуулан нөөцөө хангалттай бүрдүүлж чадвал дотоодын улаан буудайны хэрэгцээг бүрэн хангах боломж бий. Бүр цаашилбал экспортлох, нэмүү өртөг шингээх явдал хамгаас  чухал байна.

-Сангийн дэмжлэгээр бизнес нь тогтворжсон ААН, хувь хүн их байгаа байх. Та  бүхний хүчинд өдий зэрэгтэй боллоо, баярлалаа гэж хэлдэг нь хэр олон байдаг вэ?

-Тариалан эрхлэгчид ихэнх нь сантай холбоотой. Хүн бол сэтгэлийн амьтан учраас харьцаан дээр хоорондын харилцаа тогтдог шүү дээ. Манайхаар орж гарч байгаа тариаланчдын баярласан сэтгэл  нүүрэн дээр нь ил харагддаг, андашгүй байдаг. Тиймээс баярласан сэтгэлээ илэрхийлдэг нь цөөнгүй шүү.

-Иргэдийн дунд тариаланчдыг даварсан хүмүүс гэх яриа байдаг. Тэд хавар бөөн хэл ам хийгээд үрээ хямдхан авч тариалчихаад, намар нь буцаагаад үнэтэй худалдан ав гэж шаарддаг гэж ярьдаг л даа, гадуур. Үүнд  та ямар тайлбар  хэлэх вэ?

-Өнгөц харахад тийм л байдаг. Жишээ нь барилгын салбарынханд цемент, арматурыг нь үнэгүй өгөөд, барилгаа барьж дуусаад мөнгийг нь өг гэвэл тэд гялалзуулна биз дээ. Гэтэл газар тариалангийн салбар маань өөрөө эрсдэлтэй салбар гэдгийг дотор нь орж ажиллаж байж л ойлгоно. Цаг агаар, хур бороо байгаль цаг уурын өөрчлөлтөөс их шалтгаалдаг. Сайхан ургаж байтал нь наймдугаар сарын сүүлээр цочир хүйтрэх тохиолдолд хайрагдаад чанаргүй болох жишээтэй. Ийм тохиолдлыг харахад тариаланчдын өмнөөс үнэхээр харамсмаар байдаг. Харин эсрэгээрээ нэг га-с авах ургацын хэмжээ нэмэгдэж их ургац авах үед энэ салбар шиг ашигтай салбар үгүй мэт. Ингээд харахаар их харьцангуй, савлагаа ихтэй. Тиймээс энэ салбарт технологи сайн мөрдөх, усалгаатай байх гээд их зүйл шаардагддаг амаргүй салбар юм.

-Сүүлийн үед хувь иргэд ч юм уу, жижиг ААН-үүд гадны иргэдэд тухайлбал Хятад иргэдэд тариалангийн талбайгаа түрээслэх нь ашигтай гэж үзэх хандлага байх шиг байна.  Энэ ер нь хэр оновчтой зүйл байдаг юм бол, та бүхэнд ажиглагдсан зүйл байна уу?

-Бидэнд ажиглагдсан зүйл алга, үүнийгээ нуудаг. Гэвч зарим тохиолдолд рапс тарьсан нь мэдэгдэж л байгаа юм. Манай яамны зүгээс рапсыг тариалангийн талбайн тодорхой хувь буюу 10-15 хувиас хэтрүүлэхгүйгээр   сэлгээний журмаар тариалах ёстой гэж заадаг. Энэ бодлогоо ч чанд барьдаг. Бид нэгжийн өөрийн өртгийг зөв тодорхойлоод, улаан буудайны үнээ зөв гаргаж, энэ салбартаа тариаланчдаа татах, урам өгөхгүй бол тариаланчид маань янз бүрийн зүйл тарьж байна. Энэ байдал даамжирвал юун дотоодын хэрэгцээгээ хангах  эсрэгээрээ эрсдэлд орно. Зах зээл, хил гааль, эдийн засгийн байдалтай уялдан манай салбар ерөнхийдөө их савалгаатай байна. Иймээс  бид улаан буудайгаа тариалуулахын тулд урамшууллын систем, дэмжлэгийн систем гээд хамаарал бүхий бүх л асуудлыг зөв зохистой зохион байгуулахад  анхаарах хэрэгтэй.

-Малчид ч энэ санд хандаж зээл тусламж, дэмжлэг авах хүсэлтэй л байгаа байх. Харин яаж энэ санд хамрагдахаа хараахан мэдэхгүй байж магадгүй?

-Яг үнэндээ манай сангаар дамжсан МАА-н дэмжлэг туслалцаа явахгүй байгаа. Урд нь бага хүүтэй, бэлэн мөнгөний зээл олгож байсан юм билээ. Хүн бүхэн л фермер эрхэлнэ, зөгий үржүүлнэ, чацаргана тарина гэсэн боловч тухайн үед нь яг хийх гэсэн хүнийг нь олж өгөөгүй. Манай сангаар дамжиж зээл өгөөгүй ч малын удмын сангаар дамжин малын удам угсааг сайжруулах талд бодлого шийдвэр гарган үйл ажиллагаа явуулж байгаа. Бид малчдаа дэмжин өөрсдийнх нь хэрэгцээнд тулгуурлан ногоон тэжээл тарих зорилгоор малын тэжээл болон арвайн үр олгож байгаа. Гэсэн ч энэ ажил маань төдийлөн хүртээмжтэй биш ч нэг үеэ бодвол бас ч ахиц гарч байна. Энэ тухайд ч манай яамны цаашдын  бодлого, төлөвлөлтөд  олон зүйлүүд тусгагдсан.

Ярилцсанд баярлалаа

М.Даваадулам

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна