Хурдан хээрийн домог

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 13 -нд

Долоон хошуу даншиг наадамд Манжийн хаан  морилон ирэх болж хаад ноёд тал засан  даншиг наадамд Манжийн хааны морийг түрүүлгэх талаар Богдын лүндэнг яаран гаргуулжээ.
Харин зэргэлдээ нутагтай Сэцэн хан эрийн гурван наадмын гол болсон морины түрүүг харийн хаанд хүчээр өгч байдаг нь юу билээ гэж дургүйцэн бодож, хурдан морины шинжээч гэж алдаршсан нэг түшмэлд 30 лан мөнгө өгч, наадамд түрүүлэх хурдан морийг хаа байгаа газраас нь олж ир гэж явуулжээ.
Шинжээч түшмэлд хурдан морь олон тааралдсан боловч санаанд нь нэг л таарахгүй байж. Тэгсэн Түшээт ханы нутгаар явж байгаад хонь хариулсан өвгөнтэй тааралджээ. Өвгөний унасан хээр юунд ч гүйцэгдэшгүй хурдны шинж бүрдсэн хүлэг байв гэнэ.
Өвгөнд учраа хэлж  худалдахыг гуйхад, “би баян айлын хонь хариулдаг ядуу хүн. Энэ морь бол эзний өгсөн гурав дахь унаа. Урьд хоёр нь дараалан зөнөж үхсэн. Би хөгшин болтлоо морины хурдыг сонгон шинжиж яваагүй. Худалдах эсэхийг мэдэхгүй эзэн өөрөө мэдэх буй заа” хэмээв. Түшмэл өвгөний зөвлөснөөр морины эзнийд очиж,  худалдахыг гуйхад “миний мянган адуун дундаас хамгийн адаг нь болсон эцэж туйлдсан хонины морийг хурдан гэж хэн үнэмшихэв ээ. Тиймээс худалдах нь битгий хэл зүгээр өгөхөөс ч ичиж байна” гэв.
Түшмэл мөнгөө ширээн дээр нь тавьж, “энэ мөнгө эзэн танд өлзийтэй болог. Хээр морь надад хурдан болог” гэж хэлээд морио хөтлөн нутаг буцжээ.
Шинжээчийн авчирсан морийг хараад Сэцэн хаан учиргүй уурлаж  Халх монголын адуун сүргийн хурд нь барагдаж  хэмээн санаж “энэ адуу нэртэй алхан толгойтой юмыг авчирч, намайг мунхруулах гээ юу. Үүнийгээ аваад зайл” хэмээн хөөжээ.
Түшмэл морио хөтөлж, Төр хурахын аманд ирж, бараан өнгийн даавуугаар битүү нэмнэн халхавч хийж, ус идшийг нь тааруулан болох гэж буй төрийн их наадамд уралдуулахаар сойж эхлэв гэнэ. Нэгэн өдөр уяж байгаа бүх морьдыг Хүйн ногоон толгой хэмээх газар цуглуулан морь шинжээч нар шинжицгээв.  Тэдний нэг бөгтөр нуруутай хөх өвгөн “ээ хө таны морь ёстой хурдан хүлэг юм. Гэвч энэ наадамд түрүү булааж чадахгүй нь. Богдын ордны саравчинд алтан өнгөт нөмөргөтэй Хулж Буйрын унага Манжийн хааны хурдан бор гэдэг газар гишгэх улаан хөлт амьтныг урдаа оруулдаггүй хурдан морь бий. Түүний дараа л таны хээр морь ирнэ” гэхэд түшмэл:
-Үгүй ер, халх монголчууд хурдан мориныхоо түрүүг хятад манжуудад алдах гэж үү гэж бодоод:
-Өвгөн гуай миний хээр тэр бор морины өмнө орох арга байхгүй юу гэхэд өвгөн:
-Манжийн хааны моринд согогтой юм нэг ажиглагдсан. Нэг удаагийн нууц үсэргээнд олон хүн шуугиж хүүхэд гийнгоолоход чих нь сортолзон мах нь чичирч, их айж сүрдэж байсан. Бодвол үрээ даага байхдаа  худагт юмуу унасанд унасан байх” хэмээв.
Ингээд наадам болж  морьд гарах болоход түшмэл цовоо сэргэлэн хүү олж, морио унуулаад “за хүү минь Манжийн хааны хурдан бор мориноос битгий хоцор. Морь барих хүмүүсийн бараа харагдмагц байдаг чадлаараа хашгирч гууглаарай” хэмээн  захижээ.
Манжийн хааны бор, түшмэлийн хээр хоёр тасархай гарч хойно урдаа орсоор барианы газар ойртоход  хурдан хээрийн хүү  чанга хашгиран давирч түрүү магнай болжээ.  Ийнхүү хонины хээр морь даншиг наадмын түрүү болж, даахин дор хүлэг, дахан дор эр гэх үг гарчээ.
Г.Цэдэвдорж

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.